Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д, 

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б.Б-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, ... настай, тусгай дунд боловсролтой, барилгын бетон аратурын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй З овгийн Б.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Авто замын шалган Нэвтрүүлэх түр боомтоор ... улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлээр 25 килограммын савалгаатай 60 ширхэг шуудай бүхий Байгаль орчин, аялал жуулчлалийн сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтын 158 дугаарт бүртгэгдсэн “Sodium Hydroxide” гэх химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би машинаа унаад БНХАУ-н Эрээн хотын чөлөөт бүсээс бараа ачих гээд гарсан тухайн үед 16 цаг өнгөрч байхад Эрээний чөлөөт бүс дээр очоод тухайн газраас ачаа ачих гээд хайгаад байж байтал миний таньдаг өвөр монгол хүн ирээд чи ачаа ачихгүй юм уу гэж асуухаар нь та ямар ачаатай байгаа юм бэ гэж тэр хятад хүнээс асуусан чинь надаа жаахан ачаа байна гэхээр нь таны ачааг очиж харья гэсэн чинь чи очоод хар гэхээр нь очиж харсан уг ачаа нь гадуураа ногоон өнгийн шуудайтай зүйл байхаар нь энэ чинь юу юм бэ гэж асуухад наадах чинь барилгын цавуу гэж хэлсэн би тухайн ачааг хараад шуудайтай зүйл би ачихгүй наад бараа чинь би урд нь ачиж байгаагүй юм байна гэсэн чинь зүгээрээ хориотой зүйл бишээ гэж хэлсэн яалаа гэж чамд хориотой зүйл ачуулдгийн гэхээр нь би итгээд уг барааг машиндаа ачаад гарсан юм. Тэгээд Монголын хил дээр ирээд би ер нь яг ямар бараа аччихсан юм бол гэж бодоод барааны булангаас цоолоод харсан чинь нунтаг цагаан зүйл байхаар нь энэ яг болохгүй юм ачсан байна гэж бодоод яаж шалгуулахаа мэдэхгүй, яах учраа олохгүй хэсэг байж байгаад хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид өөр машин шалгуулж гараад гаалийн хяналтын хашаанд дотор машинаа үлдээгээд Хилийн цэргийн гурвын хаалтан дээр явж байтал цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч Анхбаяр байна чи хаана байна чиний машинд хориотой эд зүйл ачигдсан байна гэж утсаар холбогдсон тэгэхээр нь А байцаагчтай уулзаад ирээд машин дээрээ очиж шалгуулсан... Хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 101-102/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Энэ машинаа 2019 оны 05 сард Б.Б гэх Замын-Үүдийн зүс таних залууд 4,500,000 төгрөгөөр зарахаар тохирч 3,000,000 төгрөгийг өөрийн Х банкны ... дугаарын дансаар цувуулж авсан, одоо 1,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Өнөөдрийг хүртэл надад үлдэгдэл мөнгөө Б.Б нь өгөөгүй байгаа учир туxайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр нь шилжээгүй яваад байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- Шинжээч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Байгаль орчны сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтанд 158 дугаарт /Sodium hydroxide/ гэх бодис нь орсон байх тул химийн хорт болон аюулт бодисын ангилалд хамааруулж үзэх бөгөөд Байгал орчин аялал жуулчлалын яамнаас улсын хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоосон буюу зөвшөөрөлтэй нэвтрүүлэх барааны жагсалтанд хамаарна ... миний хийсэн уг шинжилгээний дээж нь Натрийн гидроксид гэх химийн бодис байсан. Уг бодис нь химийн хорт аюулт бодисын ангилалд ордог юм. Тухайн шинжилгээний дээж авахдаа нийт-1,500 кг буюу 25 кг-ийн савалгаатай 60 шуудай химийн бодисноос дээж авсан юм ... уг химийн бодисыг чанар байдлын хувьд ашиглах боломжгүй гэж үзэж байна. Шинж чанарын хувьд чийгийг өөртөө татдаг, устай амархан урвалд ордог, шууд нойтон гараар болон гараар хүрч болохгүй. Хэрэв хүрсэн тохиолдолд гарын арьсыг түлнэ. Найрлагын хувьд энэ бодис нь NAON буюу Натрийн гидроксид өөрөө юм ... арьсыг түлх шинж чанартай, үйлдвэрийн зориулалтаар хэрэглэдэг ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-26/,

- Замын-Үүд дэх гаалийн газрын салбар итгэмжлэгдсэн лабораторын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0004658 дугаартай сорилын дүнгээр: Шинжилгээний дүнгээс үзэхэд тус дээж нь БТКУС-ийн кодын 2815.11.00-д хамаарах натрийн гидроксид /Sodium hydroxide/ гэх химийн бодис байна. Дээрх бодис нь “химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон байна. Тухайн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд БОАЖЯамнаас химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэсэн дүгнэлт /хх-ийн 34-36/,

- “А” ХХК-ийн натрийн гидроксид бодсыг 25 кг-ын 1 шуудай нь 25,000 төгрөг гэсэн үнэлгээ /хх-ийн 37-39/,

- “А” ХХК-ийн ... улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг 3,500,000  төгрөг гэсэн үнэлгээ /хх-ийн 45-47/,

-  Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/, зээлийн дансны хуулга болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-н гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь ... улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлээр 25 килограммын савалгаатай 60 ширхэг шуудайтай “Sodium Hydroxide” гэх химийн хорт болон аюултай бодисыг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тээвэрлэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлсэн нь илэрсэн үйл баримт болсон байна.

“Sodium Hydroxide” буюу натрийн гидроксид нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтанд орсон байх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3-т зааснаар Байгаль орчны чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж нь химийн хорт болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх эрхтэй байна. Мөн Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэврүүлэхийг хориглоно гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр 25 кг бүхий 60 шуудай “Sodium Hydroxide” буюу натрийн гидроксидыг улсын хилээр нэвтрүүлсэн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Б-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэн улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэгт гэм буруутайд болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шинжээч Б.Г “... Байгаль орчны сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтанд 158 дугаарт /Sodium hydroxide/ гэх бодис нь орсон байх тул химийн хорт болон аюулт бодисын ангилалд хамааруулж үзэх бөгөөд Байгал орчин аялал жуулчлалын яамнаас улсын хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоосон буюу зөвшөөрөлтэй нэвтрүүлэх барааны жагсалтанд хамаарна ... миний хийсэн уг шинжилгээний дээж нь Натрийн гидроксид гэх химийн бодис байсан. Уг бодис нь химийн хорт аюулт бодисын ангилалд ордог юм. Тухайн шинжилгээний дээж авахдаа нийт-1,500 кг буюу 25 кг-ийн савалгаатай 60 шуудай химийн бодисноос дээж авсан юм... Шинж чанарын хувьд чийгийг өөртөө татдаг, устай амархан урвалд ордог, шууд нойтон гараар болон гараар хүрч болохгүй. Хэрэв хүрсэн тохиолдолд гарын арьсыг түлнэ. Найрлагын хувьд энэ бодис нь NAON буюу Натрийн гидроксид өөрөө юм ...” гэсэн мэдүүлэг, Замын-Үүд дэх гаалийн газрын салбар итгэмжлэгдсэн лабораторын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0004658 дугаартай сорилын дүнгээр “... БТКУС-ийн кодын 2815.11.00-д хамаарах натрийн гидроксид /Sodium hydroxide/ гэх химийн бодис…” гэсэн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь ... улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх ба уг тээврийн хэрэгслийг иргэн Б.Б-с 4,500,000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар ... улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан 25 кг бүхий 60 шуудай натрийн гидроксид /Sodium hydroxide/ нь шинжээч Б.Г-н мэдүүлгээр “ ... уг химийн бодисыг чанар байдлын хувьд ашиглах боломжгүй...” гэсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагаар устгуулахаар Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч З овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2019 оны 12 сарын 05-ны 246, А/80 дугаартай захирамж, тушаалын нэгдүгээр хавсралтын 11.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд  хадгалагдаж байгаа нэг бүр нь 25 кг савлагаатай 60 ширхэг шуудай натрийн гидроксид /Sodium hydroxide/-ыг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагаар устгуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.Н