Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 135/2016/01613/И |
Дугаар | 001/ХТ2017/00145 |
Огноо | 2018-01-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2017/00145
Ж нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 685 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 139 дүгээр магадлалтай,
Ж нарын нэхэмжлэлтэй,
“Шарын гол” ХК-д холбогдох
Нэг удаагийн мөнгөн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нэргүйгийн тайлбарт: Нэхэмжлэгч нар залуу наснаасаа эхлэн уурхайн үндсэн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад МШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох группт орсон. Дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тэд уурхайд доод тал нь 20 гаруй жил, дээд тал нь 30 гаруй жил ажилласан байна. Нэхэмжлэгч нар Геологи, Уул уурхайн салбарын 2012-2013 оны хамтын тарифын хэлэлцээрийн 5.5-д Геологи, Уул уурхайн салбарт ажиллаж байгаад Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэж заасны дагуу “Шарын гол” ХК-ийн захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн. Иймээс “Шарын гол” ХК-иас тус уурхайд ажиллаж байгаад МШӨ-ний улмаас группт орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж Ж-т 10.368.000 төгрөг, Д-д 9.984.000 төгрөг, Д-д 9.984.000 төгрөг, П-д 8.064.000 төгрөг, Т-д 10.368.000 төгрөг, М-д 12.288.000 төгрөг, С-д 10.752.000 төгрөг, Ч-д 9.216.000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсагийн тайлбарт: Тус ахмадууд нь 1974-1982 оны хооронд Шарын голын уурхайд орж, тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаж байсан. Нэхэмжлэгч нар нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байсан бөгөөд сүүлд тэтгэвэрт гарсан юм. Геологи, уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн тарифт зааснаар геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарсан ажилчдыг тус салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож ажилласан жилээр бодож нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байна. Тарифын хэлэлцээрийг хөдөлмөрийн яаманд бүртгүүлсэн байсан. 2013-2014 оны хамтын тарифын хэлэлцээрийг шүүхэд гаргаж өгсөн байна. Хөдөлмөрийн хуульд байгууллагууд өндөр настай ахмадууддаа тэтгэмж олгох талаар заасан байдаг. Эдгээр ахмадууд нь Шарын голын уурхайд тэтгэмж гаргуулахаар хандаж байсан. Хариуцагч тал өөрсдийн хуульд заасан үүргийг биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Шүүхэд эрх ашиг нь зөрчигдсөн хэн ч нэхэмжлэл гаргах эрхтэй. Шарын голын уурхайн хувьд ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Энэ тохиолдолд ахмадууд хамтын маргаан үүсгэх шаардлага байхгүй. Хамтын хэлэлцээрт тусгагдсанаар хэн хариуцаж тэтгэмж гаргах нь тодорхойгүй гэж байна, эдгээр ахмадуудад тэтгэлэг өгөх нь ажил олгогчийн үүрэг. Хамтын хэлэлцээрийн тарифыг хамтын гэрээнд тусгасан тусгаагүй уул уурхайн салбарт заавал дагаж мөрдөж ажиллах ёстой. Үйлдвэрийн хурц хордлогод орсон ажилтнуудад нөхөн төлбөр олгоно гэж тусгасан байна. Хамтын хэлэлцээрийн заалтыг хамтын гэрээндээ нөхөн төлбөр нэрээр тусгасан гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн хамтын маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан бөгөөд тус хуульд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. Харин нэхэмжлэгчдийн зүгээс нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн Шарын гол сумын Засаг даргын 2015.03.05-ны өдрийн 27 дугаартай захирамж, 2016.02.01-ний өдрийн 09 дугаартай захирамж нь тус тус хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх, хамтын маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоогүй бөгөөд хамтын маргаан үүссэн эсэхээс үл хамааран зөвхөн ахмад настнуудын өргөдөл хүсэлтийг үндэслэн зуучлагч, арбитрч томилсон тухай захирамж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д энэ хуулийн 12.5-д заасны дагуу хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар болон хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх эрхийг ажилтны төлөөлөгчид эдэлнэ гэж заасан тул аливаа хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг зөвхөн “Шарын гол” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо эдлэхээр хуулиар зохицуулсан байна. Хамтын маргаан үүсгэх нь хууль зүйн олон үр дагавартай, ажилтнуудын хувь заяатай холбоотой байдаг тул дурын хэн нэгэн этгээдэд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг олгохгүй зөвхөн тухайн байгууллагын нийт ажилтны хүсэл зориг байх ёстой гэдгийг хууль тогтоогч хатуу хуульчилж өгсөн. Хамтын маргаан үүсээгүй болохоор тухайн хамтын маргаантай холбоотой урьдчилан шийдвэрлэх зуучлагч, арбитрын ажиллагаа явагдана гэдэг ойлголт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 117.1-д хамтын маргаан үүсгэсний дараа зуучлагч оролцуулна, мөн хуулийн 117.2-т ажилтны төлөөлөгчид, ажил олгогчийн төлөөлөгчид хамтран Засаг даргад хандаж, зуучлагч томилуулах хүсэлт тавьж, улмаар зуучлагчийг томилно гэж зохицуулсан. Гэтэл “Шарын гол” ХК-ийн нийт ажилтнуудыг төлөөлөх эрхгүй, тухайн байгууллагын ажилчид биш хэдэн хүн хамтын маргаан үүсгэж, цаашлаад хамтын маргааныг хянан шийдвэрлүүлэх ямар ч эрхгүй билээ. Хөдөлмөрийн хамтын маргаантай холбоотой асуудлыг зуучлагчаар, арбитраар, шүүхээр аль нь ч байсан зөвхөн ажилтны төлөөлөгчид тухайн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт, тайлбар, нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэвч мөн л шүүхэд ажилтны төлөөлөгчид биш өөр этгээдүүд нэхэмжлэл гаргасан байгаа нь төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл байна.
Хамтын тарифын хэлэлцээрийг үндэслээд нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2013-2014 оны хэлэлцээр байгуулагдсан боловч одоо үйлчилж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хамтын хэлэлцээр нь 3 талт хэлэлцээр байна. Хамтын тарифын хэлэлцээрийн ерөнхий зүйлийн 5.5-д зааснаар ажиллаж байсан ажилтнуудад ажил олгогч нь тэтгэмж өгөх талаар заагаагүй байна. Нийгмийн асуудлын талаар тохиролцсон хэсэгт нь ажил олгогч нь тэтгэмж олгоно гэж бичигдээгүй. Хамтын тарифын хэлэлцээрийн 1.1-д зааснаар уг хэлэлцээрийн дагуу хамтын гэрээ байгуулан, гэрээндээ хамтын тарифын хэлэлцээрт заасан заалтыг тусгаснаар байгууллага гэрээгээ мөрдөн ажиллана гэсэн байна. Тарифын хэлэлцээрийг хамтын гэрээндээ тусгаж тэтгэмж олгох ёстой байсан. Энэ хэлэлцээр дээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан байна. Байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд биш хүн хамтын тарифын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хамтын гэрээнд тусгаж мөрдөж ажиллана гэж хамтын хэлэлцээрт заасан. Хамтын хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилчдын асуудлыг зохицуулахаар журамласан болохоос урьд ажиллаж байсан ахмадуудад хамаагүй. Хамтын тарифын хэлэлцээрийг уул уурхайн бүх байгууллагад заавал мөрдүүлэх эрх байхгүй, байгууллагын хамтын гэрээнд тэтгэмж олгохоор тохиролцсон бол тэмтгэмж өгөх ёстой. Хамтын хэлэлцээрийн 5.5 дахь заалтыг хамтын гэрээнд зааж өгөөч гэж нэхэмжлэгч нар хүсэлт өгснийг тухайн үеийн удидлагууд санхүүгийн боломжгүй байгаа тул дээрх заалтыг хамтын гэрээнд оруулах боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна. Хамтын тарифын хэлэлцээрийн үүргийг биелүүлээгүй бол 9 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээрийг биелүүлээгүйд хүлээх хариуцлагыг зааж өгсөн байна. Манай байгууллагын Үйлдвэрчний эвлэл энэ асуудлаар хамтын маргаан үүсгээгүй. Ажиллаж байсан байгууллага нь тэтгэмж олгоно гэж хамтын тарифын хэлэлцээрт заагаагүй. Ажилтнуудын эрхийг хамгаалахаар ерөнхий нөхцөл болгож хэлэлцээрт оруулж баталсан байна. Хэлэлцээрийг мөрдөхийн тулд хамтын гэрээнд заавал тусгаж байгаад хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах боломжтой юм. Эдгээр хүмүүс мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарах үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар тэтгэмж гаргуулж авсан. Нийгмийн халамжийн хуульд нэг сангаас дахин тэтгэмж гаргуулж авах эрхгүй байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 685 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан Ж-т 4.992.000 төгрөг, Д-д 5.184.000 төгрөг, Д-д 4.800.000 төгрөг, П-д 4.032.000 төгрөг, Т-д 5.184.000 төгрөг, М-д 5.952.000 төгрөг, С-д 5.376.000 төгрөг, Ч-д 4.608.000 төгрөгийг тус тус “Шарын гол” ХК-иас гаргуулан олгож, нэхэмжлэлээс нэхэмжлэгч Ж-ийн 5.376.000 төгрөг, Д-ийн 4.800.000 төгрөг, Х-ийн 5.184.000 төгрөг, П-ийн 4.032.000 төгрөг, Т-ын 5.184.000 төгрөг, М-ийн 6.336.000 төгрөг, С-ийн 5.376.000 төгрөг, Ч-ийн 4.608.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Шарын гол” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 358.440 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 139 дүгээр магадлалаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад
“...Ж-т 3.650.000, Д-д 3.790.000, Д-д 3.510.000, Л-д 2.948.400, Т-д 3.510.000, М-д 4.352.400, С-д 3.931.200, Ч-д 3.360.600 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлээс Ж-ийн 6.718.000, Д-ийн 6.194.000, Х-ийн 6.474.000, Л-ийн 5.115.600, Д-ийн 6.858.000, М-ийн 7.935.600, С-ийн 6.820.000, Ч-ийн 5.855.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “358.590 төгрөг гаргуулж” гэснийг “303.213 төгрөг гаргуулж” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайванаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358.590 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 139 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5 дахь хэсэг буюу “Геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад ҮО, МШӨ-ний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно” гэсэн заалтыг үндэслэн, “Шарын гол” ХК-ийн ажилтан биш иргэдэд тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 13.1-д “Хамтын гэрээ, хэлэлцээр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж байгаа гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамаарч үйлчилнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 3.1.2-д “Ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ” гэж маш тодорхой зохицуулсан. Нэхэмжлэгч нар нь “Шарын гол” ХК-ийн ажилтан биш байхад Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг ноцтойгоор зөрчиж, ажилтан биш хүнд хэлэлцээрийн заалт үйлчлэх буюу тэрхүү заалтыг үндэслэн шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэлийг хуулиар тогтоогоод өгсөн заалтыг хэрэглэхгүй буюу хамтын хэлэлцээрийн заалт үйлчилнэ гэдэг хууль зүйн үндэслэлээ гаргаж ирж чадаагүй. Харин хамтын гэрээгээр зохицуулах харилцааг тодорхойлон заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10 дахь хэсгийн “...байгууллагад ажиллаж байсан ахмад настан, тахир дутуу хүн, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтны амьжиргааг сайжруулах” гэснийг үндэслэн, хамтын гэрээнд ажилтан биш хүмүүстэй холбоотой асуудлыг тусгасан тохиолдолд л хамтын гэрээ ажилтан биш хүнд үйлчлэх боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, хамтын хэлэлцээр бол ямар ч тохиолдолд ажилтан биш хүнд үйлчлэхгүй, хамтын гэрээ дээрх тохиолдолд л ажилтан биш хүнд үйлчилж болохоор хууль зүйн зохицуулалт 1999 оноос өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Тийм ч учраас Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн Ерөнхий зүйл буюу 1.1-д “Салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн геологи, уул уурхайн салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулан, харьяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллана” гэж заасан бөгөөд хамтын гэрээндээ тусгасны үндсэн дээр хэрэгжүүлэх нь энэхүү заалтаас маш тодорхой харагдана. Хамтын гэрээнд тусч байж, ажилтан биш хүмүүст хамтын хэлэлцээрийн заалт хамтын гэрээний дагуу үйлчилж, ажилтан биш хүмүүсийн шаардах эрх үүснэ. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд хамтын хэлэлцээрээр зохицуулах харилцааг тогтоож өгсөн бөгөөд 19.1.5-д “мэргэжлийн тарифын хэлэлцээрээр тодорхой ажил, мэргэжлийн хүрээний хөдөлмөрийн харилцааны асуудал”-ыг зохицуулахаар зааснаас үзэхэд хамтын хэлэлцээрээр хэзээ ч ажилтанд олгох тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөрийн асуудлыг зохицуулдаггүй, тэр тусмаа ажилтан биш хүмүүстэй холбоотой ямар ч асуудлыг зохицуулдаггүй болох нь илэрхий байна. Хөдөлмөрийн хуулийн үзэл баримтал болон Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга ч гэсэн аж ахуйн нэгж байгууллагад хүчээр бусдад төлбөр төлүүлэх үүрэг үүсгэхийг зөвшөөрөхгүй. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа олон аж ахуйн нэгж байгууллага байгаа бөгөөд хэлэлцээрт төлөөлөгчөөр оролцож гарын үсэг зураагүй олон аж ахуйн нэгжүүд мэдээ ч үгүй, оролцоо ч үгүй байхад хамтын хэлэлцээрийн 5.5 гэсэн заалтын дагуу ажиллаж байгаад гарчихсан ажилтан биш хүмүүст их хэмжээний мөнгөн тэтгэмж төлөхөөр болчихсон байвал шударга ёсонд үл нийцэх нь ойлгомжтой. Тийм болохоор салбарын хэмжээнд бодлого, зорилт болгож байгаа эдгээр асуудлыг хэрэгжүүлэх эдийн засгийн боломж нөхцөл нь байвал үйлдвэрчний эвлэл, ажилтны төлөөлөгчидтэйгөө хэлэлцээр хийж шийдэх эрхийг нь буюу хамтын гэрээ байгуулан ажиллах ёстойг хамтын хэлэлцээрийн эхний зүйлд бичсэн. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бол Иргэний эрх зүйн харилцааны дэд салбар эрх зүйн харилцаа тул диспозитив зарчим үйлчилж, чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр аливаа эрх, үүрэг хүлээж эрх зүйн харилцааг үүсгэнэ.
Хамтын гэрээнд тусгаж байж хэрэгжүүлнэ гэдэг нь Хамтын хэлэлцээрийн заапт, Хөдөлмөрийн хуулийн дээрх зохицуулалт зэргээс гадна хамтын хэлэлцээрийн нэг тал болох салбарын ажил олгогч эздийн төлөөлөгчдийн нэрсээр тодорхой харагдана. Тухайлбал цөөн хэдэн аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагч, ажилтан, ТУЗ-ын нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга зэрэг албан тушаалтан компаниа төлөөлж гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарагдаагүй байдлаас харагдана. Энэхүү хэлэлцээр баглагдсанаар аливаа ажил олгогч компани хэдэн зуун сая төгрөгийг ажилтан болон ажилтан биш хүмүүст төлөх үүрэг үүсгэх үр дагавартай байсан бол юу гэж компанийг гэрээ хэлцэлд төлөөлөх эрхгүй, компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй хүмүүс гарын зурах вэ. Гүйцэтгэх захирал ч бүх гэрээ хэлцлийг дангаараа байгуулах эрхгүй, төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авдаг асуудал байдаг. Гагцхүү хамтын гэрээнд тусгаж буюу хамтын гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд нь хамтын гэрээгээр тохиролцсоноор л үүрэг хүлээнэ гэдэг нь ойлгомжтой болохоор жирийн ажилтнууд гарын үсэг зурсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тэтгэмж олгох асуудлыг хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ гэдгийг ч сайн мэдэж байсан бөгөөд “Шарын гол” ХК-д хамтын гэрээнд тусгаж өгөөчээ гэдэг хүсэлтийг 2014 онд гаргаж, “Шарын гол” ХК хариуг нь 2014 оны 05 сарын 16-ны 4/110 тоотоор “хамтын гэрээнд 5.5 дахь заалтыг тусгах боломжгүй” гэж мэдэгдсэн байдаг. Энэхүү албан тоотыг нэхэмжлэгчдийн зүгээс нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн. Шүүх хамтын гэрээнд тусган хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэснээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдаснаас үзэхэд хамтын гэрээнд тусган хэрэгжүүлэх ёстой Хамтын хэлэлцээр болон Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэл шаардлагыг хүлээн зөвшөөрснийг илтгэнэ. Хамтын гэрээ гэдэг бол ажил олгогч дангаараа бүх нөхцөлийг нь тохирч, дангаараа хүчин төгөлдөр болгодог асуудал биш байхад энэхүү асуудлыг хамтын гэрээнд байхгүй байсан ч тусгах ёстой асуудал байсан тул хамтын гэрээгүйгээр нэхэмжлэгчид шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульт ёсыг бүдүүлгээр зөрчсөнийг харуулна. Хэлэлцээрийн заалтыг аль нэг тал хэрэгжүүлэхгүй буюу хамтын гэрээндээ тусган хэрэгжүүлэхгүй тохиолдолд хэлэлцээрийн аль нэг тал хамтын маргаан үүсгэж, хамтын маргааныг нь шийдвэрлэж хамтын гэрээндээ оруулсан тохиолдолд л шаардах эрх үүснэ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Ж , Д , Х , Л , Т , М , С , Ч нар хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд олгох нэг удаагийн тэтгэмж гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтын хэлэлцээр, хамтын гэрээний дагуу нэхэмжлэгч нарт шаардах эрх үүсээгүй, шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нар хариуцагч компанийг Шарын голын уурхай байх үеэс ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдаж, эмнэлгийн хяналтанд орсон, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст гаргасан тэдний хүсэлтийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй байна.
Геологи, Уул уурхайн салбарын 2012-2013 оны хамт \тариф\-ын хэлэлцээрийн 1.1-д ... өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулан ..., ... мөрдөж ажиллана, 5.5-д Геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгохоор зохицуулсан тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.
Хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу нэхэмжлэгч нар 384.000 төгрөгийг өөрсдийн ажилласан жилээр үржүүлэн Ж , Х нар 26 жил гэж 9.984.000 төгрөг, Д , Т нар 27 жил гэж 10.368.000 төгрөг, П 21 жил буюу 8.064.000 төгрөг, М 31 жил 12.288.000 төгрөг, С 28 жил 10.752.000 төгрөг, Ч 24 жил 9.216.000 төгрөг гэж тэтгэмжийн хэмжээг тус тус тооцоолсон байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарыг Геологи, уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж шаардах эрхтэй гэж дүгнэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 15 дугаар зүйлийн 15.2-т нийцсэн гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн ажилтанд учирсан хохирлыг нөхөх зорилгоор даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нөхөн төлбөр өгөх үүрэгтэй учраас нэхэмжлэгч нарыг мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас анх группэд гарахад тэтгэмж олгосон нь тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн тэтгэмж нэхэмжлэхэд саад болохгүй тул хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан татгалзал хууль зүйн хувьд буруу юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин өсгөсөн буюу 384.000 төгрөгөөр бодсоны 50 хувиар буюу 192.000 төгрөгөөр тооцохдоо Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан “... төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэснийг төсөөтэй хэрэглэсэн нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д нийцээгүй байх тул энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.
Нэхэмжлэгч нарыг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан актаар тогтоогдсон бөгөөд 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөг байсан учир энэ хэмжээг харгалзаж тооцох ёстой гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг үндэслэснийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч нар энэ талаар гомдол гаргаагүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 139 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч “Шарын гол” ХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303.213 /гурван зуун гурван мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН