Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 386

 

С.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 05-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн  482 дугаар магадлалтай, С.С-д холбогдох 201726021256 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав, Ж.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, урьд

Архангай аймгийн хэсгийн ардын нэгдүгээр шүүхийн 1989 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Орхон аймгийн сум дундын шүүхийн 1989 оны 08 дугаар сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 5 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 204 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б овогт С-ийн С нь

2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ш.А-аас дансаар болон бэлнээр 219.660.002 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд, 2016 оны 05 дугаар сарын 05, 06, 08-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 82.956 юанийн буюу 25.841.371.88 төгрөгийн барааг Ш.А-аасээр авахуулж, тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, нийт 245.501.373.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилж авсан,

О.Ч ээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим 5.000.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг, нийт 8.000.000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж авсан, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 253.501.373.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч С.С-г “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.С-г 4 жил хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.С-гаас 196.199.373 төгрөг гаргуулан хохирогч Ш.А-д, 6.100.000 төгрөг гаргуулан хохирогч О.Чт тус тус олгохоор” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос С.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.С-г 4 жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав, Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгч Ч.Баасанжав би яллах, цагаатгах нотлох баримтыг аль алиныг нь зөв шалгаж тогтоосонгүй гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан боловч анхан шатны эрүүгийн хэргийн шүүх зөв шийдсэн байна гэж 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 482 тоот магадлал гаргасныг эс зөвшөөрч доорх үндэслэлүүдээр хяналтын шатанд гомдол гаргаж байна. Үүнд

Анхан шатны шүүх хуралд гэрчээр Д.З, С.С-ийн хамтран амьдрагч Б нарыг оролцуулж асуулт асууж мэдүүлэг авахад анх Б-н дүү Д.З ах Б-доо 10%-ийн хүүтэй мөнгө өсгөж өгөөч гэж гуйснаар Б С.С-д хэлж бүгдээрээ ярилцан тохиролцсоноор С.С-гийн Хаан банкны дансаар мөнгө орж ирэхээр нь С.С бэлнээр авч мөнгөө Б-д өгч, Б мөнгийг аваад дэвтэрт бичиж бусдад зээлүүлдэг, гэрч Д.З ах Б-той долоо, долоо хоногоор мөнгөний тооцоог хийж зарим мөнгөө бэлнээр авч, заримыг нь үлдээгээд энэ мөнгөө дахин хүүлүүлдэг, Д.З-ийн бэлнээр авсан 7 удаагийн үйлдлээр 22.727.000 (хорин хоёр сая долоон зуун хорин долоо мянга) төгрөг авсан гэдгээ анхан шатны шүүх хурал дээр хэлж мэдүүлсэн, мөн Б С.С-д хэлэлгүй Ш.А-аасд 8 удаагийн үйлдлээр 11.720.000 (арван нэгэн сая долоон зуун хорин мянга) төгрөг орлогодож өгч байсан нь шүүх шинжилгээний аудитын дүгнэлтээр гарч ирсэн.

Мөн С.С нь Ш.А-аас, Д.З нараас дансаар орж ирсэн мөнгөө хамтран амьдрагч Батдоржид өгч, Б хавтаст хэрэгт авагдсан дэвтрүүдэд (хуулбарлан канондон хийсэн) бичээд бусдад зээлүүлж мөнгийг өгдөг зэргээс дүгнэлт хийхэд 200 гаруй сая төгрөгийн эзэн нь ганц С.С биш байх гэсэн эргэлзээ төрсөн учраас хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгуулъя гэсэн хүсэлт гаргасан боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд яллах, цагаатгах нотлох баримтын аль алинд нь зөв дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна. Эндээс дүгнэхэд гэрч Д.Згийн авсан гэх 22.727.000 төгрөг шүүгдэгч С.С-гийн хохирлоос хасагдах үндэслэлтэй юм.

Мөнгө хүүлүүлж авах санаачлагыг анх Д.З ах Б-д хэлж зөвшөөрснөөр хохирогч Ш.А-аас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... 2016 оны 06 дугаар сарын 02-нь өдөр хүртэл тооцоо нийлж, хүүний мөнгөө авсан гэж мэдүүлсэн байдаг ба хохирогч Ш.А-аас, гэрч Д.З нар ингэж мөнгөө өсгүүлж, хүүлүүлж ашиг хонжоо олсон мөртлөө С.С-д цалин хөлс өгөөгүй (жил гаруй хугацаанд), Ш.А-аас шүүх хуралд мэдүүлэхдээ С.С-гаас өгсөн мөнгөө эргүүлж авах талаар удаа дараа хэлсэн боловч шалтаг шалтгаан хэлээд өгдөггүй байсан гэж мэдүүлж байснаас дүгнэлт хийхэд түрүүчийнхээ мөнгийг авч чадаагүй байж яагаад мөнгө нэмж өгөөд байдаг нь хохирогч Ш.А-аас, гэрч Д.З нарын шунахай буруутай үйлдэл нь шүүгдэгч С.С-гийн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч С.С нь 1966 онд төрсөн, одоо тэтгэврийн насанд хүрч байгаа, өөрийн гэсэн гэр орон өмч хөрөнгө байхгүй, түрээсийн байранд амьдарч байсан, шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг эдлээд гарч ирлээ гэхэд хөдөлмөрийн чадваргүй болж, хохирогч Ш.А-аас О.Ч нарын хохирлыг барагдуулах найдвар бага болох магадлалтай тул ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр гаргасан гомдолдоо “... Шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд   4 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд анхан шатны шүүх хүлээн авсан.

Дээрх тэмдэглэлийн дэвтэр нь С.С-гаас бусдад зээлүүлсэн мөнгөний он, сар, өдөр, зээлсэн хүний нэрсийг бичсэн байсан бөгөөд энэ талаараа хохирогч Ш.А-аасийн эхнэр Золбоотой тооцоо нийлдэг байсан талаараа С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж тайлбарласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 2, 13-д заасны дагуу шүүх хуралдаанд өмгөөлөгч нар шинээр гаргаж өгсөн 4 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг шинжлэн судалсан, мөн шүүх хуралдаанд гэрчээр Д.З /хохирогч Ш.А-аасийн эхнэр/ оролцож мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд Д.З гэрчээр мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч нарын 4 ширхэг дэвтрийн талаар асуухад мэднэ, тооцоо нийлдэг байсан талаар баталж мэдүүлсэн. Тухайлбал  /дөрөвдүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал/ шүүх хуралдааны тэмдэглэлд гэрчээр Д.З мэдүүлэхдээ: өмгөөлөгч Ч.Баасанжавын “энэ хэний гарын үсэг вэ” гэж дэвтэр дээрх гарын үсгийг харуулахад миний гарын үсэг, энэ дэвтрийг мэдэх үү, хэний гарын үсэг вэ гэхэд мэднэ, Б хөтөлдөг байх, “энэ дэвтэр дээр та 10.550.000 төгрөг авлаа гээд бичсэн байна” гэхэд энэ дэвтэр дээр тулгаж байгаад тооцоо хийвэл одоо нэхэмжилж байгаа мөнгөнөөс илүү их мөнгө гарна, өмгөөлөгч Ж.Батбаярын “сая дэвтрийг тулгаж харлаа, хэд хоног болоод тулгадаг байсан вэ?” гэхэд 7 хоног эсвэл 14 хоногт нэг удаа тулгаж хардаг байсан гэж тус тус гэрчээр мэдүүлжээ. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт С.С-гийн тэмдэглэлийн дэвтрүүд дэх мөнгөний тооцооны бичилт нь С.С, түүний нөхөр Ц.Б нарын бусдад дамжуулсан зээлсэн гэх /авсан өгсөн гэх/ мөнгөний тооцоо болохоос биш хохирогч Г.А-с авсан мөнгөний тооцоонд хамааралгүй болно гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7, 35.8 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын шинээр оруулж ирсэн 4 ширхэг нотлох баримтыг үнэлж дүгнэлгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын гаргаж өгсөн 4 баримтыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүйд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гомдолтой байгаа болно. Хохирогч Ш.А-аас нь мөрдөн байцаалтын шатанд хадгаламжаа барьцаалж мөнгө зээлж С.С-д бэлнээр өгдөг байсан талаар мэдүүлдэг. Мөн хүүнийхээ мөнгийг бүрэн авдаг талаараа мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ шүүгдэгч, хохирогч нар хамаатан садан боловч хохирогчид итгэл төрүүлж, хуурч мэхлэн хөрөнгийг нь авч байгаа гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар мөнгө зээлүүлэх талаар санаачлагыг хохирогч талаас С.С-д гаргасан бөгөөд гэрч Д.З нь байрны урьдчилгаа мөнгө өгнө гэх зэргээр хохирогч Алтангэрэл нь ажлын байртай болгоно гэж амлаж мөнгө хүүлүүлж ашиг олоод эцэст нь хэрэгтэн болгож байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Ш.А-аас нь өмнө өгсөн мөнгөө С.С-гаас аваагүй байж дээр нь дахин нэмж мөнгө шилжүүлж байсан нь С.С-г их хэмжээний өрөнд оруулж гэм буруутан болоход нөлөөлсөн байна гэж үзэж байна.

Иймд өмгөөлөгчийн зүгээс дээрх байдлуудыг хяналтын шатны шүүхээс хянан үзэж С.С-гийн зүгээс хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж харамсаж байгаа, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч С.С нь хохирогч Ш.А-аас245,501,373 төгрөг, хохирогч О.Ч-ээс 8,000,000 төгрөгийг зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцсэн байна. Санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хохирлын асуудлыг үндэслэл бүхий шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав, Ж.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос С.С-г 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс  2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ш.А-аас дансаар болон бэлнээр 219.660.002 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд, 2016 оны 05 дугаар сарын 05, 06, 08-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 82.956 юанийн буюу 25.841.371.88 төгрөгийн барааг Ш.А-ээр авахуулж, тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, нийт 245.501.373.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилж авсан,

О.Ч ээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим 5.000.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг, нийт 8.000.000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж авсан, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 253.501.373.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадласан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийх бөгөөд эдгээрийг шийтгэх, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.9 дүгээр зүйлүүдэд хэм хэмжээ тогтоож, үүнийг зөрчсөн нь тус хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор хуульчилсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.С-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу шүүгчийн итгэл үнэмшил, түүний үндэслэл нотолгоог хэрхэн тусгах шаардлагуудын талаар тодорхой зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, дахь хэсгүүдэд заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, мөн хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг ямар хэмжээнд сэргээн тогтоосон эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх шүүгдэгч С.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг /объектив, субъектив шинж/ хангасан эсэх, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршиг /Ш.А-ийн хохирлын тооцоо/, захиран зарцуулалт /хэдэн төгрөг бодитойгоор авсан, хэдийг нь зарцуулсан, яаж, ямар аргаар залилаад байгаа зэрэг/, С.С нь тухайн мөнгийг бусдад зээлүүлж хэрхэн ашиг олж байсан эсэх, гэмт хэргийн санаа зорилго, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл зэрэгт нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв, бодитой дүгнээгүй гэж үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох нь зүйтэй болно.

Үүнээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар ноцтой зөрчилд хамаарах учир шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчлөөр хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав, Ж.Батбаяр нарын “... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх “... С.С нь бусдад өгсөн гэх мөнгө, эд бараагаа хэрхэн яаж олж авах, нэхэмжлэх нь түүний эрхийн асуудал юм” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны   02 дугаар сарын 05-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн  482 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, С.С-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч С.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН