Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00201

 

      Г.Э-ийн нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02184 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2136 дугаар магадлалтай,

Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

О.Н-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, баталгаат ипотекийн гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай үндсэн,

82.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

гуравдагч этгээдийн “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай  иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямдаваа, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Э- нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр О.Н-той орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр 12 тоот болох 92,98 м.кв талбайтай 3 өрөө байрыг захиалан бариулсан. Гэрээний үнийн дүн болох 190.609.000 төгрөгийг Г.Э- нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэхэд буюу гэрээний хугацаанд нь бүрэн төлж дуусгасан. Уг орон сууц нь 2015 оны 02 дугаар сард ашиглалтад орно гэсэн боловч ороогүй 2016 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр байрандаа орсон. 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр О.Н- нь Г.Э-ийн зөвшөөрөлгүйгээр нь орон сууцны өмчлөгчөөр өөрийн нэрийг бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авч, 2015 оны 3 дугаар сарын 31-ны өдөр “Цэн кредит ББСБ” ХХК-д 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд барьцаа болгон үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан байдаг. Орон сууц захиалан бариулах гэрээг дүгнэсэн актаар төлбөр тооцоо дууссан гэдгийг баталгаажуулж гарын үсэг зурсан. Энэ баримтын дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон. Г.Э- нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул 4.1.2 дахь хэсэгт зааснаар орон сууцыг өөрийн өмчлөлд шилжих ёстой.

Иймээс өөрийн захиалан бариулсан байрны өмчлөгчөөр тогтоолгох, О.Н- болон “Цэн кредит ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан "Барьцаат ипотекийн гэрээ"-ний 2.1 дэх заалт болон хууль зөрчсөн хэлцэл байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч О. Намнандорж шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 12 тоот 3 өрөө байр нь гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог 100 хувь бүрэн төлсөн тохиолдолд захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн. Би гэрээний дагуу төлбөрөө төлж дуусгахыг Г.Э- болон түүний нөхөр н.Энхбатаас удаа дараа шаардсан боловч төлбөрийг төлж дуусгахгүй байсан учир гэрээнд заасны дагуу миний өмчлөлд байсан байрыг “Цэн кредит ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавьсан. Өнөөдрийг хүртэл “Цэн кредит ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Г.Э- нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд одоогийн байдлаар 55.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ дүгнэсэн актын хувьд бэлэн бусаар 55.000.000 төгрөгийг бартераар хийхээр тохиролцов гэж байдаг. Тухайн барилга нь 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад орсон. Иймд Г.Э-ийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Цэн кредит ББСБ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч төлбөрийн бүрэн төлсөн гэдэг. Харин хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Г.Э- нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна. О.Н-, Т.Нямдаваа төлөөлөгч, захирал н.Цэвээнсүрэн нар очиж үзэхэд байранд хүн амьдардаггүй байсан бөгөөд уг байртай холбоотой бичиг баримтын хувьд мөн адил ямар нэгэн асуудал байгаагүй. Иймээс барьцаат зээлийн гэрээ нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Э- нь орон сууцны төлбөрөөс 55.000.000 төгрөгийг төлөөгүй учраас түүний өмчлөлд орон сууцыг шилжүүлээгүй бөгөөд Г.Э-т гэрээний 4.2 дугаар зүйлийн 4.2.2-д заасан үүргээ биелүүлэхээр удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Г.Э-ийн сүүлийн төлбөр төлөх хугацаа болох 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 65.560.000 төгрөг болсныг алдангийг багасгаж 27.500.000 төгрөгийг болон төлөгдөөгүй 55.000.000 төгрөгийг хамт тооцож нийт 82.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Төлбөр тооцоо дууссан гэдгээ талууд хангалттай дүгнэсэн. Гэрээний төлбөр төлөх нөхцлийг гэрээний 3 дугаар хэсэгт оруулсан. Эхний төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 40.000.000 төгрөг, дунд хугацааны төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 40.000.000 төгрөг, хамгийн сүүлд үлдэх хэсэг буюу 29 хувь болох 55.610.000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлнө гэж хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Сүүлд гэрээг дүгнэхдээ 190.609.000 төгрөгийг төлж барагдуулсан болно гэж тодорхой тусгасан байна. Иймээс Г.Э-ийг төлбөрийг бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Г.Э- нь О.Н- руу дансаар мөнгө шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Цэн кредит ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан шаардлагадаа: О.Н- нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Цэн кредит ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлж авсан. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож маргаан бүхий орон сууцыг барьцаалан гэрээ байгуулсан. Ийнхүү шалгаж үзэхэд О.Н-ийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд өөр хэн нэгний үүрэг ногдуулсан зүйл байхгүй байна гэсэн лавлагаа гарч ирсэн. Иймээс тухайн үед барьцаа болгоход ямар нэгэн саад байхгүй байна гэж үзээд зээлийн гэрээ байгуулсны дараа гэнэт Г.Э- гэх хүн гарч ирж “..та нарын зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө бид орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байсан” гэж өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нөхцөл байдал нь хуурамчаар бий болсон мэт харагдаж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: Маргаан бүхий байранд орсноосоо хойш зохион байгуулалтын өөрчлөлт хийж 3 өрөө байрыг 4 өрөө болгосон баримтыг шүүхэд өгсөн. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь уг хэлцлийн улмаас ямар нэгэн үр дагавар үүсээгүй байхыг ойлгодог. Гэтэл талуудын хооронд бодитоор эрх үүрэг үүссэн байгаа нь баримтаар нотлогдож байна. Иймээс гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Талууд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бодитоор гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу төлбөр төлөлтийн график гаргасан. Нэхэмжлэгчээс үлдэгдэл 55.000.000 төгрөгийг өгөхийг удаа дараа шаардаж байсан. 55.000.000 төгрөгийг бартераар хийхээр тохирсон боловч түүнийгээ биелүүлээгүй. Түүнээс биш байрны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй гэсэн санаа зорилго О.Н-ид байхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02184 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э-ийг ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч О.Н-, “Цэн кредит ББСБ” ХХК нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Баталгаат ипотекийн гэрээ”-ний 2.1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Г.Э-ээс 82.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч О.Н-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Г.Э-, хариуцагч О.Н- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698,350 төгрөг, хариуцагч О.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570,450 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Цэн кредит ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.111.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2136 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 698 350 төгрөгийг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 570 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Э-ийг Хан уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93-р байрны 12 тоот 92, 98 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоохдоо хуулийг зөв хэрэглэсэн. Харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Барьцааны эрх дуусгавар болох үндэслэлийг заасан Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан барьцаагаар хангагдах шаардлагыг дуусгавар болсон гэж үзэх баримт байхгүй тохиолдолд орон сууцыг барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн явдал болсон ба энэ нь нэхэмжлэгч Г.Э-ийн хуулиар олгогдсон "өөрийн өмчийг чөлөөтэй эзэмших, ашиглах, өмчлөх, захиран зарцуулах эрхээ эдлэх эрх"-ийг хязгаарласан шийдвэр болсон. Г.Э- нь төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд төлж дуусгасан байсан. Гэтэл О.Н- нь захиалагч талд огт мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дээрх орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж, улмаар 2015 оны 3 дугаар сарын 31-ны өдөр "Цэн кредит ББСБ" ХХК-д 80.000.000 төгрөгийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг орон сууцыг барьцаалсан байсан. Г.Э- дээрх гэрээний дагуу шилжүүлэлгүй, гуравдагч этгээд болох "Цэн кредит ББСБ" ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан шаардлагыг тус тус зөрчсөн. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 02184 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 2136 дугаар магадлалд заасан "Барьцаат ипотекийн гэрээ"-ний 2.1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгон, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/02184 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2136 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.Э- бидний хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туулын гудамж, 93 дугаар байрны 12 тоот дахь 92,98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахаар “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний төлбөрийг нийт 190.609.000 төгрөг байхаар, төлбөрөөс 135.609.000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр, үлдэгдэл 55.000.000 төгрөгийг бартераар төлөхөөр тохиролцсон. Харин үлдэгдэл 55.000.000 төгрөгийг бартераар төлнө гэсэн боловч огт төлөөгүй болно. Мөн бидний хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар алданги төлөх үүрэг хүлээж байсан бөгөөд миний бие түүний төлөөгүй төлбөрт 55.000.000 төгрөг, алданги 27.500.000 төгрөг, нийт 82.500.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байсан гэж үзэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас “гэрээний үнэд төлсөн 55.000.000 төгрөгтэй холбоотой баримтыг манай талаас гаргаж өгөх боломжтой” гэж тайлбарлаж байсан. Энэ тайлбараа бататгаж баримт гаргаж өгөхгүй байгаа нь, бартераар огт ажил хийгээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэдэг нь нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт О.Н- миний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч О.Н-ид холбогдуулан “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, баталгаат ипотекийн гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулан, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний үүрэгт 82.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд “Цэн кредит ББСБ” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Э-, хариуцагч О.Н- нарын хооронд  2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар давхрын 12 тоот, 3 өрөө, 92,98 м.кв орон сууцыг, 1 м.кв талбайг 2.050.000 төгрөгөөр тооцон, нийт 190.609.000 төгрөгөөр бариулах, хариуцагч барилгыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барихаар харилцан тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь маргааны зүйл болох барилгыг  2014 оны 12 дугаар сарын 28-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч 2016 оны 1 дүгээр сарын 18-ний өдрөөс хойш  уг байрыг эзэмшиж, ашиглаж байгаа, энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн эсэх, хариуцагч уг орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.  

Гэрээний 4.1.2-т зааснаар захиалагч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг түүний өмчлөлд шилжүүлэхээр талууд тохиролцсон ба нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 20-ний өдөр байрны үнэ 190.610.000 төгрөгийг төлж дууссан талаар  гэрээнд тэмдэглэж талууд гарын үсэг зуржээ /хэргийн 4-6 дугаар тал/. 

Хариуцагч нь “Цэн кредит ББСБ” ХХК-с 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 80.000.000 төгрөг зээлэхдээ өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны 12 тоот орон сууцыг барьцаалж, баталгаат ипотекийн гэрээ байгуулсан,  гэрээ  улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба тэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохоо үгүйсгээгүй байна.

Дээр дурдсанаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг байрны төлбөрийг төлж дуусахаас өмнө уг байрыг барьцаалан гуравдагч этгээдээс зээл авсан нь тогтоогджээ.

Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд орон сууцыг барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлээс “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн бусад шаардлага, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн,  хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02184 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2136 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо,  хариуцагч О.Н- нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 698.350 төгрөг, хариуцагчаас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 570.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ