Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 135/2017/00385/И |
Дугаар | 001/ХТ2017/00080 |
Огноо | 2018-01-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2017/00080
Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 568 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаар магадлалтай,
Э-ийн нэхэмжлэлтэй,
А, Г нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч А-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нандинцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Э-ийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүрнээ, Г.Нандинцэцэг нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А-ны хүсэлтийн дагуу 2014 оны 11 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар, сарын 7 хувийн хүүтэй, барьцаагүйгээр шилжүүлсэн. Гэрээний нэмэлт нөхцөл хэсэгт зээлийг А-ны Хаан банкны данс руу шилжүүлсэн гэж бичсэн боловч тухайн үед Э уг мөнгийг бэлнээр авч явж байсан бөгөөд гэрээний талууд харилцан тохирч, бэлнээр хүлээлгэн өгч, хүлээн авсан. А нь нөхөр Г-ийн хамт мөнгийг бэлнээр хүлээн авсан даруйдаа эхний 3 сарын зээлийн хүү гэж тооцож, 2.100.000 төгрөгийг Э-д өгсөн. А нь гэрээний дагуу 2014 оны 11 сарын 28-ны өдөр буюу зээл авсан өдрөө 3 сарын хүүнд тооцож буцаан өгсөн 2.100.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүүнд нийт 7.680.000 төгрөгийг буцаан төлсөн байна. Үндсэн зээлээс нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. А нь зээл, хүүгээ төлөхийг шаардахад шалтгаан тоочиж, улмаар утсаа авахгүй, хаягтаа байхгүй байсан тул эрэн сурвалжлуулж, Дархан-Уул аймагт оршин сууж байгаа нь тогтоогдсон тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд А , түүний нөхөр Г нараас үндсэн зээлийн төлбөр 10.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 700.000 төгрөг, алданги 5.350.000 төгрөг, нийт 16.050.000 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг А тай хийсэн боловч мөнгийг нөхөр Г хамт ирж авсан. Мөн түүний ажилтай байдал болон гэрлэлтийн баталгаа зэргийг нь үзэж зээлийг олгож байсан. Иймд Г энэхүү гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй тул хариуцагч мөн. Зээлийн хүүгийн хувьд гэрээний хугацаа 1 жил байгаа бөгөөд хүүнд төлсөн нийт 7.680.000 төгрөгийг 11 сарын хүүнд тооцож, үлдэх 1 сарын хүү 700.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэжээ.
Хариуцагч А-ны шүүхэд гаргасан тайлбарт: Э-ээс 7.900.000 төгрөг бэлнээр авсан. Энэ хугацаанд хүүнд 7.680.000 төгрөгийг өгсөн. Бид хоорондоо тохирч 8.000.000 төгрөгийг Э-д өгөөд дуусгахаар тохиролцсон боловч уг мөнгийг би хугацаандаа өгч чадаагүй. Одоо 8.000.000 төгрөг дээрээ тохиролцохыг хүсэж байна. Одоогоор миний төлбөрийн чадвар хүнд байгаа болно. Энэ өр төлбөрийн асуудалд Г хамаагүй, би өөрөө хариуцна гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлийн гэрээ Э , А нарын хооронд байгуулагдсан тул Г энэ хэргийн хариуцагч биш юм. Г мөнгө хүлээн авсан талаар ямар ч баримт хэрэгт байхгүй. А ч үүнийг би хариуцна гэж тайлбарладаг. Иймээс Г-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. А-ны хувьд гэрээнд 10.000.000 төгрөг гэж бичсэн байгаа боловч бэлнээр 7.900.000 төгрөгийг хүлээн авсан тул авсан мөнгөө төлөх асуудал яригдана. А нь хүүнд нийт 5.580.000 төгрөгийг өгсөн. А шүүхэд гаргасан тайлбартаа 7.680.000 төгрөг төлсөн гэж бичсэн нь үндсэн зээлээ 10.000.000 төгрөгийн 2.100.000 төгрөгийг тэр дор нь хүүнд тооцож авсанаа тооцоонд оруулаад байсан юм байна. Үүнийг аваагүй мөнгө гэж үзэж төлсөн тооцооноос хасч тооцох нь зөв. Иймд 5.580.000 төгрөгийг хүүнд төлсөн байна. Зээлийн гэрээнд хүүг сарын 7 хувь гэж бичсэн нь өндөр байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу зээлийн хүүг Банк, банк бус санхүүгийн байгууллагын дундаж хүү болох 4-5 хувийн хүүгээр тооцож өгнө үү. Мөн алдангийн хэмжээ хэт их байвал багасгаж болно гэж хуульчилсан. А-ны хувьд хүүгээ төлөөд явж байсан. Мөнгөө төлөх хүсэлтэй байгаа боловч ажил төрөлгүй, боломж муутай байгаа байдлыг харгалзан алдангийг багасгах, улмаар хасаж өгөөч гэж хүсэж байна гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 568 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А аас 13.434.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2.616.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аас улсын тэмдэгтийн хураамжид 225.120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э-д олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаар магадлалаар: Хариуцагч А-ны давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч А-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаартай магадлалыг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. А нь Э-ээс 7.900.000 төгрөг бэлнээр аваад 5.580.000 төгрөг төлсөн. Тэр төлнө гэж бодож төлөвлөсөн зүйл байсан боловч бизнес нь алдагдалд орж төлбөрийн чадваргүй болсон. А нь Э тэй хоорондоо яриад 8.000.000 төгрөг төлөлцөөд дуусгая гэж тохирсон асуудал байдаг. Шүүхийн шийдвэрээр гаргасан алдангаас 50 хувь багасгуулах хүсэлтэй байх тул алданги 4.478.000 төгрөгөөс 2.239.000 төгрөгийг хасч өгнө үү. А нь тодорхой үнийн дүн дээр харилцан эвлэрэх хүсэлтэй байгаа болно гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Э хариуцагч А, Г нарт холбогдуулж, зээлийн үндсэн төлбөр 10.000.000 төгрөг, түүний хүү 700.000 төгрөг, алданги 5.350.000 төгрөг, нийт 16.050.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Г зээлийн гэрээг би байгуулаагүй, нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул надад хамааралгүй гэж, хариуцагч А 7.900.000 төгрөгийг бэлнээр зээлж авсан, хүү алдангийг багасгаж өгнө үү гэжээ.
Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаагаар зээлдүүлсэн, гэрээний 3 дахь заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ бичгээр хийгдсэн нь хэрэгт авагдсан байна. Түүнчлэн гэрээний хугацааг сунгаагүй бөгөөд хариуцагч А 5.580.000 төгрөгийг нэхэмжлэгч Э-д төлсөн талаар талууд маргаагүй.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл зээлийн хэмжээг 10.000.000 төгрөг гэж гэрээнд заасан боловч зээлдүүлэгчээс зээлдэгчид 7.900.000 төгрөг өгсөн бөгөөд талууд эхний 3 сарын хүүг үндсэн зээлээс суутгаж авсан гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх зээлдүүлэгчид өгсөн бодит дүнгээр зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх буюу нэхэмжлэгч бодитоор шилжүүлэн өгсөн 7.900.000 төгрөгөө хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн зохицуулалтад нийцсэн байна.
Хариуцагч Г-г зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээнд заасан мөнгийг нэхэмжлэгчээс аваагүй байх тул нэхэмжлэгч нь түүнд холбогдуулж зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэлгүй гэж дүгнэн Г-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд, хариуцагч А аас 13.434.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.616.000 төгрөгийг, хариуцагч Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг болох анзын эрх зүйн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 568 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч А-ны хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.780 /тавин мянга, долоон зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН