Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00077

 

С  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01064 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2017/01955 дугаар магадлалтай,

С  ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Э.А-д холбогдох,

Түрээсийн төлбөр 10.796.500 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Билгүүн, Ч.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.А  болон С  ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр С  үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах №8 тоот павилон түрээслэхээр харилцан тохиролцож №026 тоот “Гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээ”-г байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа 1 жилийн хугацаатайгаар нэг сарын түрээсийн төлбөрийг 1.845.000 төгрөг байхаар харилцан тохиролцож байгуулсан. С  ХХК нь түрээслэгч нартаа түрээсийн төлбөртөө хөнгөлөлт үзүүлж 2015 оны 01,02,03,04,06,07 саруудын төлбөрийг 992.500 төгрөг болгосон бөгөөд 2016 оны 01,02,03,04 саруудын түрээсийн төлбөрийг 585.000 төгрөг болгосон. Гэтэл түрээслэгч Э.А  нь 2015 оны 07,08,10,11,12 сарууд болон 2016 оны 01,02,03,04,05 саруудын түрээсийн төлбөр болох нийт 15 412 500 төгрөг төлөх ёстой байснаас С  ХХК-ийн гүйцэтгэх захирлын №А-99 тоот тушаал гарснаар 2.676.400 төгрөгийн хөнгөлөлт үзүүлснээр, мөн 2015 оны 7 сард 3.500 төгрөг, 2015 оны 9 сард 922.500 төгрөгийн төлөлт хийж, 2015 оны 11 сард 922.500 төгрөгийн төлөлт хийгдсэний дагуу нийт 10.796.500 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд Э.А гаас нийт 10.796.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.А  шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанитай бид 2014 оны 10 дугаар сарын 24-ний 036 дугаар бүхий “Гар утасны худалдаа эрхлэх, лангуу ашиглах түрээсийн гэрээ” байгуулсан бөгөөд түрээслүүлэгч тал нь өөрийн санал болгосон стандарт гэрээний төслийг хууран мэхлэх замаар итгэл эвдэн байгуулсан байдаг. 2015 оны 07, 08, 10, 11, 12 дугаар сарууд 2016 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудын түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Дээрх хугацаанд Э.А  нь гэрээнд заагдсан 2 дугаар давхарт байрлах 8 дугаар павилонд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ямар нэгэн худалдаа үйлчилгээ явуулах боломж байгаагүй, үйл ажиллагаа явагдаагүй. Түрээслүүлэгч тал үйлчлүүлэгч нар орж гарах хүзүүвчийн хаалгыг хаасан. Энэ нь түрээслүүлэгч нь гэрээг байгуулахдаа аман хэлцлээр тохирсон худалдаа үйлчилгээ эрхлэх гол шалтгаан болсон “Мобиком”, “С “ 2-ыг холбосон хүзүүвчийн хаалгыг түрээслэгч надаас үл шалтгаалах шалтгаанаар хаасан, миний ашиглаж байсан 15-6 дугаар лангууг хааж өөр этгээдэд ашиглуулж байгаа. Иймд С  компанийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01064 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар хариуцагч Э.А гаас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.771.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С  ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.025.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187.694 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А гаас улсын тэмдэгтийн хураамжид 155.294 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С  ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2017/01955 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01064 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А гаас түрээсийн гэрээний үүрэгт 8.771.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.025.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ий өдрийн 01064 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.30-ны өдрийн 210/МА201701955 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Талууд 2014 оны 10 дугаар сарын 24-нд “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ажиллуулах түрээсийн гэрээ”-г байгуулахдаа гэрээний хугацааг нэг жил байхаар тохиролцсон бөгөөд зөвхөн гэрээний 3.2 дах хэсэгт зөрчил дутагдал, доголдол гараагүй тохиолдолд дахин нэг жилээр сунгасанд тооцохоор заасан ба түрээслэгч Амгалан нь түрээсийн мөнгөө төлөхгүй түрээслүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг аман хэлбэрээр шаардаж зөрчил арилгасан тохиолдолд түрээсийн төлбөрөө өгнө хэмээн тохиролцож төлбөрөө төлөхгүй байх зөрчил дутагдал удаа дараа гаргасан байхад шүүх үүнийг анзааралгүй дутагдал гаргаагүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм. Гэрээний үндсэн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 24-нд дууссан байх бөгөөд талууд аль нэг талаас гэрээ сунгах талаар санал гаргаагүй, гэрээ сунгагдсан байх баримт байхгүй. Гэрээг цуцлах талаар С  компанийн удирдлагатай түрээслэгчид удаа дараа уулзалт хийж байсныг С  компанийн төлөөлөгч үгүйсгээгүй байна. Гэрээг анх байгуулахдаа С  компанийн байр нь Тэди төвтэй хүзүүвчээр холбогдсон байсанд ач холбогдол өгч гэрээг байгуулсан бөгөөд удалгүй холбосон хүзүүвчийн хаалга хаагдаж урьдчилан тохироогүй, тооцоолоогүй хаалга хэлбэртэй зүйлээр үйлчлүүлэгчдийг оруулах болсон нь энэхүү гэрээний үүрэг зөрчигдөх гол шалтгаан болсон байхад хариуцагчаас гарган өгсөн нотлох баримтыг үнэлээгүй өнгөц дүгнэлтээр ач холбогдол өгсөнд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч С  ХХК-ийн “...түрээсийн төлбөрт 10.796.500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.А  эс зөвшөөрч “...үйл ажиллагаа явуулаагүй...” гэж маргажээ.

Зохигчид  2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь “С -Теди” үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 8 тоот лангууг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг  дуустал хугацаагаар шилжүүлэх, хариуцагч эд хөрөнгө ашигласны төлбөрт сар бүр 1.845.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 6-8 дугаар тал/.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

С  ХХК гэрээнд заасан түрээсийн төлбөрийг тодорхой хэмжээгээр бууруулж, түрээслэгчид хөнгөлөлт үзүүлсэн байх ба  2015 оны 7 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацааны төлбөр шаардахдаа  түрээслэгч гэрээг цуцлах санал гаргаагүй тул сунгагдсанд тооцсон гэжээ.  

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ сунгагдсан гэж үзэх, хариуцагч 2015 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын 24 хүртэл, мөн  гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацааны төлбөр төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-т “түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” талаар заасан ба түрээслэгч нь гэрээ дуусгавар болмогц  павилоныг ажлын 2 хоногийн дотор суллан түрээслэгчид актаар хүлээлгэн өгөх, актад гарын үсэг зурж, хүлээлгэн өгсөн болохыг баталгаажуулахаар гэрээний 2.3, 2.4-т зохицуулжээ. Хариуцагч гэрээний хугацаа дуусахад лангууг хүлээлгэн өгсөн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох бөгөөд гэрээний 3.2-т “хэрэв талуудын аль нэг нь гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй, түрээслэгч гэрээний 10.1-т заасан дутагдал доголдол, зөрчил гаргаагүй тохиолдолд гэрээг дахин 12 сараар сунгасанд тооцно” гэжээ.

Хариуцагч түрээсийн гэрээг цуцлах санал гаргаснаа нотолж чадаагүйгээс гадна 2015 оны 11 дүгээр сарын төлбөрийг төлж байсан зэргээс үзвэл гэрээг сунгасныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Гэрээний 1.3-т “бүртгэлийн хураамж 2.025.000 төгрөг” заасан боловч гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас бүртгэлийн хураамжид төлсөн төлбөрийг хасч, үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дах заалтыг баримталсан нь оновчгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2017/01955 дугаар магадлалыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 155.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ