Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 46

 

Ч.О-, С.С- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0070/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      У.Дэндэвдорж

Шүүгдэгч                                       Ч.О-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               З.Энхтуяа, Ө.Ганзориг

Нарийн бичгийн дарга                 Б.Мандуул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолтой, Ч-ын О-, С-ийн С- нарт холбогдох, 1918002500308 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Ч.О-, түүний өмгөөлөгч З.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Ч-ын О-.

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Ш- овогт С-ийн С-.

Шүүгдэгч Ч.О- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард өөрийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан өрөөнд тус сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байсан С.С-ыг ажлаа өгөхийг шаардаж улмаар С.С-ын ашиг сонирхлын үүднээс түүнийг хувцас өлгөгчийн ажлын байранд хэвээр үлдээсний хариуд түүнээс биет 200.000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.С- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан өрөөнд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ажлын байрандаа үлдэх зорилгоор тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.О-д албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан биет 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

-Шүүгдэгч Б- овогт Ч-ын О-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш- овгийн С-ийн С-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Ч.О-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ч.О-д оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд сар бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

-Шүүгдэгч Ч.О-, шүүгдэгч С.С- нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Ч.О- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч С.С- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар

ял оногдуулахыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ч.О-эс 200.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СD бичлэг, цагаан өнгийн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-, С.С- нэрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.О- давж заалдах гомдолдоо:

2018.10.01-ний өдөр өлгүүрчний сул орон тоон дээр 6 дугаар багийн иргэн ажилгүй гэх С- гэдэг эмэгтэйг авч ажиллуулсан. Гэтэл Дархан сумын 6 дугаар багийн аймгийн иргэдийн төлөөлөгч Г.Э- нь “танайд өлгүүрчний орон тоо гарсан байна, наад хүнээ халаад намын идэвхтэй гишүүнийг авч ажиллуул” гэж дарамталсан.

Энэ тухай С.С-д танилцуулан “сургуулийн цайны газарт угаагчийн орон тоо байгаа сурагтай, чи тэнд ажиллах уу?” гэж асуутал “би нөхөртэйгөө ярилцаж байгаад хариу өгье” гэсэн. Ингээд хоёр хоногийн дараа С.С- нь “би улсын байгууллагад эндээ ажиллах хүсэлтэй” гэсэн тул саналыг хүндэтгэн үзсэн.

С.С-ыг анх цайны газарт ажиллах санал тавих үед өөрийн найз гэх Б.Э-, Б- нарт энэ тухайгаа ярихад тэд энэ саналыг өлгөн авч “захиралд мөнгө өгчих” гэж удаа дараа ятгаж, “мөнгө байхгүй” гэж хэлэхэд нь диспетчер ажилтай Б.Э- нь сургуулийн эд хогшил болох нөөтбүүкийг ломбарданд тавин мөнгийг С.С-д дугтуйнд хийгээд өгч, улмаар утсыг нь бичлэг хийх горим дээр нь тохируулаад “дараа нь хэрэг болдог” хэмээн зааж өгөөд оруулсан байсан. Миний хувьд С.С-аас авилга нэхэн авч ажпын байранд нь хэвээр үлдээх гэсэн санаа бодол огт байгаагүй. Тийм ч ёс зүй байхгүй.

2019.02.01-ний өдөр над дээр орж ирэхдээ С-ын “сэтгэлийн бэлэг” гээд өгсөн цагаан цаасыг би мөнгө гэж бодоогүй. Олон жил багшилсан багш хүний хувьд шавь нарын чин сэтгэлийн үгтэй захидалтай адилтган үзээд авсан.

Гэтэл энэ нь захирлын албан тушаалд санаархагч Н.С- тэргүүтэй түүний гар хөл болох Б.Э-, Б- нарын зохион байгуулсан миний эсрэг өдөөн турхирсан үйл ажиллагаа байсныг хожим нь мэдсэн.

Мөрдөн байцаалтын шатанд энэхүү үйлдлийн мөн чанарыг гүйцэд сайн судлаагүй, ор нэр төдий хийн гэрчүүдийн мэдүүлэг нь үнэн бодитой эсэхэд сайн хяналт тавьж байцаагаагүй ба хэт нэг талыг барьж намайг буруутган мөрдөн байцаалт явуулсан гэж үзэж байгаа.

Хавтаст хэрэгт гэрчүүдийн зөрүүтэй, гүтгэлгийн шинжтэй, хоорондоо үгсэн тохиролцсон, миний эсрэг өгсөн худал мэдүүлгүүд байсан. Энэ мэдүүлгүүдийн зөрүүг гаргах, гэрчүүдийг үнэн зөв мэдүүлэг гаргах талаар мөрдөн байцаагч хангалтгүй ажиллаж байсан гэж үзэж байна.

Гэрч Н.С- нь миний өмнө захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба 2018 оны 12 дугаар сарын 20-нд надтай хамт захирлын сонгон шалгаруулалтанд хамт орж миний бие 1-ээр тэнцэн гарч, уг албан тушаалд жинхлэн томилогдсон юм.

Гэрч Н.С- нь аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч Г.Э-тэй найз нөхдийн холбоотой. Миний хийсэн ажлуудыг эсрэгээр мушгин гуйвуулж, Аймгийн засаг дарга, түүний орлогч дарга нарт төлөөлөгч Г.Э-ээр дамжуулан худал мэдээлэл хүргэдэг байсан. Жишээлбэл худал үндэслэлгүй мэдээлэл бичин багш ажилчдыг өрөөндөө дуудан, хүчээр гарын үсэг зуруулан, аймгийн засаг даргад өгч, миний ажлыг ажлын хэсэг гарган шалгуулж байсан. Мөн захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэж байхдаа багш ажилтны сонгон шалгаруулалтыг хууль бусаар хийж, бусдыг хохироож байсан зэрэг үйл ажиллагаа нь баримт нотолгоотой байгаа болно.

Бусдаар дамжуулан өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд энэ хэргийг зохион байгуулж миний нэр төрийг гутаан доромжилж эрүүгийн хүнд гэмт хэрэгтэн болгон яллуулж байгаад иргэн би маш их гомдон харамсаж байна.

Өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр хандаж, эрхэлсэн ажил үүргээ үнэнч шударга хийж байсныхаа төлөө бусдын бусармаг хорт үйлдлийн золиос болно гэж бодсонгүй явлаа.

Мөн хэвлэл мэдээллийн цахим орчинд удаа дараа нэр төрд халдаж авилга авсан мэтээр миний зурагтай мэдээллийг олон нийтэд цацаж тараасан. Улмаар Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурал, Монгол ардын намын тэргүүлэгчдийн хурал дээр төлөөлөгч Г.Э- нь намайг авилга авсан гэж зарлан, нэр төрд бүдүүлгээр халдсан байсан. Энэ мэт үйлдлүүдээс харахад О- намайг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт унагаан, захирлын албан тушаалыг хүчээр авах гэсэн оролдпого гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдал, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэн бодитой дүгнэлт хийлгүй О- намайг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд миний бие гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О- надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шүүгдэгч С.С-, гэрч Н.С-, Б.Э-, П.Б- нарын мэдүүлэг зөрүүтэй байхад шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт уг зөрүүтэй мэдүүлгүүдийг нотлох баримтын хүрээнд үнэлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.С-ын “ ... Б.Э- намайг “ийм ажилд орчихоод гарна гэж юу байсан юм бэ .Би чамд мөнгө өгье” гэж хэлээд надад дугтуйтай мөнгө өгөөд “захирлын өрөөнд орохдоо гар утсан дээрээ бичлэг хийгээд ороорой” гэсэн. Би яаж бичлэг хийдгийг мэдэхгүй тул Б.Э- миний гар утсан дээр бичлэгийг тохируулан оруулсан бөгөөд би мөнгөө өгөөд гарч ирээд Б.Э-ийн машинд суугаад хийсэн бичлэгээ сонсоод, гэрийнхээ гадаа хүргүүлээд машинаас нь буусан“ гэсэн мэдүүлэг, гэрч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "... С.С- сургуулийн өлгүүр, 1 давхрын ойролцоох ажилчдаас мөнгө асуугаад байсан. Өөрөө ирээд “захиралд мөнгө өгвөл ажпаас гаргахгүй байх, найзад нь мөнгө хэрэгтэй байна” гээд байсан. Би “мөнгө олдохгүй бол зөөврийн компьютераа ломбардад барьцаалаад мөнгө аваад өгөх үү” гэсэн чинь “тэгээч” гэсэн. С.С- “ямар ч баримтгүй мөнгө өгч байгаа юм чинь гар утсан дээрээ бичлэг хийчих үү?, хаана нь дуу хураагуур байдаг вэ?” гэж асуухаар нь зааж өгсөн. С.С- бид хоёр багш нарын өрөөнд бичлэгийг сонссоныг Н.С- багш мэдсэн юм шиг байна лээ. Н.С- багш юу сонсоод байгаа юм бэ ? гээд асуухаар нь бичлэгийг түүнд сонсгосон . Тэгээд “юу гээд байгаа нь сонсогдохгүй байна, миний утас руу хуулчих” гэхээр нь Н.С- багшид хуулж өгсөн“ гэх мэдүүлэг, гэрч Н.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "... Багш нарын өрөөнд Б.Э-, С.С- хоёр ярьж байсан, багш нарын өрөөний хажууд миний өрөө байдаг юм. Тэгээд би Э-ээс юу ярьсан талаар асуухад бичлэгийг сонсгосон. Гэтэл сайн сонсогдохгүй паржигнаад байсан тул өөрийнхөө гар утас руу хуулж авсан“ гэх мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байхад шүүх С.С-ын мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолдоо заагаагүй, дээр дурдсан шүүгдэгч гэрчүүдийн мэдүүлгээс харахад Н.С-, Б.Э- нар нь авилга өгөх талаар үгсэн тохирсон, уг хэрэгт хамтран оролцсон байх магадлалтай байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3.т заасан: гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, мөн зүйлийн 1.6.д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоогдооүй, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арипгаагүй байхад энэ хэрэгт хянапт тавьж байсан прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн нотолж чадсан эсэх, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн гүйцэд нотолсон эсэхэд хяналт тавиагүй буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь бүрэн гүйцэд  нотлогдоогүй байхад  шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох“ хэсэгт хэргийн талаар хийсэн дүгнэлтэндээ “... Шүүгдэгч Ч.О- нь Дархан-Уул аймгийн 1-р дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Э-ийн гуйлтаар буюу хувийн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн өлгүүрчин С.С-ыг сургуулийн цайны газрыг түрээслэгч “Их мянган Очир” ХХК-д угаагчаар ажиллахыг удаа дараа санал тавьж уулзсан боловч ажилтан ажпын байрандаа ажиллах хүсэлтэй байсан учир Г.Э-ийн хүсэлтийг биелүүлээгүйгээр албаны чиг үүргээ гүйцэтгэжээ.

Ийнхүү хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ гүйцэтгэсний хариуд шүүгдэгч С.С-аас 200.000 төгрөгийг “сэтгэлийн бэлэг” болгон авсан үйл баримт, шүүгдэгч С.С- “өлгүүрчин” гэх ажлын байрандаа үлдэх хувийн ашиг сонирхлын үүднээс “сэтгэлийн бэлэг” гэж шүүгдэгч Ч.О-д 200.000 төгрөгийг хахууль болгон өгсөн үйл баримт тус тус нотлогдон тогтоогдсон байна гэсэн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Ч.О- нь албаны ямар чиг үүргээ гүйцэтгэснийг тодорхой заагаагүй, ойлгомжгүй, ташаа дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүгдэгч Ч.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан байхаар хуульчилсан байгаа бөгөөд Ч.О- нь С.С-аас 200.000 төгрөг авсныхаа хариуд албаны ямар нэгэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу ямар нэгэн үйлдэл хийгээгүй, хийхийг ч амлаагүй байдаг.

Г.Э-ийн гуйлтыг биелүүлэх буюу биелүүлэхгүй байх нь Ч.О-ийн албаны чиг үүрэг биш бөгөөд Г.Эрдэнсүхийн гуйлт нь Ч.О-ийн хувийн ашиг сонирхолд хамааралгүй асуудал юм.

Гэтэл шүүх Г.Э-ийн хүсэлтийг биелүүлээгүйгээр албаны чиг үүргээ гүйцэтгэжээ гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Ч.О- нь С.С-ыг ажилд авсныхаа хариуд ямар нэгэн шан харамж түүнээс нэхээгүй, харин Г.Э-ийн гуйлтаар өөр ажилд шилжих эсэхийг С.С-аас асууж, С.С- өөр ажилд шилжихийг хүсээгүй тул ажилд нь хэвээр үлдээсэн болох нь нотлогддог.

Өмгөөлөгчийн зүгээс Ч.О-ийн хахууль авсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин бусдаас бэлэг авсан үйлдэл гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:

Хэргийг мөрдөн байцаалтын шатнаас эхлээд дутуу шалгасан. С.С-ын мэдүүлгээс харахад 200.000 төгрөгийг өөрийнхөө хүсэл зоригоор өгөөгүй бөгөөд н.Э- гэдэг эмэгтэйн хатгалгаар өгсөн болох нотлогддог. н.Э-, н.С- нарыг гэрчээр асуухад мэдүүлгүүд нь зөрүүтэй байсан бөгөөд миний бие мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар хүсэлт гаргаад буцаасан боловч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгийн зөрүү арилаагүй. Хэн нэгнээр дамжуулаад мөнгө авахыг шаардсан тухай баримт хэрэгт байхгүй. Битүү дугтуй өгсөн бөгөөд дотор нь юу байгааг Ч.О- мэдээгүй , иймд Ч.О-ийг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.О- тайлбартаа:

С.С- нь бага насны 3 хүүхэдтэй болохоор ажилд авсан. Надад ядарсан хүмүүсээс мөнгө авах хүмүүжил байхгүй. Зохион байгуулалттай намайг гүтгэж унагаах гэсэн оролдлого гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Ө.Ганзориг тайлбартаа:

Авлига өгөхөд өөртөө давуу байдал бий болгохыг шаарддаг. Гэтэл С.С-ын хувьд ямар ч давуу байдал бий болоогүй, албан тушаал дээшлээгүй, цалин өөрчлөгдөөгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор У.Дэндэвдорж дүгнэлтдээ:

200.000 төгрөгийн авлига яагаад өгч, авсан болох нь тогтоогддог. Гэрч нарын ямар мэдүүлэг зөрүүтэй байгааг тайлбарладаггүй. Шүүгдэгч С.С- хэрэг шалгах явцад болсон асуудлын талаар мэдүүлсэн бөгөөд мэдүүлгээ өөрчилсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ч.О-, С.С- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ч.О-, түүний өмгөөлөгч З.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ч.О-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын өөрийн албан өрөөнд тус сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байсан С.С-ыг ажлаа өгөхийг шаардаж улмаар С.С-ын ашиг сонирхлын үүднээс түүнийг хувцас өлгөгчийн ажлын байранд хэвээр үлдээсний хариуд түүнээс биет 200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч С.С-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан өрөөнд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ажлын байрандаа үлдэх зорилгоор тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.О-д албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан биет 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Прокуророос шүүгдэгч Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Ч.О-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ч.О-д оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд сар бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ч.О-, С.С- нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, шүүгдэгч Ч.О-эс 200.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ

Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, урьд анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 776 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжтай Ч.О-, С.С- нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 10 сарын 02-ны өдөр прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн байцаалтаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3., 3.4, 3.5.д заасан гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулсан, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, гэмт хэрэгт татан оруулсан, дэмжлэг үзүүлсэн хамтран оролцогч байсан эсэх талаарх ажиллагааг огт явуулаагүй, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу, хангалтгүй хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр захирамжид дурдсан ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн 75 дугаар магадлалыг прокурор, мөрдөгч биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5.д заасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэснийг зөрчсөн, улмаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үүнийг анхаараагүй байна.

Шүүгдэгч Ч.О-, С.С- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар бүрэн дүүрэн явуулж чадаагүй, 75 дугаар магадлалыг биелүүлээгүй, зөвхөн гэрч нараас нэг удаа мэдүүлэг авснаас өөрөөр ямар нэгэн ажиллагааг хийгээгүй, мөн хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй бөгөөд Ч.О-д С.С-аар мөнгө өгүүлэх ажиллагааг урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар, зохион байгуулалттай хийсэн эсэх, хатгасан, хамжсан, турхирсан, хийх үйлдлүүдийг нь зааж, удирдаж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн этгээдийн үйлдэл байгаа эсэхийг зохих ажиллагаагаар шалгаагүй, мөн С.С- нь сайн дураараа хахууль өгсөн эсэхийг сайтар нягталж эргэлзээгүй тогтоож чадаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ч.О-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... 2018.10.01-ний өдөр С.С-ыг хувцасны өлгүүрчнээр ажиллуулах тушаал гаргасны маргааш нь Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Э- 2018.10.02-ны өдөр над руу утсаар ярьж “А.Э- гэх хүнийг өлгүүрчнээр ажилд ав” гэж шаардсан. Дараа нь дахин над руу залгаж  “миний явуулсан хүнийг яагаад ажилд авахгүй байгаа юм, ажилд авсан хүнээ гаргаад наад хүнээ ажилд ав” гэж дарамталсан. Мөн намайг “миний явуулсан хүнийг ажилд аваагүй тул чамтай хамтарч ажиллахгүй” гэж дарамталсан., гэсэн мэдүүлгүүд, мөн гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн...Өлгүүрчний сул орон тоо гарсан гэж сонсоод Ч.О-д А.Э-ыг авч ажиллуулахыг санал болгосон. Мөн А.Э-ыг 2 удаа “Ч.О-тэй очоод уулз” гэж хэлээд явуулсан боловч түүнийг ажилд аваагүй байсан. Тэгээд би өөрөө очиж уулзахад өөр хүн ажилд авсан байсан. Тэгэхээр нь “тэр хүнээ сургуулийн цайны газарт ажиллуулаад А.Э-ыг өлгүүрчнээр ажилд авчих” гэсэн саналыг Ч.О-д хэлж байсан..гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд сургуулийн захирал  Ч.О-ийг Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Э- нь өөрийнхөө албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглаж түүнийг тодорхой шийдвэр гаргахыг шаардсанаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц байдлаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаагүй орхигдуулжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зохих ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бурэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарын гэм буруу болоод шүүгдэгч Ч.О-, түүний өмгөөлөгч З.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ч.О-, С.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                              ШҮҮГЧИД                                  Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ