Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 350

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр магадлалтай, Б.Г-т холбогдох 1815003680042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Г нь

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг “Тээгийн хөндий” гэх нэртэй газарт 97-90 *** улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч Э.С, Б.Б, Г.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.У эрүүл мэндэд хүнд хохирол, Т.А, Б.С, М.Гнарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  “... Б.Г-ыг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Э.С, Б.Б, Г.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.У эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Т.А, Б.С, М.Гнарын амь насыг хохироосон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож” шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг гаргасан гомдолдоо “... Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг магадлалыг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан тухайд: Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хянан хэлэлцэж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар гэм буруутайд тооцохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” тухай хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэхгүйгээр Б.Г-т 3 жил хорих ялыг оногдуулж, шийдвэрлэсэн. Гэтэл Б.Г нь гэмт хэргийг улмаас учирсан байж болох бодит болон нотлогдоогүй бүхий л хохирлыг төлсөн, мөн шүүх хуралдаанд цаашид үүссэн хохирлыг төлөхөө ч илэрхийлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдсэнийг илэрхийлж байна. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй, энэ талаарх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байгаа байна. Уг байдлыг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянахдаа уг байдлыг анхаарч хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн шүүхийн хэлэлцүүлэгт Б.Гт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдалд хамаарах эсэх, уг хуулийн заалтыг хэрэглэх болон хэрэглэхгүй байх үндэслэл нь юу болох талаарх анхан шатаны шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалд заагаагүй байна. Хэрэг учрал болсон тухай гэрч Б.Б-гийн мэдүүлэг нь Б.Г-ын мэдүүлэгтэй цагаан өнгөтэй автомашин шахсан гэсэн хэсгээрээ давтагддаг бөгөөд үүнийг шүүхүүд хэрхэн дүгнэж байгаа нь тодорхойгүй, энэ талаарх дүгнэлт хийхгүйгээр хуулийн заалтыг хэрэглэхгүй байгаа нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсоор байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаагүй төдийгүй давж заалдах шатны шүүх өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй", мөн зүйлийн 2-д зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно, “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэж заасныг тус тус ноцтойгоор зөрчиж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан, шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгчид тавьсан шүүгч нарын асуултууд нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөд чиглэсэн асуултууд тавьсан зэргээр нотлогдоно, Тодруулбал тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг зөвхөн яллах талын нотлох баримтыг бүрдүүлэх зорилго тавьж явуулсан, энэ нь тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан ажиллагааг хийгээгүй, уг ажиллагааг хийлгэх тухай өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээн аваагүй, уг нөхцөл байдлын тухай анхан шатны шүүхэд дүгнэлт гаргаж мэтгэлцсэн боловч шүүх анхаараагүй төдийгүй, шийтгэх тогтоолдоо уг ажиллагааны талаарх огт дүгнээгүй, давж заалдах шатны шүүх үүнийг анхаарсангүй. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлийг анхаарсангүй. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал, цаашилбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг үйлдсэн этгээд, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүй байхад яллах дүгнэлт болон хэргийг хүрээнд гэх дүгнэлтийг хийж, улмаар миний үйлчлүүлэгчид ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл байх боловч шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөөгүй...гэж дүгнэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, прокурорын хяналт хэрэгжээгүй зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөөгүй мэт дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль бусаар явагдсаныг илэрхийлж байна.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай магадлалын 7-р талд “тодорхойлох” хэсгийн 3 дахь догол мөрөнд байрлах хэсэгт ... Анхан шатны шүүхээс Б.Г-ыг хохирогч Э.С....гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй байна...гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж заасан. Гэтэл уг заалтыг 3 жил 40 хоногийн хорих ялаар шийтгэсэн мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймээс Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай шийтгэл тогтоол, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 14 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцсэн шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан байна. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Гт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг “Тээгийн хөндий” гэх нэртэй газарт 97-90 ** улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч Э.С, Б.Б, Г.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.У эрүүл мэндэд хүнд хохирол, Т.А, Б.С, М.Г нарын амь насыг хохироосон болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Г-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, гэрч, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч зэргийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэн, ял шийтгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Г-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 3 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар мэргэшсэн этгээдийг шинжээчээр томилдог бөгөөд дангаар болон шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр зам тээврийн ослын үндсэн шалтгаан, нөхцөлийн талаар дүгнэхдээ Б.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг тогтоосныг шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо шүүх харгалзан үзсэн байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах, түүнчлэн няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан эсвэл арилгахаа шүүхэд итгэл төрүүлэхүйцээр нотолж илэрхийлсэн байх явдал юм.

Энэ хэргийн тухайд гурван зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр, нэг зорчигч хүнд гэмтэж дахин гурван зорчигч амь насаараа хохирсон хүнд хор уршиг учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хохирол, хор уршгийг арилгасан гэсэн үндэслэлээр ял хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Э.С-ын “... их хурдтай явсан гэж бодож байна, цагаан машиныг 2 удаа гүйцэж түрүүлэх гэж байгаад болиод 3 дахь удаагаа гүйцэж түрүүлж байхад урдаас нь машин гарч ирсэн, удаан явж байсан бол зогсох боломжтой байсан”, хохирогч Б.Бгийн “... гэтэл машин замаас гараад хөндөлдөөд эхэлсэн” гэх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дүгнэхэд шүүгдэгч Б.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө...уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх...зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед...зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн нь уг гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан, нөхцөл болжээ.

Шүүгдэгч Б.Г-ын буруутай үйлдэл, /тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалын замын хажуу руу унасан/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гарцаагүй байдалд хохирол учруулах” хуулийн зохицуулалтын үндсэн шинжийг /тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүй.../ түүний үйлдэл үгүйсгэж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа тогтоолын тогтоох хэсэгт “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4-ийг удирдлага болгон гэсэн бичиглэлтийг, давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгт “... анхан шатны шүүхээс ... 3 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн” техникийн шинжтэй алдаа тус тус гаргасныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН