Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 121

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ч.Баасанжав

хохирогч Ш.А, түүний өмгөөлөгч Л.Очбаяр

хохирогч О.Ч, түүний өмгөөлөгч Г.Балжмаа

гэрч Д.З, Ц.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас С.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021256 тоот, 4 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 5 дугаар сарын 29-нд Архангай аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2; нөхрийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 0-0 тоотод оршин суух,

ял шийтгэл: 1. Архангай аймгийн хэсгийн ардын нэгдүгээр шүүхийн 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2. Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

АЯ000000 дугаарын регистртэй, Боржигон овогт С.С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч С.С нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.А-с дансаар болон бэлнээр 219,660,002 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүд, 2016 оны 5 дугаар сарын 05, 06, 08-ны өдрүүдэд БНХАУ-д 82,956 юанийн буюу 25,841,371.88 төгрөгийн барааг Ш.А-ээр авахуулж, тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, нийт 245,501,373.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилж авсан,

мөн шүүгдэгч С.С нь хохирогч О.Ч-ээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны орчим 5,000,000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авч, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 253,501,373.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний нөхөр Б нь А-ийн эхнэр З-гийн ээжийнх нь төрсөн дүү нь юм. 2014 оны 2 дугаар сарын 10-ны үеэр З 10 хувийн хүүтэй мөнгө гаргамаар байна гэж манай нөхөрт ярьсан байсан. Манай нөхөр бид хоёр сар гаран ярилцаж байгаад З-д бид хоёр гаргаад өгье гэж хэлсэн. З хүлээж бай гэж хэлсэн. Сүүлд нь 10 хоногийн дараа нөгөө мөнгөө гаргавал гарга гэж хэлсэн. Тухайн мөнгөний тооцоог З өөрөө тулгаад аваад явдаг байсан. Бид хоёр З, А хоёртой 1 жил 3 сар гаруй хугацаанд хамтарч ажилласан. Гэтэл мөнгө гаргах ажил удаашралд орсон. Өмнө нь өөрсөдтэй нь тооцоо хийгээд явдаг байсан. Миний хувьд эдгээр хүмүүсийг залилсан зүйл байхгүй. Надаар хэт их мөнгө гаргуулж, нэхсэн. Би З-д удаа дараа Б-той тооцоо хий гэж хэлсэн. Надтай уулзахад нь би өндөр мөнгө гараад байна. Дараа нь авч чадахгүй юм болно гэж хэлсэн. Бид энэ талаар хэлэхэд З-той тооцоо хийнэ гэж хэлж байсан. З тухайн үед эгчээ би мэдэж байна. Хасах мөнгөө хасаад явна гэж хэлж байсан. Тооцоо мөнгөө нийлээд явдаг байсан талаар Згийн гарын үсэг зурж авч явсан баримт байгаа. Б буюу нөхөр маань З-гийн ээжийн төрсөн дүү. З бол А-ийн эхнэр. Тухайн тооцооны мөнгө нь Аийн дансаар орж байсан. Гэхдээ миний данс руу 10.000.000 төгрөгөөр мөнгө орж ирж байсныг би санахгүй байна. 2015 оны 3 дугаар сарын эхээс эхлээд А-ээс мөнгө авсан. Би 10.000.000 төгрөгөөс дээш мөнгө гараагүй. Тооцоо нийлж байсан талаар тэмдэглээд явдаг байсан дэвтэр гэрт байсан чинь олдохоо больсон. Би Б-оос асуутал Зд аваачаад өгсөн байсан. З тэр дэвтрийг мөрдөгчид аваачиж өгсөн байсан. Тэгээд дэвтрээ тулгахад Б-оос гарсан мөнгө байгаагүй. Манай нөхөр мэдэхгүй гээд байсан. Уг асуудлыг шалгуулмаар байна аудитын шалгалт оруулж өгөөч гэсээр байгаад аудит оруулсан. Танай нөхөр дээр 10.000.000 төгрөг гарч ирлээ гэж надад хэлсэн. Б өөрөө мэдэхгүй, худлаа ярь гээд байсан. Би одоог хүртэл энэ мөнгөний учрыг олохгүй байна гэв.

 

Хохирогч Ш.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

С-гийн хүүлсэн мөнгө нь өөрсдийнх нь мөнгөнүүд байх. Манай эхнэр рүү залгаад өөрөө мөнгө гаргая гэж хэлсэн гэсэн. 10 саяар надаас мөнгө аваагүй гээд байна. Хамаатных нь хүмүүс бүгд авч байсан. Ажлынхаа илүү гарсан мөнгөнүүдээс өөрийнхөө дансаар С-гийн данс руу шилжүүлдэг байсан. Бараанд явахдаа эхний ээлжид 100.000 юан Б энэ хоёр хамт тоолоод аваад явж байсан. Би үлдсэн юанаа Б, С нарт тоолж өгөөд явсан. Барааг бодитоор авсан. Ирээд энэ хүмүүст тоолж өгөөд явсан. Мөрдөн байцаалтын шатанд надаас авсан бараа зэргийг хэрэгсэхгүй болгосон. Би хасах юм байвал хас гэж хэлсэн. Дараа нь 100.000 юан аваад С-тай хамт явсан. Бтой хамт бараа аваад явсан. Бараагүй болчхоод байна, бараа авч ирээд энэ хүмүүст тараах юм бол мөнгө өгөх гээд байна гэхээр нь би БНХАУ-аас бараа авч ирж өгсөн. Надад нийт 202.299.373 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 6.100.000 төгрөг хасаад нийт 196.199.373 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч О.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

С-гийн хүүхэд манайд ажиллаж байсан юм. Тэгээд С-тай танил болсон. Нэг хэсэг уулзалгүй байж байгаад 2018 онд уулзахад С надаас мөнгө зээлээч гэхээр нь би 3.000.000 төгрөг зээлүүлсэн. Эргүүлээд 4.500.000 төгрөг болгож өгсөн. Дараа нь дахин 5.000.000 төгрөг зээлүүлээч гэхээр нь би байгаа нь гээд 3.000.000 төгрөг зээлсэн. Одоог болтол хохирлоо барагдуулаагүй. 6.100.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Гэрч Д.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

С анх мөнгө зээлэх асуудлыг надтай ярилцсан. Улмаар сарын 10 хувийн хүүтэй, зээлсэн мөнгө дээрээ хүүгээ нэмээд 60 хоногт хуваагаад өдөр өдөртөө өгдөг байсан. Зээлсэн мөнгөний тооцоог 7, 7 хоногоор хийгээд явдаг байсан ба уг мөнгөө С-гаас дансаар авдаг байсан. Бэлнээр авч байгаагүй. Хувцасны лангуу түрээслээд ажиллуулах талаар ярьж байгаагүй. Тухайн үедээ гайгүй ажиллах юм бол байртай болгох талаар ярилцаж байсан. 219.000.000 төгрөг А-ийн дансаар өгсөн. Бид хоёр С-д 3 хүүхдийнхээ хадгаламж барьцаалж зээл авсан мөнгө дээрээ 4.000.000 төгрөг нэмж өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тооцоо хийж яваад тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Бараанд явж ирээд авч ирсэн бараагаа хүмүүст тараагаад өгчихвөл зээлсэн мөнгөө. Тэгээд та нарын мөнгийг өгнө гэж хэлдэг байсан боловч өгөөгүй. Мөнгөний тооцоог С-тай хийдэг байсан. Би С-д хамаатан садан гэдэг утгаар нь мөнгө зээлдэг байсан. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийсэн тооцооны үнийн дүнг сайн санахгүй байна. Мөнгөө дансаар өгч байсан. С-г мөнгөө өгөөч гэхээр хүмүүс мөнгөө өгөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан байдлаар хохирлоо нэхэмжилж байна гэв.

 

Гэрч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би С-тай амьдраад 7-8 жил болж байна. Санхүүгийн тооцоог би барьдаг байсан. Харин хэнд, ямар хэмжээгээр мөнгө зээлэх асуудлыг С шийддэг байсан. С-г хэнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар би мэдэхгүй байна. Намайг тооцоо нийлсэн баримтуудыг нь нуусан гээд байгаа боловч тийм зүйл байхгүй. Би С-гийн дансаар 200 гаруй сая төгрөг орсон талаар сонсож байсан. Уг мөнгийг цааш нь хүнд зээлсэн байх. Би А-д дансаар 11.000.000 төгрөг өгсөн үү, өгөөгүй юу гэдгээ санахгүй байна. Зтой тооцоо нийлдэг байсан. Бид хоёр одоо түрээсийн байранд амьдардаг. БНХАУ-руу бараанд явахдаа эхний удаа би явсан. Дараагийн удаа би яваагүй. Тэр үед явахад мөнгийг С удирддаг байсан ба А-ээс гарсан мөнгө байсан. Тухайн үед авч ирсэн барааг зараад тус мөнгөнөөс ойролцоогоор 10 сая төгрөг А, З нарт өгсөн. Би С-д хүмүүсийн өр ширийг нь өгье гэж хэлдэг байсан. Гэтэл С хүнд байгаа одоо удахгүй орж ирнэ хүлээж бай гэдэг. Зээл авсан хүмүүстэй нь уулзъя гэхээр уулзуулдаггүй байсан гэв. 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.С-д холбогдуулан түүнийг “Залилах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ш.А “… С-гийн сүүлд суусан нөхөр Б-ийн эгч нь манай хадам ээж байгаа юм. С хүмүүсээс мөнгө зээлээд хүмүүст тарааж зээлүүлээд хүүтэй нь аваад мөнгө өсгөдөг гэж ярьдаг байсан. 2015 оны 3 дугаар сард манай эхнэр З-д С нь өөрийн хийдэг ажлын талаар хэлж “та нарт мөнгө байвал зээлүүлээч” гэсэн санал тавьж байсан юм байна лээ. Манай эхнэр З надад хэлэхдээ “С эгчид мөнгө зээлүүлэх үү” гэхээр нь би “өөрөө мэд” гэсэн. Ингээд С-д эхлээд 15 сая төгрөг өөрийнхөө хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг аваад бэлнээр Москва рестораны урд байрлах лангуун дээр аваачиж өгсөн. Түүнээс хойш С нь “манай хажууд байдаг хүмүүст мөнгө хэрэгтэй, бараагүй болчихоод байна” гээд надаас мөнгө нэмж бага багаар зээлсээр байгаад 2016 оны 2 cap хүртэл буюу Цагаан cap болтол би нийтдээ биет байдлаар 233,340,000 төгрөг өгсөн. Цагаан сарын дараа С “наймаачид бараагүй, мөнгөгүй болчихлоо, бараа авчираад заруулаад мөнгөө гаргуулж авъя” гэхээр нь би С, түүний нөхөр Бийн хамт бид гурав БНХАУ-ын Гуанжоу хот руу яваад маш олон төрлийн барааг их хэмжээгээр аваад Улаанбаатар хотод ирсэн. Бараа болон замын зардалд 50 сая төгрөг гаргаад ямар ч мөнгө буцааж өгөхгүй болохоор нь би мөнгөө нэхтэл С “мөнгөгүй, бараагүй болчихлоо, бараагаа хүмүүст тараачихсан” гэхээр нь би дахиад дагуулж БНХАУ-ын Хэбэй хотоос олон төрлийн бараа их хэмжээгээр аваад 50 сая төгрөгний зардал гарсан юм.

С-тай би ямар ч гэрээ хийгээгүй, би тухайн үедээ төрөл садан хүмүүс учраас итгээд л бэлнээр болон дансаар өгөөд байсан. Чамаас зээлсэн мөнгөө хүмүүст тараагаад өгчихсөн байгаа, хүмүүс мөнгөө өгөхгүй байна, тэд нар мөнгөө өгчихвөл би мөнгийг чинь өгчихнө гэж надад хэлдэг байсан. Би С-д сарын 10 хувийн хүүтэй мөнгөө зээлсэн.

 200 мянган юань өгсөн талаар надад баримт байгаа, энэ баримтыг манай ажилтан Мөнхбаатар авчирч өгсөн байх ёстой. Тухайн баримтан дээр 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 34,595,000 төгрөг буюу 100 мянган юань, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 31,180,000 төгрөг буюу 100,000 юанийг авч явж Сд бараа авч өгсөн байдаг.

С-д бараа материал авах зорилгоор Хятад явахдаа зарцуулсан 200 мянган юаньд замын зардал, хоол хүнс, буудлын төлбөр, хэлмэрчийн хөлс орж байгаа боловч хоол хүнс, буудлын төлбөр, хэлмэрийн хөлс нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлээсээ хасч, баримтаар тогтоогдсон бараа материалын дүнгээр тооцож нэхэмжилж байна. Би уг барааг оруулж ирэх үед нь хамт байгаагүй. Би барааг худалдаж авч, мөнгийг нь төлчихөөд Монгол руу буцсан, харин С, Б нар үлдээд бараагаа Монголд оруулж ирсэн.

Хоёр дахь явалтад С-тай хамт би онгоцоор явсан бөгөөд буцах тасалбарын дагуу С-тай хамт онгоцоор ирсэн. Харин бараа араас 7 хоногийн дараа каргогоор ирсэн.

Хүүхдүүдийнхээ хадгаламжийг барьцаалан зээл авч 10 сая 500 мянган төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд баримт байхгүй боловч С өөрөө авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүн дээр нэмээд 4 сая 500 мянган төгрөгийг нэмж бэлнээр өгсөн байдаг. Тэгэхдээ 4 сая 500 мянган төгрөгийн эх үүсвэр баримт байхгүй учраас үндсэн 10 сая 500 мянган төгрөгийг нэхэмжилнэ.

Би С-гаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 165,958,020 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн үүн дээр нэмээд С-тай хамт бараанд 2 удаа явсан 65 сая 775 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр зарим барааны баримт нь шаардлага хангахгүй учир тооцоог хохиролд оруулаагүй байсан боловч С, Б нар нь тухайн үнийн дүнгийн барааг авснаа хүлээн зөвшөөрдөг юм” /1 хх-37-38, 2 хх-н 189-190, 3 хх-н 165/ гэж,

гэрч Дагвасамбуугийн З “... С гэч анх 2014 онд надад “манай тэрүүгээр лангуун дээр бараа зардаг хүмүүс сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай мөнгөө зээлээд мөнгийг чинь өдөр өдөрт нь хурааж авдаг юм” гэхээр нь “бид нар өөрсдөө хурааж авах уу” гэхэд “хэрэггүй, би Бийн хамт мөнгөө оройд нь хураагаад авчихна, өөр хүмүүсээс мөнгө зээлээд ингэж өгч байсан, маш их ашигтай байдаг юм, мөнгөө зээлүүлээч” гэхээр нь би өөрийн хүүхдүүдийн хадгаламжийг барьцаалж 15 сая төгрөгийн зээл аваад С-д 2015 оны 03 сарын 20-дын үеэр өөрийнх нь бараа зардаг Баянгол дүүргийн 14-р хороо Москва рестораны урд талын задгай талбай дээр би өөрийн нөхрийн хамт очиж бэлнээр өгсөн юм. Тэгээд 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэл дээрээс нь мөнгө нэмж зээлж аваад л байсан” /1 хх-н 39-40/ гэж,

гэрч Цэвээнтогтохын Б “... 2016 оны 3 дугаар сард шиг санагдаж байна, С А-тэй тохиролцож Хятад улсын Гуанжоу руу явж 30 гаруй сая төгрөгийн бараа авчирч тухайн барааг С авч зарж борлуулаад тэндээс гарсан ашгаас А-д мөнгийг нь өгөх ёстой байсан. Гуанжоу руу явах үед би С, А нартай хамт явсан. Дараа нь 2016 оны 5 дугаар сард С, А нар хамт Бээжин рүү явсан бөгөөд яг хэдэн төгрөгний бараа авч ирсэн талаар нарийн сайн мэдэхгүй байна. С А-ээс авсан нийт бараагаа зарж борлуулсан. Энэ үедээ хамт бараа зардаг хүмүүсдээ хэдэн төгрөгийн барааг нь өгөөд мөнгийг нь авахаар тохирч байсан. Миний мэдэж байгаагаар С нь бараа зарсан ашгаас 10 гаруй сая төгрөгийг А-д өгсөн.

Би тухайн үед эхний удаа А, С нартай хамт Хятад улсын Гуанжоу муж руу онгоцоор явсан. Онгоцны билетний зардлыг А гаргасан. Мөн Гуанжоу-д очоод худалдан авсан барааны зардлыг А бүгдийг нь гаргасан. Би хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 10 гаруй сая төгрөгийг Аптангэрэлийн данс руу бэлэн байдлаар орлогодож өгч байсан. Уг мөнгөнүүдийг С “энэ мөнгийг А-ийн данс руу шилжүүлчих” гэж надад өгөхөөр нь шилжүүлдэг байсан. Би ХААН банкинд нэг л данс эзэмшдэг бөгөөд тэр дансаараа А, З нартай харилцаж гүйлгээ хийж байгаагүй.

Гуанжоу мужаас авчирсан барааг бүгдийг нь С өөрөө хариуцаж борлуулдаг байсан. Мөн С тухайн барааны мөнгийг бүрэн хариуцдаг байсан /2 хх-н 60-61, 3 хх-н 224, 4 хх-н 18/ гэж,

хохирогч О.Ч “... 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр С надтай уулзаад “найз нь БНХАУ-аас бараа оруулж ирээд Наадмаас өмнө мөнгийг чинь төлнө. Хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээч” гэж гуйсаар байгаад Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны Экспресс банкнаас 5 сая төгрөгийг өөрийн ХААН банкны 5005079854 данснаас бэлнээр авч С-д өгсөн. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр залгаж “дахиад надад 3 сая төгрөг зээлээч” гэж хэлэхээр нь надад тухайн үед мөнгө байхгүй болохоор нь өөрийн төрсөн ах О.Г-тай яриад Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрлах гэрт нь С-тай цуг очоод түүнийг гадаа нь үлдээж байгаад өөрөө орж бэлнээр 3 сая төгрөг зээлж аваад Сд өгсөн. Түүнээс хойш мөнгөө нэхэж залгасан боловч удахгүй өгнө, маргааш өгнө гэж хэлдэг байсан.

Би Сд нийт 8.000.000 төгрөг өгөхдөө зээлийн гэрээ болон мөнгө өгсөн баримт үйлдээгүй. Харин 2018 оны 7 дугаар сарын сүүлчээр С нь өөрийн биеэр бичиж өгсөн бичиг болон өөрийнх нь мөнгө авсан гэсэн утасны бичлэг надад байгаа. Би 8.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” /3 хх-н 17-18/ гэж

тус тус мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэрэг үйлдэгдсэн, уг гэмт хэргийг шүүгдэгч С.С үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

“Залилах” гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдаг онцлогтой.

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “Залилах” гэмт хэргийн үйлдлийн аргыг гэмт хэргийн шинж болгож хуульчилсан.

Тухайлбал, “... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, ...-ийг шилжүүлэн авсан бол” “Залилах” гэмт хэрэг болохоор хуульчилсан нь шүүгдэгч С.С-д холбогдох энэ хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Шүүгдэгч С.С, хохирогч Ш.А нар хамаатан садангийн хүмүүс болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр нотлогддог. Хэдийгээр хамаатан садан боловч хохирогчид итгэл төрүүлж, хуурч мэхлэн хөрөнгийг нь авч байгаа нь хуулийн дээрх заалтад нийцнэ.

 

Хохирогч О.Чийн хувьд мөн түүнд итгэл төрүүлсэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг шүүгдэгч С.С урвуулан ашигласан нь “Залилах” гэмт хэргийн шинжид нийцэж байх тул

шүүх шүүгдэгч Боржигон овогт С.С-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

Жишээ нь: прокуророос шүүгдэгч С.С-гийн үйлдсэн удаагийн дараагийн залилах үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг,

шүүгдэгч С.С-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамласан нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.С-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон шүүгдэгч бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа байдал нь түүнд хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах нөхцлийг үгүйсгэнэ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

 

Прокуророос шүүгдэгч С.С-г нэр бүхий хохирогч нарт нийт 253,501,373.88 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байдаг.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч С.С болон түүний өмгөөлөгч нараас нийт 14 ширхэг хохирол төлсөн баримтыг гаргасан ба уг баримтуудтай холбоотойгоор хохирогч Ш.А-ийн өмгөөлөгч Л.Очбаяр дараах тайлбарыг хийв. Үүнд:

 

Баримт 1: ХААН банкаар Ц.Б-оос Д.Д-д 2014 оны 9 дүгээр сарын 30-нд 1,0 сая төгрөг,

Баримт 2: ХААН банкаар Ц.Б-оос Д.З-д 2014 оны 11 дүгээр сарын 05-нд 1,0 сая төгрөг тус тус өгсөн гэсэн нь “залилах” гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хамааралгүй. 

Баримт 3: ХААН банкаар Ц.Б-оос Ш.А-д 2015 оны 6 дугаар сарын 08-нд 3,0 сая төгрөг шилжүүлсэн гэсэн нь Эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийн хариулт 8, 4 хэсэгт авагдсан /хх-н 240 дүгээр хуудас/

Баримт 4: АТМ-ээс 2016 оны 6 дугаар сарын 22-нд 640.000 төгрөг

Баримт 5: АТМ-ээс 2016 оны 6 дугаар сарын 27-нд 600.000 төгрөг

Баримт 6: АТМ-ээс 2016 оны 6 дугаар сарын 24-нд 500.000 төгрөг

Баримт 7: АТМ-ээс 2016 оны 6 дугаар сарын 23-нд 600.000 төгрөг

Баримт 8: АТМ-ээс 2016 оны 6 дугаар сарын 30-нд 540.000 төгрөг

Баримт 9: АТМ-ээс 2016 оны 7 дугаар сарын 01-нд 400.000 төгрөг

Баримт 10: АТМ-ээс 2016 оны 7 дугаар сарын 02-нд 600.000 төгрөг

Баримт 11: АТМ-ээс 2016 оны 7 дугаар сарын 03-нд 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн гэж байгаа нь 3 дугаар хавтаст хэргийн 247 дугаар хуудсанд авагдсан АТМ-ийн 8 ширхэг баримт бөгөөд мөнгөнүүд нь Ш.А-ийн 0000000 дугаартай данс руу орсон байдаг. Эдгээр нь 2 дугаар хавтаст хэргийн 1-ээс 12 дугаар хуудас, тухайлбал 10 дахь хуудасны баримттай тохирч байгаа. Иймд дээрх баримтууд бүхий мөнгөнүүдийг хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй.

 

Харин Баримт 12: АРИГ банкаар С.С-гаас Н.М-т 2016 оны 11 дүгээр сарын 22-нд 500.000 төгрөг,

Баримт 13: АРИГ банкаар С.Сгаас н.Мөнхбаатарт 2016 оны 12 дугаар сарын 05-нд 600.000 төгрөг тус тус шилжүүлсэн.

Баримт 14: 2015 оны 6 дугаар сарын 22-нд Н.М-д бэлнээр өгсөн 5 сая төгрөг, нийт 6.1 сая төгрөгийг авсан гэдэгт хохирогч Ш.А маргахгүй тул энэ мөнгийг хохирлоос хасуулж тооцоход татгалзах зүйлгүй.

Энэ 6.1 сая төгрөгийг хасаж тооцоход үлдэгдэл хохирол 196.199.373 төгрөг болж байна. Энэ мөнгийг нэхэмжилнэ гэв. 

 

Түүнчлэн хохирогч О.Ч, түүний өмгөөлөгч Г.Балжмаа нар “... хохирлын 8 сая төгрөгнөөс 1.9 сая төгрөг авсан, үлдэгдэл хохирол болох 6.1 сая төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Эдгээр мөнгийг шүүгдэгч С.С-гаас гаргуулж хохирогч Ш.А, О.Ч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав “... С-д байгаа тэмдэглэлийн дэвтрийн бичилтийн нягталж үзээгүйн улмаас хохирлын тооцоо буруу гарсан, ... хавтаст хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна” гэсэн үндэслэлүүд дурдаж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаалгах, эсхүл хамаатан садан хүмүүсийн хооронд хийгдсэн хэлцэл тул иргэний маргаан гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч” гэсэн хүсэлтүүд гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй.

Учир нь: С.С-гийн тэмдэглэлийн дэвтрүүд дэх мөнгөний тооцооны бичилт нь С.С, түүний нөхөр Ц.Б нарын бусдад дамжуулан зээлсэн гэх /авсан, өгсөн гэх/ мөнгөний тооцоо болохоос биш хохирогч Ш.А-ээс авсан мөнгөний тооцоонд хамааралгүй болно.

 

Шүүгдэгч С.С-д хохирогч Ш.А мөнгө өгсөн гэдгээ дансны хуулга, бусад баримтуудаар нотолж чаддаг бол, энэ байдлыг нь шүүгдэгч С.С үгүйсгээгүй болно.

 

Нөгөөтэйгүүр С.С нь бусдад өгсөн гэх мөнгө, эд бараагаа хэрхэн яаж олж авах, нэхэмжлэх нь түүний эрхийн асуудал юм.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүгдэгч С.С-гийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүх энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт С.С-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.С-г 4 /дөрөв/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. С.С-д оногдуулсан 4 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. С.С-г 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорьсон болохыг дурдаж,

түүний цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

С.С-гаас 196.199.373 /нэг зуун ерэн зургаан сая нэг зуун ерэн есөн мянга гурван зуун далан гурав/ төгрөг гаргуулж хохирогч Ш.А-д, 6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.Ч-т тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.С-г цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

      

                                ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ