Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00037

 

ХБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/01705 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2063 дугаар магадлалтай,

ХБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б, Ц.Ц нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 91.376.581 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Д.Бархас, Х.Амараа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ХБ  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Болдбаатар Ц.Цэвэлмаа нар нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус банктай 5001132242 дугаартай данс бүхий шугамын зээлийн гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй эргэлтийн зээл авсан. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, шугамын зээлийг энгийн зээл рүү шилжүүлсэн. Үндсэн зээл 66.276.254 төгрөг, зээлийн хүү 15.633.012 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.044 төгрөг, нийт 81.937.310 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороололд байрлах 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2016 он 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш бодогдсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээл 66.276.254 төгрөг, зээлийн хүү 24.806.372 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293.956 төгрөг, нийт 91.376.581 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б, Ц.Ц нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б, Ц.Ц нар нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ХБ тай шугамын зээлийн гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ХБ ны зүгээс өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалсан бөгөөд гэрээг цуцалсан байдал нь Монгол банкны зээлийн мэдээллийн сан болон зээлийн дансны хуулгаар нотлогдоно. ХБ  нь хариуцагч нартай зээлж авсан 50.000.000 төгрөг дээр зээлийн хүүг нэмж үндсэн мөнгө болгож, 1700011568 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү нэмэлт зээлийн гэрээ нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу ХБ  нь хариуцагч нарт мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Хариуцагч нар нь шинээр байгуулсан гэрээний дагуу ХБ наас ямарч мөнгө аваагүй. Хариуцагч нар нь анх байгуулсан зээлийн гэрээний дүн 50.000.000 төгрөг, зээлийн хүүнд 16.276.254 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нарын хувьд ХБ  нь өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалсан тул зээл цуцалсан өдрөөс хойших хугацааны зээлийн хүү төлөх үүрэггүй. Анх байгуулсан зээлийг цуцалсан өдрийг хүртэлх хүүг төлөхийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байна. Монгол банкнаас гаргасан журмаар “зээлийг зээлээр хаахгүй, хүүнээс хүү тооцохгүй” гэж заасан байдаг. ХБ  энэ журмыг зөрчиж, иргэдийг хохироож байна. Хариуцагч нарын хувьд 66.276.254 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үлдэх 25.100.328 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/01705 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 91.376.581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 75.100.811 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, нэхэмжлэгч ХБ  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.275.770 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ц.Ц нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 33 дугаар байрны 216 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө, 0082026 гэрчилгээний болон улсын бүртгэлийн Ү-2201008044 дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 803.877,35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ц.Ц нараас 533.454 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБ  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2063 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/01705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 205 дугаар зүйлийн 205.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ц.Ц нараас 78.178.865 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБ  ХХК-д олгож, уг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.197.712 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтаас “453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1” гэснийг хасч, 3 дах заалтын “533.454 төгрөг” гэснийг “548.844 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.143 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХБ  ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.329 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/01705 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргасан.

Анхны гэрээний хавсралтад зааснаар 2015 оны 7,8,9,10 дугаар саруудад тус бүр 5.000.000 төгрөгийн үндсэн зээл, 2016 оны 3,4 дүгээр сард тус бүр 15.000.000 төгрөгийн үндсэн зээл төлөх хуваарьтай байсан. Энэ хуваарийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 1 хүртэл 68 хоногт төлөгдөөгүй зээл 20.000.000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү 223,561.64 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2016 оны 4 дүгээр сарын 1 хүртэл 31 хоногт төлөгдөөгүй 35.000.000 төгрөгөөс тооцоход 178.356,16 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүртэл 188 хоногт төлөгдөөгүй 50.000.000 төгрөгөөс тооцоход 1.545.205,48 төгрөг нийт 1.947.123 төгрөг байна. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан ”5001132242 дугаартай зээлийн шугамын гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон бол анхны байгуулсан гэрээний зүйл заалтыг баримтлан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой байсан. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээнд заасан 178 хоногийн зээлийн хүү 7.315.068 төгрөг 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс хойших 465 хоногийн нэмэгдүүлсэн хүү 3.410,137 төгрөг тооцож авах эрхийг зөрчсөн.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2063 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1-д өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 178 хоногийн хүү болох 7.315.068 төгрөг, 465 хоногийн нэмэгдүүлсэн хүү 3.410.137 төгрөг, нийт 10.725.205 төгрөгийг Б.Б, Ц.Ц нараас нэмж гаргуулан Хасбанкинд олгохоор зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2063 дугаартай магадлалыг хариуцагч талаас эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч ХБ  нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өмнөх зээлийн гэрээг дуусгавар болгосон талаараа эрх бүхий байгууллага болох Монголбанкинд мэдэгдэж, Зээлийн мэдээллийн санд мэдээлэл илгээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар буюу Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар нотлогддог. Иймд өмнөх зээлийн гэрээний үүргийг 66.276.250 төгрөгөөр тооцож, хаасан тул хариуцагч бидний зүгээс энэхүү үүргийг л гүйцэтгэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Мөн шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт үндсэн зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой нэхэмжилсэн хүү төлөх үүргийн энэ хугацааг дүгнэн тооцох боломжтой гэсэн байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй, зээлийн гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүүг шүүх өөрийн санаачлагаар хариуцагч нараас гаргуулан, нэхэмжлэгч талд олгохоор шийдвэр гаргаж буй явдал нь илт хууль бус билээ. Давж заалдах шатны хэрхэн ямар үндэслэлээр зээлийн хүүд 11.875.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаагийн дээр шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж, гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүүг нэхэмжлэгчид олгож байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 11.902.615 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 66.276.250 төгрөг төлөхөөр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч ХБ  ХХК нь хариуцагч Б.Б, Ц.Ц нараас үндсэн зээл 66.276.245 төгрөг, хүү  24.806.855 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 293.956 төгрөг нийт 91.376.581 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахдаа зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс 66.276.254 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзсан байна.

Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шугаман зээлийн болон барьцааны гэрээ байгуулж,  хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 50 .000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 216 тоотын 40 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан,  зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангажээ.  

Дээрх зээлийн гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан, энэ талаар маргаагүй байна.  

Хариуцагч нар 2015 оны 12  дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 50.000.000 төгрөг, хүү 16.276.250 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасан, нэхэмжлэгч нь зээл, хүүгийн төлбөр болох 66.276.254 төгрөгийг  үндсэн зээл болгон, гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгаж, дахин гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй ба зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.4-т заасан тул нэхэмжлэгч нь 66.276.254 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг шаарджээ.     

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг зөв тогтоож чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.

Зээл 50.000.000 төгрөг, хүү 16.276.250 төгрөг төлөөгүй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр  гэрээ цуцлах буюу 2016 оны 10 дугаар сарын 6-ний өдөр хүртэл хугацааны хүү 11.875.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.615 төгрөг, нийт 78.178.865 төгрөг төлөх үүрэгтэй талаарх давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2063 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын  гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 186.554 төгрөг, хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 205.392 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ