Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/482

 

С.Сад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жаргал,

хохирогч Ш.Аийн өмгөөлөгч Л.Очбаяр,

            шүүгдэгч С.Са, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ч.Баасанжав,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Са, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав, Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Сад холбогдох 201726021256 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Сийн Са, 1966 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй;

Архангай аймгийн хэсгийн ардын нэгдүгээр шүүхийн 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1989 оны 8 дугаар сарын 3-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 5 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

С.Са нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Аээс дансаар болон бэлнээр 219.660.002 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд, 2016 оны 5 дугаар сарын 5, 6, 8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 82.956 юанийн буюу 25.841.371.88 төгрөгийн барааг Ш.Аээр авахуулж, тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, нийт 245.501.373.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилж авсан,

иргэн О.Чээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим 5.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг, нийт 8.000.000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж авсан, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 253.501.373.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Сагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Сийн Саг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Саг 4 жил хорих ялаар шийтгэж, С.Сад оногдуулсан 4 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, С.Саг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорьсон болохыг дурдаж, түүний цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Сагаас 196.199.373 төгрөг гаргуулан хохирогч Ш.Ад, 6.100.000 төгрөг гаргуулан хохирогч О.Чт тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Са давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нөхөр Ц.Батдоржтой амьдраад 14 жил болж байна. Ц.Батдоржтой хамт амьдрах хугацаандаа хамаатных нь дүү болох Д.Золбоо, түүний нөхөр болох Ш.А нартай 2014 оны 3 дугаар сараас эхлэн 10 хувийн хүүтэй мөнгө гаргахаар тохиролцсон. Уг мөнгөний данс, санхүүг миний нөхөр Ц.Батдорж барьдаг байсан. Хамгийн анх Д.Золбоо, Ш.А нараас 5.000.000 төгрөг бэлнээр авч, уг мөнгийг хүмүүст хүүтэй зээлж, тооцоог нь Д.Золбоо, Ш.А нартай хийж байсан. Д.Золбоо нь дансны хар дэвтэрт бичиж, гарын үсэг зурж авдаг байсан. Иймэрхүү байдалтайгаар бид дөрөв 1 жил 3 сарын хугацаанд хамтарч ажилласан. Энэ асуудлаас болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, харамсаж байна. Уг 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх хугацаанд Д.Золбоо, Ш.А нараас бага багаар 80.000.000 төгрөгийг буцааж өгөхдөө илүү их болгож өгсөн байдаг. Өнөөдөр би энэ мөнгөний хүүнд нь баригдаж, өрөнд орж байгаадаа маш их гомдолтой байна. Би хохирогч Ш.А, нөхөр Ц.Батдорж нартай хамт 2016 оны 3 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжоу хот руу бараанд явсан. Бараанд явах санааг Ш.А гаргасан ба “Бараа сайтай бол мөнгө сайн олно” гэж хэлсэн. Эхний удаа бараанд явж байхад Ш.А “100.000 юаньтай явсан” гэж хэлсэн. Тухайн үед би Ш.Аийг хэдэн төгрөгтэй явж байсныг мэдээгүй. Хоёр дахь удаагаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэбэй хот руу бараанд явахад “50.000.000 төгрөг гарсан” гэж хэлсэн. Нийт 2 удаа явж авчирсан бараагаа зараад 10.000.000 төгрөгийг Ш.Ад өгсөн. Ш.А “үлдсэн мөнгийг нь 10 хувийн хүүтэй өдрийн зээл рүүгээ оруул” гэж хэлсэн. Би хэлснээр нь хийж хүүтэй мөнгийг өдөр өдрөөр нь гаргаж, цаг алдалгүй өгсөөр байсан. Гэтэл надаас мөнгө аваагүй юм шиг, хүүгээр өсгөсөн мөнгийг бүгдийг нь намайг авсан юм шиг үзэж надаас 190.000.000 төгрөг нэхэмжилж байгаад маш их гомдолтой байна. Ш.Аийн эхнэр Д.Золбоо нь надад “буцааж өгнө, тооцооноос хасна” гэж хэлээд, нөхрөөсөө нууж, удаа дараа бага, багаар мөнгө авдаг байсан. Ингэж авдаг байсныг нь нотлох баримт, гэрч байсаар байтал хохирлоос хасаагүйд гомдолтой байна. Ш.А, Д.Золбоо нартай тооцоо хийдгээ байнга бичиж, гарын үсэг зуруулж байсан дансны хар дэвтэр дээрх мөнгийг хасаагүйд гомдолтой байна. Миний бие хохирогч О.Чт учирсан хохирлын талаар маргах зүйлгүй. Миний бие хүний мөнгийг өсгөж өгөх гэж байгаад залилангийн хэрэгт холбогдсондоо гэмшиж, гэм буруугаа ойлгож байна. Миний бие 54 настай, тархины судасны нарийсалтай, даралт байнгын хэлбэлзэлтэй байдаг. Иймд эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний хэргийг тал бүрээс нь хянан үзэж, миний биеийн болон хувийн байдлыг минь харгалзан, энэ хэргийн бодит хохирлыг тогтоож, надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. Шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлж барагдуулахаа амлаж байна. …” гэв.

            Шүүгдэгч С.Сагийн өмгөөлөгч Ч.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан. Гэтэл яллах талыг шалгаж, цагаатгах нотлох баримтыг шалгаж тогтоогоогүй. Жишээ нь, Ш.А хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Анх хүүхдүүдийнхээ хадгаламжийг барьцаалж, 10.500.000 төгрөг авч С.Сад бэлнээр өгсөн, өгсөн мөнгөнүүдээ 10 хувийн хүүтэй өгсөн.” /1хх 37/, мөн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Бид хоёрт хүүний мөнгө өгдөг байсан, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хүүнийхээ мөнгийг бүрэн авсан, энэ мөнгийг тухай бүрт нь өгч байсан. ...” /1хх 5/ гэсэн ба мөрдөгч С.Сагаас 4 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг хурааж авсан боловч эдгээр дэвтэрт бичигдсэн зүйлүүд ямар учиртай болохыг С.Са болон хамтран амьдрагч Батдорж, гэрч Д.Золбоо нараас асуугаагүй, тодруулж шалгаагүй. Эдгээр дэвтэрт бичигдсэн зүйл болон дэвтрүүдийг хувилж, хавтас хэрэгт хийсэн байдаг. Эдгээр дэвтрүүдэд бусдад зээлүүлсэн мөнгөө он, сар, өдөр нэрээр нь бичиж тэмдэглэдэг бөгөөд энэ дэвтрийг Батдорж бичиж тэмдэглэн мөнгийг нь өгч тооцоо хийдэг байсан. Ш.Аийн эхнэр Д.Золбоо, ах Батдоржтойгоо долоо хоног бүр тооцоо хийж, бэлнээр мөнгө аваад явдаг гэдгийг Ш.Аийн эхнэр Д.Золбоо, Батдорж нар шүүх хурал дээр хэлж байсныг шалгуулах талаар саналаа хэлсэн боловч шүүх хүлээж аваагүй. Энэ дэвтэрт тэмдэглэгдсэн зүйлээс дурдвал, “12 дугаар сарын 7-ны өдөр 3.840.000 төгрөгийг Золбоо авсан /1хх 33/, 12 дугаар сарын 22-ны өдөр 1.022.000 төгрөгийг Золбоо авсан, 1 дүгээр сарын 13-ны өдөр 1.055.000 төгрөгийг Золбоо авсан, 1 дүгээр сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийг Золбоогийн хүүхэд Номунд өгсөн, 2 дугаар сарын 1-ний өдөр 5.000.000 төгрөг Ш.А авсан, 2 дугаар сарын 3-ны өдөр 9.013.000 төгрөг Золбоо авсан /1хх 224/, 2 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг Ш.А /1хх 245/ ...” гэх мэтээр Д.Золбоо, Ш.А нар Батдоржоос бэлэн мөнгө аваад явдаг боловч С.Сагийн тооцоонд оруулаагүй. Шүүгдэгч С.Са нь хэрэгт шалгагдаж байх хугацаанд тодорхой хэдэн үндэслэл зааж шалгуулахаар прокурорт гомдол гаргасан боловч тэр үндэслэлүүдийг шалгаагүй. Хохирогч Ш.А, гэрч Д.Золбоо нараас С.Сагийн дансаар орж ирсэн мөнгөний эх үүсвэрийг шалгахгүй орхисон, яагаад шалгуулах гээд байна гэвэл, Ш.А, Золбоо нар хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж мөнгө авч өгсөн гэснээс үзэхэд 200.000.000 төгрөг гаруй мөнгийг хаанаас авч С.Сад шилжүүлж өгсөн болохыг тогтоох, мөн Хятад Улсаас 2 удаа бараа авчирсан мөнгө, ямар эх үүсвэрээс эдгээр мөнгө гараад бусдад ашиглагдаад байна гэдгийг тус тус шалгаж тогтоох шаардлагатай юм. Шүүгдэгч С.Са, хохирогч Ш.А, гэрч Д.Золбоо нараас дансаар орж ирсэн их хэмжээний мөнгө өөрт нь байсан бол 2018 онд О.Чээс 10 хувийн хүүтэй 8.000.000 төгрөгийг зээлэн авч өрөнд орохгүй шүү дээ. Тэгэхээр С.Са залилсан гээд байгаа их мөнгө шүүгдэгч С.Са, гэрч Батдорж, Золбоо нарын хэн нь хэнийгээ залилсан бэ гэдэгт эргэлзээ төрж байна. Хамтран амьдрагч Батдорж Ш.Аийн дансанд 11.720.000 төгрөгийг бэлнээр орлогодож өгсөн талаараа “С.Сад хэлдэггүй. С.Са нь Ш.А Д.Золбоо нараас дансаар орж ирсэн мөнгийг банкнаас аваад Батдоржид өгдөг. Мөнгөний тооцоог Батдорж хийдэг” гэж мөрдөн байцаалтад болон шүүх хурал дээр хэлж, мэдүүлж байсан. Гэрч Батдорж ч энэ талаар шүүх хуралд хэлж мэдүүлсэн. Шүүх хурал болохоос хэд хоногийн өмнө Д.Золбоо нь С.Сагийн охин Дамдинбазартай утсаар яриад “миний ахад ямар ч буруу байхгүй шүү, олон юм яриад байх шаардлагагүй шүү” гэж хэлсэн нь анхаарал татаж байгаа тул шалгах асуудал гэж үзэж байна. Хохирогч Ш.А, гэрч Д.Золбоо нар 10 хувийн хүүгээр мөнгөө хүүлүүлэх санаачлагыг анх Батдоржийн дүү Д.Золбоо нь ах Батдорждоо санал болгон хэлсэн гэдгийг Батдорж, С.Сад хэлсэн гэж мэдүүлдэг, үүнээс гадна гэрч Д.Золбоо нь “байрны урьдчилгаа мөнгө өгнө, хохирогч Ш.А ажлын байртай болгоно, хамтран ажиллана” гэж 1 жил 3 сарын хугацаагаар мөнгөө хүүлүүлж, хүүг нь авч ашиг хонжоо олчихоод эцэст нь гэмт хэрэгтэн болголоо. Ш.А, Д.Золбоо нар С.Сагаас мөнгөө авах талаар нэхэхэд шалтаг шалтгаан хэлээд өгдөггүй байсан гэсэн мэдүүлэг байдаг боловч өмнө нь өгсөн мөнгөө авч чадаагүй байж, дээр нь дахин мөнгө шилжүүлж, бараа материал авч өгөөд байсан нь Ш.А, Д.Золбоо нар С.Саг их хэмжээний өрөнд оруулж ялтан болгоход.нь нөлөөлсөн гэж дүгнэж байна. Самбуу овогтой Са нь 1966 онд төрсөн бөгөөд одоо тэтгэврийн насанд хүрч байгаа. Өөрийн гэсэн гэр орон, өмч хөрөнгө байхгүй, түрээсийн байранд амьдардаг, 4 жилийн хорих ял эдлээд гарч ирлээ гэж бодоход хөдөлмөрийн чадваргүй болж, иргэн Ш.А, О.Ч нарын хохирлыг барагдуулах найдвар бага болох тул ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Сагийн өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос С.Сад холбогдуулан яллах талын нотлох баримтуудыг шалгаж цагаатгах талын баримтуудыг үнэлээгүй оруулж ирсэн гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын гаргасан энэ талаарх тайлбарыг хүлээж авалгүй ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогч Ш.А нь мөрдөн байцаалтын шатанд хадгаламжаа барьцаалан мөнгө зээлж, С.Сад бэлнээр өгдөг байсан талаар мэдүүлдэг. Мөн хүүнийхээ мөнгийг бүрэн авдаг талаар мэдүүлсэн. Шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын зүгээс С.Сад байсан 4 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд шүүх хүлээн авч шинжлэн судлах шаардлагагүй гэж үзсэн. Дээрх тэмдэглэлийн дэвтэр нь С.Сагаас бусдад зээлүүлсэн мөнгөний он, сар, өдөр, зээлсэн хүний нэрсийг бичсэн байсан бөгөөд хохирогч Ш.Аийн эхнэр Золбоотой тооцоо нийлдэг байсан талаараа С.Са шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж тайлбарласан. Мөн шүүх хуралдаанд Д.Золбоо гэрчээр оролцож хэргийн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд өмгөөлөгч нар 4 ширхэг дэвтрийн талаар асуухад “мэднэ, тооцоо нийлдэг байсан” гэж баталж мэдүүлсэн. Мөнгө зээлүүлэх талаар санаачлагыг хохирогч талаас С.Сад гаргасан бөгөөд гэрч Д.Золбоо нь байрны урьдчилгаа мөнгөн өгнө, хохирогч А нь ажлын байртай болгоно гэж амлаж мөнгө хүүлүүлж ашиг олоод эцэст нь хэрэгтэн болгож байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Ш.А нь өмнө өгсөн мөнгөө С.Сагаас аваагүй байж дахин нэмж мөнгө шилжүүлж байсан нь С.Саг их хэмжээний өрөнд оруулж, гэм буруутан болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс дээрх байдлуудыг давж заалдах шатны шүүхээс хянан үзэж, С.Сагийн зүгээс хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж харамсаж байгаа, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ш.Аийн өмгөөлөгч Л.Очбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг харахад юу хүсээд байгаа нь тодорхойгүй байна. Хохирол төлбөрийн асуудал бичгийн нотлох баримтаар нотлогдсон. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн баримтууд нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан зүйлүүдтэй давхцаад байдаг. Хэрэгт авагдах ёстой бүх баримтууд хангалттай авагдсан ба 4 ширхэг дэвтрийг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан. Шүүгдэгч өөрөө хэдэн төгрөг хохирогчид өгсөн болохоо тодорхой хэлж чаддаггүй. Гэм буруугаа хүлээгээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг тодорхойгүй зүйл ярьдаг. Аийн орлогын эх үүсвэрийг тогтоох шаардлагатай гэж байна. Энэ талаар А анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болон С.Сагийн үйлдлийг үгүйсгэх ямар нэгэн үндэслэл байхгүй. ...” гэв.

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Са нь хохирогчид хэзээ, хэнд, яг хэдэн төгрөг өгсөн талаараа тодорхой дурдахгүй байна. Яг хэдэн төгрөгийг хохирлоос хасуулах гээд байгаа юм бэ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед 4 ширхэг дэвтрийг шалгасан ба шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Анхан шатны шүүх 4 ширхэг дэвтрийг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад шийтгэх тогтоолын 8 дугаар талд дүгнэлт хийсэн байна. Тодорхой бус давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            С.Са нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сарын 10 хувийн хүүтэй зээлэх, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр иргэн Ш.Аээс дансаар болон бэлнээр 219.660.002 төгрөгийг,

            2016 оны 3 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд, 2016 оны 5 дугаар сарын 5, 6, 8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, Ш.Аээр 82.956 юанийн буюу 25.841.371.88 төгрөгийн үнэ бүхий бараа авахуулж, нийт 245.501.373.88 төгрөгийг,

            2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, үргэлжилсэн үйлдлээр хохирогч О.Чээс 5.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг тус тус авч, бусдад нийт 253.501.373.88 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Ш.Аийн “...Эхлээд хүүхдийнхээ хадгаламжийн 10.500.000 төгрөгийг аваад Москва рестораны урд байрлах лангуун дээр Сад бэлнээр өгсөн. Түүнээс хойш Са нь ... надаас бага, багаар мөнгө нэмж зээлсээр байгаад 2016 оны 2 дугаар сар хүртэл ... нийтдээ 233.340.000 төгрөг өгсөн. ...Са “наймаачид бараагүй, мөнгөгүй болчихлоо, бараа авчирч заруулаад мөнгөө гаргуулж авъя” гэхээр нь би Са болон түүний нөхөр Батдоржийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжоу хот руу явж, олон төрлийн бараа их хэмжээгээр аваад Улаанбаатар хотод ирсэн. Тэр бараа болон замын зардалд нийт 50.000.000 төгрөг гаргаад ямар ч мөнгө буцааж өгөхгүй болохоор нь би мөнгөө нэхтэл Са “мөнгөгүй, бараагүй болчихлоо, бараагаа хүмүүст тараачихсан” гэсэн. Би дахин дагуулж яваад, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэбэй хотоос олон төрлийн бараа их хэмжээгээр аваад 50.000.000 төгрөгийн зардал гарсан. ...200 мянган юань өгсөн талаар надад баримт байгаа. ...Тухайн баримт дээр 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 34.595.000 төгрөг буюу 100 мянган юань, 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 31.180.000 төгрөг буюу 100.000 юань авч явч, С.Сад бараа авч өгсөн. ...Би ямар ч гэрээ хийгээгүй, би тухайн үедээ төрөл садан учраас итгээд л бэлнээр болон дансаар өгөөд байсан. ...Би нийт 242.233.020 төгрөгийг ... Сагаас нэхэмжилж байна. ...” /1хх 37-38, 2хх 189-190, 4хх 16/,

            гэрч Д.Золбоогийн “...Са нь надад анх 2014 онд “манай тэрүүгээр лангуун дээр бараа зардаг хүмүүс сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай мөнгөө зээлээд мөнгийг чинь өдөр өдөрт нь хурааж авдаг юм” гэхээр нь ... би өөрийн хүүхдүүдийн хадгаламжийг барьцаалж 15.000.000 төгрөгийн зээл аваад Сад 2015 оны 3 сарын 20-ны өдрийн орчим ... Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва рестораны урд талын задгай талбай дээр ... өөрийн нөхрийн хамт очиж бэлнээр өгсөн. Тэгээд 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүртэл ... мөнгө нэмж зээлж аваад байсан. ...” /1хх 39-40/,

            гэрч Ц.Батдоржийн “...Са нь А гэх хүнтэй тохиролцож, Хятад Улсын Гуанжоу руу явж 30.000.000 төгрөг гаран үнэ бүхий бараа авчирсан. Тухайн барааг Са авч, зарж борлуулан ашгаас гарсан мөнгийг Ад өгөх ёстой байсан. Гуанжоу руу явах үед би Са, А нартай хамт явсан ба очоод худалдан авсан барааны зардлыг А бүгдийг нь гаргаж байсан. Дараа нь 2016 оны 5 дугаар сард Са, А нар хамт Бээжин рүү явсан. ... Би хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөг гаран мөнгийг Аийн данс руу орлогодож өгч байсан. Тухайн мөнгөнүүдийг Са “энэ мөнгийг Аийн данс руу шилжүүлчих” гэж надад өгөхөөр нь шилжүүлдэг байсан. ...” /2хх 60-61, 3хх 224, 4хх 18/,

            хохирогч О.Чийн “...С.Са надтай уулзаад “найз нь Хятадаас бараа оруулж ирээд наадмаас өмнө мөнгийг чинь төлнө, хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээч” гэж гуйгаад ... 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5005079854 данснаас бэлнээр авч С.Сад өгсөн. ...”Дахиад 3.000.0000 төгрөг зээлээч” гэж хэлэхээр нь ... өөрийн төрсөн ах О.Ганбаатартай ярьж, 3.000.000 төгрөг зээлж ... Сад өгсөн. ...Мөнгөө нэхэж залгасан боловч “удахгүй өгнө, маргааш өгнө” гэж хэлдэг байсан. ...” /3хх 17-18/,

            С.Сагийн яллагдагчаар өгсөн “...Эхлээд 10.000.000 төгрөг бэлнээр авч, өдрийн 10 хувийн хүүтэй хүмүүст зээлүүлсэн. ...Дахиад Золбоогийн нөхөр Аээс нэмж мөнгө аваад хүмүүст зээлүүлээд байсан. ... Хятад Улсад байхдаа би худалдагчид нь “тэдэн ширхэг бараа авна” гээд хэлэхээр А миний өмнөөс мөнгийг нь өгчихдөг байсан. Тухайн үед 2 удаагийн явалтаар 60.000.000 төгрөгийн бараа байсан. ...Би ойролцоогоор 110.000.000 төгрөгөөр буцааж зарсан. ...Аээр авахуулсан бараанаас үлдэгдэл бараа байхгүй. ... Чээс ... 5.000.000 төгрөг авсан. ...Ч рүү утсаар ярьж “3.000.000 төгрөг нэмж зээлээч, өмнөх мөнгөтэй чинь нийлүүлээд буцаагаад өгчихье” гэсэн. ...Ч ахынх руугаа ороод 3.000.000 төгрөг бэлнээр ... тоолж өгсөн. ...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” /2хх 41-44, 57-58, 3хх 64-65, 167-168/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 170 дугаартай “...С.Са нь дансаар болон бэлнээр Ш.Аээс 143,800,000 төгрөг авсан байна. ...С.Са нь дансаар болон бэлнээр Ш.Ад 24.080.000 төгрөг өгсөн байна. ...С.Са нь дансаар болон бэлнээр Д.Золбоогоос нийт 65.360.002 төгрөгийг авсан байна. ...Д.Золбоогийн “Хаан” банкны 5027607225 данс руу 5.450.000 төгрөг, “Хаан” банкны 5039029928 данс руу 2.000.000 төгрөг, нийт 7.450.000 төгрөг шилжсэн байна. ...Ц.Батдоржоос Ш.Аийн “Хаан” банкны 2 дансанд 8 удаагийн гүйлгээгээр 11.672.000 төгрөг шилжүүлсэн байна. ...С.Са нь өөрийн дансаар болон бэлэн авсан нийт мөнгөнөөс Ш.Ад 24.080.000 төгрөг, Д.Золбоод 7.450.000 төгрөг, нийт 31.530.000 төгрөг шилжүүлсэн. Одоо Ш.Аээс хүлээн авсан 143.800.000 төгрөгөөс С.Сагийн шилжүүлсэн 24.080.000 төгрөгийг хасаад, 119.720.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 119.720.000 төгрөгөөс Ц.Батдоржийн Ш.Аийн дансанд шилжүүлсэн 11.672.000 төгрөгийг хасахад 108.048.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Одоо Д.Золбоогоос хүлээн авсан 65.360.020 төгрөгөөс С.Сагийн шилжүүлсэн 7.450.000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 57.910.020 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ...” /3хх 238-247/,

            “Гэрэлтэх бүртгэл аудит” ХХК-ийн “...Шинжилгээнд ирүүлсэн ... нийт 300 боодол ба 12.330 ширхэг барааг нийт 141.926 юаниар худалдан авсан баримт байна. Үүнээс: 2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 1240 ширхэг дотуур хувцсыг 23,300 юаниар худалдан авсан 5 зарлагын баримт, 2016 оны 5 дугаар сарын 5, 6, 8-ны өдрүүдэд 300 боодол ба 2372 ширхэг гадуур болон дотуур хувцас, эд зүйлсийг 59.656 юаниар худалдан авсан 16 зарлагын баримт байна. 8718 ширхэг гадуур болон дотуур хувцас, эд зүйлсийг 58.970 юаниар худалдан авсан 7 зарлагын баримтын огноо нь тодорхойгүй байна. ...Огноо тодорхойгүй учир төгрөгт хөрвүүлэх боломжгүй 58.970 юанийн баримтыг хасч, нийт 25.841.371.88 төгрөгийн бараа худалдан авсан байна. ....”Бидний зам” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн болон 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн нийт 65.775.000 төгрөгийн кассын зарлагын 2 баримт байна. Үүнд: А. “Бидний зам” ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “110.000 юань авахад” гэсэн гүйлгээний утгатайгаар 34.595.000 төгрөгийг Шижирийн Ад олгосон кассын зарлагын баримт, “Бидний зам” ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр “Юань авахад” гэсэн гүйлгээний утгатайгаар 31.180.000 төгрөгийг Шижирийн Ад олгосон кассын зарлагын баримт...” /3хх 187-214/ гэх дүгнэлтүүд,

            Ш.А, Д.Золбоо нарын “Хаан” банкнаас хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ /2хх 155-157/, Ш.Аийн 5175008811, 5753120676, 5020959284 дугааруудтай, Д.Золбоогийн 5027607225, 5039029928, 5020816949 дугааруудтай, О.Чийн 5005079854 дугаартай, С.Сагийн 5135652185 дугаартай “Хаан” банкны дансны хуулга /2хх 1-35, 138-151, 170-177, 191-217, 218-228, 236-250, 3хх 1-9, 3хх 44/, юань худалдан авсан баримтууд /2хх 159-160/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Саг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр, 2 хохирогчийн 253.501.373.88 төгрөгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийжээ.

            Прокуророос С.Сагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх “...Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв. ...Жишээ нь: прокуророос шүүгдэгч С.Сагийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамласан нь үндэслэл бүхий болжээ. ... ” гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Са нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж хуульчилсан бөгөөд прокуророос шүүгдэгч С.Сагийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн байдлаар дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөлт оруулав.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

            Прокуророос шүүгдэгч С.Саг нийт 253.501.373.88 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь Ш.А, Д.Золбоо нарын “Хаан” банкнаас хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ /2хх 155-157/, Ш.Аийн 5175008811, 5753120676, 5020959284 дугааруудтай, Д.Золбоогийн 5027607225, 5039029928, 5020816949 дугааруудтай, О.Чийн 5005079854 дугаартай, С.Сагийн 5135652185 дугаартай “Хаан” банкны дансны хуулга /2хх 1-35, 138-151, 170-177, 191-217, 218-228, 236-250, 3хх 1-9, 3хх 44/, юань худалдан авсан баримтууд /2хх 159-160/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч С.Сагийн “...Ш.А, Д.Золбоо нартай тооцоо хийдгээ байнга бичиж, гарын үсэг зуруулж байсан дансны хар дэвтэр дээрх мөнгийг хасаагүйд гомдолтой байна. ... Миний биеийн болон хувийн байдлыг минь харгалзан энэ хэргийн бодит хохирлыг тогтоож, надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

            Учир нь, хохирогч Ш.А, гэрч Д.Золбоо нарын орлогын эх үүсвэрийг шалгаснаар хэрэгт ач холбогдолгүй, хэргийн бодит үйл баримтыг тогтоох, хэргийн нөхцөл байдалд огт хамааралгүй тул шүүгдэгч С.Сагийн өмгөөлөгч Ч.Баасанжавын “...Хохирогч Ш.А гэрч Д.Золбоо нараас С.Сагийн дансаар орж ирсэн мөнгөний эх үүсвэрийг шалгахгүй орхисон... 200.000.000 төгрөг гаруй мөнгийг хаанаас авч С.Сад шилжүүлж өгсөн болохыг тогтоох, мөн Хятад Улсаас 2 удаа бараа авчирсан мөнгө, ямар эх үүсвэрээс эдгээр мөнгө гараад бусдад ашиглагдаад байна гэдгийг тус тус шалгаж, тогтоох шаардлагатай. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.           

            Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжавын Сад байгаа тэмдэглэлийн дэвтрийн бичилтийг нягталж үзэх талаар гаргасан хүсэлтэд анхан шатны шүүх “хэрэгт хамааралгүй” гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч С.Сагийн өмгөөлөгч Ж.Батбаярын “...С.Сагаас 4 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг хурааж авсан боловч эдгээр дэвтэрт бичигдсэн зүйлүүд ямар учиртай болохыг С.Са болон хамтран амьдрагч Батдорж, гэрч Д.Золбоо нараас асуугаагүй, тодруулж шалгаагүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Уг дэвтрийг анхан шатны шүүхээр судлуулаагүй гэх нөхцөл байдал нь дүгнэлтэд дурдагдсан нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна.

            Шүүгдэгч С.Са нь үргэлжилсэн үйлдлээр, хохирогч Ш.А, О.Ч нарын нийт 253.501.373.88 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан, мөн хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.  

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч С.Са, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав, Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            “Прокуророос С.Сагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Саг 4 жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Саг 4 жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

            3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Са, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав, Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ