Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2123

 

 

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02123

 

 

Д.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01363 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХБДБТХН-ид холбогдох,

 

Гудамж төслийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ дуусгавар болгох тухай Б/.28 тоот тушаалын Д.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг ХХДБТН-ид даалгах, Гудамж төслийн захиргаа санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Д.Н-ыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Н-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ц, Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Эдийн засгийн хөгжлийн яам /хуучин нэрээр/-ны харьяа Гудамж төслийн удирдах хорооны нарийн бичгийн дарга, 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Захиргаа, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоолоор “Гудамж төсөл"-ийг татан буулгаж "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийг байгуулан уг төсөлд ажиллаж байсан 28 ажилтанг "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төсөлд шилжүүлэн 9 хүний орон тоо шинээр нэмэгдүүлэн 37 хүний орон тоотой болгон ажиллаж байсан.

Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу Гудамж төслийн захирал Б.Батболдтой 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Д/03 тоот тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллаж ирсэн бөгөөд тус захирлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг сунгаж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ дуусгавар болгох тухай Б/28 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Гэтэл Гудамж төслийн захирал Б.Б-ыг томилсон Нийслэлийн Засаг даргын захирамж гарч хөлсөөр ажиллах гэрээ албан ёсоор байгуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллах гэрээний нэг тал буюу ажил олгогч болох Гудамж төслийн захирал Б.Батболд нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг даргаас албан ёсоор томилогдоогүй, Нийслэлийн Засаг даргатай албан ёсоор хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй этгээд Д.Н- миний хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тушаал гаргаж Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.

Миний бие Гудамж төслийн захирал Б.Б-ыг томилсон эсэх талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандаж уг захирамжийн хуулбар хувь, хөлсөөр ажиллах гэрээний хуулбар хувийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 07/1749 тоот албан бичгээр тус нэгжийн захирал Б.Батболдыг Нийслэлийн Засаг дарга томилоогүй тул таны хүсэлтэд дурдсан баримтууд манай байгууллагын архивт байхгүй гэсэн хариу ирүүлсэн.

Иймд Иргэний хуулийн 367 дугаар зүйлд заасны дагуу Гудамж төслийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ дуусгавар болгох тухай Б/28 тоот хууль бус тушаалын Захиргаа санхүүгийн албаны дарга Д.Н-тай холбогдох хэсгийг хүчингүй болгохыг "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төсөлд даалгах, гудамж төслийн Захиргаа санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Д.Н-ыг ажилд эгүүлэн томилох асуудлыг "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төсөлд даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төсөлд тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор Гудамж төсөл хэрэгжиж, Засгийн газрын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоолоор татан буугдсан.

Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 28 дугаар тушаалаар Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, төслийн захирлыг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны Б/75 дугаар тушаалаар томилоод чөлөөлөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Нийслэлийн Засаг дарга төслийн захирлыг давхар томилох үндэслэлгүй юм.

Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам"-ын 7.2.7-д "төслийн захирал нь төслийн ажилтнуудыг томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээртэй хөлсөөр ажиллах гэрээг энэхүү журмын хавсралт 2-т заасан маягтын дагуу байгуулж, биелэлтэд өдөр тутам хяналт тавих эрхтэй" гэж заасны дагуу ажилчдыг томилж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулах эрхтэй.

Нэхэмжлэгч Д.Н-ыг Захиргаа, санхүүгийн албаны даргаар томилж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д/03 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Уг гэрээний хугацааг сунгаж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Гудамж төсөл хэрэгжиж дуусгавар болж байгаатай холбогдуулан төслийн ажилчдад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, сунгахгүй болохыг бичгээр мэдэгдсэн.

Иймд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, Засгийн газрын 2016 оны "Гудамж төслийг татан буулгах тухай" 196 дугаар тогтоол, Д.Н-тай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2.1, 14.3.11-д заасныг тус тус үндэслэн хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон байна. Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоол, Сангийн сайдын 2017 оны 16 дугаар тушаалаар "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төсөл хэрэгжүүлэх нэгж Сангийн яамны харьяанд байгуулагдсан бөгөөд Гудамж төслийн ажилчдыг ажилд авах үүрэг хүлээгээгүй.

Уг шинээр байгуулагдсан төсөлд ажилтан авах асуудлыг Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ын 9.1.7, 10.1.9, 16.3, 16.6, 16.7-д заасны дагуу зохицуулдаг.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т заасны дагуу “Гудамж” төслийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ дуусгавар болгох тухай Б/28 тоот тушаалын Д.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг ХХДБТНид даалгах, “Гудамж” төслийн захиргаа санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Д.Н-ыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор үүсэх маргаан биш байх тул нэхэмжлэлийн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Н-аас 70 200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу Гудамж төслийн захирал Б.Б-той 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Д/03 тоот "Хөлсөөр ажиллах гэрээг" байгуулан ажиллаж ирсэн бөгөөд Гудамж төслийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг сунгаж мөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дахин сунгаж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ дуусгавар болгох тухай Б/28 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа намайг ажлаас чөлөөлсөн Гудамж төслийн захирал Б.Батболд өөрөө эрх бүхий байгууллагаас томилогдоогүй, хөлсөөр ажиллах гэрээгүй байж тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлд заасны дагуу ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж бүхий л нотлох баримтыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг хангалтгүй судлаж, хууль бус шийдвэрлэсэн нь дараах асуудлаар нотлогдож байна.

Эдийн засгийн хөгжлийн яам 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр татан буугдаж Гудамж төслийг Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн бөгөөд Засгийн газрын 2015 оны 09 дүгээр тогтоолоор Гудамж төслийн бүтэц орон тоог Нийслэлийн Засаг дарга тогтоож байхаар заасан.

Нийслэлийн Засаг дарга нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д заасны дагуу өөрийн харьяа байгууллагын удирдлагыг томилж чөлөөлдөг.

Гэтэл анхан шатны шүүхээс татан буугдсан Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Ажилд томилох тухай" Б/75 дугаар тушаал хүчин төгөлдөр гэж үзэж өөр байгууллагын эрхлэх асуудалд шилжсэн ч хамаагүй хүчин төгөлдөр гэж шийдсэн нь үндэслэлгүй.

Намайг томилсон Гудамж төслийн захирлын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаар тушаалд "Монгол улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр тогтоолоор Гудамж төсөл нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шилжиж бүтэц, орон тоо шинээр батлагдаж байгаатай холбогдуулан төслийн ажилчдыг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн чөлөөлж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс томилсугай" гэж заасан.

Гэтэл бид Нийслэлд шилжихээрээ ажлаасаа чөлөөлж шинэ бүтэц, орон тооны дагуу томилуулж байдаг захирал Б.Батболд татан буугдсан яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар насаар нь томилсон мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан хууль бус юм.

Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан журмын 5.1.5-д "Төслийн нэгжийн захирал болон Ерөнхий нягтлан бодогч тус бүртэй Төрийн нарийн бичгийн дарга хөлсөөр ажиллах гэрээг энэхүү журмын хавсралт 1-д заасан маягтын дагуу байгуулж гэрээний биелэлтэд хяналт тавих"-аар зааж, журмын 5.1.6-д энэхүү журмын 5.1.3.-д заасан захирал, ерөнхий нягтлан бодогчийн ур чадварыг шалгах зорилгоор туршилтын 6 сарын хугацаанд ажиллуулж шаардлага хангасан тохиолдолд 1 жилийн хугацаагаар төслийн захирал, ерөнхий нягтлан бодогчтой хөлсөөр ажиллах гэрээг хавсралт 1-д заасан маягтын дагуу байгуулах, сунгах, цуцлахыг зөвшөөрөхөөр зохицуулсан.

Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдээс томилогдсон ч гэсэн дээрх журмын дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулж жил бүр дүгнүүлж сайн ажилласан тохиолдолд цааш жил бүр сунгаж, муу ажилласан тохиолдолд гэрээг сунгахгүй цуцалж дуусгавар болгохоор зохицуулсан журамтай.

Гэтэл шүүхээс дээрх журмын дагуу Хөлсөөр ажиллах гэрээний талаар нотлох баримт гаргаж өгсөн атал Гудамж төслийн захирлыг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Ажилд томилох тухай" Б/75 дугаар тушаалаар томилсон тул хууль ёсны гэж шийдсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч ХБДБТХН-ид холбогдуулан Гудамж төслийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ дуусгавар болгох тухай Б/28 тоот тушаалын Д.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг ХХДБТН-ид даалгуулах, Гудамж төслийн захиргаа санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Д.Н-ыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.Н- нь Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үүсгэн байгуулагдсан Гудамж төслийн нэгжийн Захиргаа санхүүгийн албаны даргаар 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон.

 

            Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай байгуулсан, уг хугацааг 2 удаа сунгаж, гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор тохиролцсон үйл баримт нь хөлсөөр ажиллах гэрээ, гэрээний сунгалт зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

            Гудамж төсөл татан буугдаж байгаа үндэслэлээр тус төсөлд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажилчидтай байгуулсан гэрээг дуусгавар болгох тухай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тушаал гаргасан ба тушаалын хавсралт болох ажилчдын нэрсийн жагсаалтын 3-т Д.Н бичигджээ.

 

            Нэхэмжлэгч нь уг тушаал гаргасан этгээдийн эрх зүйн байдлын талаар буюу эрх хэмжээ олгогдоогүй гэж маргасан ба түүний тайлбарыг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ. Учир нь Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-аар Гудамж төслийг хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг зохицуулсан бөгөөд уг журмын хүрээнд төслийн захирлыг томилох эрх бүхий этгээд нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага гэж заасан бөгөөд Б.Б-ыг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар тус төслийн нэгжийн захирлаар томилсон.

 

            Гудамж төслийг үүсгэн байгуулсан Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолд 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 тоот тогтоолоор өөрчлөлт оруулж, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүргийг Нийслэлийн болон аймгийн Засаг даргад шилжүүлснээр тэдгээр нь төсөл хэрэгжүүлэх байгууллагын эрх үүргийг залгамжлан авсан.

 

            Төсөл хэрэгжүүлэгч байгууллага солигдсон нь төслийг өмнө хэрэгжүүлж байсан байгууллагын шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болох үндэслэл болохгүй, нэгжийн захирлын эрх хэмжээний хүрээнд Б/28 тушаалыг гаргах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Улмаар Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоолоор Гудамж төслийн нэгжийг татан буулгасан ба тус нэгжийн хөрөнгийг шинээр байгуулагдсан “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөлд шилжүүлсэн нь тухайн нэгжийн эрх залгамжлан авсан, гэрээний үүрэг хүлээх ёстой гэж үзэхгүй юм.

 

            Иймд татан буугдсан Гудамж төслийн нэгжийн үйл ажиллагааг эрх залгамжлан аваагүй “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” нэгж нь нэхэмжлэгч Д.Н-ын гаргасан нэхэмжлэлийн хариуцагч биш болно.

 

            Гудамж төслийг хэрэгжүүлэгч нэгж эрх залгамжлалгүйгээр татан буугдсанаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үүргийг дуусгавар болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т заасантай нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА