Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00571

 

 

Д.Б-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 443 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар магадлалтай,

Д.Б-ыннэхэмжлэлтэй

А.Э, Д.Бнарт холбогдох

Гэм хорын хохирол 15330000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Эын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд найз Адъяадоржоос 13000000 төгрөгөөр чиргүүлгүй, бор өнгийн, Зил-131 маркийн, 30-43 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан. А.Э нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өвсөө татах гэсэн юм машинаа өгөөч гэж гуйсан. Би өөрөө хөдөө ажлаар явах байсан учир Д.Батчулуунаар машинаа жолоодуулж явахыг зөвшөөрч, Д.Батчулууныг гуй гэж А.Э хэлсэн. Бид 10 жилд нэг ангид сурч байсан найз нөхөд учраас би зөвшөөрч маргааш нь машинаа Эрдэнбаатарынд аваачиж өгсөн. Би машинаа өгөхдөө яндангаас нь гал гарч магадгүй шүү, яндангийн ойр орчмын өвсийг арилгаж яваарай гэж хэлсэн. А.Э нь Сэлэнгэ сумын нутаг Хийдийн гүүр гэх газраас өвс ачиж яваад Шанш толгой гэх газар өвсийг галын аюулгүй байдлыг хангаж ачаагүйн улмаас гал гарч миний тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт бүрэн шатсан. Тухайн үед галыг орон нутгийн хүмүүсийн хүчээр унтраасан. Дараа нь Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар ирж үзээд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 150/02 дугаартай галын акт тогтоосон. Тээврийн хэрэгслийн үнэлгээг Лэндс ХХК-иар үнэлүүлж, тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт 14850000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон. Шатсан тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргахад 350000 төгрөг, галын дүгнэлт гаргахад зарцуулсан шатахууны үнэ 100000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг, нийт 15330000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед машиныг Д.Ббарьж явсан учраас А.Эаас 10220000 төгрөг, Д.Батчулуунаас 5110000 төгрөг гаргуулж өгнө үү.  Машинаа А.Эт өгөхдөө ямар нэгэн хөлс авах талаар тохироогүй, машин гуйж манайд ирэх үед нь би шовгорын цонх, хаалга янзалж байсан учраас хаалга цонхны нугас хадах жижиг ажилд тусалсан. Түүнээс биш машинаа өгч оронд нь ажил хийлгэсэн зүйл байхгүй. Найз нөхөд учраас гуйхаар нь л өгсөн. Уг тээврийн хэрэгслийг Адъяадорж нь Будсүрэнгээс худалдаж авсан юм байна лээ. Би Адъяадоржид 1000000 төгрөгийн өглөгтэй учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан юм гэжээ.

Хариуцагч А.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь өөрөө Д.Батчулууныг тээврийн хэрэгсэл жолоодоод өгөөч гэж гуйсан, өөрөө зөвшөөрөл өгч тээврийн хэрэгслийг жолоодуулж явуулсан. А.Э нь Д.Б-ыншовгорын цонх, хаалга хийж өгсөн ажлынхаа хөлсөнд тээврийн хэрэгсэлд нь шатахуун хийгээд явъя гэж гуйсан. Тээврийн хэрэгслийг жолоодож байгаа жолооч аюулгүй байдлыг хангаж явах ёстой байсан. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, мөн галын хор ажиллагаагүй болсон байсан. Хэрвээ галын хор ажилласан бол галыг унтраах боломж байсан. Д.Б уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь нотлогдохгүй байна. Учир нь тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Будсүрэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байгаа учир Д.Б энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Уг тээврийн хэрэгслийг Д.Б 2013 онд 13000000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад мөн л 13000000 төгрөгөөр үнэлж байна. 1982 онд үйлдвэрлэгдсэн хуучин тээврийн хэрэгслийг их өндрөөр үнэлсэн байна. 1982 онд үйлдвэрлэгдсэн Зил-131 маркийн машин 13000000 төгрөгөөр, 1991 онд үйлдвэрлэгдсэн Зил-131 маркийн машин 12000000 төгрөгөөр үнэлэгдээд байгаа нь эргэлзээтэй байна. Тээврийн хэрэгслийн чиргүүлийг 3500000 төгрөгөөр үнэлсэн нь бодитой биш байна гэжээ. 

Хариуцагч Д.Бшүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өвс ачихын өмнөх өдөр би эхнэр З.Байгальмаагийн хамт Булган аймгийн Дундатын голд төрөл, садангийн хүн болох Энхтүвшингийн гэрийг нь нүүлгэхээр очсон байсан. Энэ үед Д.Б манай эхнэр З.Байгальмаа руу утасдаж та хоёр хэзээ ирэх вэ гээд асуугаад байсан. Манай эхнэр З.Байгальмаа маргааш, нөгөөдрөөс очих байх гэж хэлсэн. А.Э надтай Д.Б-ынутсаар ярьж машин бариад өвсөнд яваад өгөхийг гуйсан. Би маргааш очих байх гэж хэлсэн. А.Эыг Д.Б-ынрам дээр ажилладаг гэдгийг л мэднэ. Түүнээс биш сайн танихгүй. 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө А.Э, Д.Б нар манай гэрт ирж Д.Б маргааш бид самранд явах ажилтай, А.Э өнөөдөр өвсөндөө явъя гэж гуйгаад байна гэж хэлсэн. Би түүнд зав муутай байна, би Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож үзээгүй гэхэд А.Э би эхнэрээсээ өөр хүнгүй хэцүү байна, та яваад өгөөч, та машины бүхээгээс ч буух шаардлага байхгүй, бид ажлаа хийнэ, зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодоод өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Ямар нэгэн хөлс өгөх талаар тохироогүй. Д.Б машинаа хашаанаас гаргаад А.Эын гэрийн гадаанаас машины түлхүүрийг надад өгчихөөд явсан. Д.Б тээврийн хэрэгслийн нугаснаас гал гарч магадгүй гэхээр би брезэнт тавьсан. А.Э болон түүний эхнэр, бас нэг хүүхэд бид нар 1000 цагийн үед өвсөндөө явсан. Би А.Эт тэвшээ дүүргээд дээр нь рам зангидаж байж илүү гаргаж ачна шүү гэдгийг хэлэхэд манай нутагт овоолоод ачиж болдог гээд байсан. А.Эын заасан газар очиход А.Э өөрөө архи уугаад унтсан байсан. Эхнэр нь ганцаараа өвс ачаад байхаар нь би хамт ачсан. Чиргүүл, толгойг нь бүхэлд нь дарж ачиж болохгүй, хэтэрхий их ачсан байна гэхэд эхнэр нь том оврын тээврийн хэрэгсэл байж энэ зэргийн өвсийг даахгүй байхдаа яадаг юм гээд уурлаад байсан. Өвсөө ачиж дуусах үед А.Э сэрээд өвс хамт ачсан. Би хэтэрхий их өвс ачаад байна гэж хэлсэн боловч миний үгийг тоогоогүй. Өвсөө аччихаад явахдаа яндангийн орчимд байгаа өвсийг цэвэрлэж гал гарахаас урьдчилан сэргийлсэн. Шанш толгой өгсөж байхад тээврийн хэрэгсэл унтарсан. А.Э гар аргаар тээврийн хэрэгслийг асаах гэж бууснаа яндангийн орчимд өвснөөс утаа гарч байна гэж хэлсэн. Бид савтай ус цацсан, мөн гараараа унтраах гэсэн боловч нэмэр болоогүй. Дуудлага өгч сумаас хүмүүс 30-40 минутын дараа ирэхэд тээврийн хэрэгсэл шатаж дууссан. Би тэдний гуйлтаар машиныг нь барьж явсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 443 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дүгээр зүйлийн 342.2, 342.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч А.Эаас 10220000 /арван сая хоёр зуун хорин мянга/ төгрөг, хариуцагч Д.Батчулуунаас 5110000 /таван сая нэг зуун арван мянга/ төгрөг гаргуулж, Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Моностойн 5-22 тоотод оршин суух, Д.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234600 /хоёр зуун гучин дөрөв мянга зургаан зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Эаас 178470 /нэг зуун далан найман мянга дөрвөн зуун дал/ төгрөг, хариуцагч Д.Б-наас 96566 /ерэн зургаан мянга таван зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар магадлалаар Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч А.Эын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 178.470.0 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Э хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа :”Хариуцагч нар нь бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь Булган аймгийн ОБГ-ын Гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 02-р сарын 13-ны өдрийн 150/02 дугаар бүхий акт, хөрөнгийн үнэлгээний Лэндс”ХХК-ний үнэлгээ зэргээр нотлогдож тогтоогдсон, хариуцагч нар нь гэм хорын хохирлыг хариуцан төлөх хууль зүйн үндэстэй байна” гэснийг хууль зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдаад байгаа ОБГ-ын Гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 02-р сарын 13-ны өдрийн 150/02 дугаар бүхий актыг гаргахдаа хариуцагч нарыг байлцуулж танилцуулаагүй нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.1-д заасан “...гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтооход биечлэн оролцох” гэсэн заалтыг зөрчсөн, Хөрөнгийн үнэлгээний “Лэндс”ХХК нь хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан, мэргэшсэн үнэлгээчин дүгнэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээг шүүх буруу гэж үзэх боломжгүй юм гэсэн нь ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.3-т заасан “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн” заалтыг зөрчсөн. Гэтэл энэ үнэлээч үнэлгээ хийхдээ үнийн харьцуулалтын аргыг хэрэглэсэн гэх боловч 1982 онд үйлдвэрлэгдэж 1983 онд монголд орж ирж ашиглагдсан машиныг үнэлэхдээ сайтад тавигдсан 2003 онд үйлдвэрлэгдэж 2010, 2012 онуудад орж ирсэн машины үнэтэй харьцуулж үнэлсэн харьцуулалтын арга /28-30 жилийн дараа орж ирсэн машины үнэтэй ижил үзсэн/ буруу байгааг хэлсээр байтал мэргэшсэн үнэлгээчин дүгнэлт гаргасан гэдгээр авч хэлэлцээгүй. Хариуцагч А.Э Д.Бас машиныг нь гуйж өвсөнд авч явсны хөлсөнд байшингийн цонх хаалга хийж өгсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч үүнийг үгүйсгэсэн тайлбар гаргаж байна. Дээрхи нөхцөл байдлаас дүгнэлт хийж үзвэл Д.Б, А.Э нарын хооронд Иргэний хуулийн 339.1 -д заасан үнэ төлбөргүй ашиглах гэрээ хийгдсэн гэж үзэхээр байна“ гэсэн нь зөвхөн хариуцагчийн үгийг үнэнд тооцон хариуцагч А.Э миний Баасандамбынд 2 өдөр ажилласан /шовгорын хаалга цонх хийх, машин засахад нь туслалцсан/ зэргийг гэрч Болормаа бас гэрчилсээр байтал баримтаар нотлоогүй гээд авч хэлэлцээгүй нь эрх тэгш байх зарчимд нийцээгүй. Шүүх А.Э намайг машиныг гуйж өөрийн эзэмшилдээ аваад Батчулууныг гуйж бариулж явсан мэтээр дүгнэж бичээд байх юм. Намайг өвсөнд яваад өгөөч гэхэд машинаа надад өгөхгүй өөрөө баз хүргэндээ хэлж машинаа бариулж явуулсан /хх-55/ тул би уг машины бүрэн бүтэн байдлын талаар ямар ч ойлголт байхгүй, жолоочоос энэ талаар асуухад зөвхөн нугасны талаар ярьж тэнд брезент тавихыг анхааруулсныг гэрч Болормаа, хариуцагч Д.Бнар хэлдэг. Бодит нөхцөл байдал ийм байхад “бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлээгүй” гэж надаас 10 220 000 төгрөг гаргуулахаар шийдсэнийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн бүрэн бус тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн /явж байх замд машин унтарсан/, гал түймэр гарах тохиолдолд хэрэглэх галын хоргүй, зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй гэм буруу байгааг анхааран үзэж Иргэний хуулийн 514-р зүйлийг хэрэглээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Иймд дээрхи хуулийн заалтыг хэрэглэн гэм хорын хохирлын хэмжээг 50 хувиар багасган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 10 220 000 төгрөгийг хариуцагч А.Эаас, 5 110 000 төгрөгийг хариуцагч Д.Батчулуунаас тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Хариуцагч А.Эын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна. 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч гэм хорын хэмжээг тогтоохдоо нотлох баримтыг бодитой үнэлээгүйг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

А.Э нь өвс ачих зорилгоор, нэхэмжлэгч А.Д.Бас түүний өмчлөлийн Зил 131 маркийн 30-34 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт авсан, 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр уг тээврийн хэрэгслийг хариуцагч Д.Бжолоодож явсан, өвс ачиж Булган аймгийн Сэлэнгэ сумын Шанш толгой газар явж байхад “...өвсийг хэт ихээр ачсаны улмаас утааны янданг таглаж, яндангаас оч хаяхад өвс шатаж, улмаар тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт бүрэн шатсан...” үйл баримт Булган аймгийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 150/02 дугаар бүхий галын акт, гэрчүүдийн мэдүүлэг, Лэндс ХХК-ийн үнэлгээ зэрэг баримтаар тогтоогджээ.

Хариуцагч Д.Бнь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа аюулгүй байдлыг хангаагүй, хариуцагч А.Э нь өвсийг хэт ихээр ачиж, утааны янданг таглаж гал гарах нөхцлийг бүрдүүлсэн гэм буруутай байдал тогтоогдсон, хариуцагч нарын үйлдлээс шалтгаалан гал гарч нэхэмжлэгчийн эд хөрөнгө шатаж, гэм хор учирсан байдал хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдсон, гэм буруу, гэм хор учирсан шалтгаан, нөхцлийн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтын дагуу бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, эсвэл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.

Шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаан дээр тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан Лэндс ХХК-ийн үнэлгээнд тулгуурлаж, шатсан тээврийн хэрэгслийн үнийг 13 000 000 төгрөг гэж үзжээ. Энэ баримтаас гадна зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт болох Ц.Будсүрэнгийн мэдүүлэгт “...тухайн тээврийн хэрэгслийг 3-4 жилийн өмнө ...12 000 000 төгрөгөөр худалдсан...” гэсэн мэдээлэл тусгагдсан байна. Эдгээр баримтыг харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч нь машины үнэ нэмэгдсэн шалтгаан нөхцлийг нотлоогүй тул тээврийн хэрэгслийн бодит үнийг 12 000 000 төгрөг гэж үзэж, хариуцагч нарын хариуцсан гэм хорын хэмжээг адил тэнцүү хэмжээгээр багасгаж, хариуцагч А.Эаас 9 720 000 , хариуцагч Д.Батчулуунаас 4 610 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.          

Хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж байгаа бол үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй, хэрэв өөрөө олж авах боломжгүй бол нотлох баримтыг  бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байдаг. Лэндс ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөөгүй бол хариуцагч нь шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны зүйлийг шийдвэрлэдэг тул хэрэг хянан шийдвэрлэхэд хэлэлцэгдээгүй асуудлаар буюу “...үнэлгээ үндэслэлгүй байсан, үнийг бодитой тогтоогоогүй, машины галын хор байгаагүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байсан...” гэх хариуцагчийн гомдлын энэ хэсэг үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:       

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар магадлал, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 443 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...10 220 000... гэснийг ...9 720 000... гэж, ...5 110 000 ... гэснийг ...4 610 000 ...гэж, тус тус өөрчилж, ...олгож, гэсний дараа нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ...гэж нэмж оруулж, 2 дах заалтад “...178 470...гэснийг 170 470 ....гэж, ...96 566 ...гэснийг ....88 710 ...гэж тус тус өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 96 710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА