Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 34

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                            Б.Батзориг

Шүүгчид                                          С.Оюунцэцэг

                                                                                         Г.Давааренчин

Оролцогчид:

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 285 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Энхнямын нэхэмжлэлтэй, Ж.Баярцэцэг, Г.Хулан нарт холбогдох “Орон сууцны өрөө түрээслүүлэх гэрээний үүргийн биелэлт болох нийт 2861544 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан өгсөн тайлбартаа:

“...Миний бие нь Г.Хулан, Ж.Баярцэцэг нартай 2014 оны 06 сарын 27-ны өдөр болон 2015 оны 08 сарын 27-ны өдөр Орон сууцны өрөө түрээслүүлэх гэрээ байгуулан жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 240.000 /Хоёр зуун дөчин мянга/ төгрөг, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 300.000 /Гурван зуун мянга/ төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. 2015 оны 3 сараас эхлэн түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй хуримтлуулан төлж, 2015 оны 6-р сараас эхлэн байнгын түрээсийн төлбөрийн өр үүсгэсэн. Миний зүгээс Г.Хулан, Ж.Баярцэцэг нарт түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлөхийг удаа дараа сануулан шаардаж, түрээсийн төлбөрөө төлөх хангалттай хугацаа олгосон боловч удаа дараа худал ярьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Г.Хулан нь ах Г.Анирын хамт түрээсийн өрөөнд амьдардаг байсан. 2015 оны 11 сарын 27-ны өдөр түрээслүүлэгч болох надад мэдэгдэлгүйгээр нүүж байсан ба хөрш айлаас нь мэдээлэл ирсэний дагуу очиход шавьжны хор цацах гэж байна гэж тайлбарласан боловч энэ нь худал байсан ба нууцаар нүүж байсан юм. Ингээд түрээсийн тооцоогоо төлж дуусгасан өдрөөр түрээсийн тооцоог зогсоож, тэр өдөр байрны түлхүүрээ хүлээлцэнэ гэж тохирсон боловч 2015 оны 12 сарын 20-ны өдөр надад байраа болон түлхүүрээ хүлээлгэн өгөлгүйгээр түлхүүрийг байранд орхин явсан байсан. Энэ өдрөөр буюу 2015 оны 12 дугаар 20-ны өдрөөр түрээсийн тооцоог зогсоосон. Мөн давхар цонхны дотор талыг нь хагалсан байсан ба шинээр шиллүүлж өгөлгүйгээр орхин явсны дараа нь би өөрөө 50.000 төгрөгөөр шиллүүлсэн. Уг нь анх би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2.861.544 гаргуулахаар нэхэмжилж байсан боловч үндсэн нэхэмжлэлээс 2.129.044 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 732.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Ж.Баярцэцэг, Г.Хулан нар нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 873.000 төгрөгийн төлбөр төлөөгүй байна гэж бичгээр баталгаа гаргасанаас хойш 2015 оны 12 сарын 20-нд түлхүүрийг авах хүртэлх байрны хөлс мөн гэрээнд заасны дагуу алданги 227.500 төгрөг, цонх хагалсаныг шиллэсэн үнэ 50.000 төгрөг нийт 732.500 төгрөг төлөөгүй үлдсэн. Иймд дээрхи мөнгийг хуулийн дагуу гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ...” гэжээ.

 

Хариуцагч Ж.Баярцэцэг анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Манай охин, хүү хоёр Б.Энхнямын эзэмшлийн байранд өрөө хөлсөлж амьдарч байсан нь үнэн. Би хоёр хүүхдийнхээ өмнөөс Б.Энхнямтай гэрээ байгуулсан юм. Тухайн байранд амьдрах хугацаандаа буюу 2015 оны 06 дугаарын 29-ний өдөр 240,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 97,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 400,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 780,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 240,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 248,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг дансаар Б.Энхнямд шилжүүлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Б.Энхнямд 4.620.000 төгрөг төлөх ёстойгоос бүгдийг нь төлж барагдуулсан. Одоо бид Б.Энхнямд ямар ч өр байхгүй гэж үзэж байгаа. Харин төлбөр төлөхөөр болбол цонх хагалсаны 50.000 төгрөгийг л төлж болох юм. Бид Б.Энхнямын байрнаас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Тэр өдөр Б.Энхням өөрөө хүрч ирээд надаас баталгаа гаргуулж аваад явсан болохоор энэ өдрөөс эхлэн тасалбар болгон байрны тооцоо зогссон гэж ойлгож байгаа. Иймд нотлох баримтуудыг үндэслэн асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Г.Хулан анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Миний хувьд ээж болох Ж.Баярцэцэгтэй санал нэг байна. Бид Б.Энхням эгчийн байрнаас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Тэр үед Б.Энхням эгч бид нар дээр хүрч ирээд баталгаа гаргуулж аваад явсан. Тэрнээс хойш тухайн байранд бид нэг ч хоноогүй. Харин байрны түлхүүрийг нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цонхон дээр нь үлдээчихээд явсан. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Б.Энхням эгчийн хэлсэний дагуу тухайн байранд байр хөлсөлж амьдрах сонирхолтой өөр бусад хүмүүст байрыг нь үзүүлж байж байгаад түлхүүрийг нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгөх гэсэн боловч Б.Энхням эгчийн утас нь холбогдохгүй байсан болохоор цонхон дээр нь байрны түлхүүрийг нь үлдээчихээд явсан юм. Иймд хуулийн дагуу асуудлыг шийдэж өгнө үү...” гэжээ

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 285 дугаартай шийдвэрээр:

-Монгол улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Ж.Баярцэцэг, Г.Хулан нараас 502.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхнямд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхнямаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60.735 төгрөгийг Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баярцэцэг, Г.Хулан нараас улсын тэмдэгтийн хураамжинд 15.725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхнямд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Мандал сумын иргэн Ж.Баярцэцэг миний бие нь Улаанбаатар хотод өөрийн оюутан охин Г.Хуланг иргэн Б.Энхням гэгчтэй харилцан тохирч 3 өрөө байрны нэг өрөөг нь 2014 оны 06-р сарын 27-ны өдрөөс 2015 оны 11-р сарын 27-н хүртэл хөлслөж суулгасан. Анх суулгахдаа бид амаар тохироод эхний 2 сар бэлэн 240,000 төгрөгийг өгөөд анх сууж байсан. 2 дахь сараас Б.Энхням нь ирж гэрээ хийсэн. Бид мөнгийг зохих хугацаанд төлж байсан.

            Гэтэл Б.Энхням биднийг 2015 оны 06-р сараас эхлэн мөнгийг төлөөгүй мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж түүнийг нь шүүх нэхэмжлэлийн тайлбарын дагуу шийдсэн тул дахин дараах тайлбарыг гаргаж байна. Б.Энхнямын төлөөгүй гэсэн он сараас эхлээд тайлбар хийе.

-2015 оны 03-р сарын 21-нд 300,000 төгрөгийг дансаар

            -2015 оны 5-р сарын 30-нд 3,4,5-р сарын мөнгийг 780,000 төгрөгийг дансаар

            -2015 оны 6-р сарын 29-нд 240,000 төгрөгийг дансаар

            -2015 оны 8-р сарын 22-нд 97,000 төгрөг дансаар, төрийн банкаар 100,000 төгрөгийг,

            -2015 оны 10-р сарын 10-нд 250,000 төгрөгийг дансаар

            -2015 оны 12-р сарын 17-нд 400,000 төгрөгийг дансаар

            -2016 оны 7-р сарын 25-нд 248,000 төгрөгийг дансаар тус тус төлсөн. Манайх нийт гэрээний дагуу 4,620,000 төгрөг төлөх ёстойгоос бид бүгдийг бүрэн төлсөн. Ингээд 2015 оны 11-р сарын 27-нд байрнаас гарсан. Энэ үед Энхням нь ирж уулзаад одоо байрны мөнгөний тооцоо төлөөгүй хугацааны алдангитай нийлээд 873,000 төгрөг болж байна. Энэ мөнгийг даруй өгөөрэй гэж хэлэхээр нь би гарын үсэг зурсан. Энэ 873,000 төгрөгийг хугацаандаа мөнгөө өгөөгүй гэж Энхням өөрөө хугацааг нь тооцож алданги бодоод бичүүлсэн баримт юмаа.

            Гэтэл Б.Энхням энэ баримтыг шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн. Шүүх шийдвэрээ гаргахдаа энэ баримтыг үндэслэн нотлох баримтаар үнэлэн төлөөгүй хугацааны хүү алдангийг нарийвчлан бодохгүйгээр зөвхөн нэхэмжлэгч Б.Энхнямын шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 873,000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 225,000 төгрөг төлөхөөр шийдэж яаж тооцсон, хэдэн төгрөгнөөс алданги тооцоод байгаа нь мэдэхгүйгээр 227,500 төгрөгийг алданги гэж тооцож надаас гаргуулахаар шийдвэрлэснийг ойлгохгүй байна.

            Харилцагч намайг 225,000 төгрөг төлөөгүй гэж үзэж үнэлж байгаа бол, 227,500 төгрөгийн алдангийг хэдэн төгрөгт тооцож, хэдэн сараас хувиар тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв 225,000 төгрөгөнд тооцож байгаа бол  үнийн дүнгээсээ хэтэрч тооцсон буюу Иргэний хуульд нийцэхгүй, хууль зөрчигдөөд байгаа юм бишүү гэж би ойлгаж байна.

            Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016.10.10-ны өдрийн 285 тоот шийдвэрээр 502,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснээс төлөгдөөгүй 225,000 төгрөг, алданги 227,500 төгрөгийг буюу 452,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хянан үзэж үнэн зөв шийдвэрийг гаргаж өгнө үү...” гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Б.Энхням нь хариуцагч Ж.Баярцэцэг, Г.Хулан нарт холбогдуулан орон сууцны түрээсийн хөлс 2.861.544 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 732.500 төгрөг болгосон байна.

Хэргийн материалыг судлан үзвэл: зохигчдын хооронд 2014 оны 06 сарын 22-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, тус гэрээгээр сард төлөх төлбөрийг 05 сарын 01-ний өдрөөс 08 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүр 240.000 төгрөг байхаар  жилийн бусад сарын төлбөр 300.000 төгрөг байхаар тус тус тохиролцон гэрээ байгуулж, тус гэрээ нь 2015 оны 11 сарын сүүлчээр дуусгавар болжээ.

2015 оны 11 сарын 27-ны өдөр зохигчид орон сууцыг хөлслөх хугацааны туршид төлсөн төлбөр болон төлбөрийн үлдэгдэлийг тооцон тухайн өдөр 873.000 төгрөг төлөгдөөгүй, тус төлбөрийг 2015 оны 12 сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцон улмаар баримт үйлдсэн нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2-т “...гэрээний талууд хоорондын харилцаанаас үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар тохиролцож болно...” гэж заасныг зөрчөөгүй байх тул  дээрхи баримтыг үндэслэн гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасан хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдэлээс муутгахгүй байх гэсэн үүргээ  хариуцагч нар биелүүлээгүй байх тул өөрт учирсан хохиролоо Мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар  гаргуулахаар шаардах эрхтэй байх тул  нэхэмжлэгчийн хохирол буюу цонхны үнэ 50.000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь мөн үндэслэлтэй байна. Энэхүү шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг дурьдах нь зүйтэй.

Тус хэргийн хариуцагч нар нь тооцоо нийлснээс хойш нэхэмжлэгчид 2015 оны 12 сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2016 оны 07 сарын 25-ны өдөр 248.000 төгрөг нийт 648.000 төгрөгийг  төлж, 225.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд тооцооны үлдэгдэлээ тохирсон хугацаандаа төлөөгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Энхмаа нь хариуцагч нараас алданги 227.500 төгрөг тооцон гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд тус шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл алдангийг хэдий хугацаагаар хэрхэн тооцсон, талууд тооцоо нийлэхдээ алданги тооцох эсэх талаар харилцан тохиролцсон эсэх, болон алданги нэхэмжлэх болсон үндэслэлээ нотлоогүй  байхад  шүүх  алдангийн талаар эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан  журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч алданги тооцон гаргуулсан нь үндэслэлгүй байх тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 285 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг:

“...1.Иргэний хуулийн 302 дугаар  зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 466 дугаар зүйлийн 466.2-т зааснаар  хариуцагч Ж.Баярцэцэг, Г.Хулан нараас  тооцооны үлдэгдэл 225.000 төгрөг хохирол 50.000 төгрөг нийт 275.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхмаад  олгож нэхэмжллэлийн шаардлагаас 457.500  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай....” гэж,

2 дахь заалтыг:

“...15725 төгрөг гаргуулж...” гэснийг “...8900 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3 дахь хэсэгт  зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15725 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                       ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                               С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                     Г.ДАВААРЕНЧИН