Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 495

 

Ч.О, С.С нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар магадлалтай, Ч.О, С.С нарт холбогдох 1918002500308 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч У.Дэндэвдоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Ш овогт С.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Ч.О-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.С-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 2 жилийн хугацаанд сар бүр 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч У.Дэндэвдорж бичсэн эсэргүүцэлдээ “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч Ч.О нь хахууль өгөгч С.С-ын Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн өлгүүрчийн ажлын байрандаа хэвээр үлдэх гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг ажлын байранд хэвээр үлдээж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд С.С-аас 200,000 төгрөгийн хахууль авсан болох нь хангалттай тогтоогдсон. Тухайлбал, гэрч Г.Э-н мэдүүлэг /1хх-ийн 101-102/, гэрч А.Э-н мэдүүлэг /1хх-ийн 103/ болон яллагдагч Ч.О-н мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар Ч.О нь Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу албан тушаалын давуу байдлаа ашиглан Г.Э-н хүсэлтийн дагуу иргэн А.-Э-г өөрийн сургуульдаа өлүүрчийн ажилд авах зорилгоор яллагдагч С.С-г нь өлгүүрчийн ажлаа сайн дураараа өгөхийг шаардсан болох нь тогдоогдсон. Харин С.С нь өөрийн ажил, албан тушаалдаа хэвээр үлдэх хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Ч.О-д хахууль өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрч Н.Соёлмаагийн мэдүүлэг /1хх-ийн 81/, гэрч А.Х-н мэдүүлэг /1хх-ийн 85/, гэрч Б.Э-н мэдүүлэг /1хх-ийн 86-87/ зэргээр тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлаар яллагдагч нар нь ямар сэдэлт санаа зорилгоор бусдаас хахуул авах, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогдоогдсон. Харин яллагдагч нь С.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ бусдын ятгалга, хатгалгаар Ч.О-д хахууль өгсөн гэж мэдүүлсэн боловч түүний уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан дээрх гэрч нарын болон түүний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр няцаагддаг. Өөрөөр хэлбэл С.С-ыг захирал Ч.Од мөнгө, эд зүйл өгөхийг санал, болгосон ятгасан, мөн хахууль өгөгч С.С-ыг хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгүүлсэн, хатгасан талаарх нөхцөл байдал, үйл баримт хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бүхий л баримтаар тогтоогдоогүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, таамаглал бүхий шүүгдэгч Ч.О, С.С нарын мэдүүлэг, түүний өмгөөлөгч З.Энхтуяагийн гомдол зэргийг үндэслэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. А.Э-н Ч.О-д хандан иргэн А.Энхбатыг ажлын байраар хангаж өгөх тухай хүсэлт гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийн шинжийг агуулаагүй болно. Учир нь А.Э нь Ч.О-н эсрэг өөрийн хүсэлтээ гүйцэлдүүлэх зорилгоор хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсвэл бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл хийгээгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Заналхийлэх" гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүгдэгч Ч.О-н хахууль авсан, шүүгдэгч С.С-ыг хахууль авсан гэм буруутай эсэхийг шүүх хянан шийдвэрлэхэд дээрх шүүхийн магадлалд заасан А.Э холбогдох үйлдэл саад болохгүй ба хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Ч.О нарт холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн гэмт хэргийг хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй болсон. Уг хэрэг хоёр удаагийн яллах дүгнэлтээр хянан шийдвэрлэгдсэн. Давж заалдах шатны шүүх урьд дурдсан ажиллагааг нэмж хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ч.О-г хахууль авсан нөхцөл байдлыг сургуулийн багш нар мэдээд Авилгатай тэмцэх газарт мэдэгдсэнээр хэрэг илэрсэн. Мэдээлэл өгсөн хүмүүс өнөөдрийн байдлаар ажлаас халагдсан нөхцөл байдалтай байгаа. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч У.Дэндэвдоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ч.О, С.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл, шаардлагууд хуульд нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, гэмт хэрэгт татан оруулсан, дэмжлэг үзүүлсэн хамтран оролцогч байсан эсэх талаар шалгах ажиллагааг огт явуулаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу, хангалтгүй хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлүүдээр өмнө нь хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн захирамжийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл прокурор, мөрдөгч нар нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, захирамж, магадлалд заасан ажиллагааг дутуу хийсэн байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь өмнөх захирамжийн агуулгад нийцэхгүй, үгүйсгэсэн шийдвэрийг гаргажээ.  

 

Нэр бүхий гэрч нарын зүгээс С.С-аар Ч.О-д хахууль өгүүлж, хахууль авагчийг хууль бус үйлдэл хийх явцыг техник хэрэгсэл ашиглан нотолгоожуулж, түүнийгээ хахууль авагчийн эсрэг ашиглах зорилгоор зориуд санаатайгаар урьдчилан төлөвлөн зохион байгуулж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хатгасан, өдөөн турхирсан байж болзошгүй үйлдлүүдийг нэг мөр нягтлан шалгаж, эргэлзээгүйгээр тогтоох нь зүйтэй.

 

Хэдийгээр дурдсан нөхцөл байдлыг тогтоох нь С.С, Ч.О нарын гэм бурууг бүрэн үгүйсгэх үр дагавар бий болгохгүй боловч тэдний үйлдэл, гэм буруугийн хэр хэмжээ, үйлдэл оролцоонд эрх зүйн зөв дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай шударгаар оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн өөр этгээд байгаа бол ял завшуулахгүй байх ач холбогдолтой.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч У.Дэндэвдоржийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

            1. Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч У.Дэндэвдоржийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН