Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1024

 

Г.Соёлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00619 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Соёлмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох

 

Хангамжийн албаны хангамж хариуцсан инженерийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтанхуяг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Соёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ОХУ-д Москвагийн зам харилцааны их сургуулийг 1998-2003 онд вагоны инженер, механикчийн мэргэжлээр суралцаж төгссөн, мэргэжлийн төмөр замчин юм. Улаанбаатар хот дахь вагон депод 2003 оноос 2010 он хүртэл хамгийн бага албан тушаалаас эхлэн засварчин, зааварлагч, ээлжийн диспетчер, хөдөлмөр хамгааллын инженер зэрэг албан тушаалыг хашиж байгаад  2010-2014 онуудад УБТЗ-ын удирдах газрын захиргаа удирдлагын албанд аж ахуйн няраваар, 2014 оны 11 дүгээр сараас Хангамжийн албанд инженерээр, 2015 оны 05 дугаар сараас эхлэн зорчигчийн вагоны сэлбэг, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн хангамж хариуцсан инженерээр тус тус ажилласан. 2016 оны 11 сарын 01 өдрийн А-328 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаал батлагдсантай холбогдуулж, хангамжийн алба татан буугдаж, инженерийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 2016 оны 11 сарын 01-ний өдөр ажлаас халах мэдэгдэл өгч, 2016-12-02 өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Мэдэгдэлд аж ахуйн нэгж байгууллага, салбар нэгж татан буугдсан эсэх, орон тоо хасагдсан эсэх нь тодорхойгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон боловч  бодит байдалтай харьцуулахад аж, ахуй нэгж болон салбар нэгж татан буугдаагүй, орон тоо хасагдсан гэх боловч хангамж хариуцсан инженер гэсэн албан тушаалын нэршлийг захиалга, гааль, нийлүүлэлтийн менежер болгон өөрчилсөн байна.  Г.Соёлмаагийн ажлын байрны тодорхойлолтоор түүний хийж, гүйцэтгэж байсан ажил өнөөдрийг хүртэл хийгдэж байна. Хангамжийн алба 8 инженерийн орон тоотой байсан бол Худалдан авах борлуулалтын алба 9 менежерийн орон тоотойгоор ажиллаж байна. Г.Соёлмаа нь худалдан авах борлуулалтын албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ өгсөн байхад ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр Д.Туяаг шинээр ажилд авч ажиллуулсан.

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 12 сарын 02 өдрийн Б-1-310 тоот тушаалын Г.Соёлмаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Соёлмааг Худалдан авах борлуулалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2016-12-02 өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг сүүлийн 3 сарын цалингийн дунджаар бодож, нийт 64 өдрийн цалин 3 291 730 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Соёлмааг Замын даргын 2015 оны 06 сарын 16-ны өдрийн Б-I-106 тоот тушаалаар Хангамжийн албанд инженерээр томилсон. Замын даргын 2016 оны 11 сарын 01-ний өдрийн А-328 тоот, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалаар хангамжийг албыг татан буулгаж, Худалдан авах, борлуулалтын ажиллагааны алба болгож, бүтцийг баталсан. Энэхүү батлагдсан бүтцээр Хангамжийн албаны инженерүүдийг захиалга, гааль, нийлүүлэлтийн менежер болгож, бүтцийг өөрчилж, орон тоог 6 болгосон. Г.Соёлмаад нэг сарын өмнө мэдэгдэх хуудсыг өгч, 2016 оны 12 сарын 02-ны өдрийн Замын даргын Б-I-310 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Соёлмааг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Хангамжийн албаны хангамж хариуцсан инженер /2 дугаар/-ийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоож, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны захиалга, гааль, нийлүүлэлтийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3 142 106 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, шимтгэл хураамж төлсөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 65 223 төгрөгийг гаргуулан улсын орлого  болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч бүтцийг боловсронгуй болгох тухай тус байгууллагын даргын 2016 оны 11 дугээр сарын 01-ний өдрийн А-328 тушаалаар 23 орон тоотой ажиллаж байсан Хангамжийн албыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс татан буулгаж, мөн өдрөөс 18 орон тоотойгоор Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албыг байгуулж, бүтцийг баталсан гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвшөөрсөн байдаг. Улмаар орон тоог хасаагүй, ажлын ачааллыг нягтруулах зорилгоор зэрэгцэн байгаа орон тооноос тодорхой тооны орон тоог хасаж цөөрүүлсэн нь тогтоогдоогүй гэсэн эсрэг дүгнэлт хийсэн.

 Шинээр баталсан бүтцээр Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албанд Хангамжийн албаны хангамж хариуцсан 8 инженерийн орон тоог шилжүүлж, захиалга, гааль, нийлүүлэлтийн менежер 6, тендерийн бэлтгэл, зохион байгуулалтын менежер 2, зах зээл судалгааны менежер 1 гэсэн нийт 9 орон тоотой болгож ажиллуулсан гэсэн нь нотлох баримтад  үндэслээгүй, зохигчийн тайлбараар тогтоосон байдаг.

 УБТЗ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А-328 тушаалын хавсралтаар батлагдсан Худалдан авах, борлуулалтын албаны ерөнхий зохион байгуулалтын бүтцийн схемээр Захиалга, гааль нийлүүлэлтийн менежер 6, тендерийн бэлтгэл зохион байгуулалтын менежер 2, зах зээл судалгааны менежер 1 гэсэн нийт 9 орон тоон дээр ажиллах ажилчид нь шууд харъяалагдах албан тушаалтны хувьд Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын харъяанд харъяалагдах ба ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хувьд тендерийн бэлтгэл, зохион байгуулалтын менежер 2, зах зээл судалгааны менежер 1 гэсэн орон тоо нь Захиалга, гааль нийлүүлэлтийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс өөр өөр чиг үүрэгтэй бүхий албан тушаал байхад шүүгч 9 орон тоотой болсон гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлжээ.

 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралд шүүгчийн туслах Н.Хулан оролцож тэмдэглэл хөтөлсөн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00619 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Соёлмаа нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,ажлын нэгж нь татан буугдсан, орон тоо хасагдсан“ гэж маргажээ.

 

Хариуцагч нь Хангамжийн албыг татан буулгаж, Худалдан авалт борлуулалтын ажиллагааны алба бий болгосноор, ажлын чиг үүрэг, ажилтнуудын ажил үүргийн хувиар өмнөхөөс эрс өөр ялгаатай болсон гэх агуулгаар тайлбар гарган мэтгэлцжээ.

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний аль үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаагаа тодорхой зааж, уг үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан аж ахуйн нэгж өөрчлөлт зохион байгуулалтад орсон, тухайлбал татан буугдаж өөр нэгж байгуулагдсан байж болох ч шинээр бий болсон нэгжийн ажлын байранд нэхэмжлэгчийн өмнө нь гүйцэтгэж байсан ажлын орон тоо, ажлын чиг үүрэг байхгүй болсон байх ёстой юм. Гэтэл нэхэмжлэгч талын “..,аж ахуйн нэгж татан буугдаж өмнөхөөс эрс өөр чиг үүрэг бүхий хэлтэс бий болсон гэх боловч үнэн чанартаа нэршил өөрчлөгдсөн, нэхэмжлэгчийг халаад, шинээр авсан Туяа гэх ажилтны ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажлын байрын тодорхойлолт хоёр үг үсгийн зөрүүгүй нийцэж байгаа” гэх тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд хэрэв ажил олгогч байнгын орон тоо хасагдсан гэж үзэж байгаа бол тухайн ажлын байр, чиг үүрэг огтоос байхгүй болсныг ойлгоно. Гэтэл ажлаас халагдсан нэхэмжлэгч Г.Соёлмаагийн гүйцэтгэж байсан ажлын байрны нэршил өөрчлөгдсөн, ажил үүрэг хэвээр үлдсэн, шинээр ажилтан нэмж авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Иймд ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг буруутгах боломжгүй.

 

Нэгэнт ажилтны ажиллаж байсан алба болон албан тушаалын нэр өөрчлөгдсөн, шинээр бий болсон албанд өмнөх ажлын байрны чиг үүрэг ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалагдаж байгаатай холбогдуулаг ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодруулж тайлбарласныг буруутгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                        Ш.ОЮУНХАНД