Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 13

 

З.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01344/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1496 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Эмээлт овогтой Зодовын О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Чонос овогт Даваахүүгийн Г-од холбогдох 

           “Зээлийн төлбөр 3,400,000 төгрөг гаргуулах” иргэний хэргийг

            Хариуцагч З.Г-ын өмгөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч З.О-гоос:

Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Г-од 2 сая төгрөг зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар баталгаажуулсан. Гэтэл зээлийн гэрээнд заасны дагуу Д.Г- нь үндсэн зээл, түүний хүүг төлөлгүй 10 сар гаруй хугацаа өнгөрч, энэ хугацаанд олон удаа уулзаж шаардсан боловч үр дүн гараагүй. Иймд зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 2 сарын хүү 400,000 төгрөг, үндсэн зээл 2 сая төгрөг, алданги 1 сая төгрөг, бүгд 3,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г-оос:

Би 2015 оны 06 дугаар сард иргэн З.О-гоос 2,975,000 төгрөгийг 9 сард дуусгахаар 20 хувийн хүүтэйгээр авсан. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөгийг, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 130,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сард 250,000 төгрөг өөрт нь өгч, 2015 оны 12 дугаар сарын 31-нд 100,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сард ХААН банкны дансаар 500,000 төгрөгийг өгсөн. Нийтдээ 1,450,000 төгрөгийг өгсөн. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,550,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард өгч барагдуулна гэжээ.

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1496 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4. 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Г-оос 3,294,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.О-д олгож, үлдэх хэсэг болох 106,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсыэ тэмдэгтийн хураамжид төлсөн 69350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-оос улсын тэмдэгтийн хураамж 67,654 төгрөгийг гаргуулан З.О-д олгож шийдвэрлэжээ.

     Хариуцагч Д.Г-ын өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хариуцагч Д.Г-оос үндсэн зээлийн төлбөр 2,000,000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг нийт 3,400,000 гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнээд тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч Д.Г-оос 3,294,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч Д.Г- “хүү, алдангийг хэт өндөр тооцож гаргуулсаныг зөвшөөрөхгүй, улс орны эдийн засгийн хямралаас болж хувиараа аж ахуй эрхэлж, эхнэрийн маань биеийн байдал эрс муудаж удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаа учир төлбөрийн чадваргүй болсоныг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрээр алданги тооцож гаргуулсан 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдолтой байна.Иймд Иргэний хуулийн 232.8-д заасан: Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэсэн заалтыг үндэслэн алданги 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З.О- нь хариуцагч Д.Г-од 2.000.000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулж зээлдүүлсэн тул үндсэн зээл 2.000.000 төгрөг гэрээт хугацааны  хүү 400.000 төгрөг алданги 1.000.000 төгрөг нийт 3.400.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.Г- нэхэмжлэгчээс 2.975.000 төгрөг зээлсэн, өнгөрсөн хугацаанд 1.450.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1.550.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард өгч барагдуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн тайлбарлаж буй 975.000 төгрөгийн зээл өмнө нь анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрлийн гэрээ байгуулж, түүнийг баталгаажуулж шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн болох нь хэргийн 20-26 дугаар талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогдоно.

Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээ бичгээр хийгджээ.

Зээлийн гэрээний 2.7-д Анз: “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 –д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж  талууд тохирсон нь  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “ Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай тус тус нийцэж байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл хариуцагч Д.Г- нь 2015 оны 10 дугаар сарын 23-наас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 09 дүгээр сарын 12 хүртэл 10 сар гаруй хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эхнэр П.Отгонбаяр хүнд өвчтэй гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж, нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгч З.О- гэрээний дагуу үндсэн зээлийг гэрээт хугацааны хүү, алдангийн хамт нэхэмжлэх эрхтэй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-т заасныг баримталсан нь буруу, эдгээр заалтаар нэхэмжлэгчийн хүү авах эрхээ алдах, зээлийн гэрээг байгуулсанд тооцох асуудлыг зохицуулсан бөгөөд талууд бичгээр байгуулсан гэрээгээр анз төлөхөөр тохиролцсон тул хуулийн хэрэглээг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч Д.Г-ын эхнэр хүнд өвчний улмаас удаан хугацаагаар эмчлэгдэж байгаа бөгөөд анзын хэмжээ илт их байх тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хасч тооцож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2–т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1496 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6”-д гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.НАРАНГЭРЭЛ

                                                    ШҮҮГЧИД                                           С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                Л.АМАРСАНАА