| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 186/2017/0320/э |
| Дугаар | 752 |
| Огноо | 2017-10-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | д.Энх-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 752
П.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Энх-Оргил,
ялтан П.Г-ийн өмгөөлөгч П.Батбүрэн,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Г, түүний өмгөөлөгч П.Батбүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Г-т холбогдох 201725030896 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
П.Г, 1973 оны 7 дугаар сарын 8-нд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт
1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 94 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар,
2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 219 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
4. Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар,
5. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
6. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2,808,000 төгрөгөөр торгох ялаар,
7. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
8. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1321 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар,
9. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД: ХВ73070804/;
П.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Peace mall” худалдааны төвийн 5 дугаар давхарт үйлчлүүлж байсан иргэн Б.З-ийн гар утас, 95,000 төгрөг, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкны төлбөрийн карт, номин бонус, номадсын хөнгөлөлтийн картууд, иргэний үнэмлэх, Америкийн нэгдсэн улсын 8 ам доллартай түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 822,038 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: П.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, П.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Г-ийн энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн бага насны хүүхдүүд болох 5 настай Г.Т, 8 настай Г.А, 13 настай Г.Т, 14 настай Б.А нарын асрамжийн асуудлыг Баянгол дүүргийн Засаг дарга асрамжийн асуудлыг шийдэх хүртэл аав Б.О-ын асрамжид хариуцуулахаар шийдвэрлэжээ.
Ялтан П.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч, ойлгож байна. Баянгол дүүргийн 10 дугаар хороонд бага насны 5-14 настай 4 хүүхдийн хамт нийтийн байр түрээслэн амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдүүдээ тэжээхийн тулд ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. 2017 оны 7 дугаар сарын 13-нд нийтийн байранд амьдардаг, хажуу айлын Ө 23 настай эрхэлсэн тодорхой ажилгүй, залуу, 14 нас хүрээгүй охин Ариунзаяаг хүч хэрэглэн хүчирхийлсэн. Миний охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Тухайн хэрэг гарах үед Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэст мөрдөн шалгагдаж байсан. Одоо хуулийн ямар шатанд явж байгаа мэдэхгүй байна. Миний бие бага насны дөрвөн хүүхдийн асран хамгаалагч юм. Миний охин А хүчирхийлэлд өртсөнөөс болж, сэтгэлийн хүнд гутралд орж, сэтгэл зүйн цочролоосоо болж амиа хорлох вий гэж их санаа зовж байна. Миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Ялтан П.Г-ийн өмгөөлөгч П.Батбүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчлийг арилгуулах, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх зорилгоор энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийг 4 дэх хэсэгт зааснаар П.Гт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх заалт нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр зохицуулсан заалт бөгөөд П.Г-ийн хувьд хорих ялыг биечлэн эдэлж байхдаа хугацаанаас өмнө суллагдсан асуудал огт үгүй бөгөөд шүүхээс хорих ялыг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэргийг үйлдсэн этгээд юм. Гэтэл шүүх хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан ялтантай адилтгаж уг заалтыг хэрэглэснийг шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
2. Шүүх П.Г-т ял шийтгэл оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт нь мөн хуулийн тусгай ангийн 17.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 3 cap 14 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 9 cap 14 хоногийн хугацаагаар тогтоосон.
Хэдийгээр анхан шатны шүүх П.Г-т ял оногдуулахдаа оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглээд байгаа боловч /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ нь 2 жил байсан нь 6 cap болж хөнгөрсөн/ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дэх заалт нь 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заалтаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тодруулбал: 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нь нэмж нэгтгэж болохоор зохицуулсан байдаг.
3. П.Г нь ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл болж буй боловч шүүгдэгч нь тус шүүх хуралдаан дээр үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын шатанд учруулсан хохирлоо бүрэн төлж, хэргийн улмаас учирсан гэм хорыг бүрэн арилгасан, мөн 5-14 насны 4 хүүхдийг тэжээн тэтгэх хүнд үүргийг ганцаараа үүрч яваа өрх толгойлсон эмэгтэй байхад түүнд ял шийтгэл оногдуулахдаа энэхүү ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзээгүйд гомдолтой байна.
Иймд П.Гийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон ар гэрийн гачигдалтай хүнд нөхцөл байдал, 4 хүүхдийнх нь хувь заяаг харгалзан үзэж, хуучин, шинэ хуулийн аль шүүгдэгчид ашигтай хувилбарыг сонгон хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Прокурор Д.Энх-Оргил шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, ялтны эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх П.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
П.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Peace mall” худалдааны төвийн 5 дугаар давхарт үйлчлүүлж байсан иргэн Б.З-ийн “Самсунг эс-6” гар утас, 95,000 төгрөг, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкны төлбөрийн карт, номин бонус, номадсын хөнгөлөлтийн картууд, иргэний үнэмлэх, Америкийн нэгдсэн улсын мөнгөн дэвсгэрт ам доллартай түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 822,038 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.З “...2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” худалдааны төвийн 5 дугаар давхараар үйлчлүүлж гутал өмсөж үзсэн юм. Тухайн зарагдаж байсан гутлыг өмсөж үзэхдээ би өөрийнхөө гартаа байсан түрүүвчээ лангуун дээр ил тавьсан. Гутал өмсөж үзсэний дараагаар удалгүй түрүүвчээ лангуун дээрээс авах гэсэн чинь алга болсон байсан. Бэлэн мөнгө 95,000 төгрөг, “самсунг эс-6” загварын гар утас, банкны картууд байсан. Миний түрүүвч загасны хайрсан, улаан өнгийн түрүүвч байсан...” /хх-ийн 11 тал/,
Б.З-ийн хулгайд алдсан хэтэвчийг 20,000 төгрөгөөр, Самсунг эс-6 загварын гар утсыг 600,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 71 тал/,
П.Гөөс “Самсунг эс-6” загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 72 тал/,
Б.З-т П.Гөөс хураан авсан “Самсунг эс-6” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 73 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Анхан шатны шүүх П.Гийн үйлдсэн хэргийн тааар үндэслэл бүхий дүгнэлт хийж хянан шийдвэрлэсэн байх ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлөөс хорих ялыг сонгон оногдуулсан нь хуульд нийцсэн төдийгүй, оногдуулсан хорих ялын хугацаа нь П.Гийн “Хулгайлах” гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа хувийн байдал, “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцэж байна.
Иймд ялтан П.Г, түүний өмгөөлөгч П.Батбүрэн нарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэв.
П.Г нь 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан байх ба хянан харгалзах хугацаанд энэхүү шийтгэх тогтоолоор шийтгүүлж буй гэмт хэргийг үйлджээ.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж буй Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан ба 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед хэрэглэж байсан “...оногдуулсан хорих ялыг тэнсэх, хянан харгалзах...” гэсэн зохицуулалт Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй байх тул П.Гийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан хорих ялыг одоо мөрдөж буй Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар нэмж нэгтгэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзээд энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,
тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Ялтан П.Г, түүний өмгөөлөгч П.Батбүрэн нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.ОЧ
Д.ОЧМАНДАХ