Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00094

 

Д.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01363 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2123 дугаар магадлалтай,

Д.Н-ын нэхэмжлэлтэй,

“Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх нэгжид холбогдох,

Б/28 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, захиргаа санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Захиргаа, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоолоор “Гудамж төсөл"-ийг татан буулгаж "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийг байгуулан уг төсөлд ажиллаж байсан 28 ажилтанг "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төсөлд шилжүүлэн 9 хүний орон тоо шинээр нэмэгдүүлэн 37 хүний орон тоотой болгон ажиллаж байсан. Гудамж төслийн захирал Б.Батболдын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Д/03 тоот тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллаж ирсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг сунгаж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ дуусгавар болгох тухай Б/28 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иймд Иргэний хуулийн 367 дугаар зүйлд зааснаар Гудамж төслийн захирлын гэрээ дуусгавар болгох тухай Б/28 тоот хууль бус тушаалын Захиргаа санхүүгийн албаны дарга Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгохыг "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төсөлд даалгаж,  ажилд эгүүлэн томилохыг "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төсөлд даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх нэгж шүүхэд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 46 дугаар тогтоолоор Гудамж төсөл хэрэгжиж, улмаар 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоолоор татан буугдсан. Нэхэмжлэгч Д.Н-ыг Захиргаа, санхүүгийн албаны даргаар томилж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д/03 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан ба гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Гудамж төсөл дуусгавар болж байгаатай холбогдуулан төслийн ажилчдад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, сунгахгүй болохыг бичгээр мэдэгдсэн. Иймд Засгийн газрын 2016 оны "Гудамж төслийг татан буулгах тухай" 196 дугаар тогтоол, Д.Н-тай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2.1, 14.3.11-д заасныг тус тус үндэслэн хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон байна. Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоол,  Сангийн  сайдын 2017 оны 16 дугаар тушаалаар "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төсөл хэрэгжүүлэх нэгж  Сангийн яамны харьяанд байгуулагдсан бөгөөд Гудамж төслийн ажилчдыг ажилд авах үүрэг хүлээгээгүй. Уг шинээр байгуулагдсан төсөлд ажилтан авах асуудлыг Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ын 9.1.7, 10.1.9, 16.3, 16.6, 16.7-д заасны дагуу зохицуулдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01363 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т заасны дагуу Гудамж төслийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ дуусгавар болгох тухай Б/28 тоот тушаалын Д.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн нэгжид даалгах, Гудамж төслийн захиргаа санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Д.Н-ыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор үүсэх маргаан биш байх тул нэхэмжлэлийн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Н-аас 70.200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2123 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2123 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие Гудамж төслийн захирал Б.Батболдтой 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Д/03 тоот “Хөлсөөр ажиллах гэрээг” байгуулан ажиллаж ирсэн бөгөөд Гудамж төслийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг сунгаж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дахин сунгаж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Гэрээ дуусгавар болгох тухай" Б/28 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Эдийн засгийн хөгжлийн яам 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр татан буугдаж Гудамж төслийг Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн бөгөөд Засгийн газрын 2015 оны 09 дүгээр тогтоолоор Гудамж төслийн бүтэц орон тоог Нийслэлийн Засаг дарга тогтоож байхаар заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Гудамж төслийн Захирал Б.Батболдыг томилсон Эдийн Засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/75 дугаар тушаалыг хүчин төгөлдөр гэж үзэж өөр байгууллагын эрхлэх асуудалд шилжсэн ч хамаагүй хүчин төгөлдөр гэж шийдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Гудамж төслийг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-д заасан “хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан” гэж тайлбарласан. Гэтэл Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоолын 3-т “Гудамж төслийг татан буулгаж байгаатай холбогдуулан тус төслийн санхүүгийн тайлан блансад бүртгэлтэй өр авлагын тооцоо нийлж “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийн блансад шилжүүлэхээр даалгасан” тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл Гудамж төслийн эрх залгамжлагч нь Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл гэдгийг дээрх тогтоол харуулж байна. Мөн Гудамж төсөлд ажиллаж байсан 26 ажилтан, захирал, дэд захирал бүгд хийж байсан ажлаа үргэлжлүүлэн ажлын байрандаа ажиллаж байгаа бөгөөд миний ажиллаж байсан ажлын байр ч хэвээрээ байна. Давж заалдах шатны шүүх Д.Н- миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.5-д заасны дагуу давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг сонсож нэг шүүгч асуулт асууж шүүх хуралдааныг шууд хаасан. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд оролцогч талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй шууд нэг талыг баримталж шүүх хуралдааныг хаасан ноцтой зөрчил гаргаад байна. Иймд Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2123 тоот магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.  

Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх нэгжид холбогдуулан “...тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаар тушаалаар Д.Н-ыг төслийн захиргаа, санхүүгийн албаны даргаар томилж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоолоор “Гудамж” төслийн нэгжийг татан буулгасан тул төслийн захирал 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдөр Б/28 дугаар тушаал гаргаж, Д.Н-тай байгуулсан гэрээг дуусгавар болгожээ /хэргийн 4-10 дугаар тал/.

Ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүрэг нь байнгын ажлын байранд хамаардаг. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан  ажил, үүрэг дээрх шинжийг агуулж байгаа боловч түүний ажиллаж буй төсөл нь тодорхой хугацаатай хэрэгжих үйл ажиллагаа тул төслийн ажилтнуудын ажиллах хугацаа уг төслийн хугацаанаас шууд хамааралтай. Иймд тодорхой хугацаатай төслийн ажилтны ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байр гэж үзэхгүй.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч болон “Гудамж” төслийн нэгжийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бус харин хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, энэ талаарх  шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн  359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа, уг хугацааг сунгасан байдал, мөн гэрээ дуусгавар болсон шалтгаан, нөхцөл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч нь “Гудамж” төслийн нэгжтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй, энэ тохиолдолд түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэхгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1, 240 дүгээр зүйлийн 240.1.4 дэх зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01363 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2123 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ