| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 171/2016/0036/Э |
| Дугаар | 245 |
| Огноо | 2016-09-28 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 245
Д.Сүхбатад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор А.Оюунгэрэл,
хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр,
хохирогч Г.Даваажав,
иргэний хариуцагчийн төлөөлөгч Ж.Оюунболд,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 44А дугаар шийтгэх тогтоол,
Дархан-Уул аймгийн Эрүүийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар магадлалтай, 201509000606 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаярын гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хөх хиа овогт Дооровсамбуугийн Сүхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирох” гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Д.Сүхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 2 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.Сүхбатад оногдуулсан 3 жил 2 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Грэйт Грийн Партнерс” ХХК-иас 902,400 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.1, 499.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 509 дүгээр зүйлийн 509.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 36 сарын цалинтай тэнцэх 16,200,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Г.Даваажавд олгож, 8 нас хүрээгүй дүү Б.Энх-Энэрэлд олгогдох тэтгэврийн 15,300,000 төгрөг, илүү цаг ажиллуулсны төлбөр 541,925 төгрөг, зайлшгүй зардал 2,953,400 төгрөг тус тус нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Грэйт Грийн Партнерс” ХХК-иас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, 162,900,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Эрүүийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Даваажавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Н.Төгсбаяр нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон саналдаа: “... “Грэйт Грийн Партнерс” ХХК-ийн зүгээс бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан үйлдэл нь энэхүү гэмт хэрэг үйлдэгдэн гарахад шууд шалтгаант холбоотой байгааг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар орхигдуулж шийдвэрлэлээ. Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/07025/068 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... автомашины хойд талын тэнхлэгт дугуйны хээ элэгдсэн, дугуйг хээ зөрүүлж тавьсан, ажлын тормосны хойд ялтас /наклад/ элэгдэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн, осол үйлдэгдэхэд автомашины ажлын тормос бүрэн бус ажиллагаатай байсан, ажлын тормосны ялтас ашиглалтын хугацаанд элэгдэлтэй байсан нь хөдөлгөөний хурдыг удаашруулах боломжгүй тул осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн, ослын шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтаас шалтгаалсан ...” гэдэг нь нотлогдож байна. Зөвхөн машин барьж явсан жолооч Д.Сүхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглээ болсон. “Грэйт Грийн Партнерс” ХХК-ийн захирал А.Оюунсаран нь Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 220.2-т заасан гэмт хэргийн субъект байхад хэргийг дутуу шалгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... А.Оюунсаранд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Бүрэн бус тээврийн хэрэгслийн улмаас зам тээврийн осол гарахад А.Оюунсарангийн үйлдэл шалтгаант холбоотой байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна ...” гэв.
Шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар Д.Сүхбатад холбогдох хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд мөрдөн байцаалтын явцад мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байх тул дараах ажиллагааг зайлшгүй шалгаж тогтоох нь хэрэгт чухал ач холбогдолтой гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэг. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 38 тоот Ослын талаар гаргасан шинжээчийн: “... зам тээврийн осол нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан ...” гэсэн дүгнэлт гарсан боловч 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/07/025/068 тоот “Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай” шинжээчийн: “HIJET маркийн 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага МNS4598:2011 улсын стандартын 5.14.3 дахь заалтын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна, автомашины хойд талын тэнхлэгт дугуйны хээ элэгдсэн, дугуйг хээ зөрүүлж тавьсан, ажлын тормосны хойд ялтас /наклад/ элэгдэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн, осол үйлдэгдэхэд автомашины ажлын тормос бүрэн бус ажиллагаатай байсан, ажлын тормосны ялтас ашиглалтын хугацаанд элэгдэлтэй байсан нь хөдөлгөөний хурдыг удаашруулах боломжгүй тул осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн бөгөөд осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтаас шалтгаалсан ...” гэсэн зөрүүтэй дүгнэлт нь гэмт хэрэг гарахад Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлд хохирол учирсан нөхцөл байдал, тухайлбал жолооч болон бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан этгээдийн талаар байцаан шийтгэх ажиллагаа дутуу хийгдсэн байна.
Өөрөөр хэлбэл жолоочийн буруутай үйлдэл эсхүл техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтаас шалтгаалсан гэсэн дүгнэлтүүдийн аль нэгийг үнэлж, нөгөөг үгүйсгэх, эсхүл энэхүү хоёр нөхцлийн аль алиныг үнэлэх явдал нь гэм буруугийн асуудал болон улмаар хохирлыг шийдвэрлэхэд хамааралтай юм.
Хоёр. Энэ хэргийн иргэний хариуцагчаар хуулийн этгээд татагдах ёстой атал 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр иргэн А.Оюунсаранг иргэний хариуцагчаар тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт иргэний хариуцагчаар татагдаагүй хуулийн этгээд болох “Грэйт Грийн Партнерс” ХХК-аас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг зөв тогтоож, төлөөлөгчийг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж үзэв.
Эдгээр нөхцөл байдал болон ослыг тодорхойлох эх сурвалж болсон нотлох баримтуудыг үндэслэн байцаан шийтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах шаардлагатай байх тул шүүх хуралдаанд оролцсон прокурорын санал, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 44А дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Сүхбатад холбогдох эрүүгийн 201509000606 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж, Д.Сүхбатад яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ