| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 132/2016/0100/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2017-11-07 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 33
С.Г холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 132/2016/0100/Э
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Гэрэлбаатар
Шүүгдэгч С.Г
Хохирогч Д.Б
Т.Н
М.Б
Иргэний хариуцагч Б.Э
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Э
Иргэний нэхэмжлэгч С.А
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221 дүгээр захирамжтай С.Г холбогдох 201606000179 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ..., урьд ял шийтгэлгүй, Б овогт С. Г.
Шүүгдэгч С.Г нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт "Соната 6" маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж улмаар УАЗ Пургон маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн Д.Б, М.Б, Б.О нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, иргэн Т.А-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221 дүгээр захирамжаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г холбогдох 201606000179 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Г-гийн 1 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түр жолооны үнэмлэхийг хэргийн хамт прокурорт буцаахыг шүүгчийн туслах Б.Энх-Амгаланд даалгаж, шүүгдэгч С.Г урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэлдээ: “...хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна…. Анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр С.Г холбогдох хэргийг хүлээн аваад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 142 тоот шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 17 хоногоор, мөн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 154 тоот захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж С.Г холбогдох эрүүгийн 201606000179 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагт хийхээр товлон зарласан бөгөөд энэ өдрийн шүүх хуралдаан иргэний хариуцагчийн өмгөөлөгч Энхжаргалын хүсэлтээр 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлогдсон болно.
2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу явагдаж, хуралдаан даргалагчаас талуудын хэргийн онолын талаархи байр суурыг сонсох үед иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь "...хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаа дутуу хийгдсэн, өмгөөлөгч нарт хэргийн материал танилцуулаагүй тул урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтэй байна" гэсний дагуу шүүгч зөвлөлдөх тасалгаанд орж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах захирамж танилцуулсан болно.
Анхан шатны шүүхээс С.Г холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хийхээр удаа дараа товлон зарласан атлаа 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа хэргийн онолын талаархи байр сууриа илэрхийлж урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгнө үү гэсэн саналын дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд "Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ" гэснийг зөрчсөн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дахь хэсэгт заасан "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ"-ыг зөрчсөн байна.
…Шүүгчийн захирамжинд "... Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заагдсан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт шалгаагүй байна" гэсэн нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна … Мөн С.Г-гаас хураан авсан 76070 дугаартай жолоочийн түр зөвшөөрөл нь хуурамч гэж гарсан шинжээчийн 16 тоот дүгнэлт /хх-н 182-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон ба бүрэн гүйцэт шалгасан болно.
Шүүгчийн захирамжид "Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай
магадлалд заагдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй гэж ерөнхий байдлаар
тусгасан нь магадлалын хэд дэх хэсгийн ямар заалтыг дутуу хийж гүйцэтгэсэн гэж
үзэж байгаа нь тодорхойгүй хийсвэр, хэргийн бодит байдалтай нийцээгүй байх ба
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
"Шүүхийн шйдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн
эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн байна.
Мөн захирамжинд "...Түүнчлэн осол хэний буруутай үйлдлээс болж гарах
болсон, ослын шалтгааныг мэргэжлийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээч
томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна" гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт "Шинжээч гаргасан
дүгнэлтээ уншиж сонсгосны дараа түүнийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор
талууд шинжээчид асуулт тавьж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт шүүхэд
гаргаж болно" гэж заасан тул дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн
гүйцэтгэх боломжтой гэж үзнэ.
"…Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлтийг иргэний хариуцагч Б.Э танилцаад Дорноговь аймгийн Эм ханган нийлүүлэх байгууллагыг иргэний хариуцагчаар татан шалгуулах хүсэлтийг гаргасан ба хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна." гэжээ.
Хэрэгт Эм ханган нийлүүлэх байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.А гэх хүн томилогдон, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт "Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж заасан байх тул шүүх өөрийн санаачлагаар иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна “...Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссаны дараа өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ, мөрдөгчөөс тогтоосон хугацаанд өмгөөлөгч танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж нөхцлийг бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй нь оролцогчдын хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна." гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөрдөн байцаагч иргэний хариуцагчийн өмгөөлөгч Энхтуяад хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэн тэмдэглэл үйлдэн 2 дугаар хавтаст хэргийн 222 дугаар хуудсанд, шүүгдэгчийн өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 220 дугаар хуудсанд тус тус хавсаргагдсан байна.
Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 211 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... ” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор: “… Эсэргүүцлээ дэмжиж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү…” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх С.Г холбогдох 201606000179 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсгийг баримтлан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь талууд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоох бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.д заасан асуудлуудыг хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар хуульчилсан.
Гэтэл шүүх өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох ёстой атал шууд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгийн үед шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 1.2.т тус тус заасан байна.
Иймд прокурорын эсэргүүцэлд дурьдсан “…шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9.д заасныг зөрчсөн…” гэх хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах асуудал нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ талаарх прокурорын эсэргүүцэлд дурьдсан хэсгийг хэлэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221 дүгээр захирамжийг хүчингүй болгож, С.Г холбогдох 201606000179 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол С.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
С.УРАНЧИМЭГ