Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01596/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 8 дугаар хэсэг, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар:  Э- нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байр, 08 тоот, “Шимт агро холдинг” ХХК-д холбогдох,

 

“2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх цалин /“Шимт Агро” ХХК-ийн нисэхийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлс  77 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр дүйцүүлэн/ 12 523 024 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Би 2013 оны 04 дүгээр сард түүний хамаатан Сэрдорж танилцуулсанаар нисэхийн хашаанд нь буусан. Эзэн нь З.Батчулуун байсан. Эхний 1 жил үнэ хөлсгүй гэрээ барьж өвөлжихөөр болсон бөгөөд хавар нь нүүх гэтэл З.Батчулуун түүний эхнэр нар ...таныг гомдоохгүй ээ байж бай... гэсэн үгэнд нь би итгэж хашаанд нь үлдэж, зунд нь 2 давхар байшингийн дээд талд нь амьдардаг байсан. Мөн өөр хашаанд буух гэтэл манайх одоо энэ барилгыг засаж, ажил явуулах гэж байгаа танд бид нар үүд хэсэгт жижиг байшин барж өгнө гэхээр нь итгээд эд нар яасан буянтай хүмүүс вэ, байшин 15 000 000 төгрөгөөр босно, ингээд орох оронтой болох нь гэж баярлаад цалин хөлс гээгүй. Гэтэл энэ намар нүү гээд хэлсэн ярьсан тохирооноос буцсан тул би ажлын хөлсөө тооцож гаргуулмаар байна. Энэ хугацаанд би тухайн барилга, хашааг харж хандаж сахиул хийж байсан болно. Би 2010.4.15-ны өдрөөс 2016.10.23-ны өдрийг хүртэл “Шимт агро” ХХК-ийн хашаа буюу нисэх буудлын хашаанд манаачаар ажиллаж байсан. Би 6 жил ажиллах хугацаанд “Шимт агро” ХХК-иас ямар ч цалин хөлс авч байгаагүй. Тус хашаанд байх хугацаанд тог тавуилснаас өөр зүйл шаардаж байгаагүй. Тиймээс манаачаар ажилласан 6 жилийн хугацааны цалин 12,523,023 төгрөгийг “Шимт агро” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Атарбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Л.Э- манай хашаанд нүүж ирээд амьдаръя гэж бидэнд өөрөө хүсэлт тавьсан. Түүнээс Л.Э-ийг манайх хашаандаа манаачаар авч, цалинтай ажиллуулна гэж харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Настай хүн, мөн аавын таньдаг хүн учраас хашаандаа бид буулгасан. Л.Э-ийг манай хашаанд манаачаар ажиллаад цалин хөлс олгохоор тохиролцож, үүрэг болгосон асуудал байхгүй. Л.Э- нь байшин бариулна гэсэн зүйл яриад байдаг. Би болон манай гэр бүлийхэн Л.Э-тай ямар ч садан төрлийн холбоо байхгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Миний бие ам бүл ганцаар өндөр настай ядарсан хүн билээ. Батчулуун гэгч эхнэр, хүүхдүүдтэйгээ хамтарч намайг дэндүү их хохироож байгаа юм. Миний бие Батчулуун, Даваажав нарыг танихгүй байсан тул тэдний заль мэхтэйг ойлголгүй арга мэхэнд нь автаж эд нарын хэлсэн ярьсанд нь хууртаж бичгийн гэрээ хийгээгүйг минь ашиглаж буух байх газаргүй тэдний нисэхийн хашаа, байранд амьдарсан мэтээр гүтгэж байна. анх миний танил Сэддорж, Батчулуунтай ярилцаж хашаанд нь 2010 оны 4 дүгээр сарын 10-нд буулгасан юм. Тэгээд тэнд өвөлжөөд хавар нь нүүх гэтэл Батчулуун түүний эхнэр нар намайг гуйж манай хашаанд сахиулаар ажиллаж бид таныг гомдоохгүй гэж хэлсэнээр тохиролцон нүүхээ больж тэдний эзэнгүй хашаа, барилгыг харж хамгаалж сахиулаар ажиллах болсон юм. Надад цалин хөлс огт өгөөгүй. Харин жижиг барилга 15 сая төгрөгт багтаан барьж өгнө гэж тохиролцсон юм. Тэгээд би 2016 оны 9 сар хүртэл хашаа, барилгыг нь харж хамгаалж байтал намайг гэнэт нэг өдөр нүү гэж шаардлага тавьж хашаанаасаа хөөж 2016.09.23-нд нүүлгэсэн. Хэрэв эд нарын ярьж байгаа шиг би буух байрлах хашаа, байргүй байсан бол цаашид уг хашаанд амьдрахаар гуйх байсан шүү дээ. Гэтэл надад нүүж очих төрсөн дүүгийн минь хашаа, байр бэлэн байсан бөгөөд тэнд би одоог хүртэл амьдарч байгаа болно. Миний бие энэ олон жил тэнд эзэнгүй орхигдсон хашаа, барилгыг харж хамгаалаагүй бол уг хашаа, барилга хулгайчийн гараар тоногдож болох байсан шүү дээ. Би Батчулуунаас үндэслэлгүй зүйл нэхэмжлээгүй. 2010 оны 4 сараас 2016 оны 9 сар хүртэл цалин хөлсөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож нэхэмжилсэн юм. Миний ажилласан нийт хугацаа 6 жил 5 сар буюу 77 сар бөгөөд нийт 14 784 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч З.Батчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие З.Батчулуун Э- гэдэг хүнийг таньдаггүй. Манай талийгаач ах Сэддорж Нисэхийн гэх тодотголтой хоосон хашаанд анх энэ хүнийг уг хашаанд буулгасан байдаг юм билээ. Эх баригч гэдэг хүн өмнө манай хүү Шимт Агро ХХК-ны захирал Б.Атарбаярыг надад цалин хөлс өгөх ёстой би энэ компанийн манаачаар ажиллаж байсан гэж олон сар шүүхээр чирэгдүүлж байгаад нотлогдохгүй болоод ирэхээрээ Б.Атарбаярыг сольж өөрчлөн одоо намайг хариуцагчаар татаж надаас цалин хөлс шаардаж байгаагаас үзэхэд энэ хүн хэзээ, хаана, хэнтэй, ямар гэрээгээр юун тухай тохиролцсон талаараа сайн мэдэхгүй байж нэг асуудлын талаар удаа дараа хариуцагчаа сольж маргаан үүсгэж бусдыг чирэгдүүлж байна гэж ойлгож байна. Миний өмчлөлд Нисэхийн гэх тодотголтой хашаа, байшин байхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Э- нь Батчулуунтай ярилцаад хуучин нисэх онгоцны буудлын хашаанд сахиулаар буусан. Тухайн үед цалингийн хувьд Батчулуун нь Л.Энхбаригчид “яваандаа болно” гэж хэлсэн. Л.Энхбаригч нь уг хашаанд буугаад нэг жилийн хугацаа өнгөрөхөд цалин өгөөгүй учраас нүүх гэсэн боловч мөн л цалинг яваандаа болно гэж хэлсэн. Ингэж явсаар 2016 онд Л.Э- нь тус хашаанаас нүүсэн. Л.Э- нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р багт байрлалтай хашаанд хуучин нисэхийн хоёр давхар обьектыг манадаг байсан. Уг обьект нь хөдөө хээр газар байдаг. Л.Э-ийг уг газрыг манаж байх хугацаанд Батчулуун хааяа эргэж ирдэг байсан. Сүүлд уг газарт хашаа баригдсан.  Л.Э- нь 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх нийт 77 сарын цалинг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний хэмжээг 140.400 болон 192.000 төгрөгөөр тооцсон гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Э- нь хоёр давхар цагаан байр манаж байсан гэж хэлдэг. Обьект нь компанийн өмч биш учраас Батчулууны өмч гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Гэхдээ хавтаст хэрэгт маргаан бүхий обьектын өмчлөгч нь Батчулуун мөн эсэх талаар ямар нэгэн баримт авагдаагүй учраас түүнийг тодруулахаар шүүхээс Улсын бүртгэлийн хэлтэс рүү “Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, 7 хэсэг 5 гудамжид байрлах блокоор хүрээлэгдсэн хашааны мэдээллийг гаргаж өгнө үү” гэх албан бичиг явуулсан. Гэтэл Улсын бүртгэлээс “Хуучин нисэх онгоцны барилга бүртгэгдээгүй байна.” гэх хариу ирүүлсэн. Хариуцагч Батчулуун нь миний өмчлөлд ийм хөрөнгө байхгүй. Манай ах талийгаач ах Сэддорж нь Л.Э- гэх хүнийг хашаандаа буулгасан. Би өөрөө тус хашаанд Л.Э-ийг буулгаж цалингийн талаар тохиролцоогүй гэж хэлсэн. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон хавтаст хэргийн 125 дугаар талд “Сэддорж гэх хүн намайг хашаанд буулгасан.” гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар Л.Э-ийг Сэддорж хуучин  нисэх онгоцны буудлын хашаанд буулгасан гэдэгт талууд маргаангүй байна.  Мөн Батчулуун, түүний эхнэр болон Л.Э- нарын хооронд ямар нэгэн яриа тохиролцоо болсон талаар баримт байхгүй. Л.Э- нь хуучин нисэх онгоцны буудлын хашаанд нийт 6 жилийн турш амьдрахдаа цалингийн талаар яриагүй. Харин цахилгаан тавиад өгөөч гэж гуйсан. Мөн тус хашааныхаа нэг буланд өвлийн гэр бариад амьдардаг байсан. Л.Э- нь маргаан бүхий обьектыг сахиагүй бол хашааны эд зүйл хулгайд алдагдах байсан гэж мөн мэдүүлдэг. Нэхэмжлэгч хэн нэгнээс ямар нэгэн юм шаардаж байгаа бол энэхүү нэхэмжлэлд  нэхэмжлэгч нь Дархан сумын 15-р баг 7 хэсэг 5 гудамжны хэдэн тоотыг манасан, юу манаж байсан зэрэг нь тодорхойгүй байна. Гэтэл нэхэмжлэх тал түүний талаар хэлээгүй. Энэ бол хэн дуртай нь ороод амьдрах боломжтой обьект байсан. Тус обькетын эзэн нь хэн гэдэг нь ч тодорхойгүй. Л.Э- хариуцагчаа өөрчилж нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Батчулууны өмч гэж үзсэн. Гэхдээ хавтаст хэрэгт маргаан бүхий обьектыг Батчулууны өмч гэж нотлох баримт байхгүй. Өмнө нь энэ хэргийг Улсын дээд шүүхээр шийдвэрлүүлэх явцад обьект хэний өмч вэ гэхэд Атарбаяр бүртгэл байхгүй гэсэн. Л.Э-ийг настай хүн учраас хашаанаас гар гэж хөөгөөгүй. Мөн түрээсийн мөнгө нэхээгүй. Цахилгаан тавиад өгөөч гэж хэлэхээр нь хүний ёсоор тусалж цахилгаан тавьж өгсөн гэж хэлсэн. Атарбаяр албан ёсоор өмчлөлдөө аваагүй байсан үл хөдлөх эд хөрөнгөө ашиглахын тулд Л.Э-аар тус газрыг чөлөөлүүлсэн. Бүх зүйл дуусч Л.Э-ийг хашаанд буулгасан хүн нас барсны дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан. Мөн нэхэмжлэгч 15 сая төгрөгийн тохиролцооны талаар ярьдаг боловч энэ нь ямар нэгэн нотлох баримт байхгүй бөгөөд үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Э- нь 6 жилийн хугацаанд хашаа түрээслэхгүй мөнгөө хэмнэчихээд одоо цалин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэлийн үнээ тодорхойлохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140.400 төгрөг, 192.000 төгрөгөөр тооцсон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэдэн онд хэд байснаа хэдэн онд хэд болж өөрчлөгдсөн талаар нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. Шүүх нотлох баримтыг үнэлж дүгнэн шийдвэрээ гаргана. Гэтэл хавтаст хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож шинэчилсэн талаар баримт авагдаагүй. 15 сая төгрөгтэй холбоотой аман болон бичгийн баримт байхгүй. Хэрэгт авагдсан баримт нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч “Шимт Агро” ХХК-д холбогдуулан гаргасан 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх цалин /“Шимт Агро” ХХК-ийн нисэхийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлс  77 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  192 000 төгрөгөөр дүйцүүлэн/ 12 523 024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж хариуцагч З.Батчулуунаас 6 жил 5 сар буюу 77 сарын цалин 14 784 000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Э- нь талуудын нэрлэж буйгаар нисэхийн хашаа обьектийг хамгаалж сахиулаар ажиллаж байсан тул ажлын хөлс гаргуулна, эзэн З.Батчулуун, түүний эхнэр таныг гомдоохгүй, жижиг байшин барьж өгнө гэсэн амлалтаас буцсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бөгөөд хариуцагч З.Батчулуун ... ах Сэрдоржтой тохирч хашаанд буусан. Би энэ хүнийг танихгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар нь 2013 оны 04 дүгээр сараас эзэн З.Батчулуунтай тохирон хашааг харж, хамгаалж байсан тул ажлын хөлсөө сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхмжилж байна гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.  

Талуудын хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл байгуулагдаагүй  ч  энэ хугацаанд нэхэмжлэгч Л.Э- нь нисэхийн хашаа буюу үл хөдлөх хөрөнгийг бусдын халдлагаас хамгаалах, бүрэн бүтэн байлгах зорилгоор манаач, сахиулын  үүргийг гүйцэтгэж гэрээ барин, хашаанд байрлан обьектийг харж хамгаалж, амьдарч байсан үйл явдал тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дархан-Уул аймаг Дархан сум 15-р багийн 7-р хэсгийн 5-р гудамжинд байрлах хуучин нисэх онгоцны буудал гэсэн хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн лавлагааг гаргуулсан бөгөөд энэ хаяг мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн хариу ирүүлсэн байна.

Л.Э- нэхэмжлэлтэй хариуцагч Шимт Агро ХХК-д холбогдох хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Атарбаяр ...тухайн газар нь манай аав Батчулууны нэр дээрх газар дээр байгаа обект нь манай ээж Даваажавын нэр дээр байдаг гэж мэдүүлсэн байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд нэхэмжлэгч Л.Э- тухайн хашаа, обьектыг харж хамгаалж байсан. Иргэний  хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тул ажиллуулагч тогтсон ажлын хөлсийг тодорхой хугацаанд төлөх талаар тохиролцоогүй ч нэхэмжлэгч Л.Э- нь сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Л.Э- нь 2013 оны 04 дүгээр сараас ажлын хөлс шаардаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэснээр түүний ажлын хөлс шаардах хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 17-ноос 2016 оны 09 дүгээр сарын 23 хүртэл, 34 сар 12 хоногоор тооцож  6 635 160 төгрөг З.Батчулуунаас гаргуулан Л.Э-ид олгож 8 148 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч З.Батчулуунаас 6 635 160 төгрөг гаргуулан Л.Э-ид олгож, 8 148 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Э- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч З.Батчулуунаас улсын тэмдэгтийн хураамж                   121 113 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

    3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА