Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 84

 

“Монголбанк” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул  даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/01023 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Монголбанк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тас петролеум” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 725 574 586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

06050018, 06050019 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөх бус хэлцэлд тооцуулах, 1 881 860 872 төгрөг гаргуулах, 2003, 2004 оны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Дэлгэрхүү, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Бат,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Энхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тас петролеум” ХХК нь 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Анод банктай 06050018 тоот зээлийн гэрээ байгуулан 1 000 000 ам. долларыг 24 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэйгээр зээлдэн авахаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2007 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Гэрээний хугацаанд 494,32 ам.доллар, зээлийн хүүд 209 607,54 ам.доллар төлсөн.

"Тас Петролеум" ХХК нь 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Анод банктай 06050019 тоот зээлийн гэрээ байгуулан 944 480 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 174 012 ам.доллар, зээлийн хүүд 196 243,97 ам.доллар төлсөн. Гэрээний хугацаа 2007 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөлгүй банкийг хохироож байна.

"Тас Петролеум" ХХК-д холбогдох дээрх 3 зээлтэй холбоотой асуудлаар 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Анод банкны удирдлагуудад холбогдох эрүүгийн 20847323 дугаартай хэрэгт хамтатган шалгаж байгаад Нийслэлийн Прокурорын газраас 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 211 тоот Прокурорын тогтоол гарч "Тас петролеум" ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүх 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан. Уг шийтгэх тогтоолын 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага, Банк нь Иргэний хуулийн 453-p зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааш тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 06050018, 06050019 тоот зээлийн гэрээний 2.5 дахь заалтыг тустус үндэслэн зээлийн үндсэн өр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.

Зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 06050018 toot зээлийн гэрээний 06040054 дансны үлдэгдэл үндсэн зээл 999.505.68 ам.доллар, зээлийн хүү /2007.01.31 хүртэл/ 153 059,13 ам.доллар, нийт                   1 152 564, 81 ам.доллар, 06050019 тоот зээлийн гэрээний хувьд, үндсэн зээл 770 467,93 ам.доллар, зээлийн хүү /2007.01.31 хүртэл/ 118 624,11 ам.доллар, нийт 889 092 ам.доллар байна.

Иймд нийт 2 041 656,85 ам.доллар буюу 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкны албан ёсны ханш 1 ам.доллар 1824.78  төгрөгтэй тэнцэж байгаа тул нийт    3 725 574 586  төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Зээлдэгч нь 06050018, 06050019 тоот зээлийн гэрээний үүргийи гүйцэтгэлийг баталгаажуулж 06050018, 06050019 тоот барьцааны гэрээ байгуулан хавсралтад заасан "Тас петролеум" ХХК-ийн өмчлөлийн нэр бүхий 8 815 492 449 төгрөгийн үнэлгээ бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, шатахуун, үндсэн хөрөнгө, барааны төлбөр авах эрх, ашигт малтмалын 3808А тоот тусгай зөвшөөрөлийн гэрчилгээг тус тус барьцаалан талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлдэгчийн барьцаа хөрөнгөөс тэргүүн ээлжинд зээлийн төлбөрийг барагдуулах эрхийг хангаж, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, зээлийн төлбөрийг барагдуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Анод банк 2003 онд "Тас петролеум" ХХК-ийн нэр дээр нийт 8 удаагийн үйлдлээр 4,9 тэрбум төгрөгийг, 2004 онд 6 105 000 ам.долларын хийсвэр зээл гаргаж үүнээс 5 050 000 ам.долларыг хадгаламжинд байршуулах нэрээр бэлнээр гаргаж авч байсан.

Анод банк 2005 оны 03 дугаар сард 2003-2004 онуудад хийж байсан хууль бус үйлдлээ давтан 2005 оны 03 дугаар сарын 04-07-ны өдрийн хооронд 06050018 ба 06050019 тоот зээлийн гэрээгээр 1 944 000 ам.долларын зээл гаргасан нь өнөөдөр биднийг зээлийн үлдэгдэлтэйгээр харагдуулж байгаа юм.

Уг зээлийг аккредитивийн төлбөр ба аккредитивийн шимтгэлийн төлбөрт суутгаж авсан байсан. 2005 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар "Тас петролеум" ХХК-ийн хадгаламжийн үлдэгдэл 1.402.3 мянган ам.доллар байсан. Хадгаламжийн үлдэгдэлд байсан 1.402.3 мянган ам.доллар Самсунг компанийн аккредитивийн төлбөрт төлөгдөх ёстой атал Анод банк 2003-2004 онуудад өөрсдийн гаргасан бидэнд шаардлагагүй зээлийн үлдэгдэлийг хаасан.

2005 оны 03 дугаар сарын 04-07-ны өдрийн 06050018 ба 06050019 тоот хоёр зээлийн гэрээгээр гаргасан 1 944 480 ам.долларын зээлээс 1 сая ам.долларыг манай компанийн харилцах дансаар дамжуулан Самсунгийн аккредитивийн төлбөрт шилжүүлсэн байдаг. Харин үлдсэн 944 480 ам.долларыг Э.Цэрэндаш бэлэн гаргаж авч 603 718 ам.долларыг нь аккредитивийн шимтгэлийн төлбөрт Анод банк авсан. Үлдсэн 340 762 ам.долларыг өмнөх гаргаж байсан хийсвэр зээлийн төлбөрт авсан гэсэн тайлбар өгсөн.

Хэрэв Анод банк хадгаламжинд мөнгө байршуулах нэрээр хуурамж зээл гаргаагүй, "Тас петролеум" ХХК нь худалдааны эргэлтээс чөлөөлөгдсөн мөнгөөр хадгаламжаа бүрдүүлсэн бол 1.7 сая ам.долларын зээлийн үлдэгдэл үүсэхгүй байсан. Дээр нь Анод банкинд манай компани зээлийн хүү төлөхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, Анод банк ба Самсунгид зээл болон аккредитивийн давхар хүү төлөхгүй байх байсан. Үүнээс болж бидний томоохон бизнесийн ажлыг Анод банк үгүй хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Бид энэ талаар аль 2007-2008 оноос эхлэн маргаан үүсгэж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгуулах, бодит байдлыг тогтоолгохоор Анод банкны удирдлага, банкны ТУЗ-ийн гишүүд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ ,сүүлдээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүртэл хандсаар байсан. Миний гомдол хүсэлтийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн нам асуудлыг судлуулахаар Цагдаагийн ерөнхий газарт гомдлыг маань шилжүүлснээр "Анодын хэрэг" гэгч үүсэж нэлээд хэдэн жил шалгагдаж эцэстээ хэзээ, хэрхэн шийдвэрлэгдсэнийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурдсан тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Анод банк "Тас петролеум" ХХК-ийн хооронд байгуулсан 06050018 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

2. 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Анод банк "Тас петролеум" ХХК-ийн хооронд байгуулсан 06050019 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

З. Анод банк ХК-иас :

- "Тас Петролеум" ХХК-иас аккредитивийн үйлчилгээний шимтгэлийг илүү тооцож харицах данснаас шууд суутган авсан болон зээл үүсгэн бэлнээр гаргаж авсан 596 581 ам.доллар буюу 853 564 231 төгрөг/ 2013.04.28-ний өдрийн Монгол банкны ам.долларын албан ханш 1430,76 төгрөг/,

- Өөрийн давуу байдлаа ашиглан 06050018, 060500019 тоот хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн зээл, зээлийн хүүний төлбөрт гэх нэрээр 2005 онд 162 744,94 ам.доллар, 2006 онд 417 118,65 ам.долларыг "Тас петролеум" ХХК-ийн данснаас шууд суутган авсан нийт 579 863,59 ам.доллар буюу 829 645 630 төгрөг,

- Аккредитивийн үйлчилгээний шимтгэлд илүү тооцож төлүүлсэн 596 581 ам.долларыг манай компанийн нэр дээр зээл үүсгэн харилцах данснаас бэлэн гарган авсан. Уг зээлийн хүү нэрээр шууд суутган авч төлүүлсэн 125 043 ам.доллар буюу                          178 906 522,68 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4. "Тас петролеум" ХХК нь өөрийн эзэмшилийн Бенз 230В маркийн 47-46 УБО улсын дугаартай суудлын машиныг хоёр талын удирдлагуудын ам тохиролцооны дагуу 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Анод банкинд 13 800 ам.доллароор худалдсан. Уг машины төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа. Нийт 1 315 287,59 ам.доллар буюу                        1 881 872,26 төгрөгийг гаргуулж өгнө үү.

5. Банкны үйл ажиллагаа нь харилцагчдын итгэл дээр тулгуурлаж байдгийг ашиглан 2003-2005 онд буюу төсөл хэрэгжиж байх үед Анод банк нь манай компанийн итгэлийг ашиглан ямар ч зөвшөөрөлгүй, шаардлагагүй 9,28 сая ам.долларын /4,9 тэрбум төгрөг ба 5 575 000 ам.доллар/ хийсвэр зээлийг манай харилцахаар дамжуулан бэлнээр гарган авсныхаа дараа гэрээ хэлцэл, бичиг баримтыг нь хийдэг байсан. Хуурамчаар гаргасан зээл болон зээлийн хүүний төлбөрт гэх мөнгийг мөн ямар ч зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас гаргаад авдаг байсан. Түүний нэг нь манай харилцах дансаар дамжуулан болон дамжуулалгүйгээр бэлэн мөнгө гаргаж, тэр үед банкаас манай төсөлд хяналт тавьж байсан, манай төслийн зохицуулалтанд 2 дугаар гарын үсэг зурдаг байсан Э.Цэрэндашид олгож байсан юм билээ. Манай нэрээр гаргасан зээлүүдийг "хадгаламжинд байршуулж байна" гэх нэрийдлээр дамжуулан “Гүн төгөл” ХХК-д байршуулж уг мөнгөөр банк өөрсдийн хүссэн гүйлгээгээ хийж зарцуулж байсан. Өөрөөр хэлбэл, Анод банкны активыг өсгөх үйлдэл хийн 1 мөнгийг 3 хэлбэрээр цаасан дээр тусган хуурамчаар 3 дахин өсгөдөг байсан нь эдийн засагч нарын шинжилгээ судалгаагаар тогтоогдож байна Банкны удирдлагууд Э.Цэрэндашийг манай төслийн хянагчаар тавьж дансны гүйлгээнд 2-р гарын үсэг зуруулахыг шаардан, банктай тооцоо нийлж байх эрхиийг өгсөн ба 2005 оны эхээр уг эрх бүхий этгээд нь "Аккредитивийн шимтгэл.өмнөх зээлийн тооцоо нийлээд 944 480 ам.доллар байна. Үүнийг нэн даруй төлөхгүй бол дараа дараагийг төсөлд хүндрэл учрах гээд байна" гэж шахаж, шаардаж байж Анод банк, "Тас петролеум" ХХК-ны хооронд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06050019 тоот зээлийн гэрээг хийлгэж зээлийг дансанд оруулаад энэ дүнгээр Э.Цэрэндаш бэлнээр гаргаж аваад 603,7 мянган ам.долларыг нь аккредитивийн шимтгэлд төлсөн. 340,7 мянган ам.долларыг өмнөх зээлийн үлдэгдэлд авсан гэсэн тайлбар хэлээд өнгөрч байсан байна. Гэтэл маргаан болж байх явцад эдийн засгийн шинжилгээгээр 596 581 ам.долларын шимтгэлийн төлбөрийг илүү төлүүлсэн байгаа нь гарч ирсэн юм. Өмнөх зээлийн үлдэгдэл гэж хэлсэн 340,7 мянган ам.доллар нь ч манайхтай албан ёсоор гэрээ хийгээгүй, компанийн эрх бүхий этгээд Монгол Улсад байхгүй байхад болон банкны удирдлагууд Э.Цэрэндаштай "Тас петролеум" ХХК-ийг төлөөлүүлэн хийсэн гэрээнээс үүссэн тооцооны үлдэгдэл байсан байна.

Иймд 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03/714 тоот, 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03/740 тоот, 2003 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0030061 тоот,  2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 00030683 тоот, 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00040386 тоот, 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00040475 тоот, 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06040062 тоот гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 1. "Тас петролеум" ХХК-ийн 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05/62 тоот албан бичигт дурдсан 1900 000 ам.доллар хүссэн хүсэлтийн дагуу Анод банк нь 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 06050018 тоот зээлийн гэрээг тус компанийн Ерөнхий захирал Р.Пүрэвсүрэнтэй байгуулж 1 000 000 ам.долларыг 24 сарын хугацаатай 1,6 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлийн гэрээний 2.4-т “зээлдэгч зээл болон бусад төрлийн гүйлгээ, төлбөр тооцоог тус банкин дахь 212201.0600.01.000037 тоот дансаар гүйцэтгэх үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу банк нь 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус компанийн 212201.0600.01.000037 тоот дансанд 1 000 000 ам.долларыг шилжүүлсэн. Тус компани нь олгогдсон зээлийг 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 458 462,81 ам.долларын гадаад гуйвуулга, 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5 000 ам.долларын зээлийн материал бүрдүүлэлтийн шимтгэл төлөх зэргээр ашигласан байна. Энэ нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн дансны хуулга, “Тас петролеум” ХХК-ийн харилцах дансны хуулгаар батлагдаж байна.

Сөрөг нэхэмжлэлд уг гэрээг 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хүчин төгөлдөр бус гэдгээ мэдэж байсан гэх бөгөөд Иргэний хуулийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар хүсэлт гаргажээ. Иргэний хуулийн 75.1, 76.1, 79.1, 59.4 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа дууссан, мөн Анод банк нь тухайн зээлийн гэрээг байгуулах зорилгоор хариуцагчийг хууран мэхэлсэн үйлдэл гаргасныг тогтоосон аливаа шүүхийн шийдвэр, баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй байна.

Зээлдэгч буюу "Тас петролеум" ХХК-ийг төлөөлөн ерөнхий захирал Р.Пүрэвсүрэн нь гарын үсэг зурсан, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг нотариатаар батлуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч захиран зарцуулсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 06050018 тоот барьцааны гэрээ байгуулан 5 нэр төрлийн 8 815 492 449 төгрөгийн эд хөрөнгийг барьцаалсан, 06050018 тоот зээлийн гэрээний зээлийн хүүд 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 14 933,33 ам.доллар, 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 5 999,32 ам.доллар, 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 25 000 ам.доллар, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 35 757.52 ам.доллар, 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7000 ам.доллар, 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 13 500 ам доллар, 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5 943,16 ам.доллар, 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 29 433,34 ам.доллар, 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 72 033,33 ам.доллар, нийт 209 600 ам.доллар төлсөн зэрэг нь уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэдгийг нотлож байна.

2. "Тас петролеум" ХХК-ийн 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05/62 тоот албан бичигт дурдсан 1 900 000 ам.доллар хүссэн хүсэлтийн дагуу Анод банк нь 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 06050019 тоот зээлийн гэрээг тус компанийн Ерөнхий захирал Р.Пүрэвсүрэнтэй байгуулж 944 480 ам.долларыг 24 сарын хугацаатай сарын 1,6 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу банк нь 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус компанийн 212201.0600.01.000037 тоот дансанд 944 480 ам.долларыг шилжүүлсэн. Тус компани нь 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдөр харилцах данснаасаа 944 480 ам.долларыг чекээр бэлнээр хүлээн авч ашигласан.

Сөрөг нэхэмжлэлд уг гэрээг Иргэний хуулийн 58.3.1, 58.3.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар хүсэлт гаргажээ. Иргэний хуулийн 58.5-д ... Хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, банк нь 06050019 тоот зээлийн гэрээний дагуу 944 480 ам.долларыг тус компанид шилжүүлсэн. Компани нь хүлээн авч захиран зарцуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл биш харин ч хүчин төгөлдөр гэрээ мөн гэдгийг харуулж байна.

Мөн тус компани нь зээлийг аккредитивын шимтгэл болон аккредитивийн төлбөр тооцоонд зарцуулахаа урьдчилан мэдэж байсан. Уг зээлийг энэ зориулалтаар ашигласан зэрэг нь төөрөгдсөн гэдэгт хамаарахгүй юм.

З. 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Гүн төгөл” ХХК болон "Тас петролеум "ХХК-ийн хоорондын тооцоо нийлсэн актаар: аккредитив нээсэн шимтгэл 196 835 ам.доллар, аккредитив ашигласан шимтгэл 549 746 ам.доллар, нийт 746 581 ам.долларын шимтгэл төлөхөөс 142 863 ам.доллар төлснийг хасаж 603 718 ам.долларын шимтгэлийг төлөх дутуу байсан байна. Банкаас аккредитивын шимтгэлийн тапбөрт тус компанийн харилцах данснаас 596 581 ам.долларыг шууд суутган авсан гүйлгээ огт хийгдээгүй. Харин банк нь 06050018 тоот зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу тус компанийн харилцах данснаас 209 600 ам.доллар, 06050019 тоот зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу тус компанийн харилцах данснаас зээлийн хүүд 196 423,97 ам.доллар, үндсэн зээлд 174 012 ам.доллар, нийт 370 436 ам.доллар, 2 зээлийн гэрээний төлбөрт нийт 580 036 ам.доллар төлүүлсэн байна. Иймд эдгээр төлбөрийг банкаас нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Анод банк ХК-ийн өмчлөлд Бенз 230В маркийн 47-46 УБО улсын дугаартай автомашин байгаа бөгөөд 13 800 ам.долларыг банкинд төлсөн тохиолдолд автомашиныг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно.

"Тас петролеум" ХХК нь 06050018, 06050019 тоот зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авч ашигласан, зээл, хүүгийн төлбөрийг өөрийн компанийн харилцах дансаараа гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа.

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Анод банк болон "Тас петролеум" ХХК нарын хооронд байгуулсан нэр бүхий 7 зээлийн гэрээнүүд нь 2003, 2004 онуудад бүрэн төлөгдөж дууссан байна. Үүнд:

- 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03/714 тоот зээлийн гэрээний дагуу 500.000.000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 1.8 хувийн хүүтэйгээр зээлэн авсан байна. Зээлийг 2004 онд төлж дууссан.

- 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03/740 тоот зээлийн гэрээний дагуу 800.000.000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай 1.8 хувийн хүүтэйгээр зээлэн авсан. Зээлийг 2004 онд төлж дууссан.

- 2003 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 00030061 тоот зээлийн гэрээний дагуу 800.000.000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 1.8 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Зээлийг 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлж дуссан.

- 2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 00030683 тоот зээлийн гэрээний дагуу 1.000.000.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 1.8 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Зээлийг 2004 оны 04 дүгээр сраын 19-ний өдөр төлждууссан.

- 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 00040386 тоот зээлийн гэрээний дагуу 150.000.000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Зээлийг 2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төлж дууссан.

- 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00040475 тоот зээлийн гэрээний дагуу 800.000.000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Зээлийг 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлж дууссан.

- 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06040062 тоот зээлийн гэрээний дагуу 1.000.000.00 ам.долларыг 3 сарын хугацаатай сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Зээлийг 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлж дууссан бөгөөд хариуцагч нь нэр бүхий 7 зээлийг бүрэн төлж барагдуулсан тул хүчин төгөлдөр буст тооцуулах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа дууссан. Анод банктай зээлийн гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдсөнийг тогтоосон баримт байхгүй, зээлийн төлбөрүүдийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Тас Петролеум" ХХК-иас 3 725 574 586 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол банкинд олгож,

Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт Анод банк, "Тас петролеум" ХХК-ийн хооронд хийсэн 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06050018 тоот, 06050019 тоот Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар "Тас петролеум" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй Монгол банкинд холбогдох 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06050018 тоот, 06050019 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03/714 тоот гэрээ, 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03/740 тоот гэрээ, 2003 оны 09 дүгээрр сарын 22-ны өдрийн 00030061 тоот гэрээ, 2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 00030683 тоот гэрээ, 2004 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 00040386 тоот гэрээ, 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00040475 тоот гэрээ, 2004 оны 06 дүгээр сарын 21-ний өдрийн 06040062 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, 1 856 678 908 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Монгол Банкаас "Бенз 230В" авто машины үнэ 25 181 964 төгрөг гаргуулж "Тас петролеум" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Монгол банкаас /машины үнэнд/ улсын тэмдэгтийн хураамжид 283 857 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж телөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Тас петролеум” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 18 785 823 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Тас петролеум" ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 9 441 345 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат хурлын товыг мэдэж байсан боловч гадаа талбайд машин байрлуулах талбайгүйгээс 15 минут хоцорч ирсэн ч хуралд оролцох хүсэлтээ нарийн бичиг болон шүүгчийн туслахаар дамжуулан мэдэгдсэн ч хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдсэн байна.

Зээлдэгч нь зээлийн болон барьцааны гэрээг, түүнчлэн уг гэрээг байгуулах болсон үндсэн шалтгаан болсон өмнөх гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулах гэж маргаж байхад зөвхөн энэ хэдэн баримтаар асуудалд хандана гэдэг нь хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн байна. Шүүх зээлийн гэрээний зүйл заалтад, зээлийн гэрээгээр өгч байгаа мөнгөний зарцуулалт, түүний хүүг төлсөн байдал, банкнаас зээл олгоход тавигддаг хуулийн шаардлага, түүнийг нь зөрчсөн бол хуулиар ямар хариуцлага хүлээлгэх ёстой байсан гэдэгт анхаарал хандуулаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зэрэгцээ олон баримтад дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан харж чадаагүйд гомдолтой байна. Хэрэв сайн харьцуулаад харвал Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэ их хэмжээний зээлийг олгохдоо томоохон хэмжээний үл хөдлөх хөрөнгүүд барьцаалсан барьцааны гэрээ нь зээл олгосон, олгосон зээл нь харилцах дансанд орсон, үүнийг чекээр аваад гарсан зэрэг үйлдэл бодит байдалтай хэр нийцэж байна вэ гэдэг нь харагдах бөгөөд Анод банк нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 459/207 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Активыг ангилах, активын эрсдлийн санг байгуулж, зарцуулах журам"-ын дагуу банкны активынхаа ангиллыг доошлуулж, активынхаа эрсдлийг ихэсгэж, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2004 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 227 дугаар тушаалаар батлагдсан "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавих журам"-д зааснаар банкныхаа үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг муутгахгүйн үүднээс эрсдэлд орсон зээлээ хэвийн зээл мэт болгон харагдуулах зорилгоор нэгэнд нь зээл олгосон болж, нөгөөгийнх нь зээл хаагдсан болгох үйл ажиллагаа зохион байгуулсан гэдгийг анхан шатны шүүх дүгнэж чадах байсан. Гэтэл дээр дурдсан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Дээрх хууль, хууль тогтоомжийн бусад актыг зөрчсөн үйл ажиллагааны нэг болох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон атлаа зээлийн гэрээг нь хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэснийг ойлгохгүй байна.

Эцэст нь хэлэхэд зээлийг ямар зориулалтаар ашиглахыг гэрээндээ тодорхой тусгачихаад, тэр зориулалтаар нь бусдын зээлийг төлж, зээлийг нь хааж өгөхөд ашиглаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас маш торхой харагдаж байхад үүнийг банк хараагүй, мэдээгүй гэхэд хэн ч итгэхгүй. Гэтэл ийм зөрчил гаргавал яах ёстойг хууль, журамд ч, зээлийн гэрээндч маш тодорхой заасан байхад банкны зүгээс ямар ч алхам хийгээгүй нь энэ гэрээ хууль зүйн үр дагаварыг бий болгох гэж хийгдэж үү эсхүл дүр эсгэж хийгдэж үү гэдгийг харуулж байна.

Энэ бүх үндэслэл нь Монгол банкны нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хууль, хууль тогтоомжийн бусад актад нийцсэн гэдгийг тодорхой харуулж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Монгол банкны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмждэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

 

Нэхэмжлэгч “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “Тас петролеум” ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 2 862 709 152 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг Монгол банкиар сольж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг 3 725 574 586 төгрөг болгож нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан ба нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй тайлбарыг гаргасан.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн нотлох баримт гаргуулах, цуглуулах, бүрдүүлэхтэй холбоотой гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа зарим нотлох баримтыг хэрэгт цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн, зарим хүсэлтийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Хариуцагчийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийг шүүх 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3788 тоот /I хавтас121-122 дахь тал/ захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч аккредетивын гэрээтэй холбоотой баримт ирээгүй, гэрчээр Г.Маруертыг асуух ажиллагааг хийгээгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх 2546/8698/с тоот захирамжаар /I хавтас 181 дэх тал/ шийдвэрлэхдээ “Гүн төгөл” ХХК-д шилжүүлэгдэж буй мөнгөн хөрөнгийн үндэслэлтэй холбоотой хэсгийг орхигдуулсан.

 

Хариуцагчаас 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14/72 тоот албан бичгээр       /I хавтас 235 дахь тал/ гаргасан хүсэлт /нэхэмжлэгч талаас 2003 оны 03/714, 03/740, 2004 оны 00040386, 000440475 гэрээнүүдийг гаргуулах тухай/-ийг огт шийдвэрлээгүй. 

 

Хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15/34 тоот албан бичгээр       /II хавтас 177 дахь тал/ гаргасан нэхэмжлэгч талын нотлох баримтад үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг шүүх 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2015/28725 тоот захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба үзлэгийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр явуулсан боловч хөндлөнгийн гэрчид Эрүүгийн хуульд заасан хариуцлагын талаар тайлбарлан өгөөгүй, үзлэгт хамрагдах 2 хавтас материалыг харьцуулан үзэв гэж тэмдэглэсэн атлаа үр дүнг бичээгүй, архивын бүртгэлийн дэвтэрт үзлэг огт хийгдээгүй талаар тэмдэглэл /II хавтас 188 дахь тал/-д тусгагдсан байх тул шүүгчийн захирамж биелэгдсэн гэж үзэхгүй юм.

 

Хариуцагчаас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр аудио бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй, хариуцагчийн хүсэлтээр бичлэгийг бэхжүүлж авсан эд мөрийн баримтыг буцаан өгсөн нь хүсэлтийг шийдвэрлэхгүй орхих үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн маргаантай байгаа зээлийн гэрээний төлбөр тооцоо хэрхэн хийгдэж байсантай холбоотой банкны анхан шатны санхүүгийн баримтуудыг гаргуулах тухай хариуцагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16/04 тоот албан бичгээр /II хавтас 193 дахь тал/, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан   хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хэргийн I дэх хавтас 86 дахь талд авагдсан нэг талын баримт болох Анод банкны санхүүгийн баримт, I дэх хавтас 87-93 дахь талд авагдсан “Тас петролеум” ХХК-ийн Анод банк дахь дансны хуулга баримтууд нотлох баримтаар авагдсан гэж үндэслэсэн боловч дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардага болох эх хувь эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар биш байгааг шүүх анхаараагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шүүх мөн хуулийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/01023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Тас петролеум” ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                                

                                       ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                

                                                                                             Э.ЗОЛЗАЯА