Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00172

 

Ч.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02017 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2141 дугаар магадлалтай,

Ч.О-гийн  нэхэмжлэлтэй,

С.Д-д холбогдох,

74.074.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ч.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  У.Т, хариуцагч С.Д, өмгөөлөгч Ц.Ө, Б.А, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд С.Дд их хэмжээний мөнгийг өгсөн байдаг. Талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн боловч тухайн зээлийн харилцаа төгс дууссанаас хойш талуудын хооронд мөнгөний харилцаа үргэлжлээд явж байсан. Ч.О нь С.Дтай найз нөхдийн харилцаатай байсан учраас шаардлагатай үед нь мөнгөөр тусалж, Хайрхан капитал ББСБ-аас авсан зээлийг төлж байсан. Хаан банкны 5064161117 тоот данснаас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 8 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 85.000 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 1.200.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 63.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2.500.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 сая төгрөг, 7 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, нийт 16.448.000 төгрөг тус тус шилжүүлсэн.

Хаан банкны 5064161139 данснаас 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 9 дүгээр сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөг, 11 дүгээр сарын 16-ны өдөр 116.000 төгрөг, 12 дугаар сарын 13 өдөр 800.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг, 5 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 5 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, нийт 31.916.000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хайрхан капитал ББСБ-ын зээлийн хүүд 3.617.000 төгрөг, мөн 4 дүгээр сарын 18-ны өдөр 2.429.000 төгрөг тушаасан. Мядагмаа гэх хүний Голомт банкны дансанд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2.170.000 төгрөг өгсөн. 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр С.Дд бэлнээр 3.260.000 төгрөг хүлээлгэж өгсөн. 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр С.Дгийн 453152691 тоот данс руу Ариунзаяагаар 5.297.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр С.Дгийн Хаан банкны данс руу Н.Энхбатаар 29.000.000 төгрөг хийлгэсэн. 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Л.Түмэнбаярын Хаан банкны 5046363432 тоот данснаас 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Ч.О нь нийт 104.737.000 төгрөгийг С.Дд өгсөн. 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.500.000 төгрөгийг хасаад 65.258.500 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан.

Мөн 8.816.000 төгрөгийг бусдад өр төлбөртэй байсан зээлээ төлүүлсэн, энэ мөнгө Ч.Огаас бодитойгоор гарсан. Иймд, нийт 74.074.500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч  С.Д шүүхэд гаргасан  хариу  тайлбартаа: Хариуцагч нь Ч.Огаас 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Нийт 40.000.000 төгрөг зээлсэн байдаг. 40.000.000 төгрөгийн төлөлтийг хийгээд тооцоо нийлсэн акт үйлдсэн. С.Дгийн Хаан банкны 5041235950 данснаас 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг шилжүүлээд үүний 11.000.000 төгрөг үндсэн зээл, 4.000.000 төгрөг хүүд тооцогдсон байдаг. 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12.500.000 төгрөг шилжүүлж үндсэн зээлд 10.183.333 төгрөг, хүүд 2.316.667 төгрөг, 3 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөг шилжүүлж үндсэн зээлд 2.780.772 төгрөг, хүүд 219.527 төгрөг төлсөн. 4 дүгээр сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны данс руу Ариунаа гэсэн нэрээр 5.297.000 төгрөг шилжүүлж үндсэн зээлд 5.003.000 төгрөг, хүүд 293.997 төгрөг төлсөн. 4 дүгээр сарын 18-ны өдөр 3.617.000 төгрөгөөр Хайрхан капитал ББСБ-ын зээлийн хүүг төлсөн. Тооцоо нийлсэн актад 300.000.000 төгрөгийн алданги тооцож, харилцан тохиролцож гарын үсэг зурсан. 300.000.000 төгрөг төлсөн асуудал нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно.

2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Энхбатаас гэсэн нэрээр Хаан банкны дансруу 29.000.000 төгрөг шилжүүлж, үндсэн зээлд 3.670.631 төгрөг, хүүд 178.981 төгрөг төлж, 40.000.000 төгрөгийг тооцоо нийлж, акт үйлдээд гарын үсэг зурсан байдаг. 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 300.000.000 төгрөгийн алдангийг төлж эхэлсэн. 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 5 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, шилжүүлсэн. 5 дугаар сарын 21-ний өдөр авсан 3.000.000 төгрөгийг 5 дугаар сарын 22-ны өдөр Ч.Долгормаа өөрийн биеэр Хайрхан капитал ББСБ-ийн зээлийн хүүд төлсөн. Зээлийн хүүд 249.600 төгрөг, зээлийн сунгалтын шимтгэл 6.000 төгрөг төлсөн. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2.170.000 төгрөгийг Хайрхан капитал ББСБ-ын захирал Мядагмаад төлсөн. С.Дгийн данс руу 1.000.000 төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн. 2.170.000 төгрөгийн төлөлтийг 300.000.000 төгрөгийн зээлийн алдангид тооцохоор анх харилцан тохиролцоод гарын үсэг зурсан. 4 дүгээр сарын 18, 5 дугаар сарын 21, 6 дугаар сарын 23-ны өдрийн мөнгө нийлээд 8.816.000 төгрөгийг нэхэмжилсэн. Ч.О, С.Д нарын хооронд зээлийн харилцаа үүсээд зээлээ төлсөн. 300.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд ББСБ-аас зээл аваад Дарханд 6 давхар барилга барьсан. 40.000.000 төгрөг зээлсэн хүүгээ төлсөн, 300.000.000 төгрөгийн алдангийг өгсөн. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02017 дугаар шийдвэрээр,  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч С.Дгаас  63.637.000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.437.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 476.135 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Од олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2141 дугаар магадлалаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.135 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит үйл баримтад хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэргийг нэг талыг барьсан байр суурьнаас шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Зохигчдын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч байсан. Дээрх гэрээний үүргийг нэхэмжлэгчийн зүгээс тодорхой хугацаанд төлж барагдуулсан. Зохигчид найз нөхдийн харилцаатай байсан тул хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан үедээ туслуулах зорилгоор их хэмжээний мөнгийг авч байсан. Харин нэхэмжлэгчид мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан үед буцаан шаардахад хариуцагчийн зүгээс дээрх мөнгийг буцаан өгөхөөс татгалзсан. Татгалзаж буй үндэслэлээ хариуцагч нь “...Би танай хамтран амьдрагч С.Баянбаттай орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ байгуулсан боловч танай хамтран амьдрагч хугацаандаа өгөөгүй. Тиймээс энэ мөнгийг чинь энэ гэрээнийхээ алдангид тооцож авна...” гэсэн тайлбарыг өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан шиг талуудын хооронд гэрээний үүрэг харилцаа үүссэн, түүнийг анхан шатны шүүх тодруулах ёстой байсан мэтээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд 30.000.000 төгрөгний эрх зүйн харилцаа үүссэн байхад 40.000.000 төгрөг болон 400.000.000 төгрөгийн талаар тооцоо нийлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүрэг үүсээгүй байхад тооцоо нийлэх боломжгүй, мөн тооцоо нийлсэн гэж үзсэн ч ямар гэрээ хэлцлийн талаар, хэний хооронд тооцоо нийлсэн тодорхойгүйн дээр, хэзээ хийгдсэн болох нь тодорхойгүй, тус бичиглэл нь аль нь эхэлж бичигдсэн байсан нь тодорхой бус баримтууд юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд зааж буй их хэмжээний мөнгөөр тусалж байсан гэх нөхцөл байсан гэх нөхцөл байдал нь бэлэглэсэн, зээлдүүлсний аль болох талуүдын хооронд эрх зүйн харилцаа үүссэн. Тухайн маргаан асуудлаар мэтгэлцээн өрнөөгүй... “тусалж өгч” байсан гэх нэхэмжлэлийн бүрхэг шаардлагыг тодруулах ажиллагаа явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн... нэхэмжлэгчийн хариуцагчид өмнө нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шилжүүлж байсан үндэслэлийг тодруулж мэтгэлцүүлэх, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ажиллагаа явуулаагүй байна. Мөнгө шилжүүлсэн бүх тохиолдол үндэслэлгүй хөрөнгөжсөн тохиолдол болохгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч нь нэхэмжлэлийн үндэслэл болон түүнд гаргасан хариуцагчийн тайлбарын талаар зохигчдоос хэд хэдэн удаа асууж тодруулсан. Талуудын маргаж буй үйл баримтыг тодруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрхэн биелүүлсэнд хууль зүйн хувьд үнлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн.

Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Анхан шатны  хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Нэхэмжлэгч Ч.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “тусалж мөнгийг өгч байсан” мөнгийг өгөхгүй байгаа, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлаж, өөрийн болон бусдын нэрээр  хариуцагч С.Дгийн дансанд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 3 дугар сарын 17-ны өдөр хүртэл шилжүүлсэн нийт 104.737.000  төгрөгийн баримтыг нотлох баримтаар заасныг хариуцагч эс зөвшөөрч нийт 340.000.000 төгрөг нэхэмжлэгчид зээлдүүлж мөнгөө буцаан авч байсан баримт гэж маргажээ.

Зохигчдын хооронд тооцоо нийлсэн гэх 2 хуудас баримтыг хариуцагч нотлох баримтаар гаргасан бөгөөд уг баримтыг эх хувиар гаргуулах, түүнд нэхэмжлэгч Ч.О гарын үсэг зурсан эсэхийг тодруулах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй байна.Энэ талаар магадлалд заасан үндэслэлийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2141 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                                 Г.АЛТАНЧИМЭГ