Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2016/01456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-16-79 тоотод оршин суух, Боржигон овгийн Сүрэнгийн Сувдаа /ФА59031866/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 192 765 504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Н.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сүрэнгийн Сувдаа нь ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд 2012 оны 12 сарын 6 өдрийн ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Зөвлөлийн Монголын хуралдааны протокол, 2012 оны 12 сарын 6, 14-ний өдрийн ‘’ Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Зөвлөл /Монгол, Оросын хамтарсан/-ийн эчнээ хуралдааны протоколоор 2012 оны 12 сарын 17-ны өдрөөс томилогдсоныг үндэслэн ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Ерөнхий захирлын 2012 оны 12 сарын 20-ны өдрийн Б/438 дугаартай тушаалаар 2012 оны 12 сарын 17-ны өдрөөс уг албан тушаалд томилогдож, Ерөнхий захирал Ч.Ганзоригтой контракт байгуулсан байна. Нэхэмжлэгчийн хувьд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг дуустал архаг бронхит, уушиг хоолойн хурц үрэвсэл өвчний оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж №941 дугаартай акт авсан байсан ба өвчин нь сайн эдгэрээгүй тул дахин 2016 оны 5 дугаар сарын 30 өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 03-ныг дуустал дахин хэвтэн эмчлүүлж №945 дугаартай акт авч эмчлүүлсэн байдаг.  С.Сувдаа нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралтаа авахаар ерөнхий захирлын тушаалын адил хүчинтэй ээлжийн амралтын хуудсыг зохих журмын дагуу амралтын олговроо бодуулсан байдаг. Нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Зөвлөлийн Монгол хэсгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар тус өдрөөр ажлаас чөлөөлсөн шийдвэрийн хуулбарыг ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн хуулийн хэлтсийн ажилтан Н.Энхболд нэг хүний хамт 2016 оны 6 дугаар сарын 01-ний шөнийн 22 цаг 30 минутад эмнэлэг дээр авчирч өгсөн байна. Зөвлөлийн Монгол хэсгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Мөн ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/329 тоот тушаалаар С.Сувдаагийн ээлжийн амралтыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байх бөгөөд мөн өдөр С.Сувдааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад хуулбарыг ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн хуулийн хэлтсийн ажилтан Н.Энхболд 99351586 дугаараас залгаж, ерөнхий захирлын тушаал гарсныг хэлж, ажил хүлээлцэх комисс төвөөс ирээд олон хонож байгаа тул ажлаа хүлээлц гэж шаардсан. 2016 оны 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүд амралтын өдрүүд байсан бөгөөд 6 дугаар сарын 06-ны 11 цагийн орчим ажил хүлээлцэх комиссын дарга Сэр-Од гэдэг хүн утсаар ярьж, ажлаа 14 цагт хүлээлц гэдэг шаардлага тавихад, нэхэмжлэгч физик эмчилгээтэй байсан тул 6 дугаар сарын 7-ны өглөөний 10 цагт өгье гэж хэлэхэд, хоёр улсын Засгийн газрын шийдвэрийн эсрэг явлаа, том толгойлж байна. Хариуцлага тооцно гэх зэргээр сүрдүүлсэн байдаг. Энэ ярианы дараа 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 15 цаг 25 минутаас эхлэн 2016 оны 6 сарын 8-ны өглөөний 10 цаг хүртэл ontslokh.mn, uls.mn, zaluu.com, olloo.mn, 24tsag.mn, time.mn, miss.mn, mongolcomment.mn, ene.mn зэрэг сайтуудаар зохион байгуулалттайгаар “Сувдаа захирал ажлаа өгөхгүй бултсаар байх уу”, “Тамга тэмдгээ авч зугтдаг явдлыг “Эрдэнэт”-ийн С.Сувдаа захирал буухиалав” гэсэн нийтлэлээр түүний нэр хүндэд халдаж, худал мэдээлэл, гүтгэлэг тараалгасныг хариуцагч байгууллагын зарим нэг албан тушаалтнууд болон хуулбарыг “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-тай сайн мэдээний аян явуулах гэрээтэй ажиллаж байгаа, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, ontslokh.mn сайтыг үүсгэн байгуулагч Ж.Жаргалсайхантай холбоотой гэж үзэж байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийг эмнэлэгт байхад ontslokh.mn 2016 оны 5 сарын 31-ний өглөөний 9 цаг 39 минутад ажлаас чөлөөлсөн шийдвэрийг олон нийтэд мэдээлсэн байна. Нэхэмжлэгч С.Сувдаа нь өөрийн хариуцсан ажилдаа хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвартайгаар ажиллаж ирсэн. 2013-2015 онд компанийн нийгмийн хөгжлийн бодлого, стратегийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, компанийн ажиллагсдын сэтгэл хангалуун ажиллах боломжит бүх нөхцлийг бүрдүүлэх гол зорилтыг удирдлагаар хангаж, бодлогын 2 хэлтэс, нийгмийн болон ахуйн үйлчилгээний 11 цех нэгжтэйгээр компанийн нийгмийн хөгжлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн. Мөн  “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн бодлогын баримт бичгүүд болох Хаалт хөгжлийн менежментийн анхны баримт бичгийн эх боловсруулж, Эрдэнэт орон сууц хөтөлбөр санаачлан Зөвлөлийн хурлаар батлуулж, компанийн нийгмийн хариуцлагын тайланг олон улсын ISO 26000 стандартаар гаргадаг болгож, ‘’ Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийг брэнд бүүктэй болгож, “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2015-2025 онд хөгжүүлэх Концепцид анх удаа нийгмийн хөгжлийн асуудлыг бүлэг болгон оруулж, хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтөй байгаа уурхайчин ээжүүдэд сарын 400 000 төгрөгийн дэмжлэг үзүүлж, ‘’Цалинтай ээж’’ санаачлагыг хамтын гэрээгээр баталгаажуулж, Монголын хамгийн урт 5,6 км эрүүл мэндийн замтай болгож, компанийн нийгмийн хөгжилд ур чадвар, сэтгэл зүрхээ зориулж ажилласан гэдгийг ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2013-2015 оны 3 жилийн тайлан, ажил хүлээлцэх үед тус компанийн зөвлөлийн Монгол талын дарга Сэр-Од түүнийг сайн ажилласныг цохон тэмдэглэж хэлсэн үг нотлож байна. Энэ мэтээр тус компанид ажиллаж хууль бусаар үндэслэлгүйгээр халагдах хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн ил тод байсаар байтал Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн дүрэм, нэхэмжлэгчтэй байгуулсан контракт зэргийг ноцтойгоор зөрчин Ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 3 өдрийн Б/525 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах хуулийн заалтын зөрчин хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс С.Сувдааг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг бөглөхийг ‘’ Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-д даалгаж өгнө үү. Цалин 192 765 504 төгрөг нэхэмжилж байна, нийгмийн даатгалын дэвтэрийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар бодоход нэг сарын цалин 32 127 584 төгрөг болж байна гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн С.Сувдаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаалаас үндэслэлгүй халсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Дээрх нэхэмжлэлтэй холбогдуулж дараах тайлбарыг хүргүүлж байна. Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээрийн 11 дүгээр зүйлд “Үйлдвэрийн удирдах байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн тогтоосон тоо бүхий хэлэлцэн тохирч талуудын төлөөлөгчдөөс бүрдэх төлөөлөн удирдах зөвлөл байна. Ерөнхий захирал, түүний орлогчдыг зөвлөлөөс томилно”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар хуралдаанаар баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Компанийн гүйцэтгэх удирдлага нь Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Ерөнхий захирлын орлогчид болон ерөнхий нягтлан бодогчоос бүрдэнэ”, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Зөвлөл нь Компанийн гүйцэтгэх удирдлагыг томилно” гэж тус тус заасан байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдааг уг албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөлийн Монголын хэсгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөл нь Компанийн ерөнхий захирал, ерөнхий захирлын орлогч нарыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй, компанийн удирдах дээд байгууллага юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага тус компанийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг буюу “Гүйцэтгэх удирдлага нь зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг зохион байгуулна” гэсэн заалтын дагуу Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 дугаар тушаалаар С.Сувдаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн болно. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс ээлжийн амралт олгох тушаал гаргах Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.А.Кутлины шийдвэрийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3 дах заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А/329 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Дээрх тушаал гарах үед Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа ээлжийн амралт эдлээгүй, ээлжийн амралтын олговор түүнд олгогдоогүй байсан юм. Зөвлөлийн шийдвэрийн дагуу гаргасан Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 дугаар тушаал болон А/329 дугаар тушаалыг Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад гардуулж өгөхөөр 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16.00 цагт хуулийн хэлтсийн хуульч Н.Энхболд, Хүний нөөцийн хэлтсийн ажилтан Г.Номмандах нар С.Сувдаагийн эмчлүүлж байсан гэх эмнэлэг дээр очиход С.Сувдаа эмчилгээ хийлгэж дуусаад эмнэлгээс гарсан байсан тул түүнтэй утсаар холбогдож С.Сувдаагийн зөвшөөрсөнөөр түүний референт нарийн бичиг Г.Оюунд хүлээлгэн өгсөн болно. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаагийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн нэр дээр гаргсан хүсэлтийн хариуг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 116/30-к дугаартай албан бичгээр өгсөн ба түүний хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЦД-117-12/500 дугаар албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн Монголын хэсгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтод уламжилсан билээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “ерөнхий захирлын эрх хэмжээнд зөвлөлийн эрх хэмжээнд хамааруулсанаас бусад компанийн өдөр тутмын үйл ажиллагааг энэхүү дүрэм болон зөвлөлийн шийдвэрээр түүнд олгогдсон эрх хэмжээний хүрээнд удирдана” дүрмийн 16 дугаар зүйлд “Компанийг удирдах явцад үүссэн маргааныг хэлэлцээр хийх, тухайлбал зөвлөлөөр хэлэлцэх замаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. Компанийн тухай Монгол улсын хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.16-д “Компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох” асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэсэн байна. Иймд нэхэмжлэгч С.Сувдаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал биш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөл, зөвлөлийн Монголын хэсгийн дарга байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дэх хэсэгт зааснаар иргэн С.Сувдаа шүүхэд бус “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлд ажлаас чөлөөлөгдсөн асуудлаа тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан үндэслэл үүсээгүй байна. дээрх нөхцөл байдлыг үндэслэн иргэн С.Сувдаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Сувдаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 192 765 504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч С.Сувдааг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/438 дугаартай “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралын тушаалаар 2012 оны 12 дугаар сарын 17-ноос “Эрдэнэт үйлдвэр”-ийн нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилж, контракт байгуулан /хэргийн 108, 90-96 дугаар хуудас/, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 дугаартай тушаалаар /хэргийн 73 дугаар хуудас/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дээрх тушаалууд, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

С.Сувдаатай 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр контракт байгуулсан байх ба гэрээг 4 жилийн хугацаатай байгуулжээ.

2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 дугаартай тушаалд: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн Монголын хэсгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн 12.11, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3-д заасан заалтуудыг үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК С.Сувдаатай контракт байгуулан ажиллуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй.

Б/525 дугаар тушаалд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн Монголын хэсгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэсэн нь Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн 11.1-д “Компанийн удирдах дээд байгууллага нь хэлэлцэн тохирч талуудын тэнцүү тооны төлөөлөгчдөөс бүрдсэн Компанийн зөвлөл байх бөгөөд Зөвлөлийн гишүүдийн тоог хувь нийлүүлэгчид тогтооно. Зөвлөлийн хурлын шийдвэр нь компанийн хоёр хувь нийлүүлэгчдийн бүх төлөөлөгчид оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцогдоно” гэж зааснаар хүчинтөгөлдөр бус шийдвэр гэж үзэхээр байна. Зөвлөлийн хурлын шийдвэр нь хоёр хувь нийлүүлэгчдийн бүх төлөөлөгчид оролцож байж хүчинтэйд тооцогдох ба, зөвхөн Монголын хэсгийн шийдвэрийг үндэслэсэн нь компанийн дүрмийн 11.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдаан дээр: С.Сувдаатай Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан нь агуулгаараа хөдөлмөрийн гэрээ юм, орчуулгын хувьд учир дутагдалтай байна, контракт гэдэг үг бол гэрээ гэсэн үг юм, тэгвэл орчуулга дээр үүнийг орчуулаагүй, одоо нийгмийн асуудал хариуцсан орлогч гэсэн ажлын байр байхгүй болсон гэж мэтгэлцсэн.    

С.Сувдаатай байгуулсан контрактыг хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй, Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуульд нэрлэгдэн заасан анхнаасаа контрактын гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байна. Одоо нийгмийн асуудал хариуцсан орлогч гэсэн ажлын байр байхгүй болсон нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, түүнийг нотолсон баримт ч хэрэгт ирүүлээгүй болно.

Хэргийн 95 дугаар хуудас, Контрактын 5-д контрактыг 4 жилийн хугацаатай байгуулав, Компани нь ерөнхий захиралын нийгмийн асуудал хариуцсан орлогчтой хийсэн контрактыг Компанийн Зөвлөлийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө цуцалж болно. Ерөнхий захиралын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох үндэслэлүүдийг дурьдсан байх ба, Б/525 дугаар тушаалд энэ талаар тусгаагүй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК хариу тайлбартаа : ”...Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.16-д “Компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох” асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэсэн байна. Иймд нэхэмжлэгч С.Сувдаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал биш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөл, зөвлөлийн Монголын хэсгийн дарга байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дэх хэсэгт зааснаар иргэн С.Сувдаа шүүхэд бус “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлд ажлаас чөлөөлөгдсөн асуудлаа тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан үндэслэл үүсээгүй...” гэжээ.

Нэхэмжлэгч С.Сувдаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралын тушаалаар ажилд томилогдсон байх ба, ерөнхий захиралын тушаалаар мөн ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хариуцагч биш гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт нийгмийн даатгалын дэвтэрээ үндэслэн 192 765 504 төгрөг нэхэмжилсэн бөгөөд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с ирүүлсэн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин, контрактын дагуух цалин нь харилцан адилгүй байх тул С.Сувдаатай байгуулсан контрактын дагуу түүний цалинг бодож гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн. Иймд ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 06 дугаар сарын 06-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртлэх хугацааг контрактад заасан сарын цалин 5 456 600 төгрөгөөр тооцож, нийт 32 739 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 160 025 904 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас 321 648 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.

Иймд дээрх үндэслэлээр С.Сувдааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Сувдааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий ерөнхий захиралын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 32 739 600 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 160 025 904 төгрөгийг төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

         2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар С.Сувдаагийн   цалинтай тэнцэх олговор 32 739 600 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 321 648 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ХИШИГДАВАА