Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 18

 

Л.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01596/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1592 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Боржигон овогтой Лувсаншаравын Э-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Шимт Агро” ХХК-д холбогдох

          “Сахиулын ажлын хөлс 14.784.000 төгрөг гаргуулах” иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Л.Э-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Э-, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг, хариуцагч Б.Атарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Э-аас:

2013 оны 04 дүгээр сард манайх З.Батчулууны хашаанд буусан. Эхний 1 жил үнэ хөлсгүй гэрээ барьж өвөлжихөөр болсон. Манайх нүүх гэтэл Батчулуун болон түүний эхнэр энэ байшинд засвар хийж үйл ажиллагаа явуулах гэж байгаа, танд жижиг байшин барьж өгнө гэж намайг ятгаж хашаандаа үлдээсэн. Би орох оронтой болох нь гэж баярлаад цалин хөлс авна гээгүй. Гэтэл З.Батчулуун хэлсэн ярьснаасаа буцаж намайг нүү гэсэн тул би ажлын хөлсөө тооцож гаргуулах хүсэлттэй байна. Энэ хугацаанд би тухайн барилга, хашааг харж хандаж сахиул хийж байсан болно гэжээ.

            Хариуцагч “Шимт Агро” ХХК-ийн төлөөлөгч 3.Батчулуун, Б.Атарбаяр нараас:

Тэр үед цалин хөлсний талаар Л.Э-тай яриагүй. Манай компани анхнаасаа Л.Э-ийг өөрийн ажилтнаар авч гэрээ байгуулан ажиллуулах талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. Л.Э-ийг настай хүн буух хашаагүй юм байна гэж өрөвдөөд хашаандаа буулгаж, олон жилийн хугацаанд үнэ хөлсгүй хашаандаа амьдруулж тусалж дэмжиж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1592 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Э-ийн хариуцагч “Шимт Агро” ХХК-д холбогдох 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртлэх цалин /“Шимт Агро” ХХК нисэхийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлс 77 сар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр дүйцүүлэн/ 14.784.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь шүүгчийн 6488 тоот захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгч Л.Э- давж заалдсан гомдолдоо:

   Миний бие ам бүл ганцаараа өндөр настай бөгөөд олон жил тус эзэнгүй хашаа барилгыг харж хамгаалаагүй бол уг хашаа, барилга хулгайчийн гараар тоногдож үгүй болох байсан. Анхан шатны шүүх миний ажилласан хугацааг 2013 оны 04 дүгээр сар гэж ташаа бичсэн. Миний ажилласан жил нийт хугацаа 5 жил 4 сар буюу 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл  140.400 төгрөгөөр, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 192.000 төгрөгөөр тооцож нийт 14.843.200 төгрөг нэхэмжилсэн юм. З.Батчулуун нь 15.000.000 төгрөгт багтаан надад барилга барьж өгнө гэж амалсан нь миний нэхэмжилж байгаа ажлын хөлс бодитой болох нь тогтоогдож байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагад нийцээгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөр хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Э-ийн хариуцагч “Шимт Агро” ХХК-д холбогдуулан сахиулын хөлс 14.784.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн байна.

Шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй, нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хуульд нийцүүлж хийгээгүй алдаа гаргажээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч анх хэнтэй ямар тохиролцоо хийсэн болох, хэнд нь холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж буйг тодорхой болгоогүй, өөрөөр хэлбэл хэргийн оролцогч хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад шүүх энэ нөхцөл байдлыг тодруулахгүйгээр “Шимт Агро ХХК”-д холбогдуулан... гэж иргэний хэрэг үүсгэжээ.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримт болох шүүх хуралдааны тэмдэглэлд Б.Атарбаярыг хариуцагчийн төлөөлөгч,  захирал гэж хоёр  янзаар тодорхойлж бичсэн нь  аль аль нь зохих баримтаар нотлогдоогүй тул уг компанийг шүүхэд төлөөлөх хууль ёсны эрхтэй эсэх тодорхойгүй байна.

3. Шүүх З.Батчулуунд нэхэмжлэл гардуулаагүй байж, түүнийг хариуцагч гэж хэргийн материалтай танилцуулсан ба хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, тэрээр шүүхэд тайлбар гаргасан /хх-9,12,15,16 хуудас/ ба шүүхийн шийдвэрт хариуцагч З.Батчулууны тайлбар гэж бичсэн  байгаагаас дүгнэхэд энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь хэн болох нь тодорхойгүй.

4. Хэргийн баримтыг судалбал зохигчдын хэн аль нь хуульд заасан үүргийнхээ дагуу  нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлаа нотолсон баримтаа цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар биелүүлээгүй тул хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ, эсхүл эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээний аль харилцаа үүссэн эсэхэд дүгнэлт хийгээгүйгээр зохигчид нотлох баримтаа гаргаж өгөөгүй байхад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж хэргийг хэлэлцэх захирамж гаргасан нь учир дутагдалтай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг түүнд буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1592 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Э-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188.441 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ   

                                ШҮҮГЧИД                                                   Л.АМАРСАНАА

                                                                                                    С.ОЮУНЦЭЦЭГ