Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 13

 

улган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Хохирогч Э.С , Б.Т , Б.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг,

Шүүгдэгч Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г т холбогдох 163/2020/0015/Э индекстэй, эрүүгийн 1815003680042 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Г.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн ...сумын ... "Т" гэх нэртэй газарт **-** УБЛ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч Э.С , Б.Б , Г.У  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.У гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Т.А , Б.С , М.Г  нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г ын өгсөн: Миний бие 2018 оны 11 сарын 01-ний өдөр ээжийндээ амарч байхад С  хамт явъя гэж хэд хэдэн удаа залгасан. Ээжийнхээ гэрийг засаж байхад залгаад байсан болохоор ээж хүн хүлээлгээд яахав яв, яв гэсэн. Тэгээд би С ыг хүүхэдтэй нь аваад сумын төвөөс гараад явж байхад Г  араас матоцикльтой ирээд хот явах гэсэн юм аваад яваач гэсэн тул түүнийг эхнэр 2 хүүхдийн хамт суулгасан. Тэгээд явж байгаад өмнө явсан цагаан машиныг гүйцэж түрүүлэхийн алдад намайг шахаад зогсох гэхээр мөргөлдөх байсан учир би эсрэг тал руу дарж унасан. Ийм асуудал болсонд хохирогч нараас уучлалт гуйж байна. Хохирогч нарт учирсан хохирол төлбөриийг сайн дураар төлсөн, цаашид гарах хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б гийн өгсөн: 2018 оны 11 сарын 01-ний өдөр манай дүү ирж хоносон байсан. Ээжийн таамбарыг барьж байхад хүн хамт явна гээд утсаар залгаад яараад байна гэсэн. Тэгэхээр нь би замын унаагаар яв гэж хэлээч гэхэд ээж хүн хүлээлгээд яахав яв, яв гэсэн. Ингээд бид хоёр С ыг гэрээс нь аваад явж байтал Г  араас ирээд хамт явъя гэж гуйсан, тэгээд яг явах үед эхнэр, хоёр хүүхэдтэйгээ суусан. С  өдөр эмнэлэгт үзүүлэх тул хурдан явахыг бодоорой гэсэн. Тэгээд жолооч биднийг бүсээ бүсэл гэсэн. Би бүсэлж чадахгүй дотор давчдаад байдаг юм, та нар л зүү гэж хэлж байсан.  Г  бол нээх хурдтай бол яваагүй. Тэгээд явж байгаад гэнэт машин зам хөндөлдөөд байхаар нь би “яасан бэ” гэхэд Г  шахаад байна гэхэд цагаан машин нилээн шахаж байсан. Урдаас орж ирсэн машин байгаагүй. Цагаан машиныг шахахаар нь дугаарыг нь хараарай гэж би хэлсэн. Эмчилгээний зориулалтаар өгсөн 4700000 төгрөгийг авсан нь үнэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.С ын өгсөн: Өмнөх өдөр нь би Сансарт ирсэн. Тэр өдөр жолоочтой хамт Сансар сум руу гарах байсан ч жолооч яараад байсан болохоороо үлдээд би нийтийн тээврээр очсон байсан. Маргааш нь хот руу явах хэрэгтэй байсан тул жолооч Г  руу ярьсан. Маргааш гарна гэхээр нь өглөө 2 удаа залгасан аваагүй, 3 дахь удаа дээр утсаа авсан. Төд удалгүй Г  манайд ирээд би хүүхэдтэйгээ суусан. Гараад явж байхад талийгаач эхнэр 2 хүүхдийн хамт суусан. Миний хувьд их хурдтай явсан гэж бодож байна. Цагаан машиныг 2 удаа гүйцэж түрүүлэх гэж байгаад болиод 3 дахь удаагаа гүйцэж түрүүлж байхад урдаас нь машин гарч ирсэн. Удаан явж байсан бол зогсох боломжтой байсан. Нэг мэдэхэд би эмнэлэгт очсон байсан. Сэтгэл санааны хувьд хүнд байна. Бие махбодын хувьд хүндэвтэр хохирол учирсан, бүрэн гүйцэт эдгээгүй, хохиролд 5500000 төгрөгийг авсан нь үнэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Т ын өгсөн: Би Чех улсад байсан. 2018 оны 11 сарын 01-ний өглөө тэнд орой болж байсан. Эхнэр хүүхэд чинь осолд орчихлоо гэсэн. Тэгээд би 2018 оны 11 сарын 01-ний өдөр ирсэн. Ирээд шууд гэмтлийн эмнэлэг ороход “охин чинь өнгөрсөн” гэсэн. Эхнэр намайг очиход дөнгөж ухаан ороод байж байсан. Хамт яваагүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний араас эхнэр хүүхэд хоёр Чех улсад ирэх байсан. Визээ 5000000 төгрөгөөр гаруулахад минийх түрүүлж гараад, эхнэр хүүхдээ араас ирэхийг хүлээж байсан. Манай эхнэрийг өөрийн биеэр дахин төрөх боломжгүй гэдгийг эмч нар хэлдэг. Энэ ослын улмаас хүүхдээ алдсан тул бид үр шилжүүлэн суулгаж хүүхэдтэй болно. Үүнтэй холбоотой гарах эхнэрийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 1815003680042 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цуглуулж бэхжүүлсэн яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас шүүгдэгч Б.Г  нь зам тээврийн осол гаргаж зорчигч Э.С , Б.Б , Г.У  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.У гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Т.А , Б.С , М.Г  нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж яллах талын, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч ослын улмаас учирсан хор уршгийн талаар маргаагүй боловч осол гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, Б.Г  энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах талын байр сууринаас мэтгэлцсэн байна.

Хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн ...сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд өөрийн эзэмшлийн **-** УБЛ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг жолоодон нийт 6 зорчигчтой явж байгаад ...сумын ... "Т" гэх газар асфальтан зам дээр өмнөө яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа эсрэг урсгалын замын хажуу руу унаж осол гаргасны улмаас зорчигч Э.С , Б.Б , Г.У  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.У гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Т.А , Б.С , М.Г  нарын амь насыг хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энхүү үйл баримт нь хэргийн газрын үзлэгийн “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ...сумын 4 дүгээр багийн “Т” гэх газарт Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явах асфальтан зам байх ба уг замын Улаанбаатар хотоос Архангай аймаг руу явах урсгалд тээврийн хэрэгслийн дугуйны шарвалтын мөр байна. Уг мөр үргэлжилсэн, уг асфальтан замын ертөнцийн зүгээр хойд талын замын хөвөөн дээр үргэлжлэн гарсан байх ба уг мөрнөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт баруун зүг рүү харсан саарал өнгийн “Subaru Forester” загварын **-** УБЛ улсын дугаартай суудлын автомашинд эвдрэл үүссэн байдалтай байв. ...Уг асфальтан зам нь шулуун бөгөөд ямар нэгэн халтиргаа гулгаагүй, үзэгдэх орчин хэвийн байв. ...” гэх тэмдэглэл /хх-10-15 тал/,

Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн ...сумаас Улаанбаатар хот руу өглөөний 10 цаг өнгөрч байхад гарсан. Машинд манай гэр бүлээс төрсөн дүү Г  машинаа бариад би түүний хажууд буюу урд талын суудалд суусан, арын суудалд Э.С  охин А ын хамт, манай нутгийн Г  гэх залуу эхнэр С гийн хамт, мөн хоёр жоохон хүүхдийн хамт суугаад хөдөлсөн. Тэгээд Булган аймгийн ...сумын Сансар гэх газраас гараад явж байсан. Нээх их хурдтай яваагүй. Гэтэл машин замаас гараад хөндөлдөөд эхэлсэн. Би тэгэхээр нь Г т “яаж байнаа” гэхэд “энэ нэг цагаан машин орж ирээд шахаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “алив би дугаарыг нь хараадхая” гээд дүүгийнхээ урдуур өндийсөн. Харахад өргөн хамартай, таксины машин шиг байсан. Цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л би Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод гарч байсан. Ийм л зүйл болсон. Сураг сонсоход миний төрсөн дүү Г  эхнэр С тай хамт, мөн А  гэх жаахан охин нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх1-47-48 тал/,

Амь хохирогч Т.А ын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тухайн үед гадаадад ажил хийж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр надад Чех улсад байдаг хамаатны эгч “охин чинь аваарт орчихож” гэж хэлсэн. Тэгээд би ирсэн чинь охин маань нас барчихсан байсан. Тухайн үед юу болсныг эхнэр С аас сонссон. Манай эхнэр дахин хүүхэд төрүүлэх боломжгүй учир сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ, гомдолтой байна” гэх мэдүүлэг / хх1-51 тал/,

Хохирогч Э.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нарыг ямар нэг тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээгүй. Урд талд явж байсан тээврийн хэрэгслийг Г  2 удаа гүйцэж түрүүлэх гээд эсрэг талын урсгал руу орж буцаж өөрийн урсгалдаа орж явж байгаад 3 дахь үйлдэл дээрээ гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу орсон чинь урдаас нэг том тэрэг гараад ирсэн. Тэр чигээрээ зүүн гар тийшээгээ дараад замаас гарч унасан. ...Нилээн явж байгаад Г  ах машинтайгаа замаас хажуу тийшээ гарсан, тэгэнгүүт л өөдөөс нь нэг том өндөр ачааны машин гарч ирээд дарчихсан. Тэгээд л нэг сэрэхэд машины цонх газар наалдчихсан, газар өвс харагдаж байсан. Бидний сууж явсан машин нилээн хурдтай явсан. Тэр ах надад ер нь л их хурдтай давхидаг юм шиг санагдсан, их яаруу давхиж байсан. Гэхдээ би ч бас өглөө эрт эмнэлгээр явах ажилтай гэж яаруулсан. Тэгээд жаахан хурдалсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх1-52, 57-59 тал/,

насанд хүрээгүй Г.У , Г.У  нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч М.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн ...суманд зам тээврийн осол гарч манай төрсөн дүү М.Г , бэр Б.С  нар нас барж, Г ийн хүүхэд таван настай У , хоёр настай У  нар гэмтсэн. У  нь одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд мэдүүлэг өгөх ямар ч боломжгүй ярьж чадахгүй байгаа. У  нь мөн адил хоёр настай учир мэдүүлэг өгөх боломжгүй. Тийм учраас би энэ хоёр хүүхдийн өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр нь томилогдож хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоно...” гэх мэдүүлэг /хх1- 63-64 тал/,

амь хохирогч Б.С гийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Д.Б ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хамаатан Б  над дээр мотоциклтойгоо ирээд танай эхнэрХ эгч гэртээ хүрээд ир, С гийн машин эвдэрсэн юмуу, ойчсон юм уу болохоо больчихсон юм шиг эмнэлэг дээр байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд би сумынхаа эмнэлэг дээр шууд очсон. Тэгтэл манай эхнэр эмнэлгийн гадаа уйлаад сууж байсан би эхнэртэйгээ уулзахгүйгээр хажуу талаар яваад шууд сумынхаа эмч нараас “манай охин хаана байна” гэж асуусан чинь дуугарахгүй байхаар нь “моорогт байгаа юм уу” гээд асуутал нэг танихгүй сувилагч “моорогт байгаа” гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх1-67-68 тал/,

амь хохирогч М.Г ийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч М.У ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Намайг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод байхад хадам эгч А  утсаар Булган аймгийн ...сумын нутагт жолооч Г ыг зам тээврийн осолд орсон байна, явах шаардлагатай боллоо гэснээр мэдсэн. Надад өөрөөр энэ хэргийн талаар мэдсэн харсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх1- 72-73 тал/,

гэрч Булган аймгийн ...сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч З.Б гийн өгсөн: Би талийгаач Б.С г танина. Манай сумын хүн байсан. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн төвд жирэмсний хяналтанд орсон. Сар бүр хяналтанд буюу товлогдсон хугацаандаа ирж үзүүлдэг байсан. Талийгаачийн жирэмслэлтийн явц хэвийн явагдаж, хянагдаж байсан. Түүний ургийн  долоон сартай үзлэгт 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үзүүлэх байсан” гэх мэдүүлэг /хх1-74 тал/,

гэрч Ц.Л ын өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш хүү Г  нь Улаанбаатар хотоос өөрийн машинтайгаа 2 хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд хүү тэр өдрийнхөө орой буцаад Улаанбаатар хотруу явах гэж байхаар нь би “миний хүү ээжийнхээ гэрийн амбаарыг тавиад өгөөч” гэсэн чинь хүү “тэгвэл би өглөө тавиад өгье, одоо оройтчихлоо хоноод явья” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө 08 цагийн үед хүү Г ын утас дуугарсан чинь хүү унтаж байгаад сэрээд гар утсаа аваад нэг хүнтэй “би жаахан ажилтай байна, 09 цаг өнгөрөөгөөд явья” гэж хэлэхээр нь би “юун хүн бэ?” гэж асуусан чинь “С  гуайн охин Улаанбаатар хот явна гэж байна” гэж хэлсэн. Тэгээд хүү орноосоо босоод эгч Б тайгаа гэрийн үүдний амбаарыг гэрийн урд талд байрлуулчихаад дээврийг нь тавих гэсэн чинь хүү Г ын утас дахин дуугарч нэг хүнтэй ярьсан. Утсаар ярьж дуусахаар нь би “юун хүн бэ?” гэж асуутал “нөгөө охин байна, шар С  гуайн охин гэсэн, надтай хот явъя гээд байгаа юмаа” гэж хэлэхээр нь “өө за, за хүмүүс явья гээд байгаа бол эртхэн яв, ээж нь өөрөө амбаараа дуусгачихая” гэж хэлсэн. Тэгээд эгчтэйгээ хамт хөдлөөд явсан. Явснаас хойш удаагүй утас руу нь залгахад гараад явж байнаа гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж холбоо бариагүй” гэх мэдүүлэг /хх1-76 тал/,

гэрч Д.Б ын өгсөн: “...хяналтын постонд дамжин өнгөрөх замын камер хоёр тийшээ харсан камер байдаг. Энэ камер постонд суурилуулсан газраас албан ёсоор хүлээж аваагүй байсан. Тухайн үед камер гэмтэлтэй байсан. Заримдаа бичлэг хийгээд заримдаа огт хийдэггүй байсан. Постны камер тухайн аваар осол болсон гэх газраас хол байдаг...” гэх мэдүүлэг /хх2-63 тал/,

 хохирогч Э.С ын биед баруун умдаг, суудаг яс, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун мөрний цус хуралт гэмтэл,

хохирогч Б.Б гийн биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын шахагдсан хугарал, хугаралыг эвлүүлж бэхлэх мэс заслын дараахь байдал,

насанд хүрээгүй хохирогч Г.У ийн биед зүүн дунд чөмөгний хугарал, духны сорви бүхий гэмтэл тус тус  тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, тогтонгид нөлөөлөхгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2846, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13863, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14351 дугаартай дүгнэлтүүд /хх1-87, 98,124 тал/,

насанд хүрээгүй хохирогч Г.У гийн биед хоёр талын дух, зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн талын чамархайн дэлбэн, духны дэлбэн, чамархайн урд булан, дагзны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн талын дагз чамархайн дэлбэнгийн тархины эдэд олон тооны цэгэн цус хуралтууд, аалзан хальсан доорхи цус харвалт, баруун эгэм ясны хугарал, уушигны авчийлт, цээжний хөндийн шингэн хуралт, зүүн хацар ясны хугарал, нүүр зовхи, духны зүүн шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, духанд няцарсан шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон, энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14352 /хх1-130 тал/ дугаартай дүгнэлт, 

амь хохирогч нарын барсан шалтгааныг тогтоосон “талийгаач Т.А ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон тархины эсийн аксоны тархмал гэмтэл, тархины хаван, дотор эрхтний доргилт, зүрхний орой, баруун, зүүн уушигны дээд, дунд дэлбэнгийн ар хэсгийн гялтан дахь голомтлог цус харвалт, дотор эрхтний цус дүүрэлт, хуйханд цус хуралт, баруун чамархай, хэвлийд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэх, 

“талийгаач Б.С гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон цээжний 10 дугаар нугаламын их биеийн хугарал, нугас тасрал, баруун 2, 3, зүүн 3, 4 дүгээр хавиргануудын хугарал, зүүн дунд чөмөг, зүүн шилбэний ясны хугарал, сэмж чацархай, гол судас, уушги, элэгний холбоос, хавирга хоорондын болон нугалам дагасан булчинд цус хуралтууд, хуйханд шарх дотор эрхтний доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх үед үүссэн шинэ гэмтэл ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй,  цээжний 10 дугаар нугаламын их биеийн хугарал, нугас тасрал гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ" гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 80,  2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 79 дугаартай дүгнэлтүүд  /хх1-92-93,105-106 тал/,   

 талийгаач М.Г  нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байсан өвчний түүх /хх1-194-223 тал/,

 “талийгаач М.Г ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон гавал тархи, биеийн хавсарсан гэмтэл, зүүн зулай ясны цууралт, хоёр талын зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дагз, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, хүзүүний 2,3,4,5,6-р нугаламын хугарал, нугас дарагдал, баруун дал ясны хугарал, хүзүү, нурууны булчинд ах цус хуралт, 2 уушигны няцрал, зогсоншилын хатгалгаа, хүзүүний цус хуралт, баруун зулайн хуйхны шарх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, амь насанд аюултай гэмтэл ба талийгаач нь дээрх гавал, тархи, биеийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн  2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2536 дугаартай дүгнэлт /хх1-135-138 тал/,

        Зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон: жолооч Э.Г  “Subaru Forester” маркийн **-** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад Т рахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас шалтгаалсан байна” гэх Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх1-147-148 тал/,

       “Subaru Forester” маркийн **-** УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Г  нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 12.3 “ жолооч хөдөлгөөнд аюул, саад Т рахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас шалтгаалсан байна” гэх Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт /хх2-68 тал/,

“Subaru Forester” маркийн **-** УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Г  нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад Т рахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3. “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 23.8. “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь “MNS ISO 13216” (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтлана, 23.9. “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт /хх2-171 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт “шинжилгээнд ирүүлсэн “...Б.Г  37” гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 166 дугаартай дүгнэлт /хх1-114 тал/-ийг гаргуулахдаа прокурорын зөвшөөрөлгүй хүний биенээс шинжилгээнд зориулж дээж авсан, түүнчлэн шүүгдэгч Б.Г  өөрөө зөвшөөрсөн эсэхийг баримтжуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх  үндэслэлтэй байх боловч шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөөгүй болно.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хэн, хэзээ гаргасан нь тодорхойгүй, мэдээллийг хүлээн авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2, 30.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна, өөрөөр хэлбэл осол болсон даруй шүүгдэгч Б.Г  хүргэн ах н.Б ын гар утас руу залгаж ослын талаар мэдэгдэж цагдаа болон түргэн дуудаарай гэж хэлсэн /хх1-78 тал/, н.Б  нь Булган аймгийн ...сумын замын зохицуулагч, цагдаа Б.М  д өөрийн биеэр очиж энэ мэдээллийг өгсөний дагуу Б.М   Булган аймгийн цагдаагийн газрын 102-т буюу ерөнхий жижүүрт /амаар/ утсаар мэдэгдэж /хх2-163 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2, 30.3 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг бүртгэсэн тэмдэглэл хэргийн нэгдүгээр хавтасны 9 дүгээр талд авагдсан байна.

        Зам тээврийн ослын шалтгааныг бодитой тогтоох үүднээс хэрэгт шинжээчийн дүгнэлтийг удаа дараа гаргуулсан байх бөгөөд дүгнэлтүүд өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, эргэлзээгүй байх тул нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлэв.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г  болон хохирогч Б.Б  нар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцад гүйцэгдэж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл шахсанаас эсрэг урсгал руу дарж унасан гэх агуулга бүхий мэдүүлэг өгч байгаа боловч “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үед тухайн гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгсэл шахсан бол тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж шаардлагатай бол зогсоох арга хэмжээ авахыг, гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглосон зохицуулалт Замын хөдөлгөөний дүрмэнд тусгагдсан талаар шинжээч дүгнэлтдээ дурьдсан байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн зам тээврийн осол гарсан асфальтан зам нь шулуун бөгөөд ямар нэгэн халтиргаа гулгаагүй, үзэгдэх орчин хэвийн, “Subaru Forester” загварын **-** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан чигийн дагуу зорчих хэсэгт ямар нэгэн эвдрэл үүсээгүй байжээ.

Өөрөөр хэлбэл уг зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал болон бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон жолоочийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Г  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, гаргахгүй гэж тооцсон боловч хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Г ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Э.С , Б.Б , Г.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.У гийн эрүүл мэндэд хүнд  хохирол тус тус учруулж, Т.А , Б.С , М.Г  нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсгүүдэд заасан гэмт хэргийн хамгийн хүнд ялтай хэсэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 3 хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан байх бөгөөд хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн болон амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нараас иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Б.Г  нь тэдэнд учирсан материаллаг хохирлыг сайн дураар төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлжээ.

Тухайлбал: Хохирогч Э.С ын эмчилгээний зардал болон амь хохирогч Т.А ын оршуулгын зардалд хохирогч Э.С , Б.Т  нарт нийт 5550000 төгрөгийг, хохирогч Б.Б гийн эмчилгээний зардалд 4700000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Г.У , Г.У  нарын эмчилгээний зардалд түүний хууль ёсны төлөөлөгч М.О д /М.А ийн дансаар/ 8196350 төгрөгийг, амь хохирогч Б.С , М.Г  нарын оршуулгын зардалд 5269400 төгрөгийг баримтаар шууд төлж, хохирогч Д.Б над 1100000 төгрөгийг, хохирогч М.У т 4240000 төгрөгийг /хх2-8-28, 184-192 тал/ тус тус шилжүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 29055750 төгрөгийг төлж, өөрийн эзэмшлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ... хашааг газрын хамт талийгаач М.Г ийн хүүхдүүдэд өгч газар эзэмших эрхээ шилжүүлэхээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Г ыг энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүйг, хохирогч Б.Б  нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн хохирогч Э.С , насанд хүрээгүй хохирогчийн болон амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч М.О , Б.Т , М.У , Д.Б на нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдах зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгдэгч Б.Г ын гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, нэгдүгээр хавтаст хэргийн 233-234, 237 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г  нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялын хэмжээг сонгож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт хавсарган ирүүлсэн **-** УБЛ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Г т буцаан олгож, жолоочийн “BC” ангилалын ***** дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Г ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Э.С , Б.Б , Г.У  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.У гийн эрүүл мэндэд хүнд  хохирол тус тус учруулж, Т.А , Б.С , М.Г  нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Г ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн **-** УБЛ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Г т буцаан олгож, “BC” ангилалын 317208 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Б  нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогч Э.С , насанд хүрээгүй хохирогчийн болон амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч М.О , Б.Т , М.У , Д.Б на нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхийн харъяаллаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД