Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00610

 

 

С.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01945 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр магадлалтай,

С.Нгийн нэхэмжлэлтэй

ЗТНОНӨААТҮГ-т холбогдох

Дутуу олгогдсон 11 сарын тэтгэмж 11 819 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрбадам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2003 онд ЗТНОНӨААТҮГ-т ажилд орж, 2015 оны 3 сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд хамтын гэрээнд заасны дагуу 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжээ авах гэж хөөцөлдсөн боловч надад 1 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж өгсөн. Үлдэгдэл сарын тэтгэмжийг олгохыг хүлээж байтал над руу байгууллагаас утасдаж,түр ажиллаж өгөөч, таныг гарахад тэтгэмжийг олгоно гэх саналыг тавьсны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс түр гэрээ байгуулан ажилдаа орсон. Хариуцагч байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр авах нас хүрсэн тул ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэх хуудас өгч, 2017 оны 01 дүгээр сарын сарын 31-ний өдрийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасны дагуу ЗТНОНӨААТҮГ-ын захиргаа, санхүүгийн албаны захиралд хандан 12 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжээ гаргуулж авахаар амаар болон бичгээр өргөдөл гаргасан боловч байгууллагын зүгээс уг тэтгэмжийг олгоогүй. Мөн Үйлдвэрчний хороонд хандан шийдвэрлүүлэхийг хүссэн боловч хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Нийслэлийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд ханд гэсэн. Салбар хороонд хандсан бөгөөд тус хорооноос тэтгэмжийг олгох тухай албан бичиг Г.Төмөрбаатар даргад хүргүүлсэн боловч надад ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй тэтгэмжийг олгохгүй хохироож байна. Тус байгууллагад би 12 жил ажилласан. Иймд ЗТНОНӨААТҮГ-аас 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авахаас 1 сарын тэтгэмж болох 1 074 498 төгрөг авсан, үлдэгдэл 11 сарын тэтгэмж болох 11 819 480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Н нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2003 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн жолоочоор ажилд орж, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/215 дугаар тушаалаар дахин жолоочийн ажилд томилогдож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/301 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжпэгч С.Нг өндөр насны тэтгэвэрт суухад нь байгууллагаас 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 074 498 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/477 дугаар тушаалын дагуу олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ Үйлдвэрчний эвлэл, Автобус-1 ОНӨААТҮГ нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3156 тоот албан бичгээр 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн. Учир нь Автобус-1 ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ЗТНОНӨААТҮГ гэж байгуулагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасныг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг мөрдөж ажиллаж байна. ЗТНОНӨААТҮГ нь Нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Автобус-1 баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Автобус-2 баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Автобус-3 баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болсон дээрх гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжид үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөнө, нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн хэлэлцээр байгууллагад хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээр хийгдэж, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 албан тоотоор Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 дугаар тоотын дагуу хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлсэн. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр Үйлдвэрчний эвлэлийн хороонд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтын гэрээ байгуулахгүй, энэ асуудлыг гацаанд оруулж байна. Хамтын гэрээ хүчингүй болсон дагаж мөрдөхгүй, мөн нэхэмжлэгч нь байгууллагад тасралтгүйгээр 12 жил ажиллаагүй, тэтгэмж авснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01945 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар С.Нгийн нэхэмжлэлтэй, ЗТНОНӨААТҮГ-т холбогдох дутуу олгосон 11 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 11 819 480 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01945 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн ЗТНОНӨААТҮГазраас 8 595 984 /найман сая таван зуун ерэн таван мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 223 496 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 57 дугаар зүйлийн 57.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж, дурдсугай гэснийг дурдаж, хариуцагчаас 152 485 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан хяналтын гомдолдоо: Миний бие шийдвэр болон магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана. Нэхэмжлэгч С.Н нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад -2003 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн N925 тушаалаар анх ажилд орсон. -2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №47 тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. -2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 57 тоот тушаалаар 2 дахь удаагаа ажилд орсон. -2012 оны 04 сарын 25-ны өдрийн 119 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. - 2012 оны 07 сарын 9-ний өдрийн 215 тоот тушаалаар 3 дахь удаагаа ажилд орсон. - 2015 оны 03 дугаар сарын 06- ны өдрийн 301 тоот тушаалаар нэхэмжлэгч өөрөө өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт өгсөн тул ажлаас чөлөөлсөн. Ажилтан ажлаас өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр чөлөөлөгдсөн тул энэ үеэс эхлэн хамтын гэрээнд заасан өндөр насны тэтгэмж авах шаардах эрх нь үүснэ. Байгууллага 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 477 тоот тушаалаар нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 1 074 498 төгрөгийг олгосон. Анхан шатны шүүх нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн эсэх талаар холбогдох байгууллагад хуульд заасан хугацаанд хандаагүй байна /анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дугаар хуудасны доороосоо 1 дэхь догол мөрт/ гэж зөв дүгнэснийг давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дугаар хуудасны доороосоо 2 дахь догол мөрт Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдлоо 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргаж байсан нь хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн хандсан байгууллага нь уг маргааныг шийдвэрлэх эрх бүхий этгээд биш ч гэсэн түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 126.1, 129.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх журам болон гомдол гаргах хугацааг зөрчсөн гэх боломжгүй гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээс бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэхээр зохицуулсан. Байгууллага дээр хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй талаарх баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Нэгэнт хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул нэхэмжлэгч шүүхэд хандан гомдлоо гаргах ёстой байсан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэж болохоор хуульчилсан. Анхан шатны шүүх энэ талаар нэхэмжлэгч гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй нь ямарваа нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбарлаагүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй байна гэж зөв дүгнэснийг давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч байгууллагад нийт 3 удаа ажилд орж, ажлаас чөлөөлөгдсөн тушаал өргөдлийн хамт хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилласан жилийг 8 жил 2 сар 10 хоног гэж буруу тооцоолсон. Угтаа бол хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь хэсэгт ажилтан байгууллагад тасралтгүй ажилласан жилээс хамаарч тэтгэмж олгохоор заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч ЗТНОНӨААТҮГазраас хамтын гэрээний дагуу олгох ёстой 11 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 11 819 480 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрөхдөө “...хамтын гэрээ хүчингүй болсон, ...нэхэмжлэгч тасралтгүй ажиллаагүй, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 8 595 984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзсэн болно.

Нэхэмжлэгч С.Н нь тус байгууллагад 2003 оны 3 дугаар сард жолоочоор ажилд орж, нийт 12 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан учир ажил олгогчийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/301 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/477 дугаар тушаалаар 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 074 498 төгрөг олгосон боловч 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1350 тоот тушаалаар ажилдаа эргэн орж, ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ.

Зохигч нь хамтын гэрээний үйлчлэл, нэхэмжлэгчийн ажилласан хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байх ба шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, хамтын гэрээнд заасан тэтгэмжийг олгоогүй гэх гомдлыг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, хугацаа хэтрээгүй талаар давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн дагуу хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Автобус-1 ОНӨҮГазар, ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороо 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулсан, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэрээний 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулж олгох тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоосон, уг гэрээг шинээр гэрээ байгуулагдах хүртэл хүчин төгөлдөр байхаар заасан байх ба гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болжээ. /хх-23-24 дүгээр тал/

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Автобус-1, Автобус-3 ОНӨҮГазар, Цахилгаан тээвэр НӨҮГазруудыг татан буулган, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан ЗТНОНӨААТҮГазарт нийлүүлсэн байх ба С.Нг тэтгэвэрт гарах хүртэл хугацаанд шинээр хамтын гэрээг байгуулагдаагүй, өмнөх хамтын гэрээний үйлчлэл хэвээр байсан байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл С.Н нь 2001 оны 9 дүгээр сарын 19-нөөс 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Автобус 3 компанид жолоочоор, 2003 оны 3 дугаар сарын 14-нөөс 2006 оны 10 дугаар сарын 27-ныг хүртэл Автобус нэг компанид жолоочоор, 2006 оны 12 дугаар сарын 26-наас 2012 оны 4 дүгээр сарын 25 хүртэл Автобус нэг компанийн Чингэлтэй бригадад жолоочоор, 2012 оны 7 дугаар сарын 09-нөөс 2015 оны 3 дугаар сарын 06 хүртэл Чингэлтэй бригадад жолоочоор, 2015 оны 9 дүгээр сарын 18-наас 2017 оны 1 дүгээр сарын 31 хүртэл ЗТНОНӨААҮГазарт жолоочоор ажиллажээ.

Ажилласан жилийн хугацааг дүгнэхэд нэхэмжлэгчийн тасралтгүй ажилласан хамгийн удаан жил нь 2006 оны 12 дугаар сарын 26-наас 2012 оны 4 дүгээр сарын 25 хүртэл  Автобус нэг компанийн Чингэлтэй бригадад жолоочоор ажилласан хугацаагаар тодорхойлогдож байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг 8 жил 2 сар 10 хоног тасралтгүй  ажилласан гэж үзсэн нь хэрэгт байгаа баримтад нийцээгүй байна. Нэхэмжлэгч С.Нгийн тасралтгүй ажилласан хугацаа нь 5 жил 5 сар байх тул хамтын гэрээний 8.5-д зааснаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй, үүнээс түүний авсан 1 сарын тэтгэмж 1 074 498 төгрөгийг хасч тооцоход 5 372 490 төгрөгийн тэтгэмжийг   Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар авах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан “...нэхэмжлэгчийн тасралтгүй ажилласан хугацааг шүүх анхаараагүй... гэх хэсгийг хангаж, “...хамтын гэрээ хүчин төгөлдөр бус, ...нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн ...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй тул магадлалд өөрчлөлт оруулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн 51 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...8 595 984...гэснийг ...5 372 490 ...гэж, ...3 223 496...гэснийг ...6 446 990 ...гэж, ...152 485 ...гэснийг ...100 909...гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 152 485 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА