| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0390/Э |
| Дугаар | 081 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 081
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-гийн З-т холбогдох эрүүгийн 19030 0169 0161 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Уранбайгаль /тээвэр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М, хохирогчийн өмгөөлөгч Т.Багахүү, иргэний хариуцагч Г.С, шүүгдэгч Б.З, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа, Э.Ганхөлөг, шинжээч эмч Ц.Ганболд, техникийн шинжээч П.Пүрэвханд нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэлэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, “Амгалан дулааны станц” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-гийн З- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.З нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харъяа механик инженерийн сургуулийн арын замд “Амгалан дулааны станц” ХХК-ийн эзэмшлийн Beiben ND маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 8.18, 16.6, 10.1 дахь заалтад тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Уг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Заас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргийн дагуу өдрийн цагаар “Амгалан” дулаан станцийн 30 тонн нүүрс ачиж “ДЦС-4” ТӨХК-д хүргэж өгөхөөр замын хөдөлгөөнд оролцоод явж байсан. Гэтэл Хараагүйчүүдийн байрны эсрэг талын ШУТИС-ийн механик инженерийн сургуулийн дэргэдэх гэрлэн дохио өнгөрөөд явж байхад эсрэг урсгалын хар өнгийн машинтай жолооч надад “та хүн дайрсан байна” гэж хэлсэн.
Тэгэхээр нь би ачааны машинаасаа буугаад харахад машинаас 2-3 метрийн зайтай хөлөө жийгээд нэгэн эмээ зам дээр сууж байсан. Би “эмээ таньтай юу тохиолдсон бэ” гэж асуухад “эмээ нь анх удаа зам гарч байна” гэж хэлсэн. Тэгээд би танихгүй залуутай хамтарч эмээг явган хүний зам дээр гаргаж өгөөд түргэн тусламж дуудаж өгсөн. Харин хэргийн газар дахин хэмжилт хийхэд би тухайн үед байсан гэрчийг оролцуулах хүсэлтийг прокурорт удаа дараа гаргаж байсан боловч прокурор миний хүсэлтийг хүлээн аваагүй.
Би 2010 онд жолооч болсон. "Амгалан дулааны станц" ТӨХК-д 2015 оноос хойш жолоочоор ажиллаж байгаа бөгөөд би өмнө замын компанид хүнд даацын машин жолооддог байсан. Би тухайн үед зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр замын хөдөлгөөнд оролцож байсан. Гэрлэн дохионы ногоон гэрэл асаж урд байсан машин хөдлөхөд би түүний араас дагаж хөдөлсөн. Амь хохирогчид хэн гэмтэл учруулсан бэ гэдгийг мэдэхгүй, тухайн үед замын хөдөлгөөн нягтралттай, түгжрэлтэй байсан. Би хүнд даацын тээврийн хэрэгслийг хөдөлгөхөөсөө өмнө толиндоо харсан боловч толинд амь хохирогч харагдаагүй. Би амь хохирогчийг өөр машинд мөргүүлсэн гэж бодсон.
Би хохирогчийн ар гэрт хохирлын мөнгө төлөөгүй. Учир нь би энэхүү хэрэгт гэм буруутай эсэхээ мэдэхгүй байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн ар гэрт “би эхлээд шүүхээр гэм буруугаа тодруулах хүсэлттэй байна, хэрэв энэхүү гэмт хэрэгт би гэм буруутай гэдэг нь тогтоогдох аваас амь хохирогчийн ар гэрт хохирлыг нь төлнө” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Маас өгсөн:
“...Амь хохирогч осол гарсан үеэс хойш сэтгэл санаагаар унасан. Хохирогчид учирсан гэмтэл нь сахарын өвчний улмаас хүндэрч улмаар 4 сарын дараа нас барсан. Үүний улмаас 82 настай миний ээжийн сэтгэл санаа зовниж сэтгэл санааны гутралд орсон.
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг эмнэлэгт хэвтсэн анхны өдөр нь эмнэлэг дээр ирж түүнтэй уулзсан. Харин тухайн үеэс хойш дахин уулзаагүй. Иргэний хариуцагч байгууллага болон шүүгдэгч нар амь хохирогчийг амьд байхад нь түүнээс болон ар гэрээс нь албан ёсоор уучлалт гуйгаагүй, түүний эрүүл мэндийн талаар нэг ч удаа асууж, анхаарал тавьж байгаагүй нь харамсалтай.
Бидний зүгээс иргэний хариуцагч байгууллага болон шүүгдэгчээс амь хохирогчид анхаарал тавих байх гэж бодож байсан боловч харамсалтай нь тийм зүйл болоогүй. Энэ нь бид нарыг шүүгдэгч болон иргэний хариуцагч байгууллагад гомдох шалтгаан болсон. Бид маш их гомдолтой байна. Учир нь бид авто ослын улмаас гэр бүлийн гишүүнээ алдсан. Бидний зүгээс хохиролд нийт 15.764.903 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Үүнд асрагчийн зардал 1.550.000 төгрөг, хоолны 70.000 төгрөг, гар утасны нэгжинд 34.000 төгрөг, бензин 260.000 төгрөг, эмчилгээний 3.595.000 төгрөг, нас барсны дараах буяны ажилд 8.433.546 төгрөг, өмгөөллийн 1.000.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Энэ нь зөвхөн баримтаар гаргаж өгсөн зардал болно.” гэсэн мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч "Амгалан дулааны станц" ХХК-ийг төлөөлөгч Г.Саас өгсөн:
“...З нь "Амгалан” дулааны станцид 2015 оноос хойш хүнд механизмын хэлтэст жолоочоор ажиллаж байгаа. Шүүгдэгч гэмт хэрэг гарах үед ажил үүргээ гүйцэтгэн, ажлаа хийж байсан. Тэгээд замын хөдөлгөөнд оролцож явж байхдаа гэмт хэрэг гаргасан. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцох аваас бидний зүгээс хохироч талд хохирлыг нь нөхөн төлөхөд бэлэн байгаа.” гэсэн мэдүүлэг,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн:
“...Би амь хохирогчийг мэс заслын эмчилгээ хийлгэсний дараа буюу хэсэг хугацаа өнгөрсний дараа шинжилгээ хийсэн. Харин амь хохирогчийн гэмтлийн талаар анхны үзлэгийн эмчийн тэмдэглэлийг харахад амь хохирогчийн биед тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн гэмтлийн шинж авагдаагүй байсан. Улмаар амь хохирогчийн зүүн хөл бяцарсан байдалтай байсан тул зайлшгүй мэс засалд орж зүүн хөлөө тайруулж байсан байна. Амь хохирогчийн хөлний тайруулсан хэсгийн талбай нь том байсан.
Тээврийн хэрэгслийн жин нэмэгдэх тусам аливаа зүйлийн хор уршиг ихэсдэг. Хүний бие эрхтэн гэмтэх үед хүндийн жин хамаарахгүй. Учир нь хүний бие эрхтэнг 500 кг хүндийн жингээр дарахад ч бяцрах аюултай байдаг. Зарим тохиолдолд хүмүүс шууд учирсан гэмтлийн улмаас нас бардаг. Харин зарим нь учирсан гэмтлийнхээ хүндрэлээс болж хэсэг хугацааны дараа нас бардаг. Гэмтлийн хүндрэл нь ойрын болон алсын хүндрэл гэж хоёрт хуваагддаг. Ойрын хүндрэл гэдэгт богино хугацаанд нас барахыг ойлгоно. Энэ нь цус алдсанаас шалтгаалсан нас баралтад хамаарна. Харин алсын хүндрэл нь учирсан гэмтлийн улмаас цусан үжил, буглаа зэрэг үүссэнээс тохиолдоно. Амь хохирогч учирсан гэмтлээсээ бус хожуу үеийн хүндрэлээсээ болж нас барсан байна.
Цооролт, холголт нь сүүж, ташаа хэсэгт удаан хугацааны турш хэвтээ байдлаас болж дарагдалтаас үүсдэг. Учир нь амь хохирогч махлаг, тарган хүн байсан учраас удаан хугацааны турш хэвтэрт эмчлүүлж байсан. Улмаар түүний цусан хангамж дарагдаж биед нь шарх үүсэж үрэвссэн байсан. Амь хохирогчийн холголтын шарх нь булчин дагуу хөндийлж ясанд хүрсэн байсан. Мөн түүний биеийн булчин завсарт идээ авагдсан байсан.
Хэрэв амь хохирогчийн биеийн тайрагдсан хэсгийн идээ, шарх зэргийг эмчилгээний зөв горимыг баримталж байсан бол эдгээх боломжтой байсан. Жижиг суудлын тээврийн хэрэгсэл болон ачааны тээврийн хэрэгсэлд дайруулахад хүний биеийн хэсэг ижил хэмжээнд бяцрана. Сахарын өвчтэй хүний гэмтэл удаан хугацаанд эдгэрдэг. Учир нь тухайн өвчтэй хүний цусанд сахарын хэмжээ их байдаг ба тухайн сахар нь цусан дахь бактерийг үүсгэх орчин бий болгодог, цусны эргэлт нь удаан байдаг тул шарх гэмтэл удаан эдгэнэ. Амь хохирогч ослын улмаас мэс засалд орж хөлөө тайруулсан. Гэтэл мэс заслын дараа амь хохирогч хэвтрийн дэглэмд удаан байсан тул түүний биед цооролт, холголт зэрэг идээт уут үүссэн байсан. Үүний улмаас үжилт үүсч амь хохирогч нас барсан.” гэсэн мэдүүлэг,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт техникийн шинжээч П.Пүрэвхандын өгсөн:
“...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хөдөлгөөн эхлэх гэдэг нь авто машин тухайн зам орчимд зогсоод хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хэлнэ. Харин шүүгдэгч Б.Зын хэлснээр “0 зогсолт” гэж байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд байдаггүй заалт юм. Явган зорчигч /хохирогч/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.10 дугаар зүйлд зааснаар хохирогч нь харааны бэрхшээлтэй хүн байгаагүй. Харин 5.12 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй.
Гэрч С.Сын “би тухайн үед явган хүний гарцан дээр зогсож байсан. Улаан өнгийн тээврийн хэрэгсэл явган хүний гарцыг эзэгнээд зогсож байсан. Харин явган зорчигч тухайн машиныг тойрох хөдөлгөөн хийж байсан” гэсэн мэдүүлгийг үндэслэж би дүгнэлтээ гаргасан. Би тухайн хэрэг учрал гарах үед хэргийн газар дээр байгаагүй, харин гэмт хэрэг гарсан өдөр гэрч С.С тухайн гэмт хэргийн талаар болон гэрэл зургийг өөрийн фейсбүүк хуудсандаа постолсон байсан. Би тэрхүү гэрэл зургийг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэлтээ гаргасан. Амь хохирогчийн гутал дээр машины дугуйны ул мөр байгаагүй. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд тухайн гуталны гэрэл зураг авагдсан байдаг ба гутал дээр ямар нэгэн мөр авагдаагүй байсан. Дараа нь шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр ул мөр байгаа эсэх асуудлаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх гэж байсан боловч хохирогчийн ар гэрийнхэн зан үйлийн үүднээс тухайн гутлыг устгалд оруулсан байсан.
Хэргийн газрын гэрэл зураг дээрх авагдсан “Б” цэгээс явган хүний гарц хүртэлх зай 7.4 метрийн зайтай гэж авагдсан байдаг. Харин тухайн тээврийн хэрэгсэл 11.4 метрийн урттай байдаг. Иймд тухайн тээврийн хэрэгсэл явган хүний гарцан дээр зогсож байсан гэж үзэх боломжтой байна. Учир нь “Зогс шугам” буюу 1.11 тэмдэг явган хүний гарцны зүүн талд байдаг. Шүүгдэгч Б.Зын эхний өгсөн мэдүүлэгт “би машины уртыг хэмжиж байгаад тухайн явган хүний гарцыг хөндлөн гараад явган хүний гарцны баруун талд гарч зогссон” гэж мэдүүлдэг. /ерөнхий утга/. Тэгвэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрчийн мэдүүлэг буюу хэргийн газрын нотлох баримтаар үзэхэд шүүгдэгч “Зогс шугам” тэмдэг дээр зогсоогүй, явган хүний гарцан дээр чигээр явж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан, явган хүний гарцан дээр зогсож байсан гэдэг нь тогтоогдоно.
“Хөдөлгөөн эхлэх” гэдгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг. “Хөдөлгөөн эхлэх” гэдэг нь авто машин тухайн зам орчимд зогсоод хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хэлнэ.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19030 0169 0161 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 3-4х, 5-6х, 7-10х/,
2. Зам тээврийн осол, хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 12-14х, 15-17х, 18-19х/,
3. Дунд голын гудамж дахь Механик тээврийн сургуулийн баруун хойд уулзварын гэрлэн дохионы горим /хэргийн 1-р хавтас 32-34х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Угийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 02 сарын 17-ны өдөр 12 цагийн үед хараагүйчүүдийн байранд Есүсийн цуглаан болоод, тэнд очоод Хан-Уул дүүргийн 2 хороо, 21 дүгээр байранд байдаг гэртээ харих гээд Дунд голын явган хүний гүүрээр гараад замын хойд талд явган хүний гэрэл дохио асахыг хүлээж зогсож байхад хараагүй хүмүүст зориулсан гэрэл дохионы дуу дуугарсан. Би зөвшөөрсөн гэрэл дохио асахаар нь зам гарах гээд явган хүний гарцаар явж байхад урд талд буюу явган хүний гарцан дээр урт машин зогсож байхаар нь урдуур нь тойрч гарах гээд явахад нөгөө машин урагш хөдөлсөн. Би тухайн үед айж сандраад буцаад явах гэсэн боловч тэр машин намайг дайрчихсан. Би автомашины доогуур ороход автомашины дугуй миний хөлөн дээгүүр гараад явсан. Би зам дээр байж байхад жолооч гүйж ирээд нэг хүнтэй нийлж намайг өргөөд замын хажуу талд гаргаж тавьсан. Түргэн тусламжийн машин маш хурдан ирж, намайг ГССҮТ-д хүргэсэн.
Намайг зам хөндлөн гарах үед хүн байгаагүй. Би тэр автомашиныг харсан, яг миний урд талд явган хүний гарцан дээр зогсож байхаар нь тойрч гарч байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 49-50х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2488 тоот дүгнэлтэд:
1. Ц.Угийн биед зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэний дээд 1/3 хэсгийн тайрагдалт, баруун тавхайн 3, 4, 5-р хурууны тайрагдалт, эдийн дутагдал бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, дух, шанаанд шарх, чамархайнд цус хуралт, сарвууны зөөлөн эдийн няцрал, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т болон 3.1.3-т учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдангид 4.17, 108-1-т зааснаар тогтонги алдагдуулна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 158х/,
6. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1292 дугаартай дүгнэлтэд:
Шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээний хариу:
1. Химийн шинжилгээний №3826 тоот хариунд: 1. Цусанд спирт илрээгүй. Элгэнд гликоген илрээгүй. Химийн шинжээч Б.Цогбаяр.
2. Биологийн шинжилгээ №3827 тоот хариунд: 1. А /II/ бүлгийн цустай байна. Биологийн шинжээч Бямбадорж.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1. Зүүн шилбэний дээд хэсэг, баруун тавхайн хуруу, шивнүүрийн идээт шарх. Ууц, зүүн ташаан толгойн идээлж үрэвссэн эдийн дутагдал бүхий холголтын шарх.
2. Цусан үжил: Баруун уушигны доод дэлбэнгийн буглаа. Үжлийн дэлүү.
3. Спиртийн архаг хордлого. Элэгний өөхлөлт, нойр булчирхайн хатуурал, тархины эдийн эмгэгшил.
Дүгнэлт:
1. Талийгаачид зүүн шилбэний дээд хэсэг, баруун тавхайн хуруунуудын дайрагдал болон ууц, зүүн сүүжний холголтын идээт шархны улмаас цусан үжилд орж нас баржээ.
2. Талийгаачид шинэ гэмтэл үгүй байна.
3.4. Зүүн шилбэний доод хэсгээр, баруун тавхайн хуруунууд, шивнүүрийн хамт мэс заслаар тайрагдсан байна.
5. Нас барах үедээ согтолтгүй байжээ.
6. Цус нь 2-р бүлэг байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 56-61х/,
7. Хохирогч Ц.Угийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 53-71х, 76-88х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мын өгсөн:
“...Миний эгч Ц.У нь 2019 оны 02 сарын 27-ны өдөр ГССҮТ-д хэвтээд 2019 оны 4 сарын 01-ний өдөр эмнэлгээс гарсан, одоо сувиллын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдлын хувьд шархны эдгэрэлт удаан, өөрөө сахарын өвчтэй байсан учир эдгэрэлт маш удаан байна. Эмчилгээ сайн хийлгэж байгаа болохоор арай нааштай болж байгаа.
Бид зам тээврийн осолд орсоныг мэдээд ГССҮТ дээр очих үед Ц.У нь яаралтайгаар хагалгаанд орчихсан, хагалгаанаас гарч ирээгүй байсан. Тэндээс бидэнд хувцасыг нь өгсөн бөгөөд ламд очиж үзүүлэхэд өмсөж явсан хувцас, гутлыг нь хадгалах шаардлагагүй гэсэн учир бид сүсэглэн хувцас, гутлыг нь шатаачихсан. Хаана, ямар ламд үзүүлсэн нь бидний өөрсдийн сүсэг, бишрэлтэй холбоотой, хэрэгт хамааралгүй учир хэлмээргүй байна. Гутал зүүн талаас баруун тал руу жайшийсан, дээр нь автомашины дугуйны мөр үүссэн, дотор тал нь нил цус болсон, оймс болон бусад зүйлсэд нь хүний биеийн зөөлөн эд эсийн жижиг хэсгүүд байсан. Эмчилгээний зардлын болон бусад холбогдох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа, ойролцоогоор 6.5 сая төгрөг болсон. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 45х/,
- Мөн дахин өгсөн: “...Талийгаач нь миний төрсөн эгч болох хүн байгаа юм. Талийгаач өөрөө нөхөр, хүүхэдгүй, ганц бие хүн байсан. Манай эгч эхээс зургуулаа бөгөөд айлын том нь юм. Манай эгч ээж, эгч, хүргэн ах нарын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 21 дүгээр байранд амьдардаг байсан. Манай эгч зам тээврийн осолд орсон өдрөө Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж зүүн хөлийн өвдөгний үеийн доод хэсгээр, мөн баруун хөлийн 4 хурууг тайрсан хагалгаа хийлгэсэн.
Гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд шарх нь сайн эдгэхгүй байсан ба эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа манай эгчийн цусан дахь сахарын хэмжээ нь ихсэж, үүний улмаас шарх нь сайн эдгэхгүй байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлгээс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гарч, Баянхошуунд байдаг “Батгэрэлт ирээдүй” гэдэг асрамж сувилалын газар эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 6 сарын 06-ны өдөр нас барсан. Манай эгч ослоос байнгын хэвтэрт байсаар нуруу, сүүжний хэсгээр цооролт үүсэж, ослын улмаас тайралт хийлгэсэн шарх нь эдгэхгүй байсаар нас барсан.
Бидний зүгээс хэрэг бүртгэлтийн шатанд эмчилгээний 2.840.762 төгрөгийн баримт, мөн эмчилгээний 3.490.595 төгрөгийн баримтыг тус тус гаргаж өгсөн. Уг баримтуудыг гаргаж өгсөнөөс хойш эмчилгээний болон талийгаачийн буяны ажилд зарцуулсан 8.433.546 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн байгаа. Яллагдагч талаас ямар нэгэн хохирлын мөнгө төлөөгүй байгаа. Эмчилгээний болон талийгаачийн буяны ажилд зарцуулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Бид нар ослын улмаас эгчийгээ алдсандаа гомдолтой байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 77-78х/,
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Маас хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтуудыг хүлээн авч, хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, зардлын баримтууд /хэргийн 1-р хавтас 80-122х, 2-р хавтас 83-108х/,
10. Хөлсөөр ажиллуулах гэрээний хуулбар баримт, асрагчийн хөлс, төлбөр шилжүүлсэн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 123-124х, 125-126х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Амгалан дулааны станци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сын иргэний хариуцагчаар өгсөн:
“...Beiben ND-1310 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Амгалан дулааны станци ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг Beiben ND-1310 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 01 сарын 18-ны өдрийн б/24 тушаалаар мөн оны 02 сарын 01-ний өдрөөс Авто, хүнд машин механизмын хэлтэст нарийн үнс зөөвөрлөх тусгай тооноглолтой хүнд даацын автомашины жолоочоор жинхлэн ажиллаж байгаа. Жолоодох зөвшөөрөл өгсөн байгаа.
Манай байгууллагын Beiben ND-1310 маркийн хххх улсын дугаартай автомашины техник тодорхойлолт нь цистерн төрлийн 2 хүний суудалтай, бүх жин 31000 кг, өөрийн жин 13.850 кг, уртыг нь бол мэдэхгүй байна. Тухайн зам тээврийн ослын улмаас автомашинд учирсан эвдрэл гэмтэл байхгүй, хохирлын үнэлгээг хийлгэхгүй. Манай байгууллага жолоочийн хариуцлагын даатгал, Хаан даатгалтай. Тээврийн хэрэгсэл нь 2018 онд шинээр авсан болохоор гэрээнийхээ үүргээр эвдрэл, хохирол учирвал хийгдчихдэг байгаа. Жолоочийн гэм буруутай байдал нь тогтоогдсон тохиолдолд ослын улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 130х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Бат-Ирээдүйгийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 02 сарын 17-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний арын Механик инженерийн сургуулийн явган хүний гарцаар урагшаа хойш /ертөнцийн зүгээр/ чиглэлтэй гарч байтал миний гарч байсан гарцны ертөнцийн зүгээр баруун талд зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд нэг эмэгтэй хүн зам дээр суууж байсан. Тэгээд намайг гүйгээд очиход уг хүнийг том оврын автомашин мөргөсөн бололтой харагдсан. Намайг очсоны дараа автомашины жолооч машинаасаа бууж ирсэн, би өөрийнхөө 99717876 дугаарын утаснаас 102, 103 дугаарын утаст дуудлага өгөөд байж байхад цагдаа ирсэн.
Би жолоочийн хамт тухайн эмэгтэйг зам дээрээс өргөн явган хүний зам руу гаргасан. Машин зам дээр тэр хүн сууж байхад цус гараагүй, эмэгтэйг явган хүний зам дээр гаргахад миний гар цус болсон байсан. Тэгээд л цус гарч байгааг мэдсэн. Түргэн тусламжийн машинд тэр эмэгтэйг суулгаж өгөөд би явсан юм. Би явган зорчигчийг зам дээр байхад нь харсан. Яг автомашинд мөргүүлэхийг болон хаанаас хаашаа зам хөндлөн гарч байсаныг нь хараагүй, мэдэхгүй байна.
...Миний санаж байгаагаар замын голын зурвас, шар тумба тавьсан байгаа энэ хавьд байсан. Энэ Б цаг нь жоохон цаашилсан байна. Би тэр эмэгтэйгээс “та яагаад ганцаараа зам хөндлөн гарсан юм бэ” гэж асуухад “би энэ замаар байнга сүм, гэр хоёрын хооронд явдаг. Зам хөндлөн хүнтэй гардаг, ганцаараа гараад ийм юм болчихлоо” гэж байсан.
...Жолооч надад зам тээврийн ослын дараах зургийг аваад өгөөч гэсэн хүсэлт тавиагүй. Тухайн үед жолооч маш их сандарчихсан байсан. Миний утсан дээр осолтой холбоотой зураг байхгүй, би зураг дараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 143-144х, 145х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Мөнхсүхийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 02 сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн баруун хойд талын 4 замын уулзвар замд зохицуулалт хийж байхад “хүн автомашинд мөргүүлчихлээ, хэргийн газрын хамгаалалт ав” гэсэн. Намайг очих үед Механик инженерийн сургуулийн хойд зам хараагүйчүүдийн гэрэл дохионы ойролцоо том улаан өнгийн автомашин явган зорчигчийг мөргөсөн, явган зорчигч зорчих хэсэг дээр байгаагүй, явган зорчигчийг явган хүний зам руу өргөөд гаргачихсан байсан. Тухайн үед зам зүүнээсээ баруун чиглэлтэй, хөдөлгөөний эрчим ихтэй, нартай дулаахан өдөр байсан.
Намайг очих үед явган зорчигчийг замаас өргөөд явган хүний зам руу гаргачихсан байсан бөгөөд гэрэл дохионы шонгийн ойролцоо гаргасан байсан. Хэргийн газрын зурган үзүүлэлттэй танилцлаа. Нэмэлт үзлэгийн №3, №6 дугаартай зурган дээр тэмдэглэгдсэн Б үсгээс чиг хойд талын явган хүний зам дээр хэвтүүлчихсэн байсан бөгөөд хажууд нь жолооч болон тэнд явж байсан хүмүүс байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхүгй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 147х/,
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Сын гэрчээр өгсөн:
“...2019 оны 02 сарын 17-ны өдрийн 13 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн ШУТИС-ийн харъяа Механик инженерийн сургуулийн арын замаар Хонда CRV маркийн 06-70 СЭА улсын дугаартай автомашин жолоодон ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд хараагүйчүүдийн явган хүний гарцан дээр ногоон гэрэл хүлээгээд зогсож байсан юм. Тухайн үед явган хүний ногоон гэрэл асчихсан, хараагүй хүмүүст зориулсан дуут дохио ажиллаж байсан. Тэгэхэд нэг настай хүн уг замын хойд талаас урагш гарах гээд явж байгаа харагдсан бөгөөд намайг харах үед “Шуурхай алба” гэсэн бичигтэй, улаан өнгийн, том өврын автомашины баруун урд буланд нь тулаад ирчихсэн байсан. Автомашинуудыг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асах үед уг автомашин урагшилж, уг настай эмэгтэйг мөргөсөн. Мөргөх үед нь эмэгтэй хөл нь муу юмуу гэмээр доороо 2-3 удаа эргэлдэж байгаад зам дээр унах үед нь автомашины баруун талын дугуйгаар хөлөн дээгүүр нь гараад явчихсан. Тэгээд би автомашинаасаа буугаад очиход уг эмэгтэй 4 хөлөлчихсөн “ёоёо” гээд орилоод байж байхаар нь би өөрийн 99104035 дугаарын утаснаас 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн.
Зам орчны байдлын хувьд миний явж байсан чиглэлийн урсгалд миний жолоодож явсан автомашинаас өөр машин байгаагүй, эсрэг талын урсгалд бол автомашины хөдөлгөөн ихтэй, түгжрэлтэй байсан. Намайг харах үед уг настай эмэгтэй автомашины цонхноос нилээн дор, автомашинтай нилээн ойрхон харагдаж байсан. Уг эмэгтэйг би явган хүүний гарцаар гарч байгаад том оврын автомашин явган хүний гарц руу ороод зогсчихсон байхаар тойрч гарах гэж байгаад мөргүүлчихлээ гэж харсан.
...Намайг харах үед автомашины баруун урд буланд явган зорчигч зогсож байсан, тэгээд урагшлах үедээ баруун урд булангаараа мөргөж унагаагаад баруун талын дугуйнуудаараа хөл дээгүүр нь гарчихсан. Би тухайн үед автомашиндаа ганцаараа явж байсан юм. Би зурган үзүүлэлтүүдийг харлаа. Автомашин явж байсан урсгал, эгнээ бол мөн байна. Анх хүн автомашинд мөргүүлсэн гэх А, Б цэг бол биш байна. Би сүүлд автомашиндаа суух үедээ 1 ширхэг зураг дарсан, тэрийг өгье. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 150х/,
15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Дүүрэнбилэгийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 02 сарын 17-ны өдөр жолооч О.Борхүүгийн хамт ээлжинд гарсан бөгөөд 13 цаг 45 минутын үед “Хан-Уул дүүрэгт байрлах Механик инженерийн сургуулийн арын замд хүн автомашинд мөргөгдлөө” гэсэн дуудлага авч, ойрхон байсан учраас маш хурдан очсон. Дуудлаганд очиход нэг настай эмэгтэй замын хойд талд гэрэл дохионы шонгийн ойролцоо, явган хүний зам дээр хагас суугаа, 2 хөлөө жийсэн байрлалтай байсан.
Үзлэг хийхэд 2 хөлөндөө гэмтэл авсан, өөрөө маш их айж сандарсан байсан тул чиг тавьж боогоод, цус тогтоох, өвчин намдаах тариа хийгээд шууд ГССҮТ рүү хүргэж өгсөн. Замдаа би тухайн хүний айдас, сандралыг нь дарахын тулд юу болсон бэ, та юу хийж явсан бэ, гэр бүлийн хүмүүсийн тухай асуухад “би нэг хурал, цуглаанаас буцаж явсан. Явган хүний гарцаар гарч яваад гэнэт ийм юм болчихлоо” гэж ярьж байсан. Намайг очиход замын хойд талд байх гэрэл дохионоос ертөнцийн зүгээр баруун талд, гэхдээ шонгоос тийм ч хол байгаагүй. Явган хүний зам дээр сууж байсан. Явган зорчигчтой жолооч болон нэг залуу байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 186х/,
16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Борхүүгийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 02 сарын 17-ны өдөр эмч Дүүрэнбилэгийн хамт ээлжинд гарсан бөгөөд 13 цаг 45 минутын үед Хан-Уул дүүрэгт байрлах Механик инженерийн сургуулийн арын замд хүн автомашинд мөргөгдлөө гэсэн дуудлага авч, Нарны хорооллоос шууд очсон юм. Зам түгжрэлтэй байсан болохоор механик инженерийн сургуулийн арын явган хүний гарцны тусгаарлах хэсгийг сөрөн очиж хүн мөргөсөн гэх автомашины ард талд автомашинаа байрлуулж, явган зорчигчийг явган хүний зам дээрээс очиж авсан. Тухайн үед явган зорчигчийг замаас гаргачихсан байсан бөгөөд би автомашинаа байрлуулсан газраас ертөнцийн зүгээр зүүн хойш чиглэлтэй очиж авсан.
Намайг очих үед явган зорчигчийг явган хүний зам руу гаргачихсан байсан бөгөөд гэрэл дохионы шонгийн ойролцоо байсан. Би явган хүний гарцаар гарч байхад нь мөргөчихсөн юм байна гэж харж байсан. Явган зорчигчтой жолооч болон жолоочоос гадна нэг залуу байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 188х/,
17. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 91 тоот магадлагаа:
1. Beiben ND1310 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Найм. Замын хөдөлгөөн зохицуулах дохио. 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.6 Жолооч явган хүний гарц дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал тохиолдсон үед (зөвшөөрсөн гэрлэн дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) гарц руу орохыг хориглоно, Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Ц.У нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хэргийн 1-р хавтас 166-168х/,
18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад техникийн шинжээч Л.Нанзадыг байцаасан тэмдэглэлд
“...2019 оны 02 сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ажилласан бөгөөд уг дуудлаганд очиход том улаан өнгийн автомашин явган зорчигчийг мөргөсөн байсан. Явган зорчигч түргэн тусламжийн машинаар ГССТҮТ рүү хүргэгдсэн, харин хэргийн газарт автомашины жолооч байсан. Уг Beiben ND-1310 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг байлцуулан автомашинд үзлэг хийсэн бөгөөд хүн мөргөсөн гэх ул мөр үлдээгүй, жолооч хүн мөргөсөн байх гэсэн дугуйны зургийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хэргийн газрын үзлэгт хавсаргасан. Хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан автомашинд болон дугуйнд ул мөр үлдэж болно. Энэ хэргийн хувьд ул мөр үлдээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 171х/,
19. Мөрдөн шалгах ажиллаганы явцад шинжээч эмч Ц.Ганболдыг байцаасан тэмдэглэлд:
“...Талийгаачийн зүүн шилбэний дээд хэсэг, баруун тавхайн хуруу, шивнүүрийн идээт шарх, ууц зүүн ташаан толгойн идээлж үрэвссэн эдийн дутагдал бүхий холголтын шарх үүсэж, улмаар баруун уушигны доод дэлбэнгийн буглаа үүсэн цусан үжилд орж нас барсан. Гэмтлийн улмаас тайрагдсан мөчнүүдийн шарх нь идээлж үрэвссэн, мөн холголт, цооролт үүссэн байсан. Эдгээр нь учирсан гэмтлийн алсын хүндрэл юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 74-75х/,
20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Зын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 02 сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд “Амгалан” дулааны станцийн өмчлөлтэй Норд бенз маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 5 км цагийн хурдтай Хан-Уул дүүргийн нутаг ШУТИС-ын харъяа Механик инженерийн сургуулийн арын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад Хараагүйчүүдийн төвийн урд талын явган хүний гарцыг өнгөрөөд гүүрний гэрэл дохио ногоон болохоор нь бага зэрэг урагшилтал нэгдүгээр эгнээнд явж байсан автомашин шахаад сигнал дарахаар нь харахад арагш заах шиг болсон.
Би юу болсон юм бол гээд 2 талын толиндоо харахад юм харагдаагүй, автомашинаа зогсоогоод буугаад очиход миний автомашины ард талд 1-2 метрийн зайнд нэг настай хүн 2 хөлөө жийсэн байдалтай зам дээр хэвтэж байсан. Тэгээд би цагдаа, түргэн дуудсан уу гэж асуухад тэнд байсан хүн дуудлага мэдээлэл өгчихсөн байгаа гэсэн боловч түргэн тусламж ирэхгүй байхаар нь би өөрийн хххх дугаарын утаснаас дахин залгаж тодруулсан.
Удахгүй түргэн тусламж ирээд уг хүнийг авч ГССҮТ рүү явсан бөгөөд би хэргийн газартаа байж байгаад цагдаагийн байгууллага ирэхээр нь хэргийн газрын үзлэг хийлгэсэн. Тухайн үед зам орчины байдал нилээн урт цуваа үүсчихсэн, түгжрэлтэй, автомашинууд бага багаар урагшилж байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, зам халтиргаа гулгаагүй, цас ороогүй байсан.
Миний жолоодож явсан автомашин өөрөө 31 тонн жинтэй, 31 тонн үнс ачаад явж байсан. Би явган зорчигчийг ерөөсөө хараагүй, нэг автомашин намайг шахсан бөгөөд би гайхаад харахад хойш заагаад орилоод байсан. Тэгээд толиндоо харахад юу ч тусахгүй байхаар нь буугаад машиныхаа хойд талд очтол зам дээр хүн хэвтэж байсан.
Тэнд байсан хүмүүс “чи хүн алах гэж байна шүү дээ” гэсэн. Тэгээд л би тухайн хүнийг гэмтээсэнээ мэдсэн. Миний жолоодож явсан автомашины эргэн тойрны зарим бүсэд хүн, автомашин байгаа нь харагддаггүй. Түүнийг сохор бүс гэж нэрлэдэг. Би уул нь хөдлөхдөө толиндоо их л сайн харсан бөгөөд хүн харагдаагүй.
...Зам тээврийн ослын дараа намайг автомашинаас бууж ирэхэд 2 эрэгтэй хүн байсан. Нэг нь сүүлд хэргийн газрын үзлэг хийхэд байлцсан эрэгтэй гэж бодож байна, нөгөө залуу нь надтай хамт байж байгаад явган зорчигчийг түргэн тусламжийн машинд суулгаж өгөөд явсан. Тэр залуу утсаараа 102, 103 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн, утсан дээрээ зураг авсан санагдаж байна.
Одоо хохирлын тооцоо гүйцэт гараагүй учир хохирол мөнгө барагдуулаагүй байгаа. Намайг машинаас бууж ирэхэд уг тэмдгээс ертөнцийн зүгээр баруун тийш 2-3 метрийн зайтай байсан. Явган зорчигчийг замын зорчих хэсгээс хөдөлгөөн зорчих хэсгийн хойд талд байрлах явган хүүний зам дээр тэнд байсан залуугийн хамт өргөж гаргасан, өөр хөдөлгөсөн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 154х, 155х, 181х, 2-р хавтас 114-115х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 190х/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 191х, 201х/, шүүгдэгч Б.Зын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 192х/, “Амгалан дулааны станц” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт /хэргийн 1-р хавтас 204-206х, 207х/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 76х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа баримтыг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэгтэй эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Зын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.З нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харъяа механик инженерийн сургуулийн арын замд “Амгалан дулааны станц” ХХК-ийн эзэмшлийн Beiben ND маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. заалтын: “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”:,
Найм. Замын хөдөлгөөн зохицуулах дохио. 8.18 заалтын: “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.”:,
Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.6 заалтын: “Жолооч явган хүний гарц дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал тохиолдсон үед (зөвшөөрсөн гэрлэн дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) гарц руу орохыг хориглоно”:,
Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 заалтын: “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг тус тус зөрчсөнөөс явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Уг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч Ц.У нь биедээ “...зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэний дээд 1/3 хэсгийн тайрагдалт, баруун тавхайн 3, 4, 5-р хурууны тайрагдалт, эдийн дутагдал бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, дух, шанаанд шарх, чамархайнд цус хуралт, сарвууны зөөлөн эдийн няцрал, хэвлийд шарх...” бүхий гэмтэл авч, улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх явцдаа “зүүн шилбэний дээд хэсэг, баруун тавхайн хуруунуудын тайрагдал болон ууц, зүүн сүүжний холголтын идээт шархны улмаас цусан үжилд орж” учирсан гэмтлийн алсын хүндрэлээр нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.
Түүнчлэн зам тээврийн осол хэрэг гарсан тухайн үед шүүгдэгч Б.З нь "Амгалан дулаан станци" ХХК-ийн Авто хүнд механизмын хэсэгт Нарийн үнс зөөвөрлөх тусгай тооноглолтой хүнд даацын автомашины жолоочийн ажил үүргийг гүйцэтгэж, “Амгалан дулаан станци” ХХК-ийн зөвшөөрснөөр уг тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явсан, осол хэрэг гарах үед шүүгдэгчийн жолоодон явсан Beiben ND-1310 маркийн хххх улсын дугаартай автомашин нь “Амгалан дулаан станци” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн баримттай тул “Амгалан дулаан станци” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг /хэргийн 1-р хавтас 129х/ 2019 оны 03 сарын 18-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт иргэний харицагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журам, зохицуулалтыг зөрчөөгүй, хуулийн үндэслэл бүхий байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлд тус тус зааж хуульчилсан.
Зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Ц.Угийн эмчилгээ сувилгаа, асаргааны болон оршуулахтай холбогдон гарсан зардалд нийт 15.764.906 төгрөгийг гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч “Амгалан дулааны станци” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Машбат гаргаж, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримт нотолгоо, хохирлын тооцоог хэрэгт гаргасныг /хэргийн 1-р хавтас 81-105х, 106-126х/ нэг бүрчлэн шалгаад:
- амь хохирогчийн эмчилгээ үйлчилгээ, асаргаа сувилгааны баримттай зардлын бүгд 6.288.962 төгрөг,
- оршуулахтай холбоотой гарсан зардлын /хоол хүнс, хайрцаг г.м/ 2.662.438 төгрөг, бүгд 8.951.408 /найман сая есөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба нэхэмжлэлээс үлдэх хохирогчийн амьд байх үеийн /2019 оны 06 сарын 06-наас өмнө үе/ утасны нэгж, хоол хүнс, шатахуун бензины зардалд зарцуулсан зардлын болон өмгөөлөгчийн хөлс 1.0 сая төгрөгийн, нийт 4.568.503 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Хохирогчийн нэхэмжлэлээс амь хохирогчийн оршуулах зан үйлтэй холбоотой баримтгүй нэхэмжилсэн гэх зардлын 2.245.000 төгрөгийн шаардлагыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
“Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэсэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, мөн “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар уг зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Зт шилжүүлэн өгсөн ажил олгогч, иргэний хариуцагч “Амгалан дулааны станци” ХХК нь хариуцан арилгах үүрэгтэй юм.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу амь хохирсон Ц.Угийн эмчилгээ сувилгаа, асаргааны болон оршуулахтай холбогдон гарсан зардлын 8.951.408 /найман сая есөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг иргэний хариуцагч “Амгалан дулаан станци” ХХК-иар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг шүүх хуралдаан завсарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан хугацааны дотор иргэний хариуцагч “Амгалан дулааны станц” ХХК нь нөхөн төлж барагдуулсан болно.
Иргэний хариуцагч “Амгалан дулаан станци” ХХК нь шаардлагатай гэж үзвэл гэм буруутай этгээд Б.Заас өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.З нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 192х/ баримтаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэрэг тул шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан, шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Зын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 02 /хоёр/ 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “Б.Зт холбогдох эрүүгийн хэрэгт тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн гэх байдал нь хангалттай баримтаар нотлогдоогүй, түүний жолоодон явсан хүнд даацын тээврийн хэрэгслийн дугуйн мөрнөөс ул мөр илрээгүй, хохирогчийн осолд орох үед өмсөж явсан гутал хувцасыг машины дугуйн мөртэй харьцуулан шинжилж судлаагүй, амь хохирогч эмчилгээ сувилгаа хийлгэх явцад эмчилгээний дэглэм, горим зөв бариагүй, зөрчигдсөнөөс хүндрэл эрсдэл гарсан эсэх зэрэг нь бүрэн хангалттай шалгагдаж тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ төрөхүйц олон нөхцөл байдал байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчимд үндэслэн Б.Зыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлт санал гаргасныг шүүх хүлээн авч хангах үндэслэлгүй хэмээн дүгнэсэн болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Б-гийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ““Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Зт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Зт оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Зын цагдан хоригдсон 06 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Зт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №462755 дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.
6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт иргэний хариуцагч “Амгалан Дулааны Станц” ХХК-аас 8.951.408 /найман сая есөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун найм/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хххх тоотод оршин суух, Ч овогт С-ын М-ад /РД:хххх/ олгохоор шийдвэрлэснийг шүүх хуралдаан завсарласан хугацаанд иргэний хариуцагч “Амгалан Дулааны Станц” ХХК нь нөхөн төлснийг тэмдэглэж,
- нэхэмжлэлээс үлдэх, хоол хүнс, утасны нэгж, шатахуун, өмгөөллийн зардал зэрэгт хамаарах 4.568.503 /дөрвөн сая таван зуун жаран найман мянга таван зуун гурав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь амь хохирогчийн оршуулах зан үйлтэй холбоотой баримтгүй гаргасан зардал гэх 2.245.000 төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Б.Заас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт мөн хугацаанд тус тус гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД