Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01051

 

Ж.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 693 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00012 дугаар магадлалтай,

Ж.Б-ы нэхэмжлэлтэй

Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  сургуульд холбогдох,  

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.920.900 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлд 312.300 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, илүү олгосон 492.996 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Б-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  сургуульд иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Ажил олгогч 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр "Ажилд томилох тухай" 74 тоот тушаалаар намайг тус сургуульд англи хэлний цагийн түр багшаар томилсон. Ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хүссэн боловч татгалзсан хариу өгсөн. Иймд багш Ж.Б- миний 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 8 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 2.920.900 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл 312.300 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож  өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Ж.Б-ыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 74 тоот тушаалаар мэргэжлийн дагуу англи хэлний цагийн түр багшаар ажилд томилсон. Ж.Б- нь шүүхийн шийдвэрийн дагуу иргэний боловсролын хичээл заах ёстой гэж аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хандсанаар 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн захирлын 81 тоот тушаалаар иргэний боловсролын багшаар томилсон ба одоо ажиллаж байгаа. Иргэн Ж.Б-ыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 109 тоот тушаалаар түүх, нийгмийн багшаар түр хугацаагаар томилсон. Учир нь дунд ангийн 7, 8 дугаар ангид иргэний боловсролын хичээл нь 9 цагтай. Улмаар Ж.Б-ыг мэргэжлийн бус багш гэсэн өргөдөл гомдол удаа дараа ирснээр хувийн хэрэг материалуудыг шалгаж үзэхэд мэргэжил нь англи хэлний багш-нийгмийн ажилтан байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн захирлын 02 тоот тушаалаар чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрээ эргэж ажилдаа орсон. Ж.Б-ы ажиллаагүй хугацааны сар бүрийн цагийн тооцоо, цалин хөлсийг тооцоолуулахад 2017 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны гарт олгох цалин хөлс 442.260 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл 64.325 төгрөг гарсан байгаа. Харин Ж.Б-ы ээлжийн амралтын хувьд Монгол улсын Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дугаар заалтад заасанчлан, сургуулийн багш нарын СХЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны хурлаар хэлэлцэж баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.8 заалтыг үндэслэн цагийн багшаар түр ажилласан багш Ж.Б-д амралтын мөнгө олгогдохгүй. Хөдөлмөрийн гэрээний ажил амралтын горимд амралт эдлэх хугацаа амралтын мөнгөний хэмжээг тусгаагүй. Энэ нь амралтын мөнгийг нэхэхгүй, олгогдохгүй гэсэн санааг агуулж байна. Түүнээс гадна Ж.Б-ы 2017 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны гарт нь олговол зохих 442.260 төгрөгөөс Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас тогтоосон актыг үндэслэн байгууллагад учруулсан хохирлыг суутган авна. Иймд Ж.Б-ы нэхэмжлэлд дурдсан мөнгийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй, хэсэгчлэн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 64.325 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Ж.Б-д 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад илүү олгосон цалин хөлсийг суутгаж авахаа илэрхийлсэн. Тэрхүү илүү олгосон цалин хөлсийг Ж.Б-ы нэхэмжилж буй үнийн дүнгээс заавал хасуулахын тулд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Ж.Б- нь 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад үндэслэлгүйгээр илүү цалин хөлс авч байсан нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр актаар тогтоогдсон. Хэрэв сөрөг нэхэмжлэл гаргахгүй юм бол Ж.Б-ы ажилгүй хугацааны цалин хөлсийг тооцохдоо дээрх үндэслэлгүйгээр илүү олгогдсон цалин хөлсний дунджаар тооцогдож болзошгүй байна. Мөн түүний нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны олговроос байгууллагад учруулсан хохирлыг заавал хасаж тооцохгүй бол төрийн байгууллага хохирч үлдэх эрсдэлтэй байна. Ж.Б- нь 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад илүү авсан цалин хөлс нь түүний нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй салшгүй холбоотой байх тул илүү олгосон 492.996 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б-ы сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...миний бие хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 492.996 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэхүү 492.996 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасуулхад татгалзах зүйлгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 693 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ы ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.427.904 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан олгож, ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэлд 312.300 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7**-р  зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  бүрэн дунд сургуулийн 492.996  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ж.Б- хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  бүрэн дунд сургуулийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.850 төгрөгөөс 61.684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 5166 төгрөгийг төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  бүрэн дунд сургуулийн санхүүгээс 61.684 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00012 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  бүрэн дунд сургуулийн санхүүгээс ажилтан Ж.Б-ы 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2.920.900 төгрөг гаргуулж, Ж.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  бүрэн дунд сургуулийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос Ж.Б-ы 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 321.299 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлж, энэ тухай ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэгч Ж.Б-аас 492.996 төгрөг гаргуулан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  бүрэн дунд сургуульд олгож, хэргээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, 4 дэх заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.850 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  бүрэн дунд сургуулийн санхүүгээс 66.850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  бүрэн дунд сургуулийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох барммтуудыг үнэлэхдээ тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр нэг талын ашиг сонирхлын үүднээс үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хуулийн ямар ч заалтыг баримтлахгүйгээр шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангасан явдлыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Ж.Б-ы нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ямар нэгэн заалтыг баримтлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэспэлгүй юм. Энэ бол цалин хөлстэй холбоотой маргаан боловч маргааны төрлийн хувьд Иргэний маргаан билээ. Нэгэнт бусдаас төлбөр, эд хөрөнгө гаргуулах гэж байгаа бол зөвхөн Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан бусдаас албадан гаргуулан шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүхээс зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэснээс болж хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн авч чадаагүй цалин хөлсний зөрүүг түүнд учирсан гэм хор гэж үзвэл, хариуцагчийн гэм буруугийн асуудлыг зайлшгүй тогтоох ёстой. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлах тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.3-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгох ёстой байсан. Нэгэнт анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулан дүгнэлт гаргуулаагүй учраас хариуцагчийг шууд гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэж байгаа явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал болсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Б-ы ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо түүний илүү авч байсан цалин хөлсөөр тооцоо гаргасан нь түүний шийдвэр бодит үнэнээс зөрсөн явдал болсон. Учир нь илүү цалин хөлс авч байсан гэдгээ зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн. Иймээс 9, 10, 11, 12 сард Ж.Б-ы авах ёстой бодит цалингаар нь түүний ажилгүй байсан цалин хөлсийг бодох ёстой боловч шүүгч илүү авсан цалин хөлсөөр тооцоо гаргасан нь бодит байдалд нийцээгүй. Салбарын холбогдох хууль, журмын дагуу цагийн багшаар ажиллаж байгаа ажилтанд ээлжийн амралтын олговрыг өгдөггүй. Гэтэл шүүх холбогдох журмыг харгалзахгүйгээр олговрыг гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагчийн зүгээс хуульд заасан эрхийн хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчийн хувьд тухайн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөосөн явдал хууль журмыг зөрчөөгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар давж заалдах гомдол гаргаагүй байхад шүүх хувийн ашиг сонирхлын үүднээс хэн ч маргаагүй сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа явдал нь хууль бус юм. Үүнийг шүүх яагаад хүчингүй болгож байгаагийн учир нь нэхэмжлэгч Ж Бауыржан нь Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбешийн төрсөн эгчийнх нь хүүхэд байсантай холбоотой юм. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой давж заалдах шатны шүүгч Д.Көбешийг татгалзан гаргасан ч гэсэн түүнтэй хамт ажилладаг бусад шүүгчдийг нь татгалзаж чадаагүй. Шүүгч Д.Көбеш нь хамт ажилладаг бусад шүүгчдэд нөлөөлсөн байж болзошгүй. Энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлалаас тодорхой харагдаж байгаа юм. Хэн ч маргаагүй сөрөг нэхэмжлэлийг баталсан хэсгийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож байгаа юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Б- нь Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  сургуульд холбогдуулан  ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.920.900 төгрөг гаргуулж,  уг цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлд 312.300 төгрөгийг тус аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг үүрэг болгох  нэхэмжлэл гаргасныг, хариуцагч “...нэхэмжлэгч  үндсэн багш бус цагийн багш тул сургуулийн тооцоолсны дагуу зарим шаардлагыг зөвшөөрнө...” гээд, сөрөг нэхэмжлэлээр 2016 оны 9-11 саруудад илүү олгогдсон 492.996 төгрөгийн цалин гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

1. Хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр, шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

Ж.Б- Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын **-р  сургуульд иргэний боловсролын багшаар ажиллаж байгаад ажлаас халагдсан ба түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 74 тоот тушаал гаргаж Ж.Б-ыг ажилд нь эгүүлэн авсан, нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ж.Б- ажлаас халагдснаас хойш ажилд эргэж орох хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.920.900 төгрөг шаардах эрхтэй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1-д заасантай нийцсэн байна.

Хуульд шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан бөгөөд шүүх дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох” журмын дагуу тооцжээ.

Нэхэмжлэгч Ж.Б- цагийн багшийн ажил эрхэлж байсан нь тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээнд нэг сарын цалинг 520.540 төгрөгөөр тогтоосон байна. Анхан шатны шүүх ажлаас буруу халагдсан үеийн олговорыг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дундажаас тооцсон нь хууль болон журмыг зөрчөөгүй байна. Өмнө нь “илүү олгогдсон цалин” гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь шүүхээс хууль, журмыг баримтлахгүй байх үндэслэлгүй тул цалинг буруу тооцсон гэх гомдлыг хангахгүй орхив.

Зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн гэрээний нэг төрөл боловч ажил олгогчийн санаачилгаар буруу халсан үеийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байна. Энэ төрлийн маргааныг шүүгч дангаар шийдвэрлэхийг хуульд тусгайлан заасан учир шүүх Иргэний хуулийг хэрэглээгүй, хэргийг шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй тухай гомдол үндэслэлгүй болно.

Хариуцагч гомдолдоо, “нэхэмжлэгч зөвшөөрсөн атал сөрөг нэхэмжлэлтэй хэргийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль бус явдал” гэжээ.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа бус, талуудын зарчмын хүрээнд хариуцагч мөнгө төлөхийг зөвшөөрснийг баталгаажуулах агуулгатайг дурдах нь зүйтэй.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тусад нь шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн 492.996 төгрөгийг үндсэн нэхэмжлэлээс хасч зааснаас гадна сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7**-р  зүйлийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус байна.

Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ гаргасан анхан шатны шүүхийн дээрх алдааг илрүүлж засч, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалтыг баримтлах шаардлагагүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Мөн тус шүүх сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д заасан агуулгаар дүгнэлт хийсэн атлаа тухайн хуулийг бус Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болоогүй байна. Учир нь сөрөг нэхэмжлэлийн талаар талууд маргаагүй тул шүүх эрх зүйн дүгнэлт хийж, материаллаг хууль хэрэглэх шаардлагагүй юм.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00012 дугаар магадлалын тогтоох хэсгийн  1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын **-р  сургуулиас 2.920.900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, уг цалин хөлст ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг  хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай” гэж, 2 дах заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7**-р  зүйлийн 74.1-д зааснаар” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ               

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ