Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01013

 

Д.Т- ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00168 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 678 дугаар магадлалтай,

Д.Т- ын нэхэмжлэлтэй

Л.С- , З.Г-  нарт холбогдох,            

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 200 дугаар байрны 206 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбадрахыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 51.391.470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 100.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т- , өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т- ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би 2009 онд хариуцагч нарт 2.900 ам.доллар, 876.500 төгрөг, 2009 оны 5 дугаар сард ахуйн хэрэглээнд зарж болох 1.150.000 төгрөгийн бараа, тэр өдрөө 560 ам.доллар гэх мэтээр удаа дараа мөнгө зээлдүүлж байсан. 2012 онд Л.С- , З.Г-  нар мөнгө зээлдүүлэх хүн олж туслаач гэсэн гуйлтын дагуу би хүү Т.Ганбадрахын найз н.Болдоос 18.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр зээлэхэд зуучилж өгсөн. Мөн тэдний хүсэлтээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 200 дугаар байрны 206 тоот 2 өрөө орон сууцыг захиалан өгч урьдчилгаа төлбөр болох 27.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр дахин н.Болдоос зээлж авч өгсөн. н.Болд нь Л.С- , З.Г-  нарт зээлсэн мөнгийг хүү Т.Ганбадрахаас удаа дараа нэхэж, дарамталж байсан тул Т.Ганбадрах аргагүй эрхэнд өөрийн орон сууцаа худалдаж хариуцагч нарын өмнөөс н.Болдод 89.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн. Л.С- , З.Г-  нарын хүсэлтээр 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тэдний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг зээлсэн мөнгөний барьцаанд Т.Ганбадрахын нэр дээр шилжүүлж өгнө гээд гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан. Улмаар 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж, 88.100.000 төгрөгийг төлж барагдуулахаар гарын үсэг зурсан. Тооцоо нийлснээс хойш 6 хоногийн дараа орон сууцыг Т.Ганбадрах нь Л.С- гээс 104.310.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, тухайн орон сууц нь Транскапитал ББСБ-д зээлийн гэрээний барьцаанд байсан учир хожим энэхүү зээлийг төлж, барьцааг чөлөөлмөгц Т.Ганбадрахын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож баталгааны гэрээ байгуулсан. Т.Ганбадрах орон сууцыг худалдан авч төлбөрийг төлөхдөө хариуцагч нарын зээлсэн 89.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг хасч тооцон, 15.000.000 төгрөгийг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсний дараа төлөхөөр аман хэлцэл хийсэн. Иймд 206 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбадрахыг тогтоож, мөнгө болон зээлдүүлсэн барааны үнэд нийт 35.339.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлүүлсэн гэх эдгээр эд зүйлийг аваагүй тул 35.339.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Т.Ганбадрах нь орон сууцыг авах эрх зүйн харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Д.Т-  нь 2011 оны 02 дугаар сарын 10-нд 15.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, хугацаагүй зээлдүүлж, хүү 750.000 төгрөгийг урьдчилан суутгаж, 2013 оны 6 дугаар сарын 10-аас эхэлж нийт 36.000.000 төгрөг авсан бөгөөд үүний 21.000.000 төгрөгийг зөвхөн хүүнд авсан. Мөн 2011 оны 9 дүгээр сарын 25-нд 30.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, хугацаагүйгээр зээлдүүлж 2013 оны 4 дүгээр сарын 25 хүртэл сар болгон хүүд 600.000 төгрөгийг авч, 2013 оны 5 дугаар сарын 25-нд хүүгээ 3.5 хувь болгон нэмэгдүүлж 2014 оны 02 дугаар сарын 25 хүртэл сар бүр хүүд 1.050.000 төгрөг авч 2014 оныг дуустал үндсэн зээлээс 15.000.000 төгрөг хасаж, үлдэгдэл 15.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 25-аас эхлэн 5 хувийн хүүтэй зээлдүүлж 2016 оны 01 дүгээр сарыг 25 хүртэл сар болгон 750.000 төгрөг, нийт 59.404.000 төгрөг авсан бөгөөд үүний 14.404.000 төгрөгийг хүүд авсан. Мөн 2013 оны 5 дугаар сарын 25-нд 7.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч 2016 оны 02 дугаар сарын 25 хүртэл зөвхөн хүүд сар бүр 350.000 төгрөгийг 31 сарын турш авч нийт 10.850.000 төгрөгийг авсан. 2013 оны 5 дугаар сарын 30-нд 7.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй хугацаагүй зээлдүүлж 2016 оны 01 дүгээр сарын 30 хүртэл сар бүр хүүд 490.000 төгрөгийг 29 сарын турш авч нийт 14.210.000 төгрөгийг авсан. 2013 оны 6 дугаар сарын 05-нд 3.500.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлж 2016 оны 02 дугаар сарын 05 хүртэл сар бүр 175.000 төгрөг, 29 сарын турш нийт 5.075.000 төгрөг авсан. 2013 оны 6 дугаар сарын 15-нд 4.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлж 2016 оны 02 дугаар сарын 15 хүртэл сар бүр 120.000 төгрөгийг 31 сарын турш авч нийт 3.720.000 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч Д.Т-  нь энэ мэтээр хүү авах эрхгүй байж мөнгө зээлдүүлэх нэрийдлээр хууль бусаар мөнгө хүүлж, хариуцагч нараас 6 жилийн турш хүү авч хохироосон тул нийт 100.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т- ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: З.Г- , Л.С-  нар нь удаа дараа зээл авахдаа зээлийн гэрээ байгуулж, зээл авсан болохоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтыг үйлддэг. Зээлүүдийг нэгтгэн 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж, 88.100.000 төгрөгийг төлж барагдуулахаар гарын үсэг зурсан. Тооцоо нийлсний дараа дахин мөнгөний хэрэг гарлаа гэж мөнгө зээлсэн ба өмнөх тооцоонд ороогүй төлбөрүүдийг төлөхийг шаардахад өөрсдөө тооцоолж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 27.000.000 төгрөг зээлж авлаа гэсэн баримтыг үйлдэж надад өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00168 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.С- , З.Г-  нараас 33.330.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-  олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.009.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т- ын хариуцагч Л.С- н өмчлөлийн Баянзүрх дүүргийн Олимп хотхоны 200 дугаар байрны 206 тоот хаягт байрлах 2 өрөө, 54.9 м.кв орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбадрахыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1,493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.С- , З.Г-  нарын 100.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Т- ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 414.907 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.С- , З.Г-  нараас улсын тэмдэгтийн хураамжид 324.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 658.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 678 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Т- ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шүүхэд буцаахдаа хэргийн бодит нөхцөл байдал болоод хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэргэлсэний улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчимд үл нийцэж байна. Тухайлбал, магадлалд Д.Т-  нь 2017 оны 9 сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн нэг шаардлагыг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбадрахыг тогтоолгохоор тодорхойлсон гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой ингэхдээ нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ. Т.Ганбадрах маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхийн тулд Т.Ганбадрахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан хэлбэрийн болон бүрдүүлбэрийн шаардлага хангасан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байхыг шаардана. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэсэн 5 сарын хугацаанд хэрэгт авагдсан баримтад дотор Т.Ганбадрахын болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд хандан гаргасан нэг ч нэхэмжлэл байхгүй. Зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж буй Д.Т- ын нэхэмжлэл байгаа. Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг нь 2 өөр ойлголт. Давж заалдах шатны шүүх ...Тэрээр 2017 оны 11 сарын 08-ны өдөр Т.Ганбадрахыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2017 оны 11 сарын 09-ний өдөр захирамжаар шийдвэрлэсэн тул энэ хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны нэхэмжлэгч тал Т.Ганбадрах. Д.Т-  нар юмаа гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. Учир нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж буй Д.Т- ын 2017 оны 9 сарын 11-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Т.Ганбадрахыг гаргасан гэж үзэж байсан бол нэхэмжлэгч тал Т.Ганбадрахыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргахгүй байх байсан. Хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргасан нь 2017 оны 9 сарын 11-ний өдрийн нэхэмжлэл нь Т.Ганбадрахад хамааралгүй гэдгийг ойлгож байсан. Т.Ганбадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 11 сарын 08-ны өдрийн Т.Ганбадрахыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн 2017 оны 11 сарын 09-ний өдрийн захирамжаар Т.Ганбадрахыг хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн нь 2017 оны 11 сарын 09-ний өдрөөс эхэлнэ Т.Ганбадрахыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нээж өгснөөс бус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж буй нэхэмжлэгч Д.Т- ын 2017 оны 9 сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Т.Ганбадрахын болоод телөөлөгчийн гаргасан нэхэмжлэл гэж тооцсон асуудал биш юм.

Анхан шатны шүүх Д.Т-  нь Т.Ганбадрахыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй талаар ямар ч дүгнэлт хийгээгүй ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2017 оны 11 сарын 09-ний өдрийн захирамжаар Т.Ганбадрахыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан бөгөөд Т.Ганбадрах нь 2017 оны 8 сарын 09-нд Д.Т- д итгэмжлэл олгохдоо нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөн оролцох эрх олгосон байна. Шүүгчийн захирамжаар Т.Ганбадрахыг хамтран нэхэмжлэгчээр 2017 оны 11 сарын 09-ний өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулснаас хойш Д.Т-  нь түүний итгэмжлэлийн дагуу Т.Ганбадрахыг төлөөлөн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй ба өөрийн гаргасан шаардлагад түүнийг 206 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох, нэр дээр нь шилжүүлэх шаардлагууд гаргажээ. Иймд Т.Ганбадрахыг Баянзүрх дүүргийн 200 дугаар байрны 206 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэж шүүх үзэв. Учир нь Т.Ганбадрахыг шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцуулсны дараа Д.Т-  нь Т.Ганбадрахыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний гаргасан нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулж хуулийн дагуу ажиллагаа хийгдэх байна гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ч хянаж үзээгүй байж сэтгэл хөдлөлөөр өндөр настай хүнийг ингээд явуулаад байж болдог юм уу? гэх мэтээр хариуцагч нарыг загнаж хэргийн бодит байдалд хууль ёсны үнэн зөв дүгнэлт хийхгүйгээр хэргийг буцааж шийдвэрлэсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь хэсэгт өөрчлөлт оруулж 7.830.000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Т-  анх хариуцагч Л.С- , З.Г-  нарт холбогдуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 200 дугаар байрны 206 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбадрахыг тогтоолгох, зээлийн төлбөр, барааны үнэд 35.339.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрт төлсөн 100.000.000 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 33.330.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахыг хүсч хяналтын журмаар гомдол гаргасан ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа магадлалд “...Д.Т-  нь Т.Ганбадрахыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байхад эсрэгээр дүгнэсэн нь буруу, ...маргаан бүхий орон сууцыг... гуравдагч этгээдэд гүйцэтгэх үүрэгт барьцаалсан, ...уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ...оролцуулах хүсэлт гаргасныг ...үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон..., нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хариуцагч З.Г- т гардуулаагүй, нотлох баримт танилцуулаагүй, ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гар утсанд үзлэг хийлгэх,  Д.Т- ын Голомт банк ХХК-ийн дансны хуулгыг гаргуулах хүсэлт шийдвэрлээгүй орхигдуулсан...” гэсэн 4 үндэслэл заажээ.

1.Орон сууцны өмчлөгчөөр Т.Ганбадрахыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж, нэхэмжлэгч Д.Т-  2017.11.08-ны өдөр Т.Ганбадрахыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргасны зэрэгцээ Т.Ганбадрахаас түүнд 2017.08.09-ний өдөр олгосон итгэмжлэлийг шүүхэд өгчээ. /хх-64-65-р тал/

Шүүгч  2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 184/ШЗ2017/11645 тоот захирамжаар  Т.Ганбадрахыг хамтран нэхэмжлэгчээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн боловч энэ ажиллагаа хийгдээгүй байна./хх-74-75-р тал/

Т.Ганбадрах хамтран нэхэмжлэгчээр оролцох эсэхийг өөрөө хүссэн, эсхүл  итгэмжлэлийн дагуу Д.Т-  түүнийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа аль нь болох эрх зүйн байдлыг анхан шатны шүүх тодруулаагүй атлаа Т.Ганбадрахыг ...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

2.Нэхэмжлэгч Д.Т-  анхны нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа тодруулсныг /хх-29, 67-р тал/ шүүх хариуцагч Л.С- д гардуулж, /хх-71-р тал/ харин хариуцагч З.Г- т гардуулаагүй, мөн нэхэмжлэгчийн нэмж өгсөн нотлох баримтыг  хариуцагчид танилцуулаагүйг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн магадлалын дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3.Харин магадлалд “...үзлэг хийлгүүлэх, нотлох баримт гаргуулах... хүсэлт шийдвэрлээгүй, ...гуравдагч этгээдийг оролцуулаагүй” гэж заасан нь үндэслэл муутай болжээ.

Маргааны зүйл болсон орон сууц нь бусдын барьцаанд байгаа гэх боловч тухайн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, үзлэг хийлгүүлэх, дансны хуулга гаргуулах хүсэлтийг шүүх 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12838 тоот захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн 119-120 дугаар талд авагдсан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 678 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 394.900 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ