Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00241

 

МБ ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/02818 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 720 дугаар магадлалтай,

МБ ны нэхэмжлэлтэй,

“Т П” ХХК-д холбогдох,

06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3 725 574 586.74 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2005 онд байгуулагдсан 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээ, 2003, 2004 онд байгуулагдсан зээлийн болон барьцааны 15 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн хүү нэрээр үндэслэлгүй суутган авсан төлбөр, аккердетивийн шимтгэл илүү тооцсон төлбөр, автомашины төлбөр нийт 2 285 160 944.26 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намхай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т П” ХХК нь 2005 оны 3-р сарын 04-ний өдөр Анод банктай №06050018 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 1 000 000 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэйгээр зээлдэн авахаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2007 оны 3-р сарын 04-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Гэрээний хугацаанд 494.32 ам.доллар, зээлийн хүүнд 209 607.54 ам.доллар төлсөн.

2005 оны 3-р сарын 04-ны өдөр Анод банктай №06050019 тоот 3ээлийн гэрээ” байгуулан 944 480 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 174 012 ам.доллар, зээлийн хүүнд 196 243.97 ам.доллар төлсөн. Гэрээний хугацаа 2007 оны 3-р сарын 04-ний өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөлгүй банкийг хохироож байна.

“Т П” ХХК-д холбогдох дээрх 2 зээлтэй холбоотой асуудлаар 2008 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн Анод банкны удирдлагуудад холбогдох эрүүгийн 20847323 дугаартай хэрэгт хамтатган шалгаж байгаад Нийслэлийн Прокурорын газраас 2012 оны 5-р сарын 30-ны өдрийн 211 тоот прокурорын тогтоол гарч “Т П” ХХК-ийн гомдол бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүх 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан. Уг шийтгэх тогтоолыг 2013 оны 02-р сарын 21-ний өдөр гардан авсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 Банк нь Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3 дахь заалтад зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. №06050018, 06050019 тоот зээлийн гэрээний 2.5 дахь заалтыг тус тус үндэслэн зээлийн үндсэн өр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.

Зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар №06050018 тоот гэрээний үлдэгдэл үндсэн зээл 999 505.68 ам.доллар, зээлийн хүү /2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл/ 153 059.13 ам.доллар, нийт 1 152 564.81 ам.доллар. №06050019 тоот гэрээний хувьд үндсэн зээл 770 467.93 ам.доллар, зээлийн хүү /2007.01.31 хүртэл/ 18 624.11 ам.доллар, нийт 889 092 ам.доллар.

Иймд нийт 2 041 656.85 ам.доллар буюу 2013 оны 03-р сарын 31-ний өдрийн МБ ны албан ёсны ханш 1 ам.доллар 1 402.15 төгрөгтэй тэнцэж байгаа тул нийт 2 862 709 152.23 төгрөгийг “Т П” ХХК-иас гаргуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Зээлдэгч нь №06050018, №06050019 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж №06050018, №06050019 тоот “Барьцааны гэрээ” байгуулан хавсралтад заасан “Т П” ХХК-ийн өмчлөлийн нэр бүхий 8 815 492 449 төгрөгийн үнэлгээ бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, шатахуун, үндсэн хөрөнгө, барааны төлбөр авах эрх, ашигт малтмалын 3808А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг тус тус барьцаалан эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлдэгчийн барьцаа хөрөнгөөс тэргүүн ээлжинд зээлийн төлбөрийг барагдуулах эрхийг хангаж, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, зээлийн төлбөрийг барагдуулахаар, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Анод банк дахь банкны эрх хүлээн авагч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээл, хүүгийн үлдэгдлийг 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тусган тухайн өдрийн гадаад валютын ханшаар тооцжээ.

МБ  нь Анод банк дахь банкны эрх хүлээн авагчтай байгуулсан “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу “Т П” ХХК-д гадаад валютаар олгосон зээл, хүүгийн төлбөрийг 2014 оны 06-р сарын 11-ны өдрийн МБ ны албан ёсны ханшаар тооцож хүлээн авсан. Нэхэмжлэлийн дүнд өөрчлөлт ороогүй боловч гэрээгээр хүлээн авах үед гадаад валютын ханш өөрчлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

МБ , “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1082014 ЭХА-578 тоот “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”, Иргэний хуулийн 453.1 дэх заалтыг үндэслэн 2014 оны 06-р сарын 11-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бөгөөд №06050018 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт нийт 1 152 564.81 ам.доллар, №06050019 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт нийт 889 092 ам.доллар. Нийт 2 041 656.85 ам доллар буюу 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн МБ ны албан ёсны ханш 1 ам.доллар 1 824.78 төгрөгтэй тэнцэж байсан тул нийт 3 725 574 586.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анод банк 2003 онд “Т П” ХХК-ийн нэр дээр нийт 8 удаагийн үйлдлээр 4.9 тэрбум төгрөг, 2004 онд 6 105.0 мянган ам.долларын хийсвэр зээл гаргаж, үүнээс 5 050 мянган ам.долларыг хадгаламжинд байршуулах нэрээр бэлнээр гаргаж авч байсан. Анод банк 2005 оны 3 дугаар сард 2003-2004 онуудад хийж байсан хууль бус үйлдлээ давтан 2005 оны 03-р сарын 4-7-ны өдрийн хооронд 06050018 ба 06050019 тоот зээлийн 1 944 мянган ам.долларын зээл гаргасан нь өнөөдөр биднийг зээлийн үлдэгдэлтэйгээр харагдуулж байгаа юм.

Уг зээлийг аккредитивийн төлбөр ба аккредитивийн шимтгэлийн төлбөрт суутгаж авсан байсан. 2005 оны 03-р сарын 01-ний өдрийн байдлаар “Т П” ХХК-ийн хадгаламжийн үлдэгдэл 1 402.3 мянган ам.доллар байсан. Хадгаламжийн үлдэгдэлд байсан 1 402.3 мянган ам.доллар Самсунг компанийн аккредитивийн төлбөрт төлөгдөх ёстой байтал Анод банк 2003-2004 онуудад өөрсдийн гаргасан бидэнд шаардлагагүй зээлийн үлдэгдлийг хаасан. 

2005 оны 03 дугаар сарын 4-7-ны өдрийн 06050018 ба 06050019 тоот хоёр зээлийн гэрээгээр гаргасан 1 944 480 ам.долларын зээлээс 1 сая ам.долларыг манай компанийн харилцах дансаар дамжуулан Самсунгийн аккредитивийн төлбөрт шилжүүлсэн байдаг. Харин үлдсэн 944 480 ам.долларыг Э.Цэрэндаш бэлэн гарган авч, 603 718 ам.долларыг нь аккредитивийн шимтгэлийн төлбөрт Анод банк авсан, үлдсэн 340 762 ам.долларыг өмнөх гаргаж байсан хийсвэр зээлийн төлбөрт авсан гэсэн тайлбар өгсөн. 

Хэрэв Анод банк хадгаламжинд мөнгө байршуулах нэрээр хуурамч зээл гаргаагүй, “Т П” ХХК нь худалдааны эргэлтээс чөлөөлөгдсөн мөнгөөр хадгаламжаа бүрдүүлсэн бол дээрх 1.7 сая ам.долларын зээлийн үлдэгдэл үүсэхгүй байсан. Дээр нь Анод банкинд манай компани зээлийн хүү төлөхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл Анод банк ба Самсунги компанид зээл болон аккредитивийн давхар хүү төлөхгүй байх байсан. Үүнээс болж бидний томоохон бизнесийн ажлыг Анод банк үгүй хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

 Бид энэ талаар 2007-2008 оноос эхлэн маргаан үүсгэж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгуулах, бодит байдлыг тогтоолгохоор Анод банкны удирдлага, банкны ТУЗ-ийн гишүүд, МБ , Санхүүгийн зохицуулах хороо, УИХ, сүүлдээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүртэл хандсаар байсан. Манай гомдол хүсэлтийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам асуудлыг судлуулахаар Цагдаагийн ерөнхий газарт гомдлыг шилжүүлснээр Анод банкны хэрэг гэгч үүсэж нэлээд хэдэн жил шалгагдаж эцэстээ хэзээ, хэрхэн шийдвэрлэгдсэнийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурджээ. Иймд бид дахин гомдол гаргах эрхтэй болж байх тул сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2005 оны 3-р сарын 04-ний өдөр Анод банк “Т П” ХХК-ийн хооронд байгуулсан 06050018 тоот “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2005 оны 03-р сарын 04-ний өдөр Анод банк “Т П” ХХК-ийн хооронд байгуулсан 06050019 тоот “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Анод банкнаас “Т П” ХХК-иас аккредитивийн үйлчилгээний шимтгэлийг илүү тооцож харицах данснаас шууд суутган авсан болон зээл үүсгэн бэлнээр гаргаж авсан 596 581 ам.доллар буюу 853 564 231.56 төгрөг /2013.04.28-ий өдрийн МБ ны ам.долларын албан ханш 1 430.76 төгрөг/, өөрийн давуу байдлаа ашиглан 06050018 ба 060500019 хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн зээл, зээлийн хүүний төлбөрт гэх нэрээр 2005 онд 162 744.94 ам.доллар, 2006 онд 417 118.65 ам.долларыг “Т П” ХХК-ийн данснаас шууд суутган авсан нийт 579 863.59 ам.доллар буюу 829 645 630.03 төгрөг, аккредитивийн үйлчилгээний шимтгэлд илүү тооцож төлүүлсэн 596 581 ам.долларыг манай компанийн нэр дээр зээл үүсгэн харилцах данснаас бэлэн гарган авсан. Уг зээлийн хүү нэрээр шууд суутган авч төлүүлсэн 125 043 ам.доллар буюу 178 906 522.68 төгрөг, суудлын авто машины үнэ “Т П” ХХК нь өөрийн эзэмшлийн Бенз 230В маркийн 47-46 УБО улсын дугаартай суудлын машиныг хоёр талын удирдлагуудын ам тохиролцооны дагуу 2006 оны 01-р сарын 09-нд Анод банкинд 13 800 ам.доллароор худалдсан. Уг машины төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа. Нийтдээ 1 315 287.59 ам.доллар буюу 1 881 872.26 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Банкны үйл ажиллагаа нь харилцагчдын итгэл дээр тулгуурлаж байдгийг ашиглан 2003-2005 онд буюу төсөл хэрэгжиж байх үед Анод банк нь манай компанийн итгэлийг ашиглан ямар ч зөвшөөрөлгүй, шаардлагагүй 9.28 сая ам.долларын хийсвэр зээлийг нэг л мэдэхэд манай харилцахаар дамжуулан бэлнээр гарган авсныхаа хойно гэрээ хэлцэл, бичиг баримтыг нь хийдэг байсан. Хуурамчаар гаргасан зээл болон зээлийн хүүний төлбөрт гэх мөнгийг мөн ямар ч зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас гаргаад авдаг байсныг өмнөх сөрөг нэхэмжлэлдээ дурдаж байсан. Түүний нэг нь манай харилцах дансаар дамжуулан болон дамжуулалгүйгээр бэлэн мөнгө гаргаж, дээр үед банкнаас манай төсөлд хяналт тавьж байсан манай төслийн зохицуулалтад 2-р гарын үсэг зурдаг байсан Э.Цэрэндашид олгож байсан юм.

Манай нэрээр гаргасан зээлүүдийг хадгаламжинд байршуулж байна гэх нэрийдлээр дамжуулан “Гүн төгөл” ХХК-д байршуулж уг мөнгөөр банк өөрсдийн хүссэн гүйлгээгээ хийж зарцуулж байсан. Өөрөөр хэлбэл Анод банкны активыг өсгөх үйлдэл хийн 1 мөнгийг 3 хэлбэрээр цаасан дээр тусган хуурамчаар 3 дахин өсгөдөг байсан нь эдийн засагч нарын шинжилгээ судалгаагаар тогтоогдож байна. Банкны удирдлагууд Э.Цэрэндашийг манай төслийн хянагчаар тавьж дансны гүйлгээнд 2-р гарын үсэг зуруулахыг шаардан, банктай тооцоо нийлж байх эрхийг өгсөн ба 2005 оны эхээр эрх бүхий этгээд Аккредитивийн шимтгэл, өмнөх зээлийн тооцоо нийлээд 944 480 ам.доллар байна. Үүнийг нэн даруй төлөхгүй бол дараа дараагийн төсөлд хүндрэл учрах гээд байна гэж шахаж, шаардаж Анод банк “Т П” ХХК-ийн хооронд 2005 оны 03-р сарын 04-ний өдрийн 06050019 тоот зээлийн гэрээг хийлгэж зээлийг дансанд оруулаад энэ дүнгээр нь Э.Цэрэндаш бэлнээр гаргаж аваад 603.7 мянган ам.долларыг нь аккредитивийн шимтгэлд төлсөн. 340.7 мянган ам.долларыг өмнөх зээлийн үлдэгдэлд авсан гэсэн тайлбар хэлээд өнгөрч байсан байна.

 Гэтэл маргаан болж байх явцад эдийн засгийн шинжилгээгээр 596 581 ам.долларын шимтгэлийн төлбөрийг илүү төлүүлсэн байгаа нь гарч ирсэн юм. Өмнөх зээлийн үлдэгдэл гэж хэлсэн 340.7 мянган ам.доллар нь ч манайхтай албан ёсоор гэрээ хийгээгүй, компанийн эрх бүхий этгээд Монгол Улсад байхгүй байхад болон банкны удирдлагууд Э.Цэрэндаштай “Т П” ХХК-ийг төлөөлүүлэн хийсэн гэрээнээс үүссэн тооцооны үлдэгдэл байсан байна. Иймд:

- 2003 оны 08-р сарын 26-ны өдрийн №03/714 тоот гэрээ,

- 2003 оны 09-р сарын 02-ны өдрийн №03/740 тоот гэрээ

- 2003 оны 09-р сарын 22-ны өдрийн №00030061 тоот гэрээ

- 2003 оны 11-р сарын 25-ний өдрийн №00030683 тоот гэрээ

- 2004 оны 03-р сарын 01-ний өдрийн №00040386 тоот гэрээ

- 2004 оны 04-р сарын 30-ны өдрийн №00040475 тоот гэрээ

- 2004 оны 06-р сарын 21-ний өдрийн №06040062 тоот гэрээнүүдийг

Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.3.1, 58.3.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн шаардлагыг өмнөх шаардлага дээрээ нэмж гаргаж байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн нэгтгэгдсэн шаардлагадаа: Манай компани 2003-2004 онуудад Казакстан улсаас нефтийн бүтээгдэхүүн, Швед улсаас уул уурхайн тоног төхөөрөмж импортлох 17.9 сая ам.долларын төслийн ажлыг Бүгд найрамдах Солонгос улсын Самсунг корпорацийн санхүүжилтээр хэрэгжүүлж уг төслийн мөнгөний эргэлтийг зөвхөн Анод банкаар дамжуулан гүйцэтгэж байсан.

Тухайн үед Анод банкны зүгээс төслийн хянагч, зохицуулагч буюу төлөөлөгчөөр Э.Цэрэндашийг оролцуулах шаардлага тавьж Хамтран ажиллах гэрээнд тусгаж, энэ хяналтыг хэрэгжүүлэхийн тулд “Т П” ХХК-ийн худалдаа эрхэлсэн захирал, Анод банкнаар дамжуулан хийгдэх бүхий л гүйлгээнд хоёрдугаар гарын үсэг зурах эрх бүхий этгээдээр түүнийг томилон ажиллуулсан. Гэтэл энэ хугацаанд Анод банк банкны үйл ажиллагаа нь харилцагчдын итгэл тулгуурлаж байдгийг ашиглан 2003-2005 онд буюу төсөл хэрэгжиж байх үед манай компанийн итгэлийг ашиглан ямар ч зөвшөөрөлгүй, шаардлагагүй 5.4 тэрбум төгрөг ба /5 575 000 ам.доллар/ хийсвэр зээлийг манай харилцахаар дамжуулан зээлээр гарган авсныхаа хойно гэрээ хэлцэл, бичиг баримтыг нь хийдэг байсан, хуурамчаар гаргасан зээл болон зээлийн хүүний төлбөрт гэх мөнгийг мөн ямар ч зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас татаад авдаг байсан нь банк манайх хоёрын дунд үүссэн маргааныг эхлүүлсэн. Манай нэрээр гаргасан шаардлагагүй зээлүүдийг Аккредитивийн эргэн төлөлтийн эх үүсвэрийн хадгаламж хэлбэрээр урьдчилан байршуулж байна гэх нэрийдлээр дамжуулан “Гүн төгөл” ХХК-д байршуулж уг мөнгөөр банк өөрсдийн үүссэн гүйлгээгээ хийж зарцуулж байсан, өөрөөр хэлбэл Анод банкны активыг өсгөх үйлдэл хийж 1 мөнгийг 3 хэлбэрээр цаасан дээр тусган хуурамч гүйлгээ хийж байсан нь эдийн засагч нарын шинжилгээ, судалгаа болон манай компанийн хүсэлтээр МБ наас Анод банкинд хийгдсэн шалгалтаар тогтоогдсон. 2003-2004 оны хооронд Анод банк нийт 15 зээлийн гэрээг манай байгууллагын нэр дээр хийж үүнд хүү төлүүлсэн. Эдгээр шаардлагагүй зээл гаргаад буцаад хүү, үндсэн төлбөрийг суутгаж авч байснаас үүдэлтэй бидэнд 1 тэрбум гаруй төгрөгийн үргүй зардал гарч их хэмжээний хохирол амссан. Иймд:

- 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №00030212 тоот зээлийн гэрээ

- 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн КП/00030324 тоот зээлийн гэрээ,

- 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №00030304 тоот зээлийн гэрээ,

- 2004 оны 4 дүгээс сарын 21-ний өдрийн №0004047 тоот зээлийн гэрээ,

- 2004 оны 5 дугаар сарын 28-нь өдрийн №06040028 тоот зээлийн болон барьцааны гэрээ,

- 2004 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №06040073 тоот зээлийн гэрээ,

- 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №06040091 тоот зээлийн болон барьцааны гэрээ,

- 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №06040094 тоот зээлийн, болон

барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Анод банкны “Т П” ХХК-ийн нэр дээр гаргасан зээлийн хүүнд суутган авсан 403 300 072 төгрөгийг МБ аар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: №06050018, 06050019 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын хувьд 2005 оны 3 сарын 4-ний өдөр Анод банк, “Т П” ХХК-ийн захирал Р.Пүрэвсүрэн нарын хооронд байгуулагдсан 1 944 480 ам.долларын гэрээ байгуулагдсан, зээл хүссэн зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авсан, зээлийг ашигласан, хүүг нь төлж байсан зэргээс үзэхэд гэрээнүүд хүчин төгөлдөр болно. Аккредитивын шимтгэл илүү төлсөн, түүнд төлсөн хүүгийн төлбөр нийт 721 624 ам.долларын хувьд банкнаас аккредитивын шимтгэлийн төлбөрт тус компанийн данснаас 596 581 ам.долларыг шууд суутган авсан гүйлгээ огт хийгдээгүй. Харин дээрх 2 зээлийн гэрээний дагуу тус компанийн харилцах данснаас зээл, зээлийн хүүнд 580 036 ам.долларыг төлүүлсэн байдаг тул энэ нэхэмжлэл үндэслэлгүй. Анод банкны өмчлөлд Бенз маркийн 47-46 УБО дугаартай автомашин байгаа бөгөөд 13 800 ам.долларыг банкинд төлсөн тохиолдолд автомашиныг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй.

2003-2004 онд Анод банк болон “Т П” ХХК-ийн хооронд зээлийн гэрээнүүд хийгджээ. Эдгээр гэрээнд МБ  оролцоогүй. Банкны тухай хуулийн 5.1-д зааснаар банкны дотоод хэрэгт МБ  оролцдоггүй, гэрээний тал биш байх тул гэрээний үүргийг хариуцахгүй. Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй гэж заасан тул МБ  Анод банкны өмнөөс үүрэг хүлээхгүй.

МБ наас Анод банкинд Төв банк /МБ /-ны тухай хуулийн 5.4, 19 13, 19.24, 1996 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Банкны тухай хуулийн 31, 33-36, 37, 38, 381 дугаар зүйлд заасны дагуу 2008 оны 12 дугаар сарын 10-нд албадлагын арга хэмжээ авч, энэ албадлагын арга хэмжээг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дээрх хуулийн үндэслэлийн дагуу дуусгавар болгосон. Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 болон 66.2 дахь хэсэгт заасны дагуу МБ  банкны эрх хүлээн авагчийн нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн звах ажиллагааг дуусгавар болгох үүрэгтэй. Үүний дагуу МБ  2015 оны 4 дүгээр сарын 06-ны А-66 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцож, энэ тухай Өнөөдөр сонины 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №083 (5477) дугаарт нийтэлсэн. Ингэснээр МБ ны хуулиар хүлээсэн үүрэг оролцоо дээрх ажиллагааг хийснээр дуусгавар болсон. Төв банк /МБ /-ны болон Банкны тухай хуулиар МБ ны хүлээсэн үүрэг, оролцоо бол харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангах хүрээнд өмнө дурдсан, хуульд заасан ажиллагааг явуулсан. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн тул Анод банкны хүлээх үүргийг хүлээх, эрх залгамжлах хууль зүйн үндэслэлгүй болно. Түүнчлэн, МБ  нь Анод банк дахь иргэд, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгоход зориулан Засгийн газартай Санамж бичиг байгуулан Анод банкинд их хэмжээний зээл олгосон ба энэ өрийг одоог хүртэл аваагүй байна. МБ инд Анод банкны бусдад өгөх өглөгийн үүрэг байхгүй болно.

Иймд дээр дурдсанчлан “Т П” ХХК болон Анод банкны хооронд 2003-2004 онд байгуулагдсан гэрээнд МБ  оролцоогүй, үүрэг хүлээгээгүй, банкны хүлээх үүргийг хуулиар МБ  хүлээхгүй, МБ наас харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах хуульд заасан үүргээ биелүүлж албадлагын арга хэмжээ авсан, дуусгавар болгосон, МБ наас томилсон эрх хүлээн авагч хуульд заасан дарааллын дагуу төлбөр барагдуулж, Анод банкны актив хөрөнгө дууссан тул эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/02818 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “Т П” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2 843 231 745.88 төгрөгийг гаргуулан МБ инд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 882 342 840.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дугаар зүйлийн 56.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар №06050018, №06050019 тоот зээлийн гэрээг, 2003 оны 03/714 тоот гэрээ, 03/740 тоот гэрээ, 00030061 тоот гэрээ, 00030683 тоот гэрээ, 2004 оны 00040386 тоот гэрээ, 00040475 тоот гэрээ, 06040062 тоот гэрээг, Мөн 2003 оны 00030212 тоот гэрээ, КЛ/00030324 тоот гэрээ, 00030304 тоот гэрээ, 2004 оны 0004047 тоот гэрээ, 06040028 тоот гэрээ, 06040073 тоот гэрээ, 06040091 тоот гэрээ, 06040094 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж,

Зээлийн хүү нэрээр үндэслэлгүй суутган авсан төлбөр, аккредитивийн шимтгэл илүү тооцсон төлбөр, автомашины төлбөр, нийт 2 285 160 944.26 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 06050018, 06050019 дугаартай барьцааны гэрээний зүйлүүдийг буюу гэрээний хавсралт жагсаалтаар дурдсан шатахуун, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, барааны төлбөр авах эрх, үндсэн хөрөнгө, ашигт малтмал ашиглах лиценз зэргийг дуудлага худалдаагаар албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас хариуцагч чөлөөлөгдсөнийг тус тус дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Т П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 14 374 108.73 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 720 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/02818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2019/02525 дугаар захирамжаар хариуцагч “Т П” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 14 374 108.73 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 184/ШШ2018/02818 дугаар шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 720 дугаар магадлалыг тус тус гаргахдаа Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-ийн “Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй.” гэсэн шаардах эрх “шилжих” үед болон түүний үр дагаврын үндсэн дээр шаардах эрх шилжүүлэн авагчийн эрх, үүрэг, “шилжсэн шаардах эрх”-тэй холбоотой үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах талаарх заалтуудыг буруу тайлбарласан гэж үзэж, анхан шатанд нотлох баримтын гаргуулах шүүхийн шийдвэр бүрэн хэрэгжээгүй, шүүх анхан шатны нотлох баримтыг бүрэн судалж шинжлээгүй гэж үзэж дээрх шийдвэр, магадлалыг хянуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх “Анод” банкны эрх хүлээн авагчаас МБ инд эрхээ шилжүүлэх тухай 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гэрээг үндэслэж МБ ийг зөвхөн “шаардах эрх”-ийг л шилжүүлж авсан мэтээр дүгнэснээрээ үүрэг  гүйцэтгэгчийн хувьд эрх шилжүүлэн авагч буюу шаардах эрх шилжүүлэн авагчийн эсрэг эдлэх хуульд заасан “эрх”-ийг орхигдуулж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ихээхэн хохирол учруулсныг давж заалдах шатны шүүх үл хэрэгссэн.

Үүний хамгийн наад захын жишээ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон 06050018, 06050019 дугаар “Зээлийн гэрээ” нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 15 гэрээтэй холбоогүй, хоорондоо уялдаагүй мэтээр тайлбарласан явдал юм. Сөрөг нэхэмжлэлд дурдагдаад байгаа 15 гэрээ нь хэрхэн яаж хоорондоо уялдаад байгааг хариуцагчийн зүгээс хангалттай тайлбарласан төдийгүй түүнийг нотолсон баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсаныг анхан шатны шүүх ч давж заалдах шатны шүүх ч аль аль нь дутуу үнэлсэнд гомдолтой байна. Энэ байдлаасаа болж хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн улмаас хариуцагчид учирсан маш их хэмжээний хохирлыг мөн үл тоомсорлож, асуудалд үнэхээрийн хүйтэн хөндий, харгис хатуу хандсаныг хүлээн зөвшөөрөх ямар ч боломж алга байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг банкны эрх хүлээн авагчийн эрх дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүх зөвхөн нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байгаа болно. Учир нь Анод банк дампуурсан, МБ ны эрх залгамжлах эрх дуусгавар болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхдээ зөвхөн МБ ны эрх ашгийг дээгүүр тавьж хувийн компанийн эрх ашгийг хөндсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүх руу буцааж талуудын үндэслэлийг тодруулах нэмэлт нотлох баримт гаргуулж байж шийдвэрлэх боломжийг хангаж өгнө үү.

Хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалын агуулгаас харахад хавтаст хэрэгт авагдсан анхан шатны нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг заасны дагуу бүрэн судалж, талуудын гаргаж тавьж байгаа үндэслэлүүдтэй харьцуулж хянаагүй, бүр тодруулбал МБ ны хяналт шалгалтын газрын “Т П” ХХК-ний хүсэлтийн дагуу Анод банкинд хийсэн хяналт шалгалтын актын үндэслэл, илрүүлсэн зөрчлийн шинж чанарт үнэлэлт өгч дүгнэлт хийгээгүй нь илт байгаа төдийгүй, тухайлбал “Анод банк” ХК-ийн эрх зүйн чадамжийн талаарх улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах тухай манай хүсэлтийг хангасан шүүхийн шийдвэр биелэгдээгүй, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуулийн заалт хэрэгжээгүй байхад шүүх хуралдаан хийж шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэж байна.

Ийм ч болохоороо Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийн “58.3.1.хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн; ” гэсэн заалтад тухайн үеийн бүх нөхцөл байдлууд ямар ч эргэлзээгүйгээр хамаарахаар, үйл баримтын нөхцөл байдлуудыг бүрэн хэмжээгээр тодорхойлох баримтууд хэрэгт хангалттай хавсаргагдсан байхад шүүх асуудалд ийм цэвдэг байдлаар хандсанд гомдолтой байна.

Хариуцагчийн сөрөг шаардлагууд нь Иргэний хуулийн аль ч заалтыг үндэслээд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож болох хангалттай үндэслэлтэй байхад анхан шатны шүүх ийнхүү хандсаныг шүүхийн “залхуурал” гэж үзэхээс өөрөөр үзэх боломжийг бидэнд олгохгүй байна. Хоёр шатны шүүхийн дүгнээд байгаа 06050018, 06050019 тоот гэрээний үнийн дүн, олгогдсон хугацаа, барьцаа хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх (Иргэний тухай хуулийн 156.2, 156.3, нотариатын бүртгэл байхгүй), түүний бүртгэлийн байдал, нотариатын үйлдэл зэрэг нь илт хэд хэдэн хуулийг зөрчсөн, түүнийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс тогтоолгосон зэрэг маш олон баримтыг аль талаас нь яаж харахаараа “...талууд маргаагүй, гэрээнүүдийг хийхдээ хууран мэхэлсэн, ноцтой төөрөгдсөн гэх байдал тогтоогоогүй...” гэж дүгнэдэг байна аа. Жирийн нэгэн компани бүү хэл Монгол Улсын төр нь эрхээ шилжүүлэгч Анод банкинд хууртагдаж явж байсныг улс даяараа мэдэж байхад шүүх ийм “эс мэдэгч” байж болмооргүйсэн.

Үгүй ядаж л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-ийн “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэсэн эрхээ эдэлж “шаардах эрх шилжилтийн хүрээ”-г яв цав тодорхойлсон баримтууд хангалттай бүрдүүлж байж дээрх дүгнэлтээ хийсэнгүй гэж үзэж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/02818 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 720 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч МБ  нь “Т П” ХХК-д холбогдуулан 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3 725 574 586.74 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2005 онд байгуулагдсан 06050018, 06050019 дугаартай зээлийн гэрээ, 2003, 2004 онд байгуулагдсан зээлийн болон барьцааны 15 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн хүү нэрээр үндэслэлгүй суутган авсан төлбөр, аккердетивийн шимтгэл илүү тооцсон төлбөр, автомашины төлбөр нийт 2 285 160 944.26 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 2 843 231 745.88 төгрөгийг гаргуулан, үлдэх 882 342 840.86 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...шүүх нотлох баримт үнэлэх үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн...” гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн байна.

Анод банк нь МБ наас хийсэн ээлжит иж бүрэн шалгалтын дүнд ...“өөрийн хөрөнгө алдагдсан банк”-ны ангилалд хамаарах болсон, банкны санхүүгийн шалгалтаар “муу” үнэлгээ авсан үндэслэлээр МБ ны ерөнхийлөгчийн 2000 оны 388 дугаар тушаалаар батлагдсан “Банкинд онцгой дэглэм тогтоох тухай журам”, МБ ны захирлуудын зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн МБ ны ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №523 дугаар тушаалаар Анод  банкинд 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1 жил хүртэл хугацаагаар онцгой дэглэм тогтоосон боловч банкны хэвийн үйл ажиллагаа хангагдаагүй, банк төлбөрийн чадваргүй болсон тул МБ ны ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №668 дугаар тушаалаар “Анод банк” ХК-д банкны эрх хүлээн авах арга хэмжээг авч, “Анод банк” ХК-д ажиллах Банкны эрх хүлээн авагчийг томилсон байна.

Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8.-д зааснаар банкны эрх хүлээн авагч банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг төлөөлж оролцох эрхтэй тул “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Т П” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргасан ба хэрэг шүүхэд хянагдах явцад буюу 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №40/2017ЭХА-578 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №06050018, №06050019 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүссэн төлбөр хүлээн авах, барьцааны шаардах эрхийг МБ инд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

МБ  Анод банкны эрх хүлээн авагчаас шаардах эрхийг шилжүүлсэн авсан үндэслэлээр “Т П” ХХК-иас гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар Анод банк, “Т П” ХХК-ийн хооронд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр №06050018, №06050019 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд “Т П” ХХК нь 06050018 дугаартай Зээлийн гэрээгээр 1 000 000 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1.6%-ийн хүүтэй, 06050019 дугаартай зээлийн гэрээгээр 944 480 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1.6%-ийн хүүтэй тус тус Анод банкнаас зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар шатахуун, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, барааны төлбөр авах эрх, үндсэн хөрөнгө, ашигт малтмал ашиглах лиценз зэргийг барьцаалж Барьцааны гэрээ байгуулжээ.

Талуудын хооронд Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ  байгуулагдсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 156 дугаар зүйлийн 156.1.-д нийцсэн байна.

Анод банк гэрээнд заасан зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, зээлдэгч №06050018 тоот 1 000 000 ам.долларын зээлийн төлбөрт үндсэн зээлээс 494.32 ам.доллар, хүүд 209 607.54 ам.долларыг төлсөн, №06050019 тоот 944 480 ам.долларын зээлийн төлбөрт үндсэн зээлд 174 012 ам.доллар, хүүд 196 243.97 ам.долларыг төлснөөс өөр төлбөр төлөөгүй үндэслэлээр №06050018 гэрээний төлбөрт 1 152 564.81 ам.доллар, №06050019 гэрээний төлбөрт 889 092 ам.доллар, нийт 2 041 656.85 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ам долларын төгрөгтэй харьцах ханшаар /1 ам.доллар = 1 402.15 төгрөг/ тооцож 2 862 709 152.23 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад МБ  шаардах эрх шилжүүлж авсан 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн МБ ны албан ханшаар буюу 1 ам.доллар=1824.78 төгрөгөөр тооцож, 3 725 574 586.74 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

“Т П” ХХК нь 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Анод банкинд хандаж, шинээр шатахууны импорт болон гадаад төлбөр тооцооны зориулалтаар 2 /хоёр/ жилийн хугацаатай 1 900 000 ам.долларын зээл хүссэн хүсэлтийг гаргаснаар Анод банкны зээлийн хороо 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар “Т П” ХХК-д 1 944 480 ам.долларыг 1.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэсэгчлэн олгохоор шийдвэр гаргаж, улмаар Анод банк, “Т П” ХХК-ийн хооронд  2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Анод банк 06050018 дугаартай Зээлийн гэрээгээр 1 000 000 ам.долларыг, 06050019 дугаартай Зээлийн гэрээгээр 944 480 ам.долларыг тус тус сарын 1.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч “Т П” ХХК гэрээнд заасан хугацаанд зээлийг, гэрээгээр тохирсон хүүгийн хамт буцаан төлөх, үүргийг хугацаандаа биелүүлэхгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах үүргийг тус тус хүлээжээ.

Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч зээл, түүний хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч “Т П” ХХК “...дансандаа хангалттай үлдэгдэлтэй байхад тухайн зээлийг авах шаардлагагүй байсан, Анод банк “...эх үүсвэргүй байна, хэдхэн хоногийн хугацаа хэрэгтэй байна, ...эх үүсвэр орж ирэнгүүт зээлийг чинь хаана...” гэж хуурч, мэхлэн төөрөгдүүлж, гэрээ байгуулсан” гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Т П” ХХК нь 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Анод банкнаас зээл авах хүсэлтээ: “...Анод банкинд байршуулсан мөнгөний үлдэгдэл 1 402 358 ам.доллар, харилцахад буй бэлэн мөнгө 297 642 ам.доллараар 2004 онд авсан зээлийн үлдэгдэл 1 700 000 ам.долларыг төлж барагдуулах тул шинээр зээл авах шаардлагатай...” гэх агуулгатай бичсэн байх тул нэхэмжлэгч хууран мэхэлж, төөрөгдүүлсэн гэх байдал тогтоогдоогүй гэж үзсэн, түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзал, тайлбар, үндэслэлээ нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах №060500187, №06050019 дугаар гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагавар, хохирол гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1., 59 дүгээр зүйлийн 59.1. дэх заалтад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №06050018, №06050019 дугаартай барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байх тул нэхэмжлэл гаргах үеийн МБ ны ам долларын төгрөгтэй харьцах ханшаар зээлийн төлбөрийг тооцож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хоёр гэрээтэй холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтад нийцсэн байна.

Анод банк, “Т П” ХХК-ийн хооронд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан №06050018, 06050019 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндэслэлээр талуудын хооронд 2003-2004 онд байгуулагдсан зээлийн болон барьцааны 15 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй болно.

Түүнчлэн МБ ийг Анод банк, “Т П” ХХК-ийн хооронд 2003-2004 онд байгуулагдсан гэрээний оролцогч биш гэх үндэслэлээр эдгээр зээлийн болон барьцааны 15 гэрээтэй холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх шаардлага үндсэн нэхэмжлэлд хамааралгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Тус хэрэг нэхэмжлэл гаргасан 2013 оноос хэрэг хянан шийдвэрлэсэн 2018 оны 11 сар хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан ба энэ хугацаанд зохигч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд гаргах хангалттай хугацаа.

Иймд нотлох баримт бүрэн бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогч нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/02818 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 720 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2019/06166 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД