Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 114

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул ,

Улсын яллагч  У.Дэндэвдорж,

Шүүгдэгч Ч.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгч С.С.С-ын өмгөөлөгч Ө.Ганзориг,

Гэрч Н.Н.С-, Б.Б.Э-,

Шүүгдэгч Ч.Ч.О-, С.С.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.О-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт С.С- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918002500308 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч.О-

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, С.С-

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Ч.О- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард өөрийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан өрөөнд тус сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байсан С.С.С-ыг ажлаа өгөхийг шаардаж улмаар С.С.С-ын ашиг сонирхлын үүднээс түүнийг хувцас өлгөгчийн ажлын байранд хэвээр үлдээсний хариуд түүнээс биет 200.000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэгт,

 

Яллагдагч С.С.С- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан өрөөнд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ажилын байрандаа үлдэх зорилгоор тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.О-албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан биет 200.000 төгрөгийг хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан сумын *** дүгээр сургуулийн өлгүүрчнээр ажиллаж эхэлсэн. Удалгүй захирал Ч.Ч.О- намайг дуудан “Г.Э- дарга өлгүүрчнээр өөр хүн ажилд авчих гээд гуйгаад байна. Цайны газрын ажлын цаг нь бага юм байна. Чи нялх хүүхэдтэй юм чинь цайны газар угаагчааар ажиллах уу?” гэж асуусан. Тэгээд би нөхөртэйгөө зөвлөлдөөд хариу хэлье гээд өрөөнөөс нь гарсан. Сургуулийн цайны газрыг хувь хүн түрээслэн ажиллуулдаг гэдгийг нь мэдээд, захиралд төрийн байгууллагадаа ажиллана гэж хэлээд ажилдаа үлдсэн. Би ажил дээрээ Б.Б.Э-, П.Болорцэцэг нартай дотно найзалдаг байсан тул тэд нарт “Надаас юм хараад байгаа юм болов уу? нөхөр маань болохгүй бол ажлаасаа гар гэж хэлсэн” гэж ярьсан юм. Б.Б.Э- намайг “Ийм ажилд орчихоод гарна гэж юу байсан юм бэ? Би чамд мөнгө өгье” гэж хэлээд надад дугтуйтай мөнгө өгөөд, захирлын өрөөнд орохдоо гар утсан дээрээ бичлэг хийгээд ороорой гэсэн. Би яаж бичлэг хийдгийг нь мэдэхгүй тул Б.Б.Э- миний гар утас дээр бичлэгийг тохируулан оруулсан бөгөөд би мөнгөө өгөөд гарч ирээд Б.Б.Э-ийн машинд суугаад хийсэн бичлэгээ сонсоод, гэрийнхээ гадаа хүргүүлээд машинаас нь буусан гэж хэлсэн” гэв.

Шүүгдэгч Ч.Ч.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дархан сумын *** дүгээр сургуулийн захирлаар түр томилогдож, өөрийн албан үүргээ хууль дүрмийн дагуу шударгаар биелүүлж ирсэн. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өлгүүрчин н.Ч.О- нь чөлөө авсан тул дахин өлгүүрчин ажилд авах шаардлага гарсан. Тэгээд байгууллагын нөөцөд бүртгүүлсэн хүн байгаа эсэхийг шалгахад ямар ч хүн бүртгэгдээгүй байсан. Тэгээд манай нөхөр найзынх нь компанийн ажилчны эхнэр ажил хайж байгаа талаар хэлсэн. Энэ дагуу би С.С.С-тай холбогдож ажлын санал тавьсан. Сургуулийн өлгүүрчин нь улирлын чанартай ажил бөгөөд С.С.С- нь засал чимэглэлч мэргэжилтэй байсан тул зуны улиралд түүнийг ажлын байраар хангах боломжтой юм байна гэж үзэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өлгүүрчнээр ажилд авсан. Гэтэл Г.Э- дарга 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр над руу утсаар ярин А.Э- гэх хүнийг өлгүүрчнээр ажилд аваарай гэж тушаасан. Тэгээд би С.С.С-ыг дуудан энэ талаар тайлбарлан түүнийг бага насны хүүхдүүдтэй тул сургуулийн цайны газар ажил байгаа талаар хэлсэн. Тэгээд нөхрөөсөө асууя гэж хэлээд, хэд хоногийн дараагаас төрийн байгууллагадаа ажиллана гэсэн хариу өгсөн. 2018 оны 11 дүгээр сард Г.Эрдэнэсүх дарга дахин залгаж миний явуулсан хүнийг ажилд аваагүй тул надтай хамтарч ажиллахгүй гэж хэлсэн. Би С.С.С-ыг дуудан энэ талаар хэлсэн бөгөөд түүнээс ямар нэгэн зүйл нэхэж шаардаагүй. 2019 оны 02 дугаар сард өөрийн ажлын өрөөндөө ажлаа хийгээд сууж байтал С.С.С- орж ирээд надтай юм ярьж байгаад сэтгэлийн бэлэг гээд дугтуйтай зүйл өгсөн. Би 26 жил боловсролын байгууллагад ажилласан бөгөөд миний шавь нар надад сэтгэлийн бэлэг гээд ил захидал, захиа өгдөг байсан. Үүнтэй адил зүйл л байгаа байх гэж бодсон. Дараа нь гаргаад харахад дотор нь мөнгө байсан. Тэгээд ажлын цаг дуусч орой болсон бөгөөд дараагийн өдрүүдэд цагаан сарын амралтын өдөр таарсан тул мөнгийг нь тухайн үед буцааж өгч чадаагүй. Намайг Засаг даргын тамгын газар хуралд сууж байх үед манай нарийн бичиг над руу залган С.С.С-ыг Авилгатай тэмцэх газраас аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь түүний мөнгийг буцаан өгч, баримт үйлдэн гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Хэрэв хахууль авах байсан бол би түүнийг анх ажилд авах үедээ л нэхээд авч болох байсан. Гэхдээ би тийм үйлдэл гаргаагүй. Ийм үйл явдал болон шүүхийн өмнө ингээд зогсож байгаадаа би маш их гомдолтой байна” гэв.

Гэрч Б.Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”хэзээ гэдгийг нь санахгүй байна. 2019 оны өвөл байсан. С.С.С- нь сургуулийн өлгүүр, 1 давхарын ойролцоох ажилчдаас мөнгө асуугаад байсан. Өөрөө ирээд захиралд мөнгө өгвөл ажлаас гаргахгүй байх. Найзад нь мөнгө хэрэгтэй байна гээд байсан. ...Би мөнгө олдохгүй бол зөөврийн компьютераа ломбардад барьцаалаад мөнгө аваад өгөх үү гэсэн чинь тэгээч гэсэн. С.С.С- ямар ч баримтгүй мөнгө өгч байгаа юм чинь гар утсан дээрээ бичлэг хийчих үү? Хаана нь дуу хураагуур байдаг вэ? гэж асуухаар нь зааж өгсөн. Бичлэг хий гэж албан хүчээр тулгасан зүйл бол байхгүй гэв. С.С.С- бид хоёр багш нарын өрөөнд бичлэгийг сонссоныг Н.Н.С- багш мэдсэн юм шиг байна лээ. Н.Н.С- багшийн өрөө нь багш нарын өрөөний хажуу талд байдаг юм. Бичлэгийг С.С.С-ын утсан дээр сонсоход шуугиад байсан тул өөрийнхөө утас руу аван сонссон юм. Н.Н.С- багш юу сонссод байгаа юм бэ? гээд асуухаар нь бичлэгийг түүнд сонсгосон. Тэгээд юу гээд байгаа нь сонсогдохгүй байна миний утас руу хуулчих гэхээр нь Н.Н.С- багшид хуулж өгсөн” гэв.

Гэрч Н.Н.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ...”багш нарын өрөөнд Б.Б.Э-, С.С.С- хоёр ярьж байсан. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Багш нарын өрөөний хажууд миний өрөө байдаг юм. Тэгээд би Б.Э-ээс юу ярьсан талаар асуухад бичлэгийг сонсгосон. Гэтэл сайн сонсогдохгүй паржигнаад байсан тул өөрийнхөө гар утас руу хуулж авсан. Манай сургуулийн ажлын байрны сонгон шалгаруулалт хууль бус явагддаг талаар багш, ажилчдын дунд яриа гарч эхэлсэн тул хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан юм” гэв. 

Улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд:

 1.Гэрч А.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээс...”Манай эхнэр С.С.С- нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр сургуульд хувцасны өлгүүрчнээр ажилд орсон. 2018 оны 12 дугаар сараас манай эхнэрийг захирал дуудаж уулзаад сургуулийнхаа цайны газарт угаагч хийчих гэж хоёр удаа хэллээ яах уу гэж надтай ярилцсан. Миний оронд өөр хүн ажилд авах гээд байна гэж хэлсэн. Чи чимээгүй ажлаа хийгээд байж бай гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймаг руу хөдөө ажлаар яваад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сүлжээтэй газар орж ирээд эхнэртэйгээ утсаар ярьсан чинь “Энхүүш надад нөүтбүүкээ ломбарданд тавиад 250.000 төгрөг надад өгсөн. Би түүнийг нь захиралд оруулаад өгчихсөн” гэж хэлсэн. Чамд мөнгө байгаа биздээ хүнээс мөнгө аваад дэмий л юм хийж байгаа юмдаа гэж хэлсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Энхүүш буюу Б.Э-ийг нөүтбүүкээ ломбарднаас аваарай гэж хэлүүлээд эхнэрээр түүний данс руу 290.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш энэ асуудал огт яригдаагүй, манай эхнэрийг ч захирал нь цайны газарт шилжүүлэх талаар яриагүй гэсэн. Цайны газарт нь нийгмийн даатгал төлдөггүй хувь хүн ажиллуулдаг учраас манай эхнэр С.С- цайны газарт орж ажиллах дургүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх 85/,

2.Гэрч П.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сард С.С- ажил дээр надтай юм ярьж байгаад захирал намайг цайны газарт угаагчаар ажилд орчих гээд байна. Энэ цайны газар нь хувийнх юм байна. Би сургуульдаа өлгүүрчнээрээ ажилламаар байна яах уу гэж надаас асуусан. Би ч гэсэн түүнийг сургуульдаа ажиллаж байсан чинь дээр дээ гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин надтай ярилцаж байгаад захирал намайг нөгөө ажилдаа орох уу гэхээр нь цайны газарт ажиллахгүй, өлгүүрчинээр ажилламаар байна гэж хэлчихсэн. Захирал өөр хүн авах гээд байх шиг байна нөгөө хүн нь ойр ойрхон ирээд байна би одоо яах уу захиралд нобор, дарс өгчих үү гэж асуусан. Би түүнд “наад асуудлыг чинь би ёстой мэдэхгүй байна” гэж хариулсан. Түүний дараа 2019 оны 1 дүгээр сарын дундуур С.С- одоо захиралд юм өгөхгүй бол надад боломж олдохгүй юм байна. Дарс нобор дэмий юм байна. Мөнгө олоод өгчих юмсан гэж шаналчихсан байртай нэлээд хэд хоног явсан. Ер бол надтай таарах бүртээ надад энэ асуудлаа яриад байсан учраас би түүнд хандаж “бүр болохгүй бол эгч нь хүнээс мөнгө олж өгөх үү” хүүтэй л мөнгө олдох байхдаа гэж хэлсэн чинь нөхөртэйгөө ярилцаж байгаад болъё гэж хариулсан. Түүнээс хойш энэ асуудлаа надтай яриагүй” гэх мэдүүлэг /1-р хх 95/,

3.Гэрч Д.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ер нь бол манай цайны газар угаагч ажилд авна гэж хүмүүс хэлээд Дарханы зар дээр зар тавьчихсан байгаа. Угаагчаар хүмүүс ажилд ороод удахгүй гарчихаад байдаг юм. А-г 2018 оны хавар ажлаасаа гарсан санагдаж байна. Тухайн цайны газарт одоо ч гэсэн угаагч байхгүй. Угаагчийн орон тоо сул байгаа. Сургуулийн захирал болон эмч нар яагаад угаагч ажиллахгүй байгаа юм бэ гэж надаас лавлаж асууж байсан. Би тогтвортой ажиллах хүн олдохгүй байгаа талаар хэлсэн. Түүнээс яг намайг хүн ажилд аваач гэж юм яриагүй. Хүн олдохгүй байгаа учраас намайг хүн ажилд аваач гэвэл би дуртай л ажиллуулах байсан” гэх мэдүүлэг /1-р хх 97/,

4.Гэрч О.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай сургууль үйлчилгээний ажилтан буюу цэвэрлэгч, өлгүүрчин гэх мэтийн албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсээр барилгын засварын ажил хийлгэх шаардлага тулгардаг учраас С.С.С-ыг барилгын дотоод засал хийх чадварыг харилцан үзээд ажилд авсан байх. Сургуулийн дотоод журамд зааснаар шинээр ажилд томилогдсон хүмүүсийн туршилтын хугацаа 3-6 сар байдаг юм. С.С- нь түр тушаалтнаар ажиллаж байхдаа ажлын ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Иймд түүнийг үндсэн ажилтнаар томилсон байх. Манай сургууль 7 цэвэрлэгч, 1 өлгүүрчнээр ажиллах орон тоотой байдаг. Батлагдсан орон тоогоор ажиллаж байсан. Ямар ч үйлчилгээний ажилтны сул орон тоо байгаагүй. Сул орон тоо гарсан тохиолдолд яаралтай үйлчилгээний ажилтан авч ажиллуулахгүй бол нэг хүнд ноогдох ажлын ачаалал их болчихдог юм. Өлгүүрчнээр С.С- ажиллаж байсан учраас түүнийг ажиллаж байхад өлгүүрчнээр хүн ажилд авах хүсэлт хүлээж авах боломжгүй байсан байх” гэх мэдүүлэг /1-р хх 99/,

5.Гэрч Г.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны намар 09 дүгээр сарын сүүлээр тухайн сургуульд өлгүүрчний сул орон тоо гарсан гэж сонсоод Энхбатыг өлгүүрчний ажилд авч ажиллуулахыг түүнд санал болгосон. Мөн Энхбатыг 2 удаа Ч.Ч.О- захиралтай очиж уулз гэж хэлээд явуулсан боловч Э- ажилд аваагүй байхаар нь шалтгааныг нь тодруулан асуух зорилгоор би өөрөө 1 дүгээр сургуулийн захирал Ч.- ажил дээр нь очиж уулзах үед сургуулийн хүүхдийн хувцас өлгүүрчнээр хүн ажилд орчихсон ажиллаж байсан. Би тэр үед *** дүгээр сургуулийн цайны газарт ажлын орон тоо гарсан гэж сонсоод хувцас өлгүүрчнээр ажиллаж байгаа хүнийг цайны газарт ажиллуулаад Энхбатыг хувцас өлгүүрчнээр ажилд авчих гэх саналыг Ч.Ч.О-д хэлж байсан” /1-р хх 101/,

6.Гэрч А.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сард 6 дугаар багаас аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа Э- утсаар яриад “**** сургуульд өлгүүрчний сул орон тоо гарсан гэж сонсогдож байна. Та намайг тухайн сургуульд ажилд оруулах боломж байна уу. Би олон жил цэцэрлэгийн гал тогоонд хүйтэн усаар угаалга хийгээд одоо бие маань дийлэхгүй байна. Манай 4 хүүхэд 1 дүгээр сургуульд суралцаж байгаа. Гэр болон хүүхдүүдтэйгээ ойртох гэсэн юм” гэж хэлсэн. Удалгүй Эрдэнэсүх над руу утсаар яриад “Та *** дүгээр сургуулийн захиралтай очоод уулз” гэж хэлсэн учраас би сургуульд дээр очиж захирал Ч.О- уулзахад “өлгүүрчинээр ажилтан авчихсан таныг ажилд авах боломжгүй” гэж надад танилцуулсан. Үүнээс хойш Эрдэнэсүх “намайг дахиад нэг очоод уулз” гэж хэлсэн учраас би Ч.Ч.О-тэй очиж уулзахад сургуулийнхаа гал тогоонд ажиллуулах гэж хэд хэдэн удаа чам руу залгасан боловч утас чинь холбогдоогүй байсан. Чи манай сургуулийн гап тогоонд ажиллах уу гэж асуухаар нь “би гал тогоонд ажиллахгүй" гэж хэлхэд дараа ажил гарвал хэлье гээд бид хоёрын уулзалт дууссан” гэх мэдүүлэг /1-р хх 103/

7.Гэрч М.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын сүүлээр манай эхнэр гэртээ ирээд намайг Авилгатай тэмцэх газраас дуудсан байна гэж надад хэлсэн. Би юу болоод тухайн газраас чамайг дуудаж байгаа бол гэж лавлаж асуухад “Манай сургуулийн өлгүүрчин охин сэтгэлийн бэлэг гээд дугтуйтай зүйл өгөхөөр авсан чинь тэр мөнгө байсан. Буцаагаад өгөх гэтэл ажил тарчихсан байсан болохоор өгч чадаагүй. Тэр мөнгө надад одоо хүртэл байгаа мөрдөгчөөс асууж байгаад буцаагаад өгье гэж хэлж байсан. Тэгээд бид 2 яанаа гэж ярилцаж байгаад 1-2 хоногийн дараа өлгүүрчнээр ажиллаж байсан гэх эмэгтэйд 200.000 төгрөгийг буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 104/,

8.Гэрч Б.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.С.С- нь 2019 оны өвөл надад “уулзаад Дархан сумын ** дүгээр сургуульд хувцас өлгүүрчнээр ажилд орсон чинь миний оронд өөр хүн ажилд авах гээд намайг ажлаас гаргах гэж захирал маань байн байн дуудаад байхаар нь түүнд 200.000 төгрөг өгсөн чинь чимээгүй болчихсон” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “юун сүртэй юм бэ. Сүртэй ажил биш гарчихгүй юу” гэсэн чинь энэ ажлаа хийж байгаад цалингийн зээл энэ тэр авчихмаар байна. Нийгмийн даатгалыг маань төлж байгаа гэж надад хэлж байсан. Тэгтэл 2019 оны хавар ажлаас гарах гэж байгаа талаараа надад хэлэхдээ захиралд өгсөн мөнгөний асуудал маань цагдаа шалгаад байгаа гэж надад хэлэхээр би юу болсон талаар нь асуухад захиралдаа мөнгө өгөхдөө утсан дээрээ дуу хураасан чинь тэр бичлэг нь цагдаа дээр очсон юм шиг л байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх 106/,

9.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01-Б/41 дугаартай Ч.О- ажилд томилох тухай захирамжийн хуулбар /1-р хх 30/,

10.Шүүгдэгч С.С.С-ыг ажилд томилох тухай 2018 оны 10.01 өдрийн Б/35 дугаар тушаалын хуулбар /1-р хх 36/,

11.Шүүгдэгч С.С.С-ыг ажлаас чөлөөлсөн тухай 2019 оны 05.01-ний өдрийн Б/25 дугаар тушаалын хуулбар /1-р хх 39/,

12.Шүүгдэгч С.С.С-ын Хаан банкны дансны хуулга /1-р хх 14, 16-18/,

13.Ч.Ч.О-эс С.С.С-д мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1-р хх 78/

14. Гэрч Б.Б.Э-, яллагдагч С.С.С- нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлээс

Гэрч Б.Б.Э-ийн: С.С- нь захирал намайг ажлаас гаргаад өлгүүрчнээр өөр хүн ажилд авах гээд байна. Намайг цайны газарт ажилд ор гэсэн. Би цайны газарт ажилд ормооргүй байна яахуу захиралд мөнгө өгвөл авах болов уу яах бол гэж надаас асуусан. Тэгээд шаналаад яваад байхаар нь би С.С-ыг хувцас өлгөгчийн ажилд үлдээсэй гэж бодоод л түүнд мөнгө олж өгсөн юм. Түүнээс надад өөр зорилго байгаагүй.

Шүүгдэгч С.С.С-ын: Намайг захирал ажлаас гаргаж цайны газарт ажил гэж хэлээд байсан учраас би өөрийн хувцасны өлгүүрчний ажилдаа үлдэх зорилгоор Ч.О- захиралд Б.Э-ээс авсан мөнгөө оруулж өгсөн. Ч.Оюун- Эрдэнэ захиралд мөнгө өгүүлэхээр намайг хэн ч дарамтлаагүй”  гэх мэдүүлэг /2-р хх 12-13/,

 

Шүүгдэгч Ч.О- өмгөөлөгч З.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах талаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Гэрч Н.Н.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.С- нь захирал Ч.О--д 200.000 төгрөг өгөхдөө гар утсан дээрээ бичлэг хийгээд орсон. Манай нөхөр бид хоёр ярилцаж байгаад ийм шийдвэрт хүрсэн гэж өөрөө Б.Э-тэй ярьж байсан. Б.Э- нь манай сургуулийн хичээл зохицуулагч багшаар ажилладаг. С.С- Б.Э- нар найз нөхдийн харилцаатай байдаг юм. Би Б.Э-, С.С- нарын энэ тухай ярилцаж байхыг нь санамсаргүй байдлаар сонсчихсон юм. Түүний дараа би Б.Э-ээс С.С- яагаад жинхэлчихсэн юм бэ гэж асуухад Б.Э- надад “С.С- захиралтай тохиролцсон” гэж хэлсэн. Би Б.Э-ээс яаж тохиролцсон юм гэж асуухад С.С- захирал 200.000 төгрөг өгсөн гэсэн гэж хэлээд С.С-ын Б.Э-д өгсөн гэх 5 минут 38 секундын С.С-, Ч.О- нарын хоорондоо ярилцаж байгаа бичлэгийг надад сонсгох гэтэл түүний утасны дуу сул сонсогдохгүй байсан тул над руу мессеж чатаар явуулаад би өөрийн утсан дээрээс сонстол С.С- нь захирал Ч.О--д мөнгө өгч байгаа яриа бичигдсэн байсан. Захирал Ч.О- багш нарын дунд сонгон шалгаруулалт явуулж илүү цагтай байгаа багш нарын хичээлийн цагийг багасгаж шинээр 2 цагийн багшийг ажилд авсан. Захирал Ч.О- нь дахин хүн шинээр ажилд авч авилга авч болзошгүй юм байна гэж бодоод авилгатай тэмцэх газарт түүнийг шалгуулахаар хүсэлт гаргасан” гэх мэдүүлэг /1-р хх 81/,

2.Гэрч Б.Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2019 оны 01 дүгээр сарын эхээр С.С- намайг захирал сургуулийн цайны газарт шилжин ажил гэж хэлээд байх юм яах уу, надаас юм хараад байх шиг байна мөнгө байна уу гэж надаас асуугаад ерөнхийдөө мөнгө хайгаад байсан. С.С-ын хувьд маш хүнд байдалд орчихсон мөнгө олмоор байна гэж шаналаад байсан учраас би найздаа тус болох зорилгоор найзынхаа нөүтбүүк буюу зөөврийн компьютерыг ломбардаж цалингаа буухаар авч өгөх үү гэж асуухад С.С- тэгье гэж хэлээд бид хоёр миний нөүтбүүкийг ломбарданд 200.000 төгрөгөөр ломбарданд тавиад С.С- мөнгийг нь авсан. Нөүтбүүкийн хугацаа нь дуусаад С.С- над руу мөнгө шилжүүлэн би нөүтбүүкээ ломбарднаас авч байсан. С.С- нөүтбүүк ломбардаж авсан 200.000 төгрөгөө захирлын өрөөнд оруулаад түүнд өгчихсөн гэж хэлсэн. Захиралд мөнгө өгөхөөсөө С.С- надад хандаж намайг мөнгө өгсөн ч гэсэн цайны газарт шилжин ажил гээд байвал яанаа, ер бичлэг хийгээд орчих уу гэж хэлээд орсон. Тэр үед С.С- Самсунг6 маркийн гар утастай байсан. Түүнийг мөнгө хайгаад олохгүй байна гээд шаналаад байхаар нь өөрийнхөө чухал хэрэглэхгүй байсан нөүтбүүүкээ түүнд хэсэг хугацаагаар өгсөн юм. С.С- өөрөө надаас бичлэг хийгээд орчих уу гэж асуухаар нь тэг гэж хэлсэн. Түүнээс би С.С-ыг бичлэг хийж ор гэж хэлээгүй. С.С-д цайны газарт шилжин ажиллахгүй байхын тулд л захиралд мөнгө өгсөн. С.С-ыг мөнгө өгснөөс хойш захирал түүнийг цайны газарт оруулах талаар огт яриагүй гэсэн. С.С- захиралд мөнгө өгч гарч ирээд надад тэр талаараа яриад зогсож байтал манай сургуулийн сургалтын менежер Н.С- багш бид хоёрын яриаг сонсчихоод лавлаж асуусан. Би Н.С- багшид болсон асуудлыг хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх 86-87/,

3. Шүүгдэгч Ч.О-хувийн байдлын талаарх баримтуудШүүгдэгч Ч.Оюун-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, дипломын хуулбар, шагнал урамшуулал авч гэх баримтууд/1-р хх127-155/

4.Гэрч Н.Н.С-гийн Авилгатай тэмцэх газарт гаргасан хүсэлт /1-р хх167-168/,

5.Дархан-Уул аймгийн засаг даргын 01-Б/19 дугаар Захирамж, ЕБС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны мэдэгдэл, фэйсбүүк цахим сүлжээнээс хуулбарлан авсан баримт / 2-р хх

 6. эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 3/,

 

                 Шүүгдэгч С.С.С-ын өмгөөлөгч Ө.Ганзориг шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй, ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Шүүгдэгч С.С.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх 158-162/  зэрэг болно.

2. Шүүгдэгч С.С.С-ын ХААН банкны дипозит дансны хуулга /1-р хх 14/,

3.Дархан сумын засаг даргын тодорхойлолт /1-р хх161/

4. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт...“Хөдөлмөр, нийгмийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амжиргааний түвшний 409.679 босго шугамаасдоогуурт багтсан. /1-р хх 163/,

5. Төрсний гэрчилгээний хуулбарууд...охин Х.М- 2013 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн, охин Х.М- 2015 оны 03 сарын 02-нд төрсөн, хүү С.Хувьтавилан 2017 оны 03 сарын 23-нд төрсөн зэргийг шинжлэн судаллаа.

 

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 29, 2019 оны 06 сарын 06-нд С.С.С-ыг гэрчээр /1-р хх 82, 84/, 2019 оны 04 сарын 30 өдөр, 2019 оны 06 сарын 06-нд Ч.Ч.О-эс тус тус гэрчийг мэдүүлэг авсан байна./1-р хх 92, 93/

Мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа гэмт хэрэгт шууд холбогдуулан нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон гэрчид худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийн эсрэг мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч Ч.Ч.О-, шүүгдэгч С.С.С- нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

1.Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.О-Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард өөрийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан өрөөнд тус сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байсан С.С.С-ыг ажлаа өгөхийг шаардаж улмаар С.С.С-ын ашиг сонирхлын үүднээс түүнийг хувцас өлгөгчийн ажлын байранд хэвээр үлдээсний хариуд түүнээс биет 200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ч.Ч.О- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард “Аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Г.Э- гуйлтаар буюу хувийн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн өлгүүрчин С.С.С-ыг сургуулийн цайны газрыг түрээслэгч “Их Мянган Очир” ХХК-нд угаагчаар ажиллахыг удаа дараа санал тавьж уулзсан боловч ажилтан ажлын байрандаа ажиллах  хүсэлтэй байсан учир Г.Э- хүсэлтийг биелүүлээгүйгээр албаны чиг үүргээ гүйцэтгэжээ. Ийнхүү хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ гүйцэтгэсний хариуд шүүгдэгч С.С.С-аас 200000 төгрөгийг сэтгэлийн бэлэг болгон авсан үйл баримт, шүүгдэгч С.С.С- “өлгүүрчин” гэх ажлын байрандаа үлдэх хувийн ашиг сонирхлын үүднээс “сэтгэлийн бэлэг” гэж шүүгдэгч Ч.Ч.О-д  200000 төгрөгийг хахууль болгон өгсөн үйл баримт тус тус нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Ч.О-үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 “ нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүнээс 200.000 төгрөгийн хахууль авсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ч.О- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.О- өмгөөлөгч З.Энхтуяа шүүхэд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ...” шүүгдэгчид өгсөн сэтгэлийн бэлгийг “хахууль” гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар Ч.Оюун-Эрдэнийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хахууль авсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө эдийн болон эдийн бус ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх талуудын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлэсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шудрага ёсыг зөрчсөн байдаг.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Ч.О- “сэтгэлийн бэлэг” гэх ил захидал, баярласан сэтгэлийг илэрхийлсэн зурвас гэж итгэж авсан гэж мэдүүлдэг ч, өөрийн хүсэл зоригоос өөр эд зүйлийг авснаа мэдсэн даруйд татгалзах, эсхүл эрх бүхий байгууллагад шудрагаар мэдүүлэх боломж түүнд байсан боловч хүсээгүй байх тул гэмт үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй байсан гэж үзнэ.

 

Хахууль авах болон өгөх гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд бодит хохирол шууд учраагүй боловч  Монгол Улсын нэгдэн орсон Авилгын эсрэг Нэгдсэн Үндэстний конвенцын удиртгалд заасан ардчилсан тогтолцоо, нийгмийн үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үүнэт зүйлс, шудрага ёсыг сулруулж, тогтворгүй хөгжил, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёсонд хор уршиг учруулдаг учир “хэлбэрийн төдий үйлдсэн” гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч С.С.С-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр сургуулийн өлгүүрчнээр ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын *** дүгээр сургуулийн захирлын албан өрөөнд өөртөө давуу байдал бий болгох буюу ажлын байрандаа үлдэх зорилгоор тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.Ч.О-д албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан биет 200.000 төгрөгийг хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Ч.О-, шүүгдэгч С.С.С-ын “хахууль авах”, “хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн болохыг дараахь нотлох баримтаар хангалттай тогтоожээ.

гэрч А.Х-...”2018 оны 12 дугаар сараас манай эхнэрийг захирал дуудаж уулзаад сургуулийнхаа цайны газарт угаагч хийчих гэж хоёр удаа хэллээ яах уу гэж надтай ярилцсан. Миний оронд өөр хүн ажилд авах гээд байна гэж хэлсэн.  гэх мэдүүлгээр,

Гэрч П.Б-... “...2018 оны 12 дугаар сард С.С- ажил дээр надтай юм ярьж байгаад захирал намайг цайны газарт угаагчаар ажилд орчих гээд байна. Энэ цайны газар нь хувийнх юм байна. Би сургуульдаа өлгүүрчнээрээ ажилламаар байна яах уу гэж надаас асуусан. Би ч гэсэн түүнийг сургуульдаа ажиллаж байсан чинь дээр дээ гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин надтай ярилцаж байгаад захирал намайг нөгөө ажилдаа орох уу гэхээр нь цайны газарт ажиллахгүй, өлгүүрчинээр ажилламаар байна гэж хэлчихсэн. Захирал өөр хүн авах гээд байх шиг байна нөгөө хүн нь ойр ойрхон ирээд байна би одоо яах уу захиралд набор, дарс өгчих үү гэж асуусан. Би түүнд “наад асуудлыг чинь би ёстой мэдэхгүй байна” гэж хариулсан” гэх мэдүүлгээр,

Гэрч Г.Э-...”Би тэр үед 1 дүгээр сургуулийн цайны газарт ажлын орон тоо гарсан гэж сонсоод хувцас өлгүүрчнээр ажиллаж байгаа хүнийг Цайны газарт ажиллуулаад Э- хувцас өлгүүрчнээр ажилд авчих гэх саналыг Ч.Ч.О-д хэлж байсан” /1-р хх 101/,

Гэрч А.Э-... “өлгүүрчнээр ажилтан авчихсан таныг ажилд авах боломжгүй” гэж надад танилцуулсан. Үүнээс хойш Э- “намайг дахиад нэг очоод уулз” гэж хэлсэн учраас би Ч.Ч.О-тэй очиж уулзсан” гэх мэдүүлгээр /1-р хх 103/ гэх мэдүүлгээр,

Гэрч Н.Н.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.С- нь захирал Ч.О--д 200.000 төгрөг өгөхдөө гар утсан дээрээ бичлэг хийгээд орсон. Манай нөхөр бид хоёр ярилцаж байгаад ийм шийдвэрт хүрсэн гэж өөрөө Б.Э-тэй ярьж байсан” гэх мэдүүлгээр

Гэрч Б.Б.Э-ийн: С.С- нь захирал намайг ажлаас гаргаад өлгүүрчнээр өөр хүн ажилд авах гээд байна. Намайг цайны газарт ажилд ор гэсэн. Би цайны газарт ажилд ормооргүй байна яахуу захиралд мөнгө өгвөл авах болов уу яах бол гэж надаас асуусан. Тэгээд шаналаад яваад байхаар нь би С.С-ыг хувцас өлгөгчийн ажилд үлдээсэй гэж бодоод л түүнд мөнгө олж өгсөн юм. Түүнээс надад өөр зорилго байгаагүй.

Шүүгдэгч С.С.С-ын: Намайг захирал ажлаас гаргаж цайны газарт ажил гэж хэлээд байсан учраас би өөрийн хувцасны өлгүүрчний ажилдаа үлдэх зорилгоор Ч.О- захиралд Б.Э-ээс авсан мөнгөө оруулж өгсөн. Ч.Оюун- Эрдэнэ захиралд мөнгө өгүүлэхээр намайг хэн ч дарамтлаагүй”  гэх мэдүүлэг /2-р хх 12-13/, Ч.Ч.О-эс С.С.С-д 200000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, эд мөрийн баримтаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогджээ.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Ч.Ч.О- 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг 6 жилийн хугацаагаар хасах санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Ч.О- гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрх хасах ялыг үндсэн ял дээр нэмж оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Ч.Ч.О-, С.С.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч С.С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.О- гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 200.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD  бичлэг, цагаан өнгийн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Ч.О- нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.С-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.О- нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           

            4.Шүүгдэгч С.С.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Ч.О-д оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд сар бүр  225000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            6.Шүүгдэгч Ч.Ч.О-, шүүгдэгч С.С- нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.О- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.С.С- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Ч.О-эс 200.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD  бичлэг, цагаан өнгийн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч.О-, С.С.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ