Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00089

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 544 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дугаар магадлалтай,  

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Б-, Ш.Э- нарт холбогдох,

Эд зүйлийн үнэ 7.884.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ж.Б-, өмгөөлөгч И.А, хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Б- нь миний ажиллуулж байсан Баянгол дүүрэгт байрлах Намуун пабыг түрээслэхээр болж 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан. Миний бие түрээслэгч Ж.Б-аас 3 сарын түрээсийн төлбөр, барьцаа мөнгө нийт 6.100.000 төгрөгийг хүлээн авч, 117 нэр төрлийн 10.917.500 төгрөгийн эд зүйлийг жагсаалтаар гарган хүлээлгэж өгсөн. Гэтэл 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр түрээслэгч Ж.Б- нь кафены эзэн Ш.Э-тэй муудалцаж цаашид кафег түрээслэхээ больсон. Ингээд би Ж.Б-аас хүлээлгэж өгсөн эд зүйлсээ хүлээн авахад миний анх хүлээлгэж өгсөн эд зүйлсээс 100 нэр төрлийн 7.884.000 төгрөгийн эд зүйлс дутсан.

Иймд, хариуцагч Ж.Б-аас 7.884.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Би Намуун пабыг Ж.Б-ээс түрээсэлсэн. Гэтэл Ж.Б- Ш.Э-ээс түрээслээд цааш нь надад дамжуулан түрээсэлсэн байсан. Би 9 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө эд зүйлийг аваад, тус баарнаас өөрийнхөө бүх зүйлийг аваад явсан. Би Ж.Б-ийн хөлдөөгч, хөргөгч хоёрыг аваад явсан. Хөлдөөгч, хөргөгч хоёрыг эргүүлээд өгөхөд бэлэн байна. 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаан болсон. Хэрэв Ж.Б-ийн эд зүйл нь дутуу байсан бол шүүхэд хангалттай тайлбар өгөх боломжтой байсан. Шүүхийн шийдвэр гараад 2 жил болсон байхад яагаад дахин нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Ж.Б- надад өгөх өрөө өгөхгүйн тулд нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байгаа. Би хөлдөөгч, хөргөгчийг нь аваад явсан талаараа хэлсэн. Хөлдөөгч, хөргөгч хоёрыг хөлдөөгч нь 250.000 төгрөг, хөргөгч нь 300.000 төгрөг гэж үнэлсэн байна. Ш.Э-ээс өөрийнхөө эд зүйлийг аваад явахдаа барьцаа болгож, хөргөгч, хөлдөөгч хоёрыг нь би аваад явсан. Хөргөгч, хөлдөөгчөөс бусад зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ж.Б-, Ш.Э-тэй гэрээ байгуулж Намуун баарыг түрээсэлсэн. Ж.Б- нь гэрээний үүргээ зөрчиж Ж.Б-тай гэрээ байгуулж, цааш нь дамжуулан түрээсэлсэн байдаг. Яагаад Ш.Э-ийг хамтран хариуцагчаар татаад байгааг ойлгохгүй байна. Ж.Б-, Ж.Б- нар нь Ш.Э-т эд зүйлийг хүлээлгэж өгсөн гэсэн үйл баримт олж харахгүй байна. Ж.Б-ийн хувийн тэмдэглэл гэдэг дэвтэр, гарын үсэггүй тамгагүй баримтууд байдаг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Ж.Б- нь Ш.Э-тэй гэрээ байгуулсны дагуу засвар хийхдээ авсан баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн юм шиг байна. Ж.Б-д эд зүйлсийг хүлээлгэж өгсөн гээд байгаа баримтыг хуурамчаар бичигдсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1642 дугаар тоот шүүхийн шийдвэр дээр Ж.Б- нь Ш.Э-ээс тохижилтын мөнгө нэхсэн байдаг. Ж.Б- Ж.Б-ээс 6.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Ж.Б- 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ирээд өөрийнхөө хувийн эд зүйлийг авсан гэж хэлсэн. 11 дүгээр сард нь бид гурав уулзаад эд зүйлийг хүлээлцсэн. 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр дээр Ж.Б- нь Ж.Б-аас буцаагаад хүлээлгэн өгсөн эд зүйлээс 7.000.000 төгрөгийн эд зүйлийг яасан бэ гэж хэлсэн байдаг. 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Э-ээс хэдэн зүйл аваад явсан гэж Ж.Б- хэлсэн байна. 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1642 дугаартай хэрэг дээр текний мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн байна. Ж.Б- нь Ш.Э-тэй гэрээ байгуулахдаа эд зүйлээ хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй, хэрэгт тийм баримт байхгүй байна.

Иймд, энэ хэрэг дээр Ш.Э-ийг хамтран хариуцагчаар татах ёсгүй. Нэхэмжлэгч Ж.Б- нь түрээсийн мөнгийг төлөхгүйн тулд нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 544 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар 100 нэрийн 7.881.000 төгрөг буюу хариуцагч Ж.Б-аас 2.732.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хөргөгч 1, хөлдөөгч 1-ийг Ж.Б-аас гаргуулж Ж.Б-т олгож, 2.182.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Г.Эрдэнэцэцэгээс 3.831.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ээс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Голомт банк төрийн сан 190000941 тоот дансанд тушаасан 141.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дугаар магадлалаар,  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, гэснийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132.294 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал би эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Ж.Б- нь Ш.Э-ийн өмчлөлийн Намуун пабыг 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр түрээсэлж, өөрийн хөрөнгөөр засвар хийж, тохижуулсан байдаг. Ж.Б-, Б.Ц- нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж пабыг дамжуулан түрээсэлсэн. Талууд гэрээ байгуулах үедээ 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Эд зүйл хүлээлцсэн материал” /ХХ-8-13/ үйлдэж 117 нэр төрлийн эд зүйлсийн хүлээлгэж өгч, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг ба уг баримт дээрх гарын үсгийн талаар хариуцагч Б.Ц- гомдол гаргаагүй тул шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Ж.Б-, Б.Ц-, Ш.Э- нарын хооронд маргаан гарч, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Э- маргаан бүхий эд зүйлс байсан байрны цоожны голыг сольж, хэнийг ч оруулах боломжгүй болгосон үйл баримт нь Баянгол дүүргийн  шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1642 тоот хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.

2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ж.Б- уг байрнаас өөрийн эд зүйлээ авч явсан ба энэ үедээ Ж.Б-ийн өмч хөрөнгө “жижиг хөлдөөгч-1, жижиг хөргөгч 1-ийг цуг авч явсан” нь гэх Ж.Б-ын өөрийнх нь тайлбар ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 765/1907/... шийдвэр зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Энэ талаар Ш.Э- “Ж.Б- хөргөгч бас нэг юмыг нь авч явсан бусад зүйлийг нь авч яваагүй” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Б-, Ж.Б-, Ш.Э- нар хамт байж байгаад уг байранд үлдсэн Ж.Болорцэцэгийн эд зүйлсийг тоолсон талаар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан “эд зүйлийн бүртгэл” нотлох баримт 14-19 дүгээр хуудсанд авагдсан. Энэхүү “Эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэл” нэртэй жагсаалтын гарын үсгийн талаар хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу шинжээчийн дүгнэлт гарсан ба уг дүгнэлтээр Ж.Б-, Ж.Б- нар гэсэн бичвэр хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, нийт үнийн дүн байхгүй эд зүйл, байсан зүйлээс эвдүүлсэн дутуу зүйл гэх бичиглэл хар өнгийн балаар бичсэн байна гэх дүгнэлтийг гаргасан. Ийнхүү эд зүйлийг тоолсон талаар Ш.Э- гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ Ас: 2013.11.11-ний өдөр эд зүйлсийг тоолох үед дутуу байсан эд зүйлийг хэн хариуцах талаар маргаан гарсан уу? гэсэн асуултанд Ха: Ж.Б- би өөрөө л зохицуулна гэсэн ш дээ. Дутуу юмаа над дээр бич л гээд байсан. Ж.Б- их сонин хүн сандлын хөл хугарсан байхад л нэг дутлаа гэж үздэг.” гэснээс үзэхэд 2013.11.11-ний өдөр Ж.Б-, Ж.Б-, Ш.Э- нар хамт байж байгаад уг байранд үлдсэн Ж.Болорцэцэгийн эд зүйлсийг тоолсон нь нотолдог.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Ж.Болорцэцэг нь “2013.11.11-ний эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэл”-ийг хариуцагч нарыг байлцуулан үйлдэхдээ өмнө нь 2013.03.01-ний өдөр эд зүйлийг Ж.Б-д хүлээлгэж өгөхөд хийгдсэн “Эд зүйл хүлээлцсэн материал” нэртэй тооллогын хүснэгтийг ашиглан дээрээс нь “байхгүй, хагарсан,” тэмдэглэлийг гараар нэмж бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хариуцагч Ж.Б- нь анхан шатны шүүх хурал дээр өгсөн тайлбараар, Ш.Э- гэрчээр өгсөн мэдүүлгээрээ 2013.11.11-ний өдөр тооллого хийснийг үгүйсгэдэггүй. Ийнхүү тоолсноос бараг жилийн дараа 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Э-ээс Ж.Б- нь анх Ж.Б-д хүлээлгэж байсан эд зүйлсээсээ үлдсэн эд зүйлсийн хүлээж авах үед 22 төрлийн эд зүйлс л үлдсэн байсан /нийт 17 төрлийн тоног төхөөрөмж авлаа /тэмдэглэл үйлдэж /хх-19-ийн ар талд /, Ш.Э-ээр гарын үсэг зуруулан үлдсэн эд зүйлсээ хүлээн авсан. Энэ баримтыг хариуцагч Ш.Э- мөн үгүйсгэдэггүй.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Б- анх Б.Ц-д хүлээлгэж өгсөн 117 нэр төрлийн 10.511.500 төгрөгийн эд зүйлсээс зөвхөн 17 нэр төрлийн 2.687.500 төгрөгийн эд зүйлсийг хүлээж авсан ба 7.884.000 төгрөгийн эд зүйл огт хүлээж аваагүй. Дутсан 7.884.000 төгрөгийн эд хөрөнгөөс жижиг хөлдөөгч 250.000 төгрөг, хөргөгч 300.000 төгрөгийн эд буюу нийт 550.000 төгрөгийн эд зүйлийг Б.Ц- авсан нь нотлогдсон тул үлдсэн эд хөрөнгийн үнэ 7.334.000 төгрөгийг Ш.Э-ээс гаргуулах үндэслэлтэй байсан. Учир нь, Ж.Б- 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 117 нэр төрлийн 10.511.500 төгрөгийн эд зүйлсийг хүлээлгэн өгснөөс хойш Ж.Б-ын эзэмшилд байж байгаад 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр пабын цоожны голыг сольсноор Ш.Эрдэнэчимэгийн эзэмшилд 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл байсан.

Иймд, дутагдсан 7.334.000 төгрөгийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгаж байснаараа Ш.Э- хариуцах ёстой. Дутагдсан эд хөрөнгийн үнэ нь 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Эд зүйл хүлээлцсэн материал”-ийн /ХХ-8-13/ хүснэгтэнд нэг бүрчлэн тусгагдснаас гадна нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хар дэвтэр болон худалдан авч байсан баримтуудаар давхар тогтоогдож байхад нэхэмжилж байгаа зүйлсийн үнэ тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч тал гомдолтой байдаг. Түүнчлэн ийнхүү дутагдсан эд зүйлсийг хариуцагч нараас гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2 дахь хэсгийг, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсгийг буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний заалтуудыг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг маргаанд нэхэмжлэгч тал нь хөлслөгчийн, хариуцагч Ш.Э- нь хөлслүүлэгчийн эрх, үүргийг эдэлж оролцож байхад анхан шатны шүүх гэрээний талуудын хүлээх үүргийг сольж хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүх хэрэг маргаантай холбоогүй хуулийн заалтыг хэрэглэсэн.

Нэхэмжлэлийн шаардлага нь түрээсийн гэрээнээс үүдэлтэйгээр өмчлөгчийн өмчлөх эрхээ зөрчигдсөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх болон гэрээ зөрчсөнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар учирсан хохирлоо шаардаж байгаа юм.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Ж.Б- нь Ж.Б-, Ш.Э- нараас эд зүйлийн үнэ 7.884.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хоёр шатны шүүх Ж.Б-аас хөргөгч, хөлдөөгч гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн бусад шаардлага болон Ш.Э-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б- хариуцагч Ж.Б-д 127 нэр төрлийн эд зүйл хүлээлгэн өгснөөс дутсан 100 нэр төрлийн эд зүйлийн үнэ 7.884.0000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэх боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, тухайлбал,  хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн  ямар эд зүйл дутагдсан нь  хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

Ж.Б-, Ш.Э-ийн өмчлөлийн Намуун пабыг түрээсээр эзэмшиж байхдаа  Ж.Б-д дамжуулан түрээслэхээр 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, түрээсийн байр болон эд зүйлийг хүлээлгэн өгч, түрээсийн урьдчилгаа, барьцаанд 6.100.000 төгрөг хүлээн авсан боловч дамжуулан түрээсэлснийг өмчлөгч буюу түрээслүүлэгч Ш.Э- зөвшөөрөөгүйн улмаас түрээсийн үйл ажиллагаа 2013 оны 4 дүгээр сараас дуусгавар болсон   үйл баримт тогтоогджээ.

Ж.Б-, Ж.Б- нарын хооронд түрээсийн төлбөр, барьцааны төлбөрийн асуудлаархи маргааныг өмнө нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 465/1907/С дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн,  уг шийдвэр хүчин төгөлдөр байна.

Уг шийдвэрээр Ж.Б-, Ж.Б- нарын  хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь  шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт болно.

Иймээс нэхэмжлэгч Ж.Б-ийн Ж.Б-аас түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйлийн үнэ нэхэмжилж буй энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь  гэрээнээс татгалзсан эсхүл цуцлагдснаас үүссэн үр дагавар гэх боломжгүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй, анхан  шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2-т заасан зохицуулалтыг хэрэглэснийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 гэж өөрчилсөн  нь буруу болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа хожим хүчин төгөлдөр бус болсон учир тэдний хоорондох  хүлээлгэн өгсөн эд зүйлийн үнэ гаргуулах нэхэмжлэгчийн шаардах эрх  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зохицуулагдана  бөгөөд хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5” гэснийг “ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 132.294 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ