Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 121

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01271/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 544 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Боржигон овогтой Ж-ы Б-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Баатар овогтой Н-ийн Ц-,

          Булган нударга овогтой Ш-гийн Э- нарт холбогдох

          “Эд зүйлийн үнэ 7.884.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Н.Ц-, хариуцагч Ш.Э-ийн төлөөлөгч А.Алтантуяа, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Б-ээс: 

Хариуцагч Н.Ц- нь миний ажиллуулж байсан Баянгол дүүрэгт байрлах “Намуун” пабыг түрээслэхээр болж 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан. Миний бие түрээслэгч Н.Ц-аас 3 сарын түрээсийн төлбөр, барьцаа мөнгө нийт 6.100.000 төгрөгийг хүлээн авч, 117 нэр төрлийн 10.917.500 төгрөгийн эд зүйлийг жагсаалтаар гарган хүлээлгэж өгсөн. Гэтэл 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр түрээслэгч Н.Ц- нь кафены эзэн Ш.Э-тэй муудалцаж цаашид кафег түрээслэхээ больсон. Ингээд би Н.Ц-аас хүлээлгэж өгсөн эд зүйлсээ хүлээн авахад миний анх хүлээлгэж өгсөн эд зүйлсээс 100 нэр төрлийн 7.884.000 төгрөгийн эд зүйлс дутсан. Иймд хариуцагч Н.Ц-аас 7.884.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ц-аас:

Би “Намуун” пабыг Ж.Б-ээс түрээсэлсэн. Гэтэл Ж.Б- Ш.Э-ээс түрээслээд цааш нь надад дамжуулан түрээсэлсэн байсан. Би 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө эд зүйлийг аваад, тус баарнаас өөрийнхөө бүх зүйлийг аваад явсан. Би Ж.Б-ийн хөлдөөгч, хөргөгч хоёрыг аваад явсан. Хөлдөөгч, хөргөгч хоёрыг эргүүлээд өгөхөд бэлэн байна. 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаан болсон. Хэрэв Ж.Б-ийн эд зүйл нь дутуу байсан бол шүүхэд хангалттай тайлбар өгөх боломжтой байсан. Шүүхийн шийдвэр гараад 2 жил болсон байхад яагаад дахин нэхэмжлэл гаргаад байгааг  ойлгохгүй байна. Ж.Б- надад өгөх өрөө өгөхгүйн тулд нэхэмжлэл гаргаж байна гэж  ойлгож байгаа. Би хөлдөөгч, хөргөгчийг нь аваад явсан талаараа хэлсэн. Хөлдөөгч хөргөгч хоёрыг хөлдөөгч нь 250.000 төгрөг, хөргөгч нь 300.000 төгрөг гэж үнэлсэн байна. Ш.Э-ээс өөрийнхөө эд зүйлийг аваад явахдаа барьцаа болгож, хөргөгч, хөлдөөгч хоёрыг нь би аваад явсан. Хөргөгч, хөлдөөгчөөс бусад зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяагаас:

2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ж.Б-, Ш.Э-тэй гэрээ байгуулж “Намуун” баарыг түрээсэлсэн. Ж.Б- нь гэрээний үүргээ зөрчиж Н.Ц-тай гэрээ байгуулж, цааш нь дамжуулан  түрээсэлсэн байдаг. Яагаад Ш.Э-ийг хамтран хариуцагчаар татаад байгааг ойлгохгүй байна. Ж.Б-, Н.Ц- нар нь Э-т эд зүйлийг хүлээлгэж өгсөн гэсэн үйл баримт олж харахгүй байна. Ж.Б-ийн хувийн тэмдэглэл гэдэг дэвтэр, гарын үсэггүй тамгагүй баримтууд байдаг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Ж.Б- нь Ш.Э-тэй гэрээ байгуулсны дагуу засвар хийхдээ авсан баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн юм шиг байна. Н.Ц-д эд зүйлсийг хүлээлгэж өгсөн гээд байгаа баримтыг хуурамчаар бичигдсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1642 дугаар тоот шүүхийн шийдвэр дээр Ж.Б- нь Ш.Э-ээс тохижилтын мөнгө нэхсэн байдаг. Н.Ц- Ж.Б-ээс 6.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Н.Ц- 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ирээд өөрийнхөө хувийн эд зүйлийг авсан гэж хэлсэн. 11 дүгээр сард нь бид гурав уулзаад эд зүйлийг хүлээлцсэн. 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр дээр Ж.Б- нь Н.Ц-аас буцаагаад хүлээлгэн  өгсөн эд зүйлээс 7.000.000 төгрөгийн эд зүйлийг яасан бэ гэж хэлсэн байдаг. 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Э-ээс хэдэн зүйл аваад явсан гэж Ж.Б- хэлсэн байна. 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1642 дугаартай хэрэг дээр текны мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн байна. Ж.Б- нь Ш.Э-тэй гэрээ байгуулахдаа эд зүйлээ хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй, хэрэгт тийм баримт байхгүй байна. Иймд энэ хэрэг дээр Ш.Э-ийг хамтран хариуцагчаар татах ёсгүй. Нэхэмжлэгч Ж.Б- нь түрээсийн мөнгийг төлөхгүйн тулд нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 544 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар 100 нэрийн 7.881.000 төгрөг буюу хариуцагч Н.Ц-аас 2.732.600 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлийн шаардлагаас хөргөгч 1, хөлдөөгч 1-ийг Н.Ц-аас гаргуулж, Ж.Б-т олгож, 2.182.600 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Г.Э-ээс 3.831.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ээс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Голомт банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан 141.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээс үзэхэд гарын үсэг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн гэж гарсан боловч эд зүйлийг тоолсон үйл баримтын талаар Ш.Эрдэнцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлгээс 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Б-, Н.Ц-, Ш.Э- нар хамт байж байгаад уг байранд үлдсэн Ж.Болорцэцэгийн эд зүйлсийг тоолсон нь нотлогддог. Ж.Б- анх Б.Ц-д хүлээлгэж өгсөн 117 нэр төрлийн 10.511.500 төгрөгийн эд зүйлсээс зөвхөн 17 нэр төрлийн 2.687.500 төгрөгийн эд зүйлсийг хүлээж авсан ба 7.884.000 төгрөгийн эд хөрөнгө огт хүлээж аваагүй. Дутсан 7.884.000 төгрөгийн эд хөрөнгөөс нийт 550.000 төгрөгийн хөрөнгийг Б.Ц- авсан нь нотлогдсон. Иймд дутагдсан эд зүйлийн үнэ 7.334.000 төгрөгийг Ш.Э-ээс гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ж.Б- нь Н.Ц-, Ш.Э- нарт холбогдуулан түрээсийн гэрээгээр Б.Ц-д хүлээлгэн өгөх үеийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан шилэн эдлэл, гал тогооны хэрэгсэл, заалны эд зүйлс, агуулахад хадгалагдаж байсан эд зүйлсээс хүлээн авах үед дутсан зүйлийн үнэ 7.884.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Ц- Ж.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хөргөгч, хөлдөөгчөөс бусад эд зүйл төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлсийн бүртгэлийг үйлдээгүй, дүүргийн шүүхэд маргаан үүсгэж 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаан болсон үед Ж.Б- эд зүйл нь дутуу байсан бол шүүхэд энэ талаар шаардлага гаргах боломж байсан гэж, хариуцагч Ш.Э- нь Ж.Б-, Н.Ц- нар надад эд зүйлийг хүлээлгэж өгөөгүй гэж тус тус маргасан байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Ж.Б-, Н.Ц- нар харилцан тохирч 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт байрлах “Намуун” пабыг түрээслэх тухай гэрээг байгуулан эд зүйлсийн хамт хүлээлгэн өгсөн байна.

2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлтэд:

...Эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэлд хавсарган ирүүлсэн гал тогоо, заалны тохижилт, агуулахад хадгалагдаж байсан хувийн эд зүйлс хүлээлцсэн эд зүйлс, хүлээлцсэн эд зүйлсийн жагсаалт гэж толгойлон бичсэн хүснэгтийн доод талд байх хүлээлгэн өгсөн Ж.Б-, хүлээн авсан Н.Ц- гэсэн бичиглэлүүд хувилан олшруулах төхөөрөмж ашиглан үйлдсэн, мөн гал тогоо, хүлээлцсэн эд зүйлсийн жагсаалт гэж толгойлон бичсэн хүснэгтийн доод талд байх Ц- ИЦ79022268 гэсэн бичиглэлийг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэж дээрээс нь хар өнгийн будагч бичгийн хэрэгсэл ашиглан үсэг элементийн дээгүүр зурсан байна ...гэсэн байна.

Хэрэгт авагдсан зарлагын баримтууд огноогүй, хүлээн авагчийн нэр тодорхой бус, бичиглэл зөрүүтэй, үнэ төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотолсон баримтыг  талууд  шүүхэд ирүүлээгүй юм.

Хүлээлцсэн эд зүйлсийн жагсаалтыг талууд өөрсдөө биечлэн үйлдсэн эсэх нь эргэлзээтэй болох нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа, мөн дээрх жагсаалт дахь эд зүйл нэг бүрийн үнийг нотолсон баримтыг ирүүлээгүй тул хариуцагч Н.Ц-аас дутсан гэх эд зүйлийн үнийг бүрэн төлүүлэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч Н.Ц- 250.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 300 000 төгрөгийн  үнэ бүхий  хөргөгчийг авсан нь тогтоогдож байгаа тул түүнээс гаргуулах үндэслэлтэй.

            Хамтран хариуцагч Ш.Э- нь нэхэмжлэгч Э.Б-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, Ш.Э-ийн буруутай үйлдлээс болж эд зүйл эвдэрсэн гэх үйл явдал тогтоогдоогүй, 17 төрлийн тоног төхөөрөмж авлаа Ж.Б-, хүлээлгэн өгсөн Ш.Э- гэж үйлдсэн баримтаар үлдэгдэл тооцоо хийгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хамтран хариуцагч Ш.Э-ээс эд зүйлийн үнэ төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.

Талууд шилжүүлж өгсөн авсан гэх эд хөрөнгийн шинж байдал, ашиглах нөхцөл, эд хөрөнгөд байгаа ил, далд гэмтэл, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, тоо ширхэг, чанар байдлын хувьд бүрэн эсэх талаар хүлээлцсэн баримтгүй, эд зүйлийн  тоо ширхэгийн үнэ  чанар байдал тодорхойгүй бөгөөд шинжээч дүгнэлтдээ нийт бүгд үнийн дүн, байхгүй эд зүйл, байсан зүйлээс, эвдүүлсэн дутуу зүйл байгаа гэх бичиглэл, тоог хар өнгийн балаар бичсэн нь нэг өдөр, тухайн цаг мөчид бичсэн гэх нь эргэлзээтэй гэснээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Дээр заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б-ийн хариуцагч Н.Ц-, Ш.Э- нараас 7.884.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас эд зүйл хүлээлцэн авахад байхгүй байсан эд зүйлийн бүртгэл гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үйл баримт тогтоогдохгүй болно.

Ж.Б-, Н.Ц-, Ш.Э- нар хамт байж байгаад уг байранд үлдсэн Ж.Болорцэцэгийн эд зүйлсийг тоолсон нь нотлогдсон гэсэн гомдлын хувьд энэхүү тооллого хийгдснийг үгүйсгэхгүй боловч тооллогоор үлдэгдэл эд зүйлийн тоо ширхэг, үнийг тодорхойлсон акт баримт үйлдэж хүлээн зөвшөөрсөн тухай баримт нь хэрэгт авагдаагүй тул энэ нь гомдлыг хангах үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн ...хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх, хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх... үүрэгтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй байна.

Харин хариуцагч талыг гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлээгүй гэж шаардсан тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын:

            “Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2,” гэснийг “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132.294 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                         ШҮҮГЧИД                                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                         С.ОЮУНЦЭЦЭГ