Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 769

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б , О.Б , Э.М  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Э.Одончимэг,

          Шүүгдэгч Б.Б ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

          Шүүгдэгч О.Б  /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат,

          Шүүгдэгч Э.М  /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

          Хохирогч Б.У гийн өмгөөлөгч А.Ариунаа,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б , О.Б , Э.М  нарт холбогдох эрүүгийн 2017 2602 0513 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Тумад овгийн Бүүвэйбаатарын Бадарч, 1993 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33 дугаар байрны 74 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 208-Ө шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн  суллагдсан, /РД:УШ93032115/,

 

2. Бөхт овгийн Отгонбаярын Балжирсамбуу, 1992 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Манал Өргөө” ХХК-д барилгын ажил эрхэлж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 3-2 дугаар байр, 101 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РЭ92050439/,

 

3. Боржигон овогт Энхтөрийн Мөнх-Оч, 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, “Алтайн хүдэр” ХХК-д захиргааны хэлтэст туслах ажилтан ажилтай байсан, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 62 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ93061033/,

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.Б  ялтай байхдаа, давтан үйлдлээр 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Эрхэс” зочид буудлын урд талд согтуугаар, ялимгүй зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр Б.У г О.Б , Э.М  нартай бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

О.Б  нь 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Эрхэс” зочид буудлын урд талд согтуугаар, ялимгүй зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр Б.У г Б.Б , Э.М  нартай бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Э.М  нь 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Эрхэс” зочид буудлын урд талд согтуугаар, ялимгүй зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр Б.У г Б.Б , О.Б  нартай бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.5 дахь хэсэгт зааснаар, О.Б , Э.М  нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Б ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж, Э.М , О.Б  нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.Б , Э.М , О.Б  нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б , О.Б , Э.М  нарыг 5 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б , О.Б , Э.М  нарт тус тус оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б , О.Б , Э.М  нарын цагдан хоригдсон 98 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.М оос 478.115 төгрөг гаргуулж хохирогч Б.У д олгож, хохирогч Б.У  нь хор уршгийн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдол гаргах учир нь:

1. Хэрэг гарах үед би хохирогч Б.У г зодож цохиогүй, хохирогчийн гарыг тавиулах гээд мөр лүү нь түлхсэн удаа байгаа. Миний түлхсэнээс болж хохирогч газар унаж хүнд бэртэл аваагүй. Анх хэрэг болсон цагаас эхлэн мөрдөн байцаалт, прокурор шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөөр ирсэн.

2. 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хоёр удаа маргаан болсон. Хохирогчоос салаад би эхнэрээ аваад гэртээ харьсан. Намайг явсны дараа Б.Б  хохирогч Б.У тэй зодолдож, ухаан алдуулж хүнд бэртэл учруулсан гэдгийг Цагдаагийн газарт очсон үедээ би мэдсэн. Хохирогч Б.У , Б.Б ид цохиулан унаж, ухаан алдах үедээ хүнд гэмтэл авсан гэдгийг гэрч С.Энхтулга, Н.Ундармаа, Б.Б , хохирогч Б.У  нар нь хэлж байсан.

3. Манай том хүү 5 настай, дунд хүү 3 настай, бага хүү 1 ой 4 сартай. Эхнэр маань ойр ойрхон төрсөн нялх хүүхэдтэй болохоор ажил хийх боломжгүй. Миний эх өндөр настай, сэтгэхүйн хямралтай, сэтгэл санаагаар амархан унаж хямардаг. Эхээс би ганцаараа. Би сантехник, гагнуурчин, бетон арматурчин мэргэжилтэй. “Манал Өргөө” ХХК-д ажилладаг, цагийн ажил хийдэг. Гэрээсээ би ганцаараа ажил хийдэг.

2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр архи ууж, хэрэгт холбогдон, олон нийтийн газар хохирогчтой маргалдсандаа гэмшиж байна. Цагдан хоригдож байх хугацаандаа ихийг ухаарч ойлгож байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Э.М  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах нь:

            Миний бие хохирогч Б.У д учирсан хүнд гэмтэлд ямар ч хамааралгүй гэж үзэж байгаа. Учир нь уг зодооныг салгах гээд очиход миний нүүр лүү цохиж нүдний шил газарт унасан. Би хасах 5 бүхэл нүдний харааны шил зүүдэг тул шилгүй бол харж чаддаггүй юм. Газар унасан нүдний шилээ дөнгөж олтол найз О.Б  намайг хурдан явъя гээд дагуулаад зугатаасан. Хохиролд төлөгдсөн мөнгөний хувьд би зөвхөн найз Б.Б ийн өмнөөс л төлөлцсөн. Иймд хохирогчид учирсан гэмтэлд дахин дүгнэлт гаргуулж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээр Б.Б  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед Б.Б  нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын өөрт ноогдох хэсгийг бүрэн төлсөн болно. Шүүх хуралдааны үед өмгөөлөгч болон Б.Б  нарын хувьд түүний ийнхүү гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж өгөхийг хүссэн бөгөөд анхан шатны шүүхээс “... Б.Б аас бусад оролцогч нарын хувьд гэм буруугийн талаар маргаантай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна ...” хэмээн шийдвэрлэсэн болно.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсгийн дүгнэлтэд энэ талаар огт дурдаагүй бөгөөд “шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулах улмаар Б.Б  нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ хэмээн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Б.Б ийн хувьд мөрдөн байцаалтын, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлсөн. Харин анхан шатны шүүх бодит нөхцөл байдал ийм байхад Б.Б ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал боллоо гэж дүгнэхэд хүргэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зааснаар өөрчлөлт оруулан, хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Б.Б ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч О.Б гийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх О.Б г 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай:

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Б г 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хохирогч Б.У г Б.Б , Э.М  нартай бүлэглэн зодож бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Энхтулга нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэг өгөхдөө “Намайг очих үед гурвуулаа нэг залуутай маргалдаж байсан. Яг зодолдож байгаагүй, маргалдаж байсан, түүнийг зодоон гэж хэлэхгүй. Хохирогчийг газар унах үед ганцхан Б.Б  байсан. Хохирогчийн эхнэрийг Б.Б  алгадсан. Гэтэл хохирогч өөрөө цохих гэж байгаад Б.Б  хохирогчийг зөрүүлээд эрүүн тус газар нь нэг удаа цохиод унагаасан. Хохирогч, шүүгдэгч нар хоорондоо заамдалцаад байсан” зэргээр мэдүүлэг өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл тус хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдолгүй, хөндлөнгийн этгээд нь болсон үйл явдлыг бүрэн харсан гэрч учраас түүний мэдүүлэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө эхлээд шүүгдэгч нар нь хохирогч нартай маргалдаж байсан бөгөөд хоорондоо зодолдож байгаагүй, тэгж байхад нь Э.М , О.Б  нар нь яваад өгсөн байсан. Тэр үед хохирогчийн биеийн байдал хэвийн байсан бөгөөд дараа нь Б.Б  хохирогчийн эхнэртэй маргалдаж, алгадах үед нь хохирогч Б.У , Б.Б  руу гүйж очоод цохих гэж байгаад нүүрэнд нь Б.Б  цохиж арагшаа автомашин мөргөж, зам руу толгойгоороо савж унасан. Тэр үед хохирогч ухаан алдсан байсан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлгийг улсын яллагч, шүүгч нар дахин дахин асуухад эхлээд О.Б , Э.М  нартай хохирогч зодолдож байгаагүй, харин тэр хоёрыг явсны дараа Б.Б  хохирогчийн нүүр лүү хүчтэй цохиж унагаасан гэсэн.

Мөн хохирогч Б.У  нь шүүх хуралдаанд “Б.Б  намайг цохиод би газарт унасан. Надад учруулсан гэмтлийг Б.Б  учруулсан. Би сүүлд Б.Б ийг цохих үед ухаан алдсан. Шүүгдэгч О.Б , Э.М  нартай зууралдаж байгаад салах үед толгойд гэмтэл учраагүй” гэж мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд хохирогч нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэг өгч, хэрхэн яаж, хүнд гэмтэл авснаа мэдүүлж, нүүрэнд учирсан бусад хөнгөн гэмтлийг яаж учирсан болохыг мэдүүлсэн. Түүнд хүнд гэмтэл учрах үед О.Б  байгаагүй болохыг мэдүүлсэн бөгөөд О.Б  дагзанд цохиж гэмтэл учруулаагүй гэдэг.

Гэрч Н.Ундармаа шүүх хуралдаанд “манай нөхөр Б.Б , О.Б , Э.М  нараас салсны дараа Б.Б  эхнэртэйгээ хүрч ирээд хэрэлдэж байгаад намайг доромжлоод байхаар нь би зөрүүлээд хэл амаар доромжилход Б.Б  намайг алгадсан ба миний ард байсан манай нөхрийг шууд цохисон” гэж мэдүүлэг өгсөн. Хэдий гэрч Н.Ундармаа хохирогчийн эхнэр боловч болсон үйл явдал буюу хүнд гэмтэл учрах үед хэн, яаж, цохиж гэмтэл учруулсныг тодорхой мэдүүлсэн.

Шинжээч эмч Н.Энхцолмон шүүх хуралдаанд “хохирогчид учирсан хүнд гэмтэл 1 удаагийн цохилтоос үүсэх боломжтой, хохирогчид учирсан гэмтлүүд нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд дагзанд учирсан гэмтэл нь нэг удаагийн цохилтоос болж хатуу мохоо зүйл мөргөж гэмтэх боломжтой, өөрөөр хэлбэл нэг удаа цохиулж унахдаа цементен замд дагзаараа савж унах үед бас дахин үйлчлэл авч байгаа юм. Энэ нь 2 удаагийн үйлчлэл гэж ойлгож болно. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч, прокурорын хүсэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл тус бүрээр гэмтлийн зэрэг тогтоох боломжтой байсан боловч ийм хүсэлт, тогтоол ирүүлээгүй. Хохирогчийн духны гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, харин уруулын гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж мэдүүлэг өгсөн байдаг.

Дээрх байдлаар хохирогч, гэрч, шинжээч эмч нар шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ илүү дэлгэрэнгүйгээр өгсөн байдаг.

Дээрх мэдүүлгээс үзвэл 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Б.Б , О.Б , Э.М  нар хохирогч Б.У тэй автомашин мөргөлдөж шүргэлцсэн, мөн гэрч Н.Ундармаагийн зүй бус доромжлолын улмаас маргалдаж, зууралдаж байх үед нь гэрч С.Энхтулга “боль, цагдаа дуудлаа шүү” гэсний дагуу маргалдаан дуусаж О.Б  эхнэрээ дагуулан гэртээ явж, Э.М  буудал руугаа буцаж ороод байж байсан тухай бүгд мэдүүлсэн байна. Түүний дараа Б.Б  эхнэрийн хамт үлдээд байж байхдаа хохирогч Б.У гийн толгой руу цохиж савж унагаан ухаан алдуулсан, үүний улмаас хүнд гэмтэл учирсан болох нь нэгэнт тодорхой болсон.

Гэтэл анхан шатны шүүх шинжээч эмч, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийн дагуу О.Б г бусадтай бүлэглэн бусдад хүнд гэмтэл санаатай учруулсан гэж шийдвэрлэсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй хууль зүйн үндэслэлгүй байна.

О.Б гийн үйлдлийн улмаас хохирогч Б.У гийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл огт учраагүй болох нь шинжээч эмчийн мэдүүлэг, гэрч С.Энхтулга, хохирогч Б.У , гэрч Н.Ундармаа нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13 дугаар талд “шүүх хуралдаанд сүүлд Б.Б ид цохиулж савж унасны улмаас 2-3 газарт гэмтэл учирсан байж болох талаар мэдүүлсэн ба яг хэний, ямар үйлдлийн улмаас энэ гэмтэл учирсныг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй болно” гэж тогтоосон нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг хангахгүй дүгнэлт гаргасан нь тодорхой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн байцаагч, прокурор нь үнэхээр О.Б  хохирогчийн толгойн дагзанд хүнд гэмтлийг хэрхэн яаж, ямар үйлдлийн улмаас учруулав, маргалдаж байхдаа хүнд гэмтэл учруулсан юм уу, О.Б  Э.М  нарыг явсны дараа зодоон болж хохирогч Б.У гийн биед хүнд гэмтэл учирсан юм уу гэдгийг заавал тогтоох үүрэгтэй юм. Гэвч энэхүү ажиллагааг хийгээгүйн улмаас бусдад хүнд зэргийн гэмтэл учруулаагүй байж болох хүн эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэл бий болоод байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу О.Б гийн үйлдлийн улмаас бодит хохирол учруулаагүй буюу хохирогч Б.У гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл гаргаагүй тул түүний Б.У тэй маргалдсан үйлдэл нь гэмт хэрэгт тооцохгүй юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хохирогчийн бие махбодид учирсан хүнд гэмтлийг хэн үйлдсэн болохыг заавал нотлох ёстой байтал хэн, хэрхэн яаж учруулсан болохыг нотлоогүй болох нь шүүх хуралдаан болон шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зааснаар нотлогддог. О.Б  нь мөрдөн байцаалтын шатанд эхлээд Э.М  нартай нийлж хохирогчтой маргалдаж байгаад гэртээ харьсан, түүний дараа Б.Б  хохирогчтой зодолдож хүнд гэмтэл учруулсан болохыг цагдаагийн байгууллагад ирсэн үедээ мэдсэн гэсэн нь түүнийг бусдад хүнд гэмтэл учруулж зодсон гэдгийг нотлохгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар О.Б  хохирогчийн толгойн дагзанд учирсан хүнд гэмтлийг учруулаагүй болох нь нотлогдох бөгөөд хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэдэг үндэслэлийг зааж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар.

2. О.Б гийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийн объектив тал, субъектив талын шинжүүдийг хангахгүй байх бөгөөд харин Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэргийн шинжийг хангаж байж болзошгүй юм. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч А.Ариунаа нь О.Б , Э.М  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан учраас тус зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэсэн бөгөөд энэ нь хохирогчид учирсан гэмтлийг О.Б , Э.М  нар учруулаагүй болохыг илэрхийлж байна. Иймд О.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр нь түүний үйлдэл, шинж чанарт тохирохгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухай:

            Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж шийтгэх тогтоол гаргасан. Шийтгэх тогтоолын 12 дугаар талд “хохирогч Б.У г бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэсэн боловч яллагдагчаар мэдүүлэг өгсөн Б.Б , Э.М  нар нь О.Б г хохирогчийг зодож, цохисон үйлдэл хийгээгүй болохыг мэдүүлсэн бөгөөд хохирогч Б.У , гэрч Н.Ундармаа нарын мэдүүлэгт О.Б г хохирогчийг зодож, цохисон тухай мэдүүлээгүй байтал ямар нотлох баримтыг үндэслэж эрүүгийн хариуцлага оногдуулав.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл нь нэгдүгээрт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд чухал нотлох баримт болж чадахгүй юм. Өөрөөр  хэлбэл, тухайн бичлэгт гарах хүмүүс нь шүүгдэгч, хохирогч мөн эсэх, тухайн бичлэгт гарсан үйл явдал нь “Эрхэс” зочид буудлын урд талбай мөн эсэх, мөрдөн байцаагч уг хүмүүсийг таньж тэмдэглэл үйлдсэн нь ойлгомжгүй байна. Мөн дүрс бичлэгт 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “хохирогч Б.У гийн биеийн аль хэсэгт нь хэн, юугаар цохиж, зодож байгаа нь ил тод харагдахгүй байна” гэсэн тэмдэглэлийг юуг үндэслэж О.Б г цохисон гэж үзэв. Гэхдээ дээрх дүрс бичлэгт байх үйлдэл нь эхний маргаан буюу хохирогчийг хүнд гэмтэл авахаас өмнөх үйлдэл мэт байна.

            Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийг зөрчиж, шүүгдэгчийн мэдээллийг илтэд өөрөөр бичсэн байна. Учир нь шүүгдэгч О.Б гийн эцгийг Отгонбаяр гэх боловч шийтгэх тогтоолд Отгонбаатар гэж бичигдсэн ба регистрийн дугаарыг илтэд өөр хүнийхээр бичсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг ноцтой зөрчсөнийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар өөрчлөлт оруулах боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул О.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

           

Шүүгдэгч Э.М ийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Б.Б , Э.М , О.Б  нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилж дүйцүүлэн хуулийг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэг болгохдоо шүүгдэгч Б. Бадарч, Э.М , О.Б  нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн хамтран оролцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах хуулийн хэрэглээг алдагдуулсан юм. Тухайлбал хэний үйлдлээс болж хохирогч хэрхэн гэмтэл авсан эсэхийг нарийвчлан шалган тогтоогооүй юм. Хавтаст хэргийн 4 дүгээр талд хохирогчийн эхнэр   Н.Ундармаа мэдүүлэхдээ “... цагаан малгайтай десантын маягтай хувцастай залуу намайг хүчтэй савтал гараараа алгадан энэ үед эргээд хартал Б.У  маань газар уначихсан байсан, цагаан малгайтай десантын загвартай хувцастай залуу нөхөр Б.У г цохиж унагаасан.

2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Б.Б  мэдүүлэхдээ “... би таксинаас буугаад нөгөө “Королло” загварын автомашины жолоочийн нүүрэн хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Тэр үед нөгөө залуу газарт унасан юм. Гэм буруугаа ойлгож байна, Э.М ийг салгах гээд очиход нь хохирогч нь нүүрэн тус газар нь цохиж, харааны шилээ газарт унасан байсныг авах гээд …” гэж,

Гэрч С.Энхтулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Сүүлд Б.Б ийг цохиход хохирогч унасан …” гэж,

Шинжээч эмч шүүх хуралдаанд сүүлд “... Б. Бадарчид цохиулж савж унасны улмаас 2-3 нь газарт гэмтэл учирсан ...” байж болох талаар мэдүүлсэн байгаа нь хэний ямар үйлдлийн улмаас энэ гэмтэл хэрхэн учирсан эсэх нь маш эргэлзээтэй бөгөөд Шүүх эмнэлгийн магадалгааны зааврын 2, гэмтлийн зэргийн ангилал, аргачлалын 2.1 дэх хэсэгт зааснаар “гэмтлийн хүнд зэрэг”, 2 дахь хэсэгт “гэмтлийн хүндэвтэр зэрэг”, 2.2 дахь хэсэгт “гэмтлийн хөнгөн зэрэг” гэж тус тус тогтоохоор зохицуулсан.

Гэтэл хохирогчийн биед учруулсан гэмтлийг зөв тогтоогоогүй байгаа. Хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан байгаа шинжээчийн 2501 тоот дүгнэлтэд: “... Б. Улаанхүүгийн биед тархи доргилт , дагз ясны шугаман хугарал, баруун чамархай, дагз зүүн дагз чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, духны зулгаралт, дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэжээ. Гэтэл дээрх гэмтлийн зэргийг ялгаж салгалгүйгээр гэмтлийг бүгдийг нийтэд нь хамруулан хүнд гэмтэл гэсэн нь гэмтлийн зэргийн зааврын дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргаагүй, гэмтлийн зэргийн зааврыг зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна. Энэхүү шинжээчийн алдаанаас болж хуулийн зүйлчлэл өөрчлөгдөж, эрх зүйн байдал нь хүндэрсэн

Э.М , О.Б  нар явсны дараагаар Б.Б ийн учруулсан гэмтлийг нийтэд нь хамруулан ял шийтгэлийг оногдуулснаар Э.М ийн оролцоогүй үйлдлээр 5 жилийн ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү …” гэв.

 

Хохирогч Б.У гийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Мөрдөн байцаалтын шатанд Б.Б , О.Б , Э.М  нар бүлэглэн Б.У г зодож хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, шинжээч томилох гэсэн үндэслэлээр буцаах шаардлага байхгүй. Шүүгдэгч нарт оногдуулсан ял үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна ...” гэв. 

 

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс шүүгдэгч нарыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзээд үйлдэлд нь гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан. Б.Б ид шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. О.Б , Э.М  нар нь бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Мөрдөн байцаалт бүрэн хийгдсэн. Нэмж тодруулах, дахин шинжээч томилох шаардлагагүй учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд О.Б гийн эцгийн нэр, регистрийн дугаарыг яллах дүгнэлтэд бичигдсэн бичиг техникийн алдааг зөвтгөн залруулж, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалтад зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

 

Б.Б , О.Б , Э.М  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь хэсгүүдэд заасан нотолбол зохих байдлуудад хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд, уг үйлдэл 2 хэсэгт хувааж үзэхээр үйлдэгдсэн нөхцөл байдал хэрэгт байх ба шүүгдэгч нарын хэн нь ямар үйлдэл хийсэн, тэдний үйлдэл нь тус тус хэзээ төгссөн, хэний үйлдлээс болж хохирогч Б.У гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримтыг нэг бүрчлэн дүгнэсний эцэст шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж, ямар гэмт хэрэгт гэм буруутайг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Б.Б , О.Б , Э.М  нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Б гийн эцгийн нэр болон регистрийн дугаарыг буруу бичиж техникийн алдаа гаргасан болохыг анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б , О.Б , Э.М  нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Б , О.Б , Э.М  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

 

                                      ШҮҮГЧИД                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ