Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01022

 

Т.Д- ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00187 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 760 дугаар магадлалтай,

Т.Д- ийн нэхэмжлэлтэй,

М  ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.022.944 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Д- ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие М  ХХК-д захирлын нарийн бичгийн албан тушаалд ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүй халагдаж, шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон. М  ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2017/09604 захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/06 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар жилд эгүүлэн авсан. Ажил олгогч нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг жүртэлх цалин хөлсийг олгоогүй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт ажлын 213 өдрийн цалин буюу 5.022.944 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М  ХХК-ийн төлөөлөгч С.Б-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд М  ХХК-д ажиллаж байсан. Тэрбээр ажиллаж байх хугацаандаа ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн, чанартай гүйцэтгэхгүй байх зэргээр өөрийн үүрэгт ажилдаа хайнга ханддаг байсан. Манай компани нь 2015-2017 онуудад эдийн засгийн хямралаас хамаарч ажил гүйцэтгэж, тогтмол орлого олж чадахгүй компанийн санхүүгийн байдал ихээхэн хүнд нөхцөлд байгаа ч нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир шүүхийн дээрх шийдвэрийг манай компанийн зүгээс бүрэн биелүүлж, тус компанийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/06 тоот тушаалаар түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авсан боловч нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг хүлээн авч, мөн 10/07 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгч нь компанид ажиллах хүсэл эрмэлзэлгүй атлаа шүүхэд удаа дараа үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөх боломжгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00187 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М  ХХК-иас нийт 5.022.944 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Т.Д- ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгч Т.Д- ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.317 төгргөгийг улсын орлогоос буцаан гаргуулан Т.Д- т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 760 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00187 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар хариуцагч М  ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5.022.944 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Д- т олгож, нэхэмжлэгч Т.Д- ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Д- ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, холбогдох хуулийн захицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон боловч тэрээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасныг хүлээн авч, чөлөөлсөн. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсанаа буюу өөрийн эрхээ зөрчигдсөнийг Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00653 дугаар тогтоол гарснаар мэдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлээ 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дотор шүүхэд гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байдаг. Нэгэнт нэхэмжлэгч хуульд заасна боломжит хугацааны дотор шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй учир олговор шаардах эрхээ алдах юм. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд, үндэслэлтэй дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй өөрчилсөн. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Д-  нь хариуцагч М  ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.022.944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч Т.Д-  нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.322.944 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М  ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.700.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.

Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, С.Баасанцэрэн нар гарын үсэг зурсан байх ба хэргийн 17, 29 дүгээр талд авагдсан, итгэмжлэлд төлөөлөгч нарт нэхэмжлэлийн талаар эвлэрэх эрхийг олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4, 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00187 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 760 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Д-  нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.322.944 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М  ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.700.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                              Г.АЛТАНЧИМЭГ