Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01017

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар магадлалтай,

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

АБ  ХХК-д холбогдох,         

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 дугаар байр, 26 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1317000205 дугаартай үл хөдлөх хөрөнгийг ээж Ш.Батсүх, хүү Ж.Мөнхбадрал нарын хамт хамтран өмчилдөг. Шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба дээрх үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээг АБ  ХХК-иар тогтоолгосон. Уг үнэлгээ нь хууль болон бодит байдалтай нийцээгүй үнэлгээ гарсан тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийг 50.978.000 төгрөгөөр үнэлсэн нь буруу. Учир нь дээрх орон сууцыг 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Д.Бадарч гэдэг хүнээс худалдах, худалдан авах гэрээ хийж 60.000.000 төгрөгөөр авсан ба мөн тус байранд 10 гаруй сая төгрөгийн засвар хийсэн байхад бодит үнэнтэй нийцээгүй үнэлгээг гаргасан. Мөн уг орон сууцыг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тооцоолохдоо нийт талбайг 49.5 м.кв гэсэн ба 000225217 дугаартай гэрчилгээ дээр 28.95 м.кв гэсэн байхад ямар учраас зөрүү гараад байгаа мөн хөрөнгө үнэлсэн тухай баримтанд 26.95 м.кв гэсэн нь аль талбайн эзлэхүүнийг авч үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 1 м.кв-ын үнийг 1.050.505 төгрөгөөр үнэлээд үүндээ нийцүүлэх гээд ямар ч баримтгүй нийт талбайг гаргасан нь учир дутагдалтай байна. Уул нь үнэлгээний байгууллага нь зах зээлийн аргаар судлахдаа ижил төстэй байрнуудыг жишиг аргаар судалдаг байхад яг ямар орон сууц зах зээлийн ханштай дүйцүүлэн гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Үнэлгээ хийсэн шинжээч нь дээрх орон сууцанд ямар ч хэмжилт хийгээгүй зөвхөн зургийг нь дараад явсан. Иймд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №ТХҮ-217-35 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэгийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа өртгийн хандлага болон орлогын хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 төрлийн хандлагын дагуу хийдэг. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрээ 26.95 м.кв гэж бичсэн боловч энэ нь хуучин гэрчилгээгээр тогтоосон хэмжээ. Орчин үед байшингийн талбайг нийтэд нь үнэлэх ёстой гэсэн стандартын дагуу нийт талбай нь 49.5 м.кв болж түүнийгээ дүйцүүлж барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын дагуу л энэ үнэлгээг гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн байрыг үнэлэхдээ өртгийн аргыг 3 хувиар ашиглаж, зах зээлийн хандлагыг 97 хувиар ашиглаж гаргасан. Х.Б-ийн байрыг үнэлж байх үед тухайн байрны нэг орцонд байрлах 29 тоот байр 52.000.000 төгрөгөөр зарагдаж байсан. Манай байгууллага Х.Б-ийн байрыг эд хөрөнгийн үнэлгээ хийх тухай хуульд нийцүүлэн гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Х.Б-ийн АБ  ХХК-нд холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг 16-26 тоотод байрлах 26.95 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж үзээгүй. Үнэлгээ хийлгэсэн маргаан бүхий орон сууц нь 1981 онд ашиглалтад орсон байхад үнэлгээчин нь 1960 онд ашиглалтад орсон гэж үзээд элэгдлийг тооцож зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Өөрөөр хэлбэл ашиглалтад оруулсан хугацааг 20 жилээс өмнө байдлаар тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Үнэлгээний байгууллага нь зах зээлийн аргаар судлахдаа ижил төстэй байрнуудын жишиг аргаар судалдаг байхад яг ямар орон сууцтай зах зээлийн ханштай дүйцүүлэн гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Үнэлүүлж буй хөрөнгөд биет үзлэг хийж хэмжилтийг хийсэн гэдэг нь худлаа. Учир нь үнэлгээчин нь манай орон сууцанд ямар ч хэмжилт хийгээгүй, зөвхөн зургийг нь дараад явсан. Давж заалдах шатны шүүх зах зээлийн үнэлгээний талаар бодит мэдээлэл, баримт зэргийг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн. Энэ талаарх баримтыг шинжилгээний байгууллага нь өөрсдөө шүүхэд ирүүлэх ёстой байтал баримтыг ирүүлээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Б- АБ  ХХК-д холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах гомдол гаргасан боловч гомдлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж, хуулийг тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэгч Х.Б- шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлбөр төлөх үүрэгтэй, төлбөр төлүүлэх ажиллагааг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэж, энэ ажиллагааны явцад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээч томилон тогтоолгосон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлэх ажиллагааг хэрхэн явуулахыг зааж, “...талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, ...шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол уг дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Х.Б- шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргахдаа АБ  ХХК-г хариуцагчаар татсан ба шүүх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагын шийдвэрээр томилогдон дүгнэлт гаргасан шинжээч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлын хариуцагч болох эрх зүйн үндэслэлтэй эсэхийг анхаараагүй байна.

Шүүх төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлын үндэслэлийг хянахдаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, тогтоосон үнэлгээ хуульд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч, уг ажиллагааг зохицуулсан хуулийг хэрэглэх учир шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэхийг дүгнэх байжээ.

2. Анхан шатны шүүх хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн  хууль зүйн үндэслэл тодорхой бус байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гээд, мөн хуулийн 82.1-д шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргааныг заасны дотор 82.1.8-д “бусад хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг, эрх зүйн маргаан” гэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан тул хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ