Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2184

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 10 тоотод оршин суух, Давсан уул овогт Гэндэн-Очирын Эрдэнэчимэг /РД:ЧМ82100708/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 28-51 тоотод оршин суух, Даш овогт Очирбатын Намнандорж /РД:ЧМ81050212/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма ганди, Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Цэн кредит ББСБ” ХХК-ийн бие даасан шаардлагатай,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, баталгаат ипотекийн гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 82,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо, хариуцагч О.Намнандорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямдаваа, өмгөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:     

         Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Эрдэнэчимэг нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 жилийн найз О.Намнандоржтой орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр 12 тоот болох 92,98 м.кв талбайтай 3 өрөө байрыг захиалан бариулсан. Гэрээний үнийн дүн болох 190,609,000 төгрөгийг Г.Эрдэнэчимэг нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэхэд буюу гэрээний хугацаанд нь бүрэн төлж дуусгасан. Уг орон сууц нь 2015 оны 02 дугаар сард ашиглалтанд орсон. Тухайн үед О.Намнандорж нь “...байр бүхэлдээ ашиглалтанд ороогүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдох боломжгүй байна гэж хуурч байранд орох хугацааг хойшлуулсан. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Г.Эрдэнэчимэг нь байрандаа орсон бөгөөд түүнээс хойш одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна. 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр О.Намнандорж нь Г.Эрдэнэчимэгийн зөвшөөрөлгүйгээр нь орон сууцны өмчлөгчөөр өөрийн нэрийг бүртгүүлж, 0040640 дугаартай үл хөдлөх хөрөнгө  өмчлөх эрхийн гэрчилгээ авч, 2015 оны 3 дугаар сарын 31-ны өдөр “Цэн кредит ББСБ” ХХК-д 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд барьцаа болгон үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан байдаг. Орон сууц захиалан бариулах гэрээний 4.1.2 дахь хэсэгт заасан “захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшил өмчлөлд шилжүүлнэ” гэсэн. Мөн гэрээний 2.5 дахь хэсэгт “захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд уг байр нь гүйцэтгэгчийн эзэмшил өмчлөлд байна” гэсэн. 4.1.7 дахь хэсэгт “гүйцэтгэгч нь захиалагчид орон сууцыг ашиглалтанд орсны дараа эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө” гэж тусгаж тохиролцсон байсан. Г.Эрдэнэчимэг нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр энэ үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд энэ тухай нотлох баримт нь гэрээний доод хэсэгт гэрээг дүгнэсэн баримтаар нотлогдоно. Гэрээ дүгнэсэн актаар төлбөр тооцоо дууссан гэдгийг баталгаажуулж гарын үсэг зурсан. Энэ баримтын дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон. Г.Эрдэнэчимэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул 4.1.2 дахь хэсэгт зааснаар орон сууцыг өөрийн өмчлөлд шилжих ёстой гэж үзсэн. Гэтэл О.Намнандорж нь гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Эрдэнэчимэгийн нэр дээр шилжүүлэх ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй байсаар байна. Иймээс өөрийн захиалан бариулсан байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргасан.

О.Намнандорж нь өөрийн нэр дээр бүртгэлтэй  орон сууцыг захиалагч Г.Эрдэнэчимэгт шилжүүлээгүй бөгөөд гуравдагч этгээд “Цэн кредит ББСБ” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байгаа нь Үл Хөлдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн барьцаалагч тал  болох “Цэн кредит ББСБ” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээд, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж, шаардах эрх бүхий гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн хэлцэл хийсэн гэж үзэж байна. Иймээс “Цэн кредит ББСБ” ХХК болон О.Намнандорж нарын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15/003 дугаартай барьцаат ипотекийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасан “..барьцааны зүйлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 12 тоот оон сууцыг барьцаалсан хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн тухайн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн шаардлага гаргасан.  Маргаан бүхий хөрөнгө нь О.Намнандорж болон “Цэн кредит ББСБ” ХХК-ийн хувьд гуравдагч этгээдийн шаардах эрхтэй хөрөнгө байсан тул эдгээрийн хооронд байгуулагдсан хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэсэн үндсэн 3 шаардлагатай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

   Хариуцагч О.Намнандорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 12 тоот 3 өрөө байр нь гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог 100 хувь бүрэн төлсөн тохиолдолд захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн. Би гэрээний дагуу төлбөрөө төлж дуусгахыг Г.Эрдэнэчимэг болон түүний нөхөр н.Энхбатаас удаа дараа шаардсан боловч төлбөрийг төлж дуусгахгүй байсан учир гэрээнд заасны дагуу миний өмчлөлд байсан тул байрыг “Цэн  кредит ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавьсан. Өнөөдрийг хүртэл “Цэн  кредит ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Г.Эрдэнэчимэг нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд одоогийн байдлаар 55,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тухайн үед хууль ёсны дагуу миний эзэмшил болон өмчлөлд байсан учир барьцаанд тавьж зээл авсан гэв.

2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ дүгнэсэн актын хувьд бэлэн бусаар 55,000,000 төгрөгийг бартераар хийхээр тохиролцов гэж байдаг. Г.Эрдэнэчимэг уг байранд орохгүй удсан шалтгаан нь төлбөрийн үлдэгдэлтэй байсан зүйл юм. Тухайн барилга нь 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад орсон. Г.Эрдэнэчимэгийн аав ээж нь яагаад байрандаа орохгүй байгаа юм бэ гэж шахаад байсан гэсэн учраас багын найз нөхдийн харилцааг бодож гэрээг дүгнэж байранд оруулсан  боловч одоог хүртэл төлбөрөө төлж дуусгаагүй байна гэв.  Иймд Г.Эрдэнэчимэгийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч төлбөрийн бүрэн төлсөн гэдэг. Харин хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай зүгээс төлбөрийг бүрэн төлж барагдуулсантай холбоотой баримт гаргаж өгөх хүсэлт гаргасан. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан н.Уранчимэг нь “...тийм баримт байхгүй байна. 55,000,000 төгрөгийг бартераар төлсөн баримт алга байна. Тэрийг О.Намнандоржтой ярилцаж байгаад мөнгө өгч авъя гэдэг тохиролцоо хийх гээд байж байна” гэж хурал дээр хэлсэн. Үүнийг талууд бүгд сонссон. Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл Г.Эрдэнэчимэг нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч тал хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд нотлох баримт нь хангалттай биш байна.  Бидэнд мэдэгдсэнээр тухайн үед О.Намнандорж, Т.Нямдаваа төлөөлөгч, захирал н.Цэвээнсүрэн нар очиж үзэхэд байранд хүн амьдардаггүй байсан бөгөөд уг байртай холбоотой бичиг баримтын хувьд мөн адил ямар нэгэн асуудал байгаагүй. Зээлийн гэрээг О.Намнандорж хүлээн зөвшөөрдөг. Иймээс барьцаат зээлийн гэрээ нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч О.Намнандорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Г.Эрдэнэчимэгтэй 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулан гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, түүнийг 2016 оны эхээр орон сууцанд  оруулсан. Харин Г.Эрдэнэчимэг нь орон сууцны төлбөрөөс 55,000,000 төгрөгийг төлөөгүй учраас түүний өмчлөлд орон сууцыг шилжүүлээгүй бөгөөд Г.Эрдэнэчимэгт гэрээний 4.2 дугаар зүйлийн 4.2.2-д заасан үүргээ биелүүлэхээр удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Иймд орон сууц захиалан бариулах тухай гэрээний 5.1-д заасны дагуу төлөөгүй 55,000,000 төгрөгөөс Г.Эрдэнэчимэгийн сүүлийн төлбөр төлөх хугацаа болох 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 65,560,000 төгрөг болсныг алдангийг багасгаж 27,500,000 төгрөгийг болон төлөгдөөгүй 55,000,000 төгрөгийг хамт тооцож нийт 82,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:  

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг ерөнхийдөө үндсэн нэхэмжлэлд тусгасан байгаа. Манай зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр тооцоо дууссан гэдгээ талууд хангалттай дүгнэсэн байгаа. Гэрээний төлбөр төлөх нөхцлийг гэрээний 3 дугаар хэсэгт оруулсан. Эхний төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 40,000,000 төгрөг, дунд хугацааны төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 40,000,000 төгрөг, хамгийн сүүлд үлдэх хэсэг буюу 29 хувь болох 55,610,000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлнө гэж хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Сүүлд гэрээг дүгнэхдээ 190,609,000 төгрөгийг төлж барагдуулсан болно гэж тодорхой тусгасан байна. Иймээс Г.Эрдэнэчимэгийг төлбөрийг бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Г.Эрдэнэчимэг нь О.Намнандоржруу дансаар мөнгө шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан. Талууд найз нөхдийн холбоотой байсан учир хэн хэндээ итгэж гэрээ байгуулсан. Г.Эрдэнэчимэгийн тухайд гомдолтой байдаг зүйл нь багын найзаасаа тухайн үеийн ханшаар м.кв-ийг нь 2,050,000 төгрөгөөр тооцож худалдан авч төлбөр тооцоо дуусгасан байхад одоо хохирч байна гэдэг. Мөн мөнгөө бүрэн авсан хэрнээ үндэслэлгүй тайлбар тавиад байгаа шалтгааныг ойлгохгүй байна гэсэн байр суурьтай байдаг. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Цэн кредит ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

 “Цэн кредит ББСБ” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлага нь юутай холбоотой вэ гэвэл нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлсөн гэдэг боловч үүнтэй холбоотой төлбөрөө бүрэн төлсөн гэдэг баримтууд гарч ирдэггүй. Энэ нөхцөл байдал нь Г.Эрдэнэчимэг болон О.Намнандорж нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэх үндэслэл бий болж байгаа юм. О.Намнандорж нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Цэн кредит ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлж авсан. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож маргаан бүхий орон сууцыг барьцаалан гэрээ байгуулсан. Тухайн үед зээлдэгчийн барьцаалуулах гэж буй хөрөнгийг шалгаж холбогдох төрийн байгууллагаас тодорхойлолт авсан. Ийнхүү шалгаж үзэхэд О.Намнандоржийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд өөр хэн нэгний үүрэг ногдуулсан зүйл байхгүй байна гэсэн лавлагаа гарч ирсэн. Иймээс тухайн үед барьцаа болгоход ямар нэгэн саад байхгүй байна гэж үзээд зээлийн гэрээ байгуулсны дараа гэнэт Г.Эрдэнэчимэг гэх хүн гарч ирж “..та нарын зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө бид орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байсан” гэж өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нөхцөл байдал нь хураамчаар бий болсон мэт харагдаж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Гуравдагч этгээд нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж түүний дагуу үр дагавар үүссэн. Гэрээний дагуу Г.Эрдэнэчимэг нь төлбөрийг шилжүүлж төлсөн баримтууд хэрэгт байгаа. Үүнээс гадна энэ байранд нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд бүх ашиглалтын төлбөр гэх мэт төлбөрийг төлсөөр байгаа. Мөн байранд орсноосоо хойш зохион байгуулалтын өөрчлөлт хийж 3 өрөө байрыг 4 өрөө болгосон баримтыг шүүхэд өгсөн.  Хэрэв уг гэрээ хуурамч гэж байгаа бол одоо уг байранд амьдарч төлбөрийг нь төлөөд байж байх бодит нөхцөл байдал байхгүй юм. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь уг хэлцлийн улмаас ямар нэгэн үр дагавар үүсээгүй байхыг ойлгодог. Гэтэл талуудын хооронд бодитоор эрх үүрэг үүссэн байгаа нь баримтаар нотлогдож байна. Иймээс гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч О.Намнандорж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Манай зүгээс гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Талууд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бодитоор гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу төлбөр төлөлтийн график гаргасан. Нэхэмжлэгч өөрөө өмгөөлөгчдөө хэлсэн нэг ангийн хүүхдүүд тул итгэж гэрээ байгуулсан гэж хэлсэн байсан. Нэхэмжлэгчийн зүгээс О.Намнандоржруу мөнгө шилжүүлсэн дансны хуулгаа гаргаж өгсөн. Уг дансны хуулгаас харахад О.Намнандоржид 17,000,000 төгрөг төлсөн байдаг.  Бусад төлбөртэй холбоотой баримтаа хэрэгт өгөөгүй. О.Намнандорж өөрөө 135,609,000 төгрөгийг Г.Эрдэнэчимэгээс увуулж цувуулж авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Эдгээр мөнгөн дүн нь хэрэгт өгсөн баримттай болон баримтгүй мөнгөн дүнгийн хэмжээ нийлээд юм.  О.Намнандорж үдэгдэл 55,000,000 төгрөгийг өгөхийг хүлээсэн. Удаа дараа шаардаж байсан. 55,000,000 төгрөгийг бартераар хийхээр тохирсон боловч түүнийгээ биелүүлээгүй. Мөн үлдэгдэл төлбөртөө цагаан өнгийн рэнжровер маркийн машиныг өгье гэхэд нь О.Намнандорж зөвшөөрөхгүй аваагүй байдаг.  Ингээд  төлбөрөө шаардахад өнөөдрийг хүртэл төлөөгүй юм. Гэсэн хэдий ч хариуцагч тал төлбөр авсан гэрээ байгуулсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрдөг тул дүр үзүүлсэн зүйл байхгүй. О.Намнандоржийн хувьд 55,000,000 төгрөгөө алдангийн хамт төлчих тэгвэл байрыг барьцаанаас суллаж өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэсэн байр суурьтай байгаа юм. Үүнийг Г.Эрдэнэчимэгт хэлдэг боловч хүлээж авдаггүй. Түүнээс биш байрны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй гэсэн санаа зорилго О.Намнандоржид байхгүй юм гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нь хариуцагч О.Намнандоржид холбогдуулан ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, О.Намнандорж, “Цэн кредит ББСБ” ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 31-ны өдөр байгуулагдсан 15/003 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-ний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

   Хариуцагч О.Намнандорж нь нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгт холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 82,500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг,

   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Цэн кредит ББСБ” ХХК нь хариуцагч О.Намнандорж, нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нарт холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.  

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч О.Намнандорж нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 92,98 м.кв талбайтай орон сууцыг, 1 м.кв талбайг 2,050,000 төгрөгөөр тооцон, нийт 190,609,000 төгрөгөөр  2014 оны 4 дүгээр улиралд багтаан барихаар харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ байгуулагдсан эсэх дээр маргаагүй. /хх 4-5 тал/.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний зүйл, гэрээний шинж, талуудын эрх үүрэг зэргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь уг барилгыг 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр улсын комиссд хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, өнөөдрийг хүртэл тус байранд нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нь гэр бүлийн хамт амьдарч байгааг зохигчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна. 

Нэхэмжлэгч  нь “...миний бие О.Намнандоржтой 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-д заасан үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн төлсөн байхад уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг О.Намнандорж нь өөрийн нэр дээр гаргуулан авч, “Цэн кредит ББСБ” ХХК-д барьцаанд тавьж гэрээний үүргээ ноцтой зөрчиж, намайг хохироож байна...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч нь “...Г.Эрдэнэчимэг нь “Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлөх төлбөрөөс 135,609,000 төгрөгийг төлсөн, харин 55,000,000 төгрөгийг төлөөгүй учраас тус байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй тул миний бие Г.Эрдэнэчимэгээс гэрээний үүрэгт дутуу төлсөн төлбөр 55,000,000 төгрөгийг алданги 27,500,000 төгрөг, нийт 82,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч  нар нь 10 жилийн нэг ангид сурч байсан, найз нөхдийн харилцаатай тул гэрээний дагуу өгч, авсан мөнгөн дээрээ тэр бүр баримт үйлдээд байдаггүй байсан гэх тайлбарыг зохигчийн хэн алин гаргаж байх хэдий ч нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж, хариуцагч нь гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс нийт 135,609,000 төгрөгийг хүлээн авсанаа хүлээн зөвшөөрч, харин үлдэгдэл 55,000,000 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.2-т захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын бүрэн эзэмшил, өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байхаас гадна тус гэрээний төгсгөл хэсэгт байгаа “2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр энэхүү гэрээний төлбөр 100 хувь буюу 190,610,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Тооцоо нийлсэн иргэн О.Намнандорж, иргэн Г.Эрдэнэчимэг” гэсэн бичвэрт нэхэмжлэгч О.Намнандорж, хариуцагч Г.Эрдэнэчимэг нар гарын үсэг зурж тооцоо нийлсэн байх ба уг тооцоо нийлсэн баримтад зурсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн төдийгүй түүнийг өөрөө бичсэн гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

Харин  хариуцагч О.Намнандорж нь уг  тооцоо нийлсэн баримтыг “...нэхэмжлэгч нь аав ээж яагаад байрандаа орохгүй байгаа юм бэ гээд шаардаад байна гээд байхаар нь найз нөхдийн хувьд тийм баримт бичиж өгсөн, мөн уг баримтын дагуу гэрээний төлбөр дуусаагүй гэдэг нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байрны төлбөрт 15,000,000 төгрөгийг төлсөн байдлаар нотлогдоно гэж” тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хэргийн 55 дугаар талд авагдсан 15,000,000 төгрөгийг төлсөн баримт нь Энхбатаас О.Намнандоржид орлого гэж шилжүүлсэн байх тул түүнийг орон сууц захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд хариуцагчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт талууд шилжүүлж байгаа  эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэжээ.

Орон сууц захиалан бариулах гэрээний төгсгөлд бичигдсэн тооцоо нийлсэн актыг хариуцагч нь “төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад найз нөхдийн хувьд бичиж өгсөн, тооцоо нийлсэн баримт биш” гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.2 дахь заалт, гэрээний төгсгөлд бичигдсэн нэхэмжлэгч хариуцагч нарын тооцоо нийлсэн баримт, хариуцагч О.Намнандорж нь 2016 оны 01 дүгээр сард орон сууцыг Г.Эрдэнэчимэгт хүлээлгэн өгснөөр өнөөдрийг хүртэл уг орон сууцанд Г.Эрдэнэчимэг гэр бүлийн хамт амьдарч байгаа байдал зэргийг үндэслэн  нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгт ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцыг өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч О.Намнандорж нь “Цэн кредит ББСБ” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулж, ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалсныг нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нь Үл Хөлдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн хэлцэл гэж үзэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд эс зөвшөөрч маргаж байна.

Г.Эрдэнэчимэг, О.Намнандорж нарын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээний 4.1.2-т захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын бүрэн эзэмшил, өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Энэхүү заалтын дагуу Г.Эрдэнэчимэг нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр О.Намнандоржтой гэрээний төлбөр бүрэн дууссан талаар тооцоо нийлснээр түүнийг гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ /хх-ийн 5 тал/ар//.

Өөрөөр хэлбэл Г.Эрдэнэчимэг нь төлбөрөө бүрэн төлөхөөс өмнө захиалгын орон сууц нь О.Намнандоржийн эзэмшил, өмчлөлд байна.

Үүний дагуу 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгт уг орон сууцыг өмчлөх эрх шилжсэн. Хариуцагч О.Намнандорж нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 000406404 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна /хх-ийн 28 тал/.

Ийнхүү маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийн өмчлөл, эзэмшилд шилжээгүй байх үед хариуцагч О.Намнандорж нь “Цэн кредит ББСБ” ХХК-тай баталгаат ипотекийн гэрээ байгуулсныг Үл Хөлдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн хэлцэл гэж үзэх боломжгүй байна. 

   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Цэн кредит ББСБ” ХХК нь хариуцагч О.Намнандорж, нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нарт холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч, хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна. 

   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба үндэслэлээ” тэд 10 жилийн нэг ангид сурч байсан, найз нөхдийн харилцаатай тул бодит байдал дээд ийм хэдцэл байгуулагдаагүй, хожим нөхөж хийсэн хэлцэл...” гэж тайлбарлаж байна.

   Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч О.Намнандорж нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ  байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ, төлбөр төлсөн дансны хуулга, гэрээг дүгнэн тооцоо нийлсэн баримт, маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч нь өнөөг хүртэл амьдарч байгаа байдал зэргээр тогтоогдож байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй байна.

   Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийг ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцны  өмчлөгчөөр тогтоож, хариуцагч О.Намнандорж, “Цэн кредит ББСБ” ХХК нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  байгуулагдсан “Баталгаат ипотекийн гэрээ”-ний 2.1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгээс 82,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч О.Намнандоржийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч О.Намнандорж нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                   ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийг ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцны  өмчлөгчөөр тогтоож, хариуцагч О.Намнандорж, “Цэн кредит ББСБ” ХХК нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  байгуулагдсан “Баталгаат ипотекийн гэрээ”-ний 2.1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгээс 82,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч О.Намнандоржийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч О.Намнандорж нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698,350 төгрөг, хариуцагч О.Намнандоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570,450 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Цэн кредит ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,111,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Намнандоржоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА