Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01063

 

А.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00082 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаар магадлалтай,

А.А-гийн нэхэмжлэлтэй

А.З-д холбогдох,      

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-1-16 тоот орон сууцнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөр 5.040.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А-, хариуцагч А.З-, өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч А.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие эгч А.З-тай 2005 оноос хамт ажиллаж эхэлсэн бөгөөд тухай үед эгч хамтарч ажиллая гээд 3 сая төгрөг өгснийг үйлчилгээний байрыг тохижуулахад зарцуулсан. Би банкнаас зээл аваад хүүхэд төрүүлж амаржсан. Энэ хугацаанд бизнес маань түрхэн доголдож зээлээ төлж чадахгүй байсан тул хугацаа хэтрүүлсэн зээлтэй гэж аль ч банкнаас зээл авч чадахгүй болсон. Тэгээд эгч А.З-тай ярилцсаны дагуу түүний нэр дээр итгэмжлэл хийж 2016 оны 01 сард 10.000.000 төгрөгний зээл авч өөрөө сар бүрд нь төлж явсан. Зээлийн төлбөр болон бусад зардлаа төлөхөд хүндрэлтэй байсан тул хүнээс мөнгө зээлж эгчийн нэр дээр авсан зээлээ 2016 оны 12 сарын 02-ны өдөр хугацаанаас нь өмнө 7.598.000 төгрөг төлсөнөөр 2016 оны 01 сарын 16-ний өдөр хийсэн итгэмжлэл дуусгавар болсон. Би эгчдээ учир байдлаа хэлсээр байтал сүүлдээ 2 үсчинтэй маань хуйвалдан миний эсрэг янз бүрийн худал юм ярьж түрээслэгч нарын хооронд үл ойлголцол үүсгэн, чи надад 30 сая төгрөг өгчих тэгвэл би бүр мөсөн явлаа, аль эсвэл чи миний нэрийг ордер дээрээ бичүүлээд өгчих гэх мэтээр сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд дарамт үзүүлж байгаад их гомдолтой байна. Эгч Золзаяа нь 2 үсчингийн түрээс /нэг үсчингээс сард 210.000 төгрөг авдаг 2 үсчингийн түрээсийн төлбөр сард 210.000*2=420.000 төгрөг болдог. Иймд А.З-г үйлчилгээний газрын хүмүүсийн амар тайван ажиллах нөхцлийг алдагдуулж, үйлчилгээ явуулж ажил хийхэд хүндрэлтэй байгаа тул албадан гаргаж,  2016 оны 01-12 сарын 2 үсчингийн түрээсийн төлбөр 5.040.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.З-гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний төрсөн дүү А.А- нь 2003 оны 02 сард намайг бараадаж ирж амьдрахаар Улаанбаатар хотоос анх нөхөр 1 хүүхдийн хамт ирж байсан. А.А-гийн хадам ах н.Мэнбаяр нь тэдэнд гэр бүл болсон гэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1 байранд байр авч өгч анх өрх тусгаарлан гарч байсан. Ингээд дүү А.А- нь 5-8-р байранд гоо сайхны газар түрээслэн ажиллуулж байгаад 5-5-р байранд жижиг өрөө түрээслэн гоо сайхны үйлчилгээг эрхэлж байсан. Би Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5-1-16 байр зарах гэж байгаа зартай танилцаад 8.500.000 төгрөгөөр авахаар болж 3.500.000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл мөнгийг А.А- төлөхөөр зээл хөөцөлдөх болсон. А.А-гийн нэр дээр 5.000.000 төгрөгний зээл гарч, бид хоёр өөрийн гэсэн өмчлөлийн байртай болсон. Ингээд би ажлаасаа гарч үсчний дамжаанд сууж, үсчний мэргэжилтэй болж өөрийн байрандаа үсчингүүдийг түрээсээр ажиллуулж эхэлсэн. Бид ийнхүү хамтарсан өмч хөрөнгөө нийлүүлсэн өөрийн өмчийн байртай болж түүнийгээ ажлын байр болгосон. Ингээд өөрийн мөнгөөр авсан байраа оруулсан мөнгөний хэмжээгээр тооцож 59%, 41%-иар байрны талбайг хуваарилан эзэмшиж эхэлсэн. Би өөрийн 41 % буюу өмчийн хувь хэмжээндээ тохируулан нэг жижиг өрөө болон гал тогооны өрөөг эзэмших болж дүү А.А- том өрөө болон унтлагын өрөөг эзэмшиж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тус тусдаа явуулж ирсэн. Миний бие өөрийн өмчийн байрандаа өөрийн бизнесийг эрхэлсээр өнөөдрийг хүрч байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.З-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Өөрийн мөнгөөр авсан байраа оруулсан мөнгөний хэмжээгээр тооцож 59%, 41%-иар байрны талбайг 2004 оны оноос хуваарилан эзэмшиж эхэлсэн. Би өөрийн 41 % буюу өмчийн хувь хэмжээндээ эзэмшиж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тус тусдаа явуулж ирсэн. Би хамтарсан бизнес эрхэлж байгаагүй. Иймд намайг Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5-1-16 тоот байрны 41%-д хамтран өмчлөгчөөр тогтоож өнгө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.А-гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Миний бие 2-3 жил түрээсийн байранд ажиллаж байгаад маргаан бүхий 3 өрөө байрыг өөрийн ажиллаж цуглуулсан мөнгө болон банкны зээлээр худалдаж авсан. 2005 онд орон сууж худалдаж авах 5 сая төгрөгийн зээл авч 2008 онд зээл, зээлийн хүүгийн хамт төлж дуусгасан. Хэрвээ анхнаасаа байр худалдаж авахад эгч, түүний нөхөр 3.0 сая төгрөг оруулсан бол байрны эзэмшигчээр ганц миний нэрийг тогтоолгохгүй байсан. Эгч нөхрөөсөө 3.000.000 төгрөг авч гоо сайхны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгдэх материалууд худалдаж авч үйлчилгээ хийх болсон. Би 2006 онд эгчдээ Ив роше францын гоо сайхны бүтээгдэхүүний гэрээт борлуулагчийн эрхээ өгч одоог хүртэл энэ бүтээгдэхүүнийг зардаг гэрээт борлуулагч болсон. Мөн 1 үсчингийнхээ түрээсийг өгч эхэлсэн. Ингээд 2008 онд орон сууцны зээлээ төлж дуусгаад 3 өрөө байраа орцоороо ордог байсныг болиулж төв талаасаа нь ордог урагш сунгаж өргөтгөл хийн дахин 2 үсчингийн ажлын байр болгосон. Тухайн үед өргөтгөлөө хийхэд би эгчээсээ огт мөнгө төгрөг аваагүй орон сууцны зээлээ төлж дууссан учир дахин банкны зээл авч өргөтгөлөө хийсэн. Ингээд 4 үсчинтэй болж 2 үсчингийн түрээсийг эгчдээ өгч эхэлсэн. Өөрийн бүх сурсан эрдэмээ эгчдээ зааж сургаж хамтран ажиллахдаа эгч маань худалдаа үйлчилгээ түрээсийн ашгаа 100% авч 3.000.000 төгрөгөө 11 жилийн хугацаанд 80-90 сая болгон хэдэн зуу дахин өсгөж ажилсан. Хэрэв эгчийн хэлснээр 41, 59 хувиар эзэмшиж байсан бол тэр хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн албан татвар мөн худалдаа үйлчилгээ түрээсийн хувь хүний албан татвар байр, ус, дулаан, цахилгааны мөнгийг тэнцүү хувааж төлдөг байх ёстой. Гэтэл би цахилгааны мөнгө зэргийг үсчингүүдтэй хуваалцуулан мөнгөө тооцож авдаг байсан. А.З- нь хамтран өмчлөгч биш хамтран ажиллаж ашгаа авсан нь үнэн болно. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00082 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-гийн хариуцагч А.З-д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 5.040.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байрнаас албадан гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг дурьдаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан хариуцагч А.З-гийн нэхэмжлэгч А.А-д холбогдуулан гаргасан 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.800 төгрөг, хариуцагч А.З-гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.З-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч А.З-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А.З- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан миний хамтран өмгөлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо намайг улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хүсэлт гаргах ёстой гэж буруутгасан. Хэрвээ улсын бүртгэлд хандсан байсан бол өмчлөх эрхтэй болохыг шийдвэрлэх боломжтой байсан мэт ойлголтыг өгч байгаа бөгөөд хандаагүй учраас хамтран өмчлөгч болох үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа анхан шатны шүүхийн дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т дундын өмчийн эрх зүйн зохицуулалтыг заасан байх ба А.А- бид нарын хооронд хэлцэл байсан эсэх, тухайн орон сууцыг хамтран өмчлөх эрх, түүнийг бүртгүүлэх талаар харилцан тохиролцсон хэлцэл байсан эсэхийг анхаарч үзээгүй. Бидний хооронд тухайн орон сууцыг хамтран өмчлөгч хэн болох талаар тухайн орон сууцанд оруулсан хувь хэмжээгээр ногдох хэсгээ тодорхойлж, түүнд дүйцүүлэн орон сууцны өрөөнүүдийг хуваан авч эзэмшиж байсан хэлцэл бодит байсныг нотолсон баримтыг хэрэгт өгсөн. Энэхүү баримт нь талуудын хооронд хамтран өмчлөх хэлцэл байсан, орон сууцыг худалдан авахад хэнээс ямар хэмжээний мөнгө оруулсан, улсын бүртгэлд бүртгүүлэх асуудалд учирч байсан саадыг арилгахаар буюу зээлийн барьцаа дуусгавар болоход бүртгүүлнэ гэж талууд тохиролцсон зэрэг нь уг нотлох баримтаас харагддаг. Тухайн баримтыг үгүйсгэсэн няцаасан баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй ба миний гаргаж өгсөн тухайн баримт үнэн зөв болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Гэтал уг баримтыг үндэслэн орон сууцыг хамтран өмчлөгч гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн ба энэхүү үндэслэлээ тайлбарлаагүй. Анхан шатны шүүх нь орон сууцны урьдчилгаанд миний өгсөн 3.500.000 төгрөгний асуудалд дүгнэлт хийхдээ А.А-д А.З- нь хураамж төлсөн гэх дүгнэлтийг хийсэн. 3.000.000 төгрөг хураамж болох талаар талууд мэтгэлцэж, маргаан үүсгээгүй ба А.А- нь А.З-гаас 3.000.000 төгрөгийг өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулж авсан, түүнийг нь 60-70 сая болгон өөрт нь ашиг олоход тусалсан гэж мэтгэлцдэг ба орон сууцыг 8.500.000 төгрөгөөр авахдаа урьдчилгаа болгон төлсөн 3.500.000 төгрөгийг А.А- өөрийн орлогоор төлсөн гэж мэтгэлцдэг ба тухайн үед 3.500.000 төгрөг өөрт нь байсан, түүнийгээ орон сууцны урьчилгаа.д төлсөн гэх тайлбараа нотлоогүй. Миний тайлбарыг няцаасан баримт гараж өгөөгүй. А.А-гийн энэхүү тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу нотлох баримт болох эсэх, тухайн тайлбарыг ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 заалтыг шүүх анхаарч үзээгүй. Тухайн маргаан бүхий орон сууцны урьдчилгаа 3.500.000 төгрөгийг би орон сууц худалдсан Батболдод өгсөн тухай тайлбарыг А.А- няцаагаагүй, миний нөхөр Т.Баттогтох Солонгос улсаас уг мөнгийг явуулсан тухай гэрчийн мэдүүлгийг А.А- үгүйсгээгүй. Анхан шатны шүүх нь нөхөр Т.Баттогтохын гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй бөгөөд тухайн баримтыг үнэлээгүй үндэслэлээ дурдаагүй. Уг гэрчийн мэдүүлэг нотлох баримт эсэхэд дүгнэлт хийгээгүй асуудлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй шийдвэрийг хэвээр үлдээснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан болоэ давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А.А-, А.З-д холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг баг, 5-1-16 тоот орон сууцнаас албадан гаргуулж, хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг  5.040.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулж дээрхи орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан, зохигч хэн аль нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагчийг байрнаас гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.

Зохигч 2006 оноос эхлэн хамтарч үсчин, гоо сайхны газар ажиллуулж байсан нь тогтоогдсон тул тэдний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Зохигч ажлын байраа 4 үсчинд түрээслүүлэх, гоо сайхны үйлчилгээ, гоо сайхны бараа худалдах зэрэг үйл ажиллагаа явуулахдаа 4 үсчний түрээсийн төлбөрийг 2, 2-р нь тус тусдаа авч байсан нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. Мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахыг заасан тул А.З-гийн 2 үсчнээс 2016 оны 01 дүгээр сараас 12 сар хүртэл авсан түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч А.А- нэхэмжлэх эрхгүй гэж 5.040.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин тус шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг оновчтой зөв тодорхойлоогүй алдааг, давж заалдах шатны шүүх засаагүй нь учир дутагдалтай байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд  өөрчлөлт оруулав.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Шүүх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх Иргэнйи хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон нь үндэслэлтэй болоогүй байна.

Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заажээ.

Зохигч хамтын үйл ажиллагаа явуулах ажлын байр бий болгох зорилгоор 3 өрөө орон сууцыг 2006 онд худалдан авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн боловч хариуцагч А.З-г шаардлага гаргах хугацаа өнгөрүүлсэн гэх агуулгатай дүгнэлт хийсэн байна.

Орон сууцыг худалдан авахад А.З- урьдчилгаа 3.500.000 төгрөгийг банкинд байршуулж, үлдэгдэл 5.000.000 төгрөгийн төлбөрийг А.А- банкнаас зээл авч төлснийг хэрэгт авагдсан батламж, протокол зэргээр тогтоогдсон байна.

Энэ баримтад А.А- гарын үсэг зурсанд маргаагүй, уг баримтын агуулгад “байрны 5.000.000 төгрөг буюу 59 хувийг А.А-, 3.500.000 төгрөг буюу 41 хувийг А.З- эзэмшихээр батламж үйлдсэн” үүнийг 2014 оны протоколоор дахин баталгаажуулсан байх тул эдгээр баримтад бичигдсэн хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Орон сууцны өмчлөх эрх А.А-гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн ба А.З- өмнө дурдсан баримтуудыг үндэслэл болгож А.А-д холбогдуулж орон сууцны хамтран өмчлөгчөөр шаардлага гаргахад Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-дэх зохицуулалт хамааралгүй байна.

Хариуцагч хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг 2006 оноос хойш гаргаагүй боловч талууд 2014 оны 01 дүгээр сарын протоколоор улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр тохиролцож баталгаа гаргасан байх тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

Иймд хариуцагчийн гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаар магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00082 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д...” гэсний дараа “478 дугаар зүйлийн 478.8-д” гэж нэмж, 2 дах заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг баг, 5-1-16 тоот орон сууцын 41 хувийг А.З- хэсгээр хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, 3 дах заалтад “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ