Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2136

 

Г.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02184 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Эийн, хариуцагч О.Нид холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Баталгаат ипотекийн гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй хариуцагчийн орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 82 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагч О.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн О.Нтой Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туулын гудамж, 93 дугаар байрны 3 давхарт байрлах 12 тоот 92.98 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв нь 2 050 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, гэрээний үнийн дүнг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл О.Н нь уг байрыг Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, Улсын бүртгэлийн Ү-2206039648 дугаарт бүртгүүлж байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дэр гаргасан байна. Иймд дээрх орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг анх гаргасан.

            Мөн үүрэг гүйцэтгэгч О.Н нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй маргаан бүхий орон сууцыг захиалагчид шилжүүлээгүй, гуравдагч этгээд “Ц ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг тус тус зөрчсөн. Харин барьцаалагч “Ц ББСБ” ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл хийсэн. Иймд О.Н, “Ц ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15/003 дугаартай Барьцаат ипотекийн гэрээний 2.1-д заасан барьцааны зүйлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туулын гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцыг барьцаалсан хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн тухайн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туулын гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

            Хариуцагч О.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Г.Этэй 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулан гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, түүнийг 2015 оны эхээр орон сууцанд оруулсан. Харин Г.Э нь орон сууцны төлбөрөөс 55 000 000 төгрөгийг төлөөгүй учраас түүний өмчлөлд орон сууцыг шилжүүлээгүй бөгөөд Г.Э нь гэрээний 4.2.2-т заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс болж аргагүйн эрхэнд мөнгөний шаардлага гарч, “Ц ББСБ” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг байгуулсан шалтгаан нь Г.Эээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас “Ц ББСБ” ХХК-тай байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч О.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Э нь орон сууцны төлбөрөөс 55 000 000 төгрөгийг төлөөгүй учраас түүний өмчлөлд орон сууцыг шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл гэрээний 4.2.2-т заасан үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 5.1-д заасны дагуу төлөөгүй 55 000 000 төгрөгөөс Г.Эийн сүүлийн төлбөр төлөх хугацаа болох 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны 65 560 000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн алдангийг багасгаж, 27 500 000 төгрөгийг болон төлөгдөөгүй 55 000 000 төгрөгийг хамт тооцож, нийт 82 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Би дээрх гэрээний дагуу төлбөрийг 3 хувааж төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан бөгөөд гэрээний урьдчилгаа төлбөрт 40 000 000 төгрөг, үүнээс хойшхи төлбөрүүдийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Нийт 190 610 000 төгрөгийн төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж дуусгасан. Энэ талаар гэрээг дүгнэхдээ хариуцагч өөрийн гараар гэрээнд тэмдэглэсэн. Би байрныхаа гэрчилгээг шилжүүлж өгөхийг байрандаа орсон цагаас эхлээд удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй, намайг хохироож байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ц ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан шаардлагадаа: Хариуцагч О.Н нь манай байгууллагаас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 15/003 тоот Зээлийн гэрээгээр 80 000 000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206039648 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туулын гудамж, 92 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 92.98 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Баталгаат ипотекийн гэрээний үндсэн дээр барьцаалж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт зээлийн болон барьцааны гэрээг бүртгүүлсэн. Ингэхдээ дээрх бүртгэлийн газраас зээлдэгчийн нэр дээр бүртгэлтэй эсэх, уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдсэн эсэхийг тодруулан, лавлагаа гаргуулахад 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11-408960 тоот албан бичгээр Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206039648 дугаартай, уг орон сууцны өмчлөгчөөр иргэн О.Н бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй гэх хариуг өгсөн ба барьцааны эд хөрөнгийг очиж үзэхэд байранд нь хэн нэгэн этгээд амьдардаггүй байсан.

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгааждаг ба зээлийн болон барьцааны гэрээг байгуулах үед барьцааны зүйл нь О.Нийн нэр дээр бүртгэлтэй, түүний өмчлөлийн эд хөрөнгө байсан. Гэтэл хариуцагч нь О.Н Г.Этэй орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан мэтээр дүр үзүүлсэн гэрээ байгуулж, уг гэрээгээ үндэслэн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасныг бид олж мэдсэн.

            Барьцааны гэрээ байгуулах үед орон сууц нь О.Нийн нэр дээр бүртгэлтэй байсан, мөн байрыг нь очиж үзэхэд байранд хүн амьдардаггүй байсан, мөн Орон сууц захиалан бариулах тухай гэрээ гэх гэрээний талууд болох Г.Э, О.Н нараас гэрээний дагуу төлбөр төлсөн баримтыг гаргуулахыг хүсэхэд гаргаж өгөөгүй нь Г.Э болон О.Н нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаагүй, уг гэрээг байгуулсан мэтээр дүр үзүүлсэн хэлцэл хийж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039648 дугаартай, дээрх орон сууцны буюу барьцааны зүйлийн өмчлөгчийг өөрчлүүлэх үйлдэл хийж байгаа нь тодорхой байна.

            Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэж О.Н, Г.Э нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Э бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Би маргаан бүхий орон сууцыг “Ц ББСБ” ХХК-д барьцаанд тавьсан болохыг 2015 оны 10 сард мэдсэн. Энэ талаар О.Ноос тодруулах гэсэн боловч утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй 5-6 болсон. Иймээс О.Нийг хариуцагчаар татаж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргасан боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй. Иймд хариуцагчтай байгуулсан хэлцэл нь хуулийн хүрээнд, сайн дурын үндсэн дээр, харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулагдсан, энэ гэрээний дагуу би төлбөр тооцоогоо хийж дуусган, энэ байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь бодит үйл баримттай байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Эийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч О.Н, “Ц ББСБ” ХХК нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээний 2.1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Г.Эээс 82 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.Нийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Г.Э, хариуцагч О.Н нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698 350 төгрөг, хариуцагч О.Ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 450 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ц ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 111 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Эт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Эийн өмгөөлөгч Д.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туулын гудамж, 93 дугаар байрны 12 тоот 92.98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоохдоо хуулийг зөв хэрэглэсэн боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Г.Эийн хуулиар олгогдсон өөрийн өмчийг чөлөөтэй эзэмших, ашиглах, өмчлөх, захиран зарцуулах эрхээ эдлэх эрхийг хязгаарласан явдал болсон. Учир нь цаг хугацааны хувьд Г.Э нь О.Нтой 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулан, төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд төлж дуусгасан байна. Гэтэл хариуцагч нь захиалагч талд мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дээрх орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн 004065404 дугаартай гэрчилгээ авсныхаа дараа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Цэн кредит ББСБ” ХХК-тай байгуулсан 80 000 000 төгрөгийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг орон сууцыг барьцаалсан.

О.Н, Г.Э нарын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4.1.2 захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшилд, өмчлөлд шилжүүлнэ, 2.5-д захиалагч нь гэрээнд төлөхөөр тохирсон төлбөрийг бүрэн төлж дуусгах хүртэлх хугацаанд уг байр нь гүйцэтгэгчийн эзэмшил, өмчлөлд байна гэж заасан байх боловч захиалагч Г.Эийн тухайд уг гэрээ болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаар тухайн барьцааны хөрөнгийн хувьд шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд байсан. Тухайлбал, Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4.1.7-д гүйцэтгэгч нь захиалагчид орон сууцыг ашиглалтад орсны дараа эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж харилцан тохиролцсон. Гэтэл үүрэг гүйцэтгэгч О.Н нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй маргаан бүхий орон сууцыг захиалагч Г.Эт дээрх гэрээний дагуу шилжүүлэлгүй, гуравдагч этгээд болох “Цэн кредит ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг тус тус зөрчсөн. Харин барьцаалагч “Ц ББСБ” ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн хууль зөрчсөн хэлцэл хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туулын гудамж, 93 дугаар байрны 12 тоот 92.98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахаар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний төлбөрийг нийт 190 609 000 төгрөг байхаар, төлбөрөөс 135 609 000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр, үлдэгдэл 55 000 000 төгрөгийг бартераар төлөхөөр тохиролцсон.Төлбөрийг цувуулж өгсөөр 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 135 609 000 төгрөгийг төлсөн. Би Г.Эийн гуйлтаар гэрээний дор төлбөрийг бүрэн төлсөн гэсэн бичвэрийг хийж өгсөн. Харин үлдэгдэл 55 000 000 төгрөгийг бартераар төлнө гэсэн боловч төлөөгүй. Нэгэнт гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй, үлдэгдэлтэй байсан тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар өмчлөх эрхийг шилжүүлээгүй нь үндэслэлтэй байна.

Мөн бидний хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд 5.1-д зааснаар алданги төлөх үүргийг хүлээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Хэдийгээр нэхэмжлэгчээс мөнгө авсан баримт байхгүй байсан ч 135 609 000 төгрөгийг авсан гэж хүлээн зөвшөөрч байхад нэхэмжлэгч нь үлдэгдэл 55 000 000 төгрөгийг өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гэрээний үнэд төлсөн 55 000 000 төгрөгтэй холбоотой баримтыг манай талаас гаргаж өгөх боломжтой гэж тайлбарлаж байсан. Гэвч тайлбараа бататгах баримт гаргаж өгөөгүй байгаагаас үзвэл бартераар ажил хийгээгүй, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэдэг нь нотлогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

           

            Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч О.Нид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, баталгаат ипотекийн гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулан, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт 82 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардан маргажээ. Түүнчлэн бие даасан шаардлага гаргасан “Ц ББСБ” ХХК гуравдагч этгээдээр оролцож талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан байна.

 

1. Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч О.Н нар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар давхрын 12 тоот, 3 өрөө, 92,98 м.кв орон сууцыг, 1 м.кв талбайг 2 050 000 төгрөгөөр тооцон, нийт 190 609 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон үйл баримтын талаар маргаангүй, харин барьцааны гэрээний хууль зүйн үндэслэлийн талаар болон ажлын хөлс төлөх үүргээ биелүүлсэн эсэх талаар марган, мэтгэлцжээ.

 

            Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг талуудад үүссэн гэж үзэх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч О.Н нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Ц ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны 12 тоот орон сууцыг барьцаалсан байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 166.2 дахь хэсэгт нийцсэн байна. Нэхэмжлэгч нь барьцааны талаар өөрт нь мэдэгдээгүй гэх үндэслэлээр баталгаат ипотекийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргаж байгаа боловч 12 тоот орон сууц нь О.Н, “Ц ББСБ” ХХК нарыг гэрээ байгуулах үед хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь хэргийн баримтаар нотлогдож байх учир хариуцагчийг Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн, мөн дээрх гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй. Түүнчлэн барьцааны эрх дуусгавар болох үндэслэлийг заасан Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсгийн нөхцөл байдал, түүний дотор 160.1.1-д заасан барьцаагаар хангагдах шаардлагыг дуусгавар болсон гэж үзэх баримт байхгүй тохиолдолд орон сууцыг барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Г.Эийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 93 дугаар байрны 12 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, О.Н, “Ц ББСБ” ХХК-ийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээний 2.1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

2. Хариуцагч О.Н нь нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээний хөлс 82 500 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй байна. Учир нь талууд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг дүгнэн, тооцоо нийлсэн баримт үйлдэж, гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь хэргийн 5 дугаар хуудасны ар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймээс анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

            3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын тухайд:

            “Ц ББСБ” ХХК нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “Г.Э, О.Н нараас орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлбөр төлсөн баримтуудыг гаргаж өгөөгүй тул 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаагүй, гэрээг байгуулсан мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн” гэж тайлбарладаг.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь талууд гадна талдаа тодорхой хэлцлийг хийсэн мэт харагдуулах боловч тухайн хэлцэлтэй холбогдон үүсэх эрх зүйн үр дагаврыг бий болгохыг хүсэхгүй байгаа хэлцлийг хэлэх бөгөөд уг хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус харин хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгохын тулд хийгддэг байна.

Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч О.Н нар орон сууц захиалгаар бариулах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэх нөхцөл хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцэж байна.

 

Хариуцагч О.Н нь орон сууц захиалан бариулах тухай гэрээний үүрэгт 82 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/02184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 698 350 төгрөгийг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 570 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                                      Ч.ЦЭНД