Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 8

 

“ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00985 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч ХХХХХ-д холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХХХ

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

ХХХХХХ аймгийн ХХХХХХ, ХХХХХХХХХХ байрлах 1600 м.кв талбайтай мазутын аж ахуйн барилгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ, ХХХХХ,

Хариуцагч: ХХХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХХХ,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХХ” ХХК нь ХХХХХХ аймгийн ХХХХХХ, ХХХХХХХХХХ байрлах улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХ дугаар гэрчилгээтэй 1 600 куб.м багтаамжтай мазутын аж ахуйн барилга, 620 метр урттай төмөр зам бүхий үйлдвэрийн байгууламжуудыг өмчилж, нэгж талбарын ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХ дүгээр гэрчилгээтэй газрыг эзэмшиж байсан. Гэтэл тухайн үедээ 1 000 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн дээрх хөрөнгийг ХХХХХХ гэгч ХХХинд “ХХХХХ” ХХК-иас төлж барагдуулах өрийг дуусгана хэмээн илт хууль бус худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч биднийг хохироосон. ХХХХХХ нь одоог хүртэл өр төлбөрийг барагдуулаагүй нөхцөл байдал үүссэн. Иймд “ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХХХХаас хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас алдсан эд хөрөнгөө нэхэмжилж байна. “ХХХХХ” ХХК, ХХХ, “ХХХХ” ХХК нарын маргаанд ХХХХХХ гэдэг хүн оролцож, “ХХХХ” ХХК-ийн барьцаанд байсан эд хөрөнгө нь ХХХХХХын өмчлөлд шилжсэн талаар сүүлд мэдээд энэ хүнийг хариуцагчаар татсан. 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний талаар маргаж байгаа анхны маргаан. Өмнө нь энэ талаар олон шатны шүүхийн шийдвэр гарсан 4 хавтас бүхий материал нь ХХХХХХ, “ХХХХ” ХХК, ХХХ нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус, дүр үзүүлж хийсэн ба өөр гэрээг халхавчилж, хууран мэхлэх аргаар хийгдсэн хэлцэл гэдэг нь тодорхой байна. Тухайлбал, гэрээний зүйл болох объектын үнийг 10 000 000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл ХХХХХХ нь 10 000 000 төгрөгийг “ХХХХ” ХХК-д тушааж байгаагүй. Тухайн объектын тухайн үеийн үнэлгээ, өнөөдрийн үнэлгээ, гэрээнд заагдсан үнэ зэргээс үзэхэд уг гэрээ нь илт хүчин төгөлдөр бус байх тул 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ХХХХХХ “ХХХХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХ-тэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тухайн үед уг хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд байсан учраас банкнаас зөвшөөрөл авч банкны зээлээс чөлөөлж, би банктай гүйлгээг хийсэн. Бид Дархан-Уул аймаг руу үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэхээр 06 дугаар сарын 24-ний өдөр хамт явж үл хөдлөх хөрөнгийн газар очиход ХХХХ надад 550 000 000 төгрөгөөр гэрээ 10 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийх санал тавьсны дагуу хэлцэл хийсэн. Үндсэн гэрээ нь 550 000 000 төгрөгөөр хийгдээд 350 000 ам.доллар орсон талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 373 тоот шийдвэрээр 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах болон гэрээний зүйл болсон ХХХХХХХХ аймагт байрлах улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн, ХХХХХХХХХ тоот гэрчилгээний дугаартай, 1 600 куб.м багтаамжтай мазутын агуулахын сав, аж ахуйн барилга, төмөр зам, газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 383 тоот магадлалаар нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 416 тоот тогтоолоор дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянаад гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариуг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 6-1672 тоот албан бичгээр өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар “ХХХХ” ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болсон. Тиймээс 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр, бүгд хуулийн дагуу хийгдэж өмчлөх эрх нь ХХХХХ-д шилжсэн байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХХХ шүүхэд гаргасан шаардлагадаа: 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу тухайн үед төлбөрийг нэхэмжлэгч талын ХХХин дахь данс руу шилжүүлсэн, өр төлбөрөөс нь хасалт хийсэн гэдэг нь нотлох баримтаар байгаа. Тухайн үед гэрээ хийхэд ХХХХХХ байсан бөгөөд дараа нь буюу 2009 оны 08 дугаар сард ХХХХХХ нь хамтран өмчлөгчөөөр бүртгүүлсэн. Одоогийн байдлаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь ХХХХХХ, ХХХХХХ нарын нэр дээр байгаа учраас миний өмчлөх эрхэд халдаж байна. Иймд өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Мөн тухайн объектыг худалдаж авсны дараа нийт 300 000 000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул гуравдагч этгээд миний хувьд маш их хохиролтой байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2. 56.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн хариуцагч ХХХХ-д холбогдох ХХХХ ХХК, ХХХХХ ХХК болон ХХХХХХ нарын хооронд байгуулагдсан 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХХХын ХХХХХХХХХ аймгийн ХХХХХХХ, ХХХХХХХХХХ байрлах 1600 м.кв талбайтай мазутын аж ахуйн барилгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ХХХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан ХХХХХХт олгож  шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Маргааны зүйл болох ХХХХХХ аймгийн ХХХХХХХХХХ байрлах барилга, байгууламжийг хариуцагч ХХХХХХ нь 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Энэхүү гэрээгээ ХХХХХХХ аймгийн Үл хөдлөх эд хөрөнгө эрхийн бүртгэлийн албанд бүртгүүлж “ХХХХ” ХХК-ийн өмчлөлөөс ХХХХХХын өмчлөлд шилждэг. Тухайн үед маргаж буй хөрөнгө ХХХны барьцаанд байсан бөгөөд ХХХны тусламжтайгаар ХХХХХХ нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байдаг. Гэрээн дээр “ХХХХ” ХХК-ийнн үл хөдлөх эд хөрөнгийг иж бүрдлээр нь 10 000 000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулж тэр нь улсын бүртгэлийн албанд бүртгэгдсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд оролцсон бүхий л оролцогчид 10 000 000 төгрөгийн гэрээ худлаа болохыг хүлээн зөвшөөрдөг. Харин тухайн үед 350 000 ам. доллараар тухайн объектыг худалдаж авсан хэмээн хариуцагч тал тайлбарладаг. Нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзэх юм бол нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага бодитой, үндэслэлтэй, үнэн байгаа нь маш тодорхой нотлогдоод байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар дүгнэлт хийж, маргаж буй объектыг 350 000 ам доллараар худалдаж авсныг 10 000 000 төгрөг гэж бодит байдлаас бууруулсан нь гэрээний талуудын хүсэл зорилгыг гуйвуулаагүй, хуульд заасан зохих журмын дагуу байгуулагдсан гэрээ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхэд хүргээд байна. Гэрээний үндсэн нөхцөл бол үнэ байдаг. Гэтэл гэрээнд оролцогч талууд нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болсон гэрээнд бичигдсэн 10 000 000 төгрөг хэмээх тоо бодит бус, үндэслэлгүй болохыг нотолсоор байтал нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн шийдвэр гаргаж байна. Харин ямар нөхцөлөөр яаж худалдсан нь маргаантай. 10 000 000 төгрөгөөр ямар ч худалдаа хийгдээгүй. Тэр гэрээний үнийн дүн худлаа гэдгийг шүүх өөрөө хүртэл дүгнэдэг атлаа эцсийн шийдвэр гаргахдаа өөрийн дүгнэлт болон бодит байдлыг үгүйсгэж хариуцагч талд үйлчилсэн шийдвэр гаргасныг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж илтэд хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                       

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт  авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХХХ-д холбогдуулан зохигчдын хооронд 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг гэрээг талуудын хүсэл зоригийн дагуу байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцийн үр дагаврыг арилгахтай холбоогүй, талуудын хооронд 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх үйл баримттай холбоотой байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бататган тодруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэг талаас ХХХХХХ, нөгөө талаас “ХХХХХ” ХХК болон “ХХХХ” ХХК-ийн хооронд ХХХХХХХХХ аймгийн ХХХХХХХХХХХХХ байрлах 1 600 куб.м багтаамжтай мазутын барилга, 620 метр урттай төмөр зам, улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХХХ дугаар гэрчилгээтэй үйлдвэрийн байгууламж, 12 282 м.кв газрыг 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байна. /хх.I-6-8/

 

Хэргийн 2 дахь хавтасны 25-26 дахь талд авагдсан ХХХХХХХХХ аймгийн ХХХХХХХХХХХХХ байрлах байрлах 1 600 куб.м багтаамжтай мазутын агуулахын сав, аж ахуйн барилга, төмөр зам, үйлдвэрийн байгууламж, 12 282 м.кв газрыг 350 000 ам.доллараар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хэргийн 1 дэх хавтасны 65 дахь талд авагдсан ХХХХХХын өмнө шүүхэд өгч байсан “... тухайн үед талийгаачтай тохироод банкны барьцаанд байгаа эд хөрөнгийг 350 000 ам.доллараар худалдаж авсан, ... татвараас зайлсхийхийн тулд ийм гэрээ байгуулагдсан байх, ийм хэмжээний объект 10 000 000 төгрөгөөр үнэлэгдэхгүй ...” гэх мэдүүлэгтэй хариуцагч ХХХХХХын шүүхэд гаргасан “... 350 000 ам.доллараар худалдаж авсан. Тухайн үед гэрээний үнийг 10 000 000 төгрөгөөр хийсэн нь үнэн ...” гэх тайлбарыг /хх.III-2/ харьцуулан үзэхэд талууд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 350 000 ам.доллараар худалдсан хэлцлийг халхавчлах зорилгоор 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасанд нийцнэ.

Түүнчлэн, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 373 дугаар шийдвэртэй “ХХХ”-ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “ХХХХХ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдийн хувиар оролцож, 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ХХХтай байгуулсан ХХХХХХХХХ аймгийн ХХХХХХХХХХХХХ байрлах 1 600 куб.м багтаамжтай мазутын агуулахын сав, аж ахуйн барилга, төмөр зам, үйлдвэрийн байгууламж, 12 282 м.кв газрыг 350 000 ам.доллараар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 383 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх.I-26-54/

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар ХХХХХХ, “ХХХХХ” ХХК болон “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ нарын хооронд хийгдсэн ХХХХХХХХХ аймгийн ХХХХХХХХХХХХХ байрлах 1 600 куб.м багтаамжтай мазутын барилга, 620 метр урттай төмөр зам, улсын бүртгэлийн ХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХ дугаар гэрчилгээтэй үйлдвэрийн байгууламж, 12 282 м.кв газрыг 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00985 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ХХХХ” ХХК, “ХХХХХ” ХХК болон ХХХХХХ нарын хооронд байгуулагдсан 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... ХХХХХХт ...” гэсний ард “хариуцагч ХХХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЦОГТСАЙХАН

                                                                     ШҮҮГЧ                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ