Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 00143

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       С.Сувдаагийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00614 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Сувдаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Н.Энхболд нарын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүрэнгийн Сувдаа нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2012 оны 12 сарын 20-ны өдрийн Б/438 дугаартай тушаалаар томилогдож, Ерөнхий захирал Ч.Ганзоригтой контракт байгуулсан байна. Нэхэмжлэгчийн хувьд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг дуустал архаг бронхит, уушиг хоолойн хурц үрэвсэл өвчний оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж №941 дугаартай акт авсан байсан ба өвчин нь сайн эдгэрээгүй тул дахин 2016 оны 5 дугаар сарын 30 өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 03-ныг дуустал дахин хэвтэн эмчлүүлж №945 дугаартай акт авч эмчлүүлсэн байдаг. С.Сувдаа нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралтаа авахаар ерөнхий захирлын тушаалын адил хүчинтэй ээлжийн амралтын хуудсыг зохих журмын дагуу авч амралтын олговроо бодуулсан байдаг. Нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн Монгол хэсгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар тус өдрөөр ажлаас чөлөөлсөн шийдвэрийн хуулбарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хуулийн хэлтсийн ажилтан Н.Энхболд нэг хүний хамт 2016 оны 6 дугаар сарын 01-ний шөнийн 22 цаг 30 минутад эмнэлэг дээр авчирч өгсөн байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах хуулийн заалтыг зөрчин хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс С.Сувдааг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг бөглөхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа:

Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс ээлжийн амралт олгох тушаал гаргах Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.А.Кутлины шийдвэрийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3 дах заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А/329 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Дээрх тушаал гарах үед Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа ээлжийн амралт эдлээгүй, ээлжийн амралтын олговор түүнд олгогдоогүй байсан юм. Зөвлөлийн шийдвэрийн дагуу гаргасан Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 дугаар тушаал болон А/329 дугаар тушаалыг Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад гардуулж өгөхөөр 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16.00 цагт хуулийн хэлтсийн хуульч Н.Энхболд, Хүний нөөцийн хэлтсийн ажилтан Г.Номмандах нар С.Сувдаагийн эмчлүүлж байсан гэх эмнэлэг дээр очиход С.Сувдаа эмчилгээ хийлгэж дуусаад эмнэлгээс гарсан байсан тул түүнтэй утсаар холбогдож С.Сувдаагийн зөвшөөрснөөр түүний референт нарийн бичиг Г.Оюунд хүлээлгэн өгсөн болно. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаагийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн нэр дээр гаргасан хүсэлтийн хариуг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 116/30-к дугаартай албан бичгээр өгсөн ба түүний хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЦД-117-12/500 дугаар албан бичгээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зөвлөлийн Монголын хэсгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтод уламжилсан билээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт ерөнхий захирлын эрх хэмжээнд зөвлөлийн эрх хэмжээнд хамааруулсанаас бусад компанийн өдөр тутмын үйл ажиллагааг энэхүү дүрэм болон зөвлөлийн шийдвэрээр түүнд олгогдсон эрх хэмжээний хүрээнд удирдана дүрмийн 16 дугаар зүйлд Компанийг удирдах явцад үүссэн маргааныг хэлэлцээр хийх, тухайлбал зөвлөлөөр хэлэлцэх замаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Компанийн тухай Монгол улсын хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.16-д Компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэсэн байна. Иймд нэхэмжлэгч С.Сувдаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал биш Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зөвлөл, зөвлөлийн Монголын хэсгийн дарга байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дэх хэсэгт зааснаар иргэн С.Сувдаа шүүхэд бус Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зөвлөлд ажлаас чөлөөлөгдсөн асуудлаа тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан үндэслэл үүсээгүй байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн иргэн С.Сувдаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00614 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Сувдааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ий ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 65479200 /жаран таван сая дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.Сувдаад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар С.Сувдаагийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 65479200 /жаран таван сая дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 555546 /таван зуун тавин таван мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Н.Энхболд нар давж заалдсан гомдолдоо:

С.Сувдааг ажлаас чөлөөлсөн асуудалд гомдолтой байвал Компанийн зөвлөлд асуудлаа тавьж шийдвэрлүүлэх тухай 2016.06.02-ны өдрийн 116/30-К дугаар албан бичгийг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн С.Сувдаад өгсөн байдаг бөгөөд С.Сувдаа гомдлоо компаниин зөвлөлд гаргаагүи, ажлаа саин дураараа хүлээлгэн өгч, ажил хүлээлцсэн актанд гарын үсэг зурсан байна. /Хэргийн 2-р хавтас 59 хуудас,/

С.Сувдаа нь ажлаас халагдсан гомдолоо шүүхэд бус Компанийн зөвлөлд гаргаад, гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзвэл шүүхэд хандах байсан. Дээрх асуудлыг анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбартаа гаргасан боловч шүүх авч хэлэлцээгүй болно. /Хэргийн 59 хуудас/

Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс ээлжийн амралт олгох Ерөнхий захирлын тушаал гараагүй бөгөөд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.А.Кутлины дээрх шийдвэрийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3 дахь заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дүрмийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А/329 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Дээрх тушаал гарах үед Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа ээлжийн амралт эдлээгүй, ээлжийн амралтын олговор түүнд олгогдоогүй байсан юм. С.Сувдаа ээлжийн амралт эдлэж байсан тухай ямар ч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан үндэслэл үүсээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “С.Сувдаатай байгуулсан контрактын гэрээ нь хуульд тусгайлан заасан хөдөлмөрийн гэрээний нэг төрөл байх бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуульд нэрлэгдэн заасан анхнаасааа контрактын гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байна” гэжээ. Сүрэнгийн Сувдаа нь Ерөнхий захирал Ч.Ганзоригтой контракт байгуулсан гэх боловч хэргийн материалд авагдсан контракт нэртэй гэрээг үзвэл Хөдөлмөрийн 1 Чай Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тусгасан агуулгын хувьд хөдөлмөрийн гэрээ байна. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл бүгд хангагдсан байна. /Хэргийн 90-96, 172-175/

С.Сувдаатай байгуулагдсан гэрээг контракт гэж үзвэл Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 25 дугаар зүйлд заасан гол нөхцлийн “Ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ” гэсэн заалт байхгүй байгаа нь агуулгын хувьд контракт бус хөдөлмөрийн гэрээ гэдгийг нотлож байна. Иймд гэрээний агуулгыг үзвэл хөдөлмөрийн гэрээ байх тул Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 дугаар тушаалын үндэслэл зөв байсан гэж үзэж байна. /Хэргийн 15, 73 хуудас/

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Зөвлөлийн хурлын шийдвэр нь хоёр хувь нийлүүлэгчдийн бүх төлөөлөгчид оролцож байж хүчинтэйд тооцогдох ба зөвхөн Монголын хэсгийн шийдвэрийг үндэслэсэн нь компанийн дүрмийн 11.1 -д заасныг зөрчсөн гэж үзнэ” гэжээ. Зөвлөлийн болон компанийн дүрэм нь Компанийн зөвлөлийн хурлаар баталгаажсан бөгөөд Монгол Улсын Олон улсын хэлэлцээр, Монгол Улсын хуулийн зүйл заалтыг давсан утга агуулгыг илэрхийлэхгүй.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд, нотлох баримтууд, С.Сувдаа Зөвлөлийн шийдвэрийг хүлээн авч, эс зөвшөөрч байвал зөвлөлд хандах үүргээ биелүүлээгүй, ажил хүлээлцэх комисст ажлаа сайн дураар хүлээлгэн өгч, ажил хүлээлцсэн актанд өөрөө гарын үсэг зурсан зэргииг үндэслэн нэхэмжлэгчиин итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2016/00614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Сувдаа нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Д.Ариунцэцэгийн гар дээрх хэргүүдийг шүүгч Б.Дэлгэрцэцэгт шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн /хх-113/ байх боловч тухайн хэргийг шийдвэрлэх шүүгчийг томилж албажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтэнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555.546 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ