Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/01123

 

С.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00017 дугаар магадлалтай,

С.А-гийн нэхэмжлэлтэй

Т.Д-, Д.М- нарт холбогдох,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А-, өмгөөлөгч К.Ж, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч С.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2006 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тирлик захын урьд иргэн Т.Д-гийн дэлгүүрийн хашааны зүүн булангийн гадна Хошахан-2 дэлгүүр буюу одоогийн Киви гуанзны барилгатай зэрэгцээ газарт 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг өөрийн зардлаар барьсан миний өмчлөлийн эд хөрөнгө юм. Уг үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл ямар нэгэн саадгүйгээр эзэмшиж байна. Т.Д- нь С.А-г байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу уг иргэний хэргийг Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 049 дүгээр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж, байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор бидэнд уг үл хөдлөх хөрөнгийг эзэмшихэд ямар нэгэн саад байгаагүй. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамж болон Т.Д-, Д.М- нарыг Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч дээрх захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэх үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэхдээ уг шүүхийн шийдвэрээр өмчлөлийн маргааныг шийдвэрлээгүй бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. Т.Д-, Д.М- нар нь миний өмчлөлийн дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгүүлж, 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа С.А-гийн нөхөр Ш.Ермек 2006 онд худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах зорилгоор Т.Д-н эзэмшил газраас 40 м.кв-ыг ашиглахаар түрээслэх гэрээ байгуулан, уг газар дээр барилга барьж, барилгын үнэ болох 2.600.000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцохоор, дэлгүүр барихдаа уг дэлгүүр баригдахад гарсан өртгийг түрээсийн төлбөрт оруулахаар тус тус тохиролцсон. Тухайн үед дэлгүүр барьсан өртөг 2.600.000 төгрөг болсон бөгөөд үүнийг 15 сарын түрээс болгон тооцсон гэж тус тус шүүхэд мэдүүлсэн. Миний бие Т.Д-, Д.М- нартай үл хөдлөх хөрөнгө барихад гарсан зардлыг түрээсийн үнэд тооцохоор тохиролцсон хэлцэл байхгүй. Гэтэл миний хөрөнгөөр барьсан өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, өмчилж байгаа нь хууль бус юм. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж зааснаар миний барьж байгуулсан 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилга нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд байрлаж буй газрын эзэмшигч нь Т.Д- байж болно. Т.Д-, Д.М- нар нь миний өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлж авч байгаа бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хэлцэл байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх олж авах байсан. Гэтэл ямар ч хэлцэл байхгүй байхад миний барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, бүртгүүлсэн үйлдэл нь бүхэлдээ хууль бус.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасныг тус тус баримтлан намайг Хошахан-2 дэлгүүр буюу одоогийн Киви гуанзны барилгатай зэрэгцээ газарт байрлах 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Д-, Д.М- нарын шүүхэд гаргасан тайлбарт: С.А-гийн нэхэмжлэлийн шаардлага болгож буй Өлгий сумын 4 дүгээр багт Тирлик захын урьд байрлах 40 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай, дэлгүүрийн барилга нь бидний өмчлөгчийн эд хөрөнгө болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө бусад эрхийн улсын бүртгэлийн 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 тоот гэрчилгээгээр батлагдаж байх тул С.А-г өмчлөгчөөр тогтоох боломжгүй. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж заажээ. Тэгвэл С.А-гийн нэхэмжлэлийн шаардлага болгон маргаж байгаа барилгын доорх газар нь Т.Д- миний эзэмшилд байгаа газар болох нь Өлгий сумын Засаг даргын 1999 оны 80 дугаар захирамж, тус аймгийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/129 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/00269 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна. Иймд нэхэмжлэгч С.А-гийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй дэлгүүр байрлаж буй газарт С.А-гийн эзэмшилд ямар ч газар байхгүй тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө С.А-д байх учиргүй болох нь тодорхой байна. Учир нь С.А-гийн эзэмшил, өмчлөлд газар байхгүй байхад үл хөдлөх эд хөрөнгө яаж байх билээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр байгаа эрхийн актуудаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Д-, Д.М- бид хоёрыг тогтоосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000201220 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай С.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир шүүхээс дахин нотлохгүй болно. Нэхэмжлэлд дурдсанчлан Т.Д-, Д.М- бид С.А-гаас ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж авах тухай хэлцэл байгуулаагүй учир Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан хэлцэл хийх, нотариатаар батлуулах шаардлага байхгүй учир нэхэмжлэлийн энэхүү шаардлага үндэслэлгүй. Маргаан бүхий дэлгүүрийн өмчлөгчөөр Т.Д-, Д.М- бид хоёр болохыг тогтоож баталгаажуулсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000201220 тоот гэрчилгээг хүчинтэйд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С.А-гийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-гийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00017 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэг юм. Хариуцагч нарын өмчлөх эрх олж авсан гэх хэлцэл болох худалдааны байранд талбай түрээслэх гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй буюу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Уг хэлцлийг үндэслэж өмчлөх эрх шилжүүлэн авч, 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, хариуцагч нарт өмчлөх эрх үүсгэсэн нь хууль бус гэж тодорхойлсон байтал анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Тодруулбал Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг хэрэглээгүй нь буруу бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй хэлцлийн дагуу өмчлөгчөөр бүртгэгдсэнийг зөвтгөсөн нь үндэслэлгүй юм. Хариуцагч нар нь өмчлөх эрхийн улсын бүртгэл хийлгүүлэхдээ бөглөсөн өргөдөл, мэдүүлэгт Ш.Ермек, С.А- нараас уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан талаар огт дурдалгүй, өөрсдийн барьж байгуулсан гэж худал мэдүүлж, улсын бүртгэл хийлгүүлсэн ба энэ тохиолдолд улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж үздэг гэж тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь буруу юм. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхээр хянагдсан маргааны үйл баримтад хамааралгүй буюу тогтоогдож байгаагүй нотлох баримт уг хэргийг хянан шийдвэрлэхэд гарч ирсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг хэрэглэхгүйгээр 000201220 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хууль ёсны байдлын талаар гурван шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч, С.А-гийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч нарын өмчлөх эрх олж авсан баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягталж үзэхгүйгээр, уг нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй захиргааны хэргийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг үндэслэл болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь улсын бүртгэлийн байгууллага өмнө нь 40 м.кв-ыг Т.Д-, Д.М- нар өөрсдөө барьсан гэж мэдүүлсний дагуу бүртгэл хийсэн бөгөөд хожим маргаан үүссэний дараа бүртгэлийн мэдүүлэг нь худал, зөрүүтэй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч 2007, 2009, 2010 онуудад тухайн барилгыг түрээсийн гэрээгээр ашиглаж ирсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Дээрх гэрээнээс үзэхэд Ш.Ермекээс Т.Д-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Уг түрээсийн гэрээтэй холбоотой харилцаа түүнд хамаарах нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй болно. Түрээсийн гэрээгээр тухайн барилгыг эзэмшиж, ашигласан үйлдэл нь өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл огт болохгүй юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Уг зохицуулалт нь зөвхөн өмчлөгчийн бүртгэж, баталгаажуулах хэм хэмжээ бөгөөд өмчлөх эрхийг Т.Д-, Д.М- нарт үүсгэх зохицуулалт биш байхад буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангасан хэлцлийн дагуу Т.Д- Д.М- нар өмчлөгч болох ёстой байтал уг шаардлагыг огт хангаагүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.А- хариуцагч Т.Д-, Д.М- нарт холбогдуулж Баян-Өлгий аймгийн, Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...түрээсийн төлбөрт шилжүүлэн өгсөн, энэ маргааны үндэслэлтэй холбоотой хэргийг өмнө шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч С.А-гийн хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч С.А-, түүний нөхөр Ш.Ермек нар хариуцагч Т.Д-н хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшдэг газрыг түрээсэлж, уг газарт маргааны зүйл болсон дэлгүүрийн барилгыг барьсан, тухайн барилгад зарцуулсан 2.600.000 төгрөгийг 15 сарын түрээсийн төлбөрт тооцон, барилгыг шилжүүлэхээр тохиролцсны дагуу хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ.

Энэ цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч С.А- 2007, 2009, 2011 онуудад барилгыг түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байсныг зохигч маргаагүй байна.

Өмнө нь Ш.Ермакийн барилгыг түрээсийн төлбөрт тооцон Т.Д-д шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Т.Д-, Д.М- нарт газар эзэмшүүлэх Засаг даргын шийдвэр болон барилгын өмчлөх эрхийг олгосон гэрчилгээг хүчингүй болгох  нэхэмжлэлтэй хэргүүдийг С.А-гийн нэхэмжлэлээр иргэний болон захиргааны хэргийн шүүхүүд шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр байна.

С.А- нь Т.Д-н эзэмшлийн газарт түүний зөвшөөрлөөр өөрийн хөрөнгөөр барилга барьсан нь тогтоогдсон боловч тухайн барилгыг бусдад өгөх төлбөртөө тооцон өгсөн үйл баримт тогтоогдсон тул тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч гомдолдоо, шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатчаар гэрчлүүлэх...” гэснийг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т заасан мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 13.2.1-т “тухайн этгээд уг хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг гаргана”  гэж тус тус заасныг зөрчсөн, Т.Д- нь Ш.Ермек, С.А- нараас барилгыг худалдан авсан талаар огт дурдаагүй, өөрөө барьсан гэж худал мэдүүлсэн   гэжээ.

Дэлгүүрийн барилгыг Т.Д-н эзэмшлийн газарт барьсан, барилга нь шинээр баригдсан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг С.А-, Ш.Ермек нар өмнө нь өөрсдийн нэр дээр бүртгүүлээгүй байхдаа түрээсийн төлбөрт шилжүүлэн өгсний улмаас Т.Д- өөрийн хөрөнгө гэж мэдүүлэг гарган 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 0000201220 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул шүүх энэхүү зохицуулалтыг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Нөгөө талаар улсын бүртгэлийн байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйл ажиллагаатай холбоотой маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн тул дээр дурдсан үндэслэл болоод Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Иргэний хуулийн 183.1-д заасныг хэрэглээгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00017 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ