Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 499

 

Нэхэмжлэгч Д.Батсуурь нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие 2007 оны 04 дүгээр сард Бойны тохой гэдэг газар, газар авч мод үржүүлэг, чацарганы мод тарих ажлыг Дэлхийн байгаль орчны сангийн тусламжтай хийж гүйцэтгээд 2012 онд тарьсан 500 ширхэг чацарганы модноос 800 кг жимс хураан авч сайхан үр дүнд хүрч байна.  Гэтэл 2013 оны 6-7 сард О.Жаргалсайхан гэдэг хүн  миний усалгаа хийдэг нарийн салаа, Орхон гол хоёрын уулзвар дээр монгол гэр барьж  4-5 хүний хамт 71-73 УНХ ховоо машинаар их хэмжээний хайрга олборлон ашигласнаас болж Орхон гол гольдирлоо өөрчлөн салаа нарийн гол руугаа хүчтэй урсан орж ирсэн тул миний чацаргана жимсний мод тариалж байсан 12-15 м өндөр цагаан шороон эргийг доогуур нь ус хүчтэй урсаж эхэлсэн учир эрэг нурж миний тарьж ургуулсан 6-7 жилийн хөдөлмөр 438 ширхэг жимсний мод урсан үгүй болсон. Надад 10,520,000 төгрөгний бодит хохирол учирсан.  Үүнийг Сүхбаатар сумын Засаг даргын орлогч  Золбаяраар ахлуулсан ажлын хэсгийн тайлан, дүгнэлт зэргээс тухайн үед 2013 оны 08 сараас 11 сар хүртэл ямар их хохирол болсныг мэдэж байгаа.

Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч О.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2013 оны 6 сарын сүүлчээр Виду ХХК –ний захирал Болд надтай уулзаад Бойны тохой орчмоос 5 сард хуулийн дагуу хайрга олдворлосон. Уг газрыг тэгшлээд хонхор газрыг дараад өгөөч гэж гуйсан юм. Би 3 сая төгрөгөөр тохирч уг ажлыг 4 хоног хийж гүйцэтгээд Болдод хүлээлгэж өгсөн. Энэ ажлыг өөрийн хүү Ж.Онон , О.Батцэнгэл нартай хамт хийж гүйцэтгэсэн юм.

О.Жаргалсайхан миний бие Болдын ажлыг хийх үедээ болон түүнээс урд нь дараа нь тэр газраас хайрга огт аваагүй.

Батсуурь гэдэг хүн намайг худлаа гүтгэж байна.

Намайг хайрга аваагүйг Болд, Онон, Батцэнгэл нар гэрчилнэ.Тухайн үед Болд надад Сүхбаатар сумын Засаг дарга Үүрийнтуяа зөвшөөрсөн мөнгө төгрөгийг нь тушаасан бүх юм хуулийн дагуу гэж хэлсэн. 2014 онд Батсуурь Болд нарын хооронд болсон энэ хэргийн талаар Цагдаагийн газраас намайг хариуцагч болгоод явж байгаа нь хачирхалтай байна.

Мөн 2014 онд Болд Батсуурь нарын хэрэг Сум дундын шүүхээр явж байгаад Батсуурь нь гомдол өргөдлөө татан авсан гэж хүнээс дуулсан юм.

Батсуурь нь тухайн үед Болдоос мөнгө авч чадаагүй болохоор одоо надаас мөнгө авах зорилгоор намайг хариуцагч болгож байгаа нь гомдолтой байна ” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 194 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Д.Бат-Очирт мод үржүүлгийн зориулалтаар Бойны тохойд 29330 мкв тайлбайтай газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон бөгөөд Д.Бат-Очир нь дээрх эзэмшил газартаа чацарганы мод тарьж, ургуулдаг болох нь хэрэгт авагдсан Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0306528 тоот гэрчилгээ, зохигчдын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Бат-Очир нь “...2013 оны 06-07 дугаар сард О.Жаргалсайхан нь миний усалгаа хийдэг Нарийн салаа, Орхон гол хоёрын уулзвар дээр монгол гэр барьж  4-5 хүний хамт 71-73 УНХ ховоо машинаар их хэмжээний хайрга олборлон ашигласнаас болж Орхон гол гольдирлоо өөрчлөн салаа нарийн гол руугаа хүчтэй урсан орж ирсэн тул миний чацаргана жимсний мод тариалж байсан 12-15 м өндөр цагаан шороон эргийг доогуур нь ус хүчтэй урсаж эхэлсэн учир эрэг нурж миний тарьж ургуулсан 6-7 жилийн хөдөлмөр 438 ширхэг жимсний мод урсан үгүй болсон. Надад 10,520,000 төгрөгний бодит хохирол учирсан.  Иймд О.Жаргалсайханаас 10,520,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

Хариуцагч О.Жаргалсайхан нь “...2013 оны 6 сарын сүүлчээр Виду ХХК –ний захирал Болд надтай уулзаад Бойны тохой орчмоос 5 сард хуулийн дагуу хайрга олдворлосон. Уг газрыг тэгшлээд хонхор газрыг дараад өгөөч гэж гуйсан юм. Би 3 сая төгрөгөөр тохирч уг ажлыг 4 хоног хийж гүйцэтгээд Болдод хүлээлгэж өгсөн... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Д.Батсуурийн эзэмшил газрынх нь ойролцоо буюу Бойны тохой гэх  газраас их хэмжээний хайрга олборлосны улмаас Орхон голын гольдирол өөрчлөгдөн эрэг нь нурж, Д.Батсуурийн тарьж ургуулсан чацарганы 400 ширхэг бут үеэрт урсаж хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 13/04-335 дугаартай дүгнэлт /хх-17-18/, Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-23/, гэрч Ф.Серикболын мэдүүлэг /хх-47/, гэрч Д.Соёлбаатарын мэдүүлэг /хх-46/, гэрч Д.Батбаярын мэдүүлэг /хх-48/ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

            Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Д.Батсууриас “...зөвшөөрөлгүй газраас хайрга их хэмжээгээр олборлосны улмаас Орхон голын гольдирол өөрчлөгдөн эрэг нь нурж иргэний тарьж ургуулсан чацарганы 400 ширхэг бут үеэрт урсаж хохирол учирсан тул уг асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр хандаж” гаргасан бөгөөд уг өргөдлийг хүлээн авч, үзэж танилцаад Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 13-04-335 дугаартай дүгнэлт гарчээ.

            Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 13-04-335 дугаартай дүгнэлтэд “...Сүхбаатар сумын Ц.Болдбаатар эзэнтэй “Виду” ХХК ямар ч зөвшөөрөлгүй, Дархан-Уул аймгийн Жамбал эзэнтэй “Жанр” ХХК зөвшөөрөлгүй газраас хайрга их хэмжээгээр олборлосны улмаас голын гольдирол өөрчлөгдөн, усны түвшин олон жилийн дунджаас давж үеэрлэн, эрэг нурж иргэн ААН, байгууллагад хохирол учруулж эхэлсэн нь маргаан гарах үндсэн шалтгаан болсон байна.

            Ийм учраас Монгол Улсын Усны тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, тогтоомж тус сумаас томилогдсон комисс болон иргэн Д.Батсуурийн бүрдүүлсэн холбогдох бусад баримт материалыг үзэж танилцсаны үндсэн дээр дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:

            1. Сүхбаатар сумын Ц.Болдбаатар эзэнтэй “Виду” ХХК нь ердийн ашигт малтмал голын хайрга олборлохдоо заагдаагүй цэгээс зөвшөөрөлгүй хайрга олборлосон нь Газрын хэвлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн байна.

            2. Мөн Дархан-Уул аймгийн Жамбал эзэнтэй “Жанр” ХХК нь усан бассейн барих хайрга нэмж олборлосон нь Газрын хэвлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг зөрчсөн.

            3. Орхон голын усны түвшин 8 дугаар сарын 12 аас эхлэн олон жилийн дунджаас, 8 дугаар сарын 31-ээс 9 дүгээр сарын 10 хүртэл үерийн түвшингээс давж үеэрлэсэн.

            4. Шаамар сумын Засаг дарга, Газрын даамал гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэхдээ Монгол Улсын Усны тухай хуулийн 22.2, 22.1, 22.4 дэх заалтуудыг тус тус зөрчин “Онцгой хамгаалалтын бүсэд газар хагалах, газар тариалан эрхлэх, байгалийн ургамалыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, ...ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг газар эзэмшигч иргэн, ААН зөрчих үндэслэл боломж олгосон нь дээрх маргаан, гомдол, хохирол гарах үндэслэл болсон байна.

            5. Иргэн Д.Батсуурь гомдол гаргасан нь дээрхи хувийн компаниуд голын урсгалын дээд талаас зохих зөвшөөрөлгүй их хэмжээний хайрга олборлосны дээр Орхон голын усны түвшин олон жилийн дундаж болон үерийн түвшингээсээ давж үеэрлэсэн, Шаамар сум газар эзэмших зөвшөөрөл олгохдоо Онцгой хамгаалалтын бүсийг тооцолгүй олгосон зэргээс үүдэлтэй иргэн, ААН-д хохирол учруулж эхэлсэн байх тул хуулийн хариуцлага тооцон иргэнийг хохиролгүй болгох нь зүйтэй” /хх-17-18/ гэжээ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Батсуурь нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй болно.

            Хариуцагч О.Жаргалсайханы  “..2013 оны 6 сарын сүүлчээр Виду ХХК –ний захирал Болд надтай уулзаад Бойны тохой орчмоос 5 сард хуулийн дагуу хайрга олдворлосон. Уг газрыг тэгшлээд хонхор газрыг дараад өгөөч гэж гуйсан юм. Би 3 сая төгрөгөөр тохирч уг ажлыг 4 хоног хийж гүйцэтгээд Болдод хүлээлгэж өгсөн...” гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан гэрч Ц.Болдын “...Бойны тохой гэдэг газраас манай Видү ХХК нь 7 давхар барилга барих гээд Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авч хайрга авсан байсан юм. Уг газрыг тэгшлүүлэхээр би О.Жаргалсайханд 3000,000 төгрөг өгч тэгшлүүлсэн юм. Гэтэл дараа нь маргаан гарч тэр газар Шаамар сумын нутаг дэвсгэрт хамаарагддаг гэхээр нь Шаамар сумын байгаль орчны улсын байцаагч н.Пэрэнлэй гэдэг хүнд зураг хөргийг нь авахуулаад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Д.Батсуурийн “...Видү ХХК нь голоос их хэмжээний хайрга олборлож байсан...” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Гэрч Д.Соёлбаатар, Ф.Серикбол, Д.Батбаяр нар нь ...О.Жаргалсайхан нь Бойны тохой, Орхон голын салаа Ламын санааны эрэг дотроос их хэмжээний хайрга олборлож байсан ...гэсэн мэдүүлэгийг өгсөн боловч хэрэгт авагдсан бусад баримтаар зөвхөн О.Жаргалсайхан нь  дээрх газраас хайрга их хэмжээгээр олборлосны улмаас голын гольдирол өөрчлөгдөн, эрэг нуран унаж, Д.Батсуурьд 10,520,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч О.Жаргалсайханы буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Д.Батсуурьд нийт 10,520,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь хэрэгт авагдсан  Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 13-04-335 дугаартай дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

            Иймд нэхэмжлэгч Д.Батсуурийн гаргасан хариуцагч О.Жаргалсайханаас 10,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Батсуурийн “хариуцагч О.Жаргалсайханаас 10,520,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,270 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 З.ТУНГАЛАГМАА

 

 

                                          ШҮҮГЧИД                                                 Ч.БАТЧИМЭГ

 

 

                                                                                          Д.АЛТАНТУЯА