Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01053

 

ХЦГ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00062 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 642 дугаар магадлалтай,

ХЦГ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

НШШГГ-т холбогдох,          

Үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч ХЦГ- ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 115-р байрны 5 дугаар давхрын баруун хэсэгт байрлах 210 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах, шинжээч томилж үнэлгээ хийх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг хийсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь анх манай компанийн өмч байсан боловч иргэн Д.Нямдаваагаас зээл авсантай холбоотойгоор тэрээр зээлийн барьцаа болгохдоо хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлж, барьцаалсан бөгөөд одоог хүртэл энэ хөрөнгө түүний нэр дээр бүртгэгдсэн байдаг. Тухайн үл хөдлөх хөрөнгийг манай нэр дээр бүртгүүлэхийг даалгасан шүүхийн шийдвэр гарсан боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удаашралтай явагдаж байгаа. Манай компанийн өмч болоогүй байгаа үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоолгох зэргээр албадан дуудлага худалдаанд оруулахаар хийгдэж буй хууль бус ажиллагаануудыг хүчингүй болгож хуулийн дагуу зохих ёсоор явуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн дээрх үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилон  359.955.912 төгрөг гэж зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А-ын шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр ХЦГ- ХХК-иас 329.295.450 төгрөг гаргуулж иргэн Г.Нямдаваад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, удаа дараа төлбөр төлөх мэдэгдлийг ХЦГ- ХХК-д өгсөн боловч төлбөр төлөгдөөгүй. Иймд төлбөр авагч Г.Нямдаваагийн хүсэлтээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 115 дугаар байрны 5 дугаар давхарт байрлах 210 м.кв үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу төлбөр төлөгч ХЦГ- ХХК-иас компанийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийг тогтоож, үнэлгээ өгсөн боловч үнэлгээнд санал өгөөгүй, үл хөдлөх хөрөнгийг нэр дээр шилжсэн тохиолдолд үнэлгээг өгнө гэсэн хариу өгсөн учраас шинжээч томилсон бөгөөд шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 389.955.912 төгрөгөөр үнэлсэн ба үнийн дүнгийн 70 хувь болох 272.969.138 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, талуудад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн. Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг ХЦГ- ХХК-ний нэр дээр шилжүүлэхээр шийдсэн. Г.Нямдаваа өмчлөгчөөр байгаа боловч эзэмших, ашиглах эрхгүй, өөрөө дуудлага худалдаанд оруулахыг хүссэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00062 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2205046686 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 115 дугаар байрны 5 дугаар давхрын баруун хойд хэсэгт байрлах 210 м.кв үл хөдлөх хөрөнгийг 389 955 912 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн ХЦГ- ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 642 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Б.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч шүүхэд хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг хүчингүй болгож, хуулийн дагуу явуулахаар шийдвэрлэх, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах 2 шаардлага гаргасан бөгөөд шүүх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу хэрэг үүсгэх, шүүгчийн захирамж гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг, түүний үндэслэлийг тодорхой тусгаагүй, өөрөөр хэлбэл эхний шаардлагыг нь орхигдуулан 2 дахь шаардлагад нь иргэний хэрэг үүсгэж, үүнээс хамаарч эхний шийдвэрлээгүй орхисон ба харин 2 дахь шаардлага нь эхний шаардлагатайгаа хамааралтай байхад түүнийг шууд шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Давж заалдах шатны шүүхэд энэ тухай гомдол гаргасан ч шийдвэрлээгүй орхисон нь хууль хэрэглээний алдаа гаргасан, хэргийг бүхэлд нь хянуулах тухай нэхэмжлэгчийн гомдол, давж заалдах шатны шүүх хуульд заасан эрхийн хүрээндээ хэргийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй, магадлал хууль хэрэглээний алдаатай, хуулийн үндэслэлгүй шийдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т “Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны байгууллагад гаргана” гэж заасан ба үүнээс үзвэл хууль тогтоогч хуулийн 44 дүгээр зүйл “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг батапгаажуулах арга хэмжээ” 55 дугаар зүйл “Хөрөнгө үнэлэх” 63 дугаар зүйл “Хөрөнгийг албадан худалдан борлуулах” гэсэн эдгээр зүйлүүдэд заасан асуудлаар шүүхэд гаргахаар гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээр хуульчилсан байна. Хуулийн энэ зүйл заалтын дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан гомдлын эхний шаардлагаараа шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.9-д заасан ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн байгааг шийдвэрлүүлэхээр шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, гомдлыг шийдвэрлэсэн тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан ба ерөнхий гүйцэтгэгчээс гомдлын хариу ирүүлснийг үндэслэн гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан. Ийнхүү гомдлын эхний шаардлагаа гаргасан байхад энэ шаардлага, үндэслэлд иргэний хэрэг үүсгээгүй. Энэ талаарх хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудыг үнэлээгүй, зөвхөн үнэлгээ /хуулийн 55 дугаар зүйл/-тэй холбоотой асуудлыг нь шийдэж, нөгөө шаардлагыг орхисон нь хуулийг буруу тайлбарлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаатай шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч хууль эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй оролцохоор шүүх хуралдаанд хүсэлтээ гаргасныг хангаагүй, хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, өөрөө гаргах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар бичгээр хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанаас 3 сарын өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь бүртгэлийн байгууллагаас авч байсан лавлагааг үндэслээд хүсэлтээс татгалзсан гэж шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Учир нь илт ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр авагчийн нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгө хууль бусаар шилжсэн ба уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, буцаан шилжүүлэхийг даалгасан шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэгждэггүй нь уг төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар, байгууллагатай хамтран хууль зөрчсөн гол асуудал нь уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан байхдаа бусдад шилжүүлсэн, худалдсан, барьцаалсан гэх зэргээр өөр үйлдэл хийгдсэн байж болох тул үүнийг лавлагаагаар тодруулах байтал тодруулаагүй нь тус тус нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргасан байхад шүүх энэ хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэргийг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүйгээр үнэлж дүгнээгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг зайлшгүй гаргуулахаар байхад гаргаагүй зэргээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд давж заалдах шатны шүүхэд энэ талаар гаргасан гомдлыг шүүх мөн шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг давхар ноцтой зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...бусдын нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, улмаар үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг шүүх шийдвэрлээгүй...” гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ХЦГ- ХХК нь НШШГГ-т холбогдуулж, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, үнэлгээ тогтоосон ажиллагаануудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан /хх-1-2-р тал/ байхад шүүх “үнэлгээг хүчингүй болгуулах” шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн, улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч анхны гаргасан нэхэмжлэлээ дэмжиж тайлбарласан атал шүүх гаргасан алдаагаа залруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Уг зөрчлийг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй, мөн энэ талаархи нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчжээ.

Шүүхээс гарч байгаа шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан байна.

Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх явдал юм. Нэхэмжлэл тодорхой бус байхад  эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00062 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 642 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР      

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ