Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01816

 

Л.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 554 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр магадлалтай,

Л.Эийн нэхэмжлэлтэй

З.Б д холбогдох

77 сарын цалин 14 784 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч З.Бы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би 2013 оны 04 дүгээр сард түүний хамаатан Сэддорж танилцуулснаар нисэхийн хашаанд нь буусан. Эзэн нь З.Ббайсан. Эхний 1 жил үнэ хөлсгүй гэрээ барьж өвөлжихөөр болсон бөгөөд хавар нь нүүх гэтэл З.Бтүүний эхнэр нар ...таныг гомдоохгүй ээ байж бай... гэсэн үгэнд нь би итгэж хашаанд нь үлдэж, зунд нь 2 давхар байшингийн дээд талд нь амьдардаг байсан. Мөн өөр хашаанд буух гэтэл манайх одоо энэ барилгыг засаж, ажил явуулах гэж байгаа танд бид нар үүд хэсэгт жижиг байшин барж өгнө гэхээр нь итгээд эд нар яасан буянтай хүмүүс вэ, байшин 15.000.000 төгрөгөөр босно, ингээд орох оронтой болох нь гэж баярлаад цалин хөлс гээгүй. Гэтэл энэ намар нүү гээд хэлсэн ярьсан тохирооноос буцсан тул би ажлын хөлсөө тооцож гаргуулмаар байна. Энэ хугацаанд би тухайн барилга, хашааг харж хандаж сахиул хийж байсан болно. Би 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Шимт агро ХХК-ийн хашаа буюу нисэх буудлын хашаанд манаачаар ажиллаж байсан. Би 6 жил ажиллах хугацаанд Шимт агро ХХК-иас ямар ч цалин хөлс авч байгаагүй. Тус хашаанд байх хугацаанд тог тавиулснаас өөр зүйл шаардаж байгаагүй. Тиймээс манаачаар ажилласан 6 жилийн хугацааны цалин 12.523.023 төгрөгийг Шимт агро ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Атарбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Л.Э манай хашаанд нүүж ирээд амьдаръя гэж бидэнд өөрөө хүсэлт тавьсан. Түүнээс Л.Эийг манайх хашаандаа манаачаар авч, цалинтай ажиллуулна гэж харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Настай хүн, мөн аавын таньдаг хүн учраас хашаандаа бид буулгасан. Л.Эийг манай хашаанд манаачаар ажиллаад цалин хөлс олгохоор тохиролцож, үүрэг болгосон асуудал байхгүй. Л.Э нь байшин бариулна гэсэн зүйл яриад байдаг. Би болон манай гэр бүлийнхэн Л.Этай ямар ч садан төрлийн холбоо байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Миний бие ам бүл ганцаар өндөр настай ядарсан хүн билээ. З.Бгэгч эхнэр, хүүхдүүдтэйгээ хамтарч намайг дэндүү их хохироож байгаа юм. Миний бие З.Б, Даваажав нарыг танихгүй байсан тул тэдний заль мэхтэйг ойлголгүй арга мэхэнд нь автаж эд нарын хэлсэн ярьсанд нь хууртаж бичгийн гэрээ хийгээгүйг минь ашиглаж буух байх газаргүй тэдний нисэхийн хашаа, байранд амьдарсан мэтээр гүтгэж байна. Анх миний танил Сэддорж, З.Бтай ярилцаж хашаанд нь 2010 оны 4 дүгээр сарын 10-нд буулгасан юм. Тэгээд тэнд өвөлжөөд хавар нь нүүх гэтэл З.Бтүүний эхнэр нар намайг гуйж манай хашаанд сахиулаар ажиллаж бид таныг гомдоохгүй гэж хэлснээр тохиролцон нүүхээ больж тэдний эзэнгүй хашаа, барилгыг харж хамгаалж сахиулаар ажиллах болсон юм. Надад цалин хөлс огт өгөөгүй. Харин жижиг барилга 15.000.000 төгрөгт багтаан барьж өгнө гэж тохиролцсон юм. Тэгээд би 2016 оны 9 дүгээр сар хүртэл хашаа, барилгыг нь харж хамгаалж байтал намайг гэнэт нэг өдөр нүү гэж шаардлага тавьж хашаанаасаа хөөж 2016 оны 09 дүгээр сарын 23-нд нүүлгэсэн. Хэрэв эд нарын ярьж байгаа шиг би буух байрлах хашаа, байргүй байсан бол цаашид уг хашаанд амьдрахаар гуйх байсан шүү дээ. Гэтэл надад нүүж очих төрсөн дүүгийн минь хашаа, байр бэлэн байсан бөгөөд тэнд би одоог хүртэл амьдарч байгаа болно. Миний бие энэ олон жил тэнд эзэнгүй орхигдсон хашаа, барилгыг харж хамгаалаагүй бол уг хашаа, барилга хулгайчийн гараар тоногдож болох байсан. Би З.Баас үндэслэлгүй зүйл нэхэмжлээгүй. 2010 оны 4 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл цалин хөлсөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож нэхэмжилсэн. Миний ажилласан нийт хугацаа 6 жил 5 сар буюу 77 сар бөгөөд нийт 14.784.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч З.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие З.БЛ.Э гэдэг хүнийг таньдаггүй. Манай талийгаач ах Сэрдорж Нисэхийн гэх тодотголтой хоосон хашаанд анх энэ хүнийг уг хашаанд буулгасан байдаг юм билээ. Эх баригч гэдэг хүн өмнө манай хүү Шимт агро холдинг ХХК-ны захирал Б.Атарбаярыг надад цалин хөлс өгөх ёстой би энэ компанийн манаачаар ажиллаж байсан гэж олон сар шүүхээр чирэгдүүлж байгаад нотлогдохгүй болоод ирэхээрээ Б.Атарбаярыг сольж өөрчлөн одоо намайг хариуцагчаар татаж надаас цалин хөлс шаардаж байгаагаас үзэхэд энэ хүн хэзээ, хаана, хэнтэй, ямар гэрээгээр юун тухай тохиролцсон талаараа сайн мэдэхгүй байж нэг асуудлын талаар удаа дараа хариуцагчаа сольж маргаан үүсгэж бусдыг чирэгдүүлж байна гэж ойлгож байна. Миний өмчлөлд Нисэхийн гэх тодотголтой хашаа, байшин байхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э нь З.Бтай ярилцаад хуучин нисэх онгоцны буудлын хашаанд сахиулаар буусан. Тухайн үед цалингийн хувьд З.Бнь Л.Эид яваандаа болно гэж хэлсэн. Л.Э нь уг хашаанд буугаад нэг жилийн хугацаа өнгөрөхөд цалин өгөөгүй учраас нүүх гэсэн боловч мөн л цалинг яваандаа болно гэж хэлсэн. Ингэж явсаар 2016 онд Л.Э нь тус хашаанаас нүүсэн. Л.Э нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар багт байрлалтай хашаанд хуучин нисэхийн хоёр давхар объектыг манадаг байсан. Уг объект нь хөдөө хээр газар байдаг. Л.Эийг уг газрыг манаж байх хугацаанд З.Бхааяа эргэж ирдэг байсан. Сүүлд уг газарт хашаа баригдсан. Л.Э нь 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх нийт 77 сарын цалинг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний хэмжээг 140.400 болон 192.000 төгрөгөөр тооцсон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э нь хоёр давхар цагаан байр манаж байсан гэж хэлдэг. Объект нь компанийн өмч биш учраас З.Бы өмч гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Гэхдээ хавтаст хэрэгт маргаан бүхий объектын өмчлөгч нь З.Бмөн эсэх талаар ямар нэгэн баримт авагдаагүй учраас түүнийг тодруулахаар шүүхээс Улсын бүртгэлийн хэлтэс рүү Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 7 хэсэг 5 гудамжид байрлах блокоор хүрээлэгдсэн хашааны мэдээллийг гаргаж өгнө үү гэх албан бичиг явуулсан. Гэтэл Улсын бүртгэлээс Хуучин нисэх онгоцны барилга бүртгэгдээгүй байна гэх хариу ирүүлсэн. Хариуцагч З.Бнь миний өмчлөлд ийм хөрөнгө байхгүй. Манай ах талийгаач ах Сэддорж нь Л.Э гэх хүнийг хашаандаа буулгасан. Би өөрөө тус хашаанд Л.Эийг буулгаж цалингийн талаар тохиролцоогүй гэж хэлсэн. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон хавтаст хэргийн 125 дугаар талд Сэддорж гэх хүн намайг хашаанд буулгасан гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар Л.Эийг Сэддорж хуучин нисэх онгоцны буудлын хашаанд буулгасан гэдэгт талууд маргаангүй байна. Мөн З.Б, түүний эхнэр болон Л.Э нарын хооронд ямар нэгэн яриа тохиролцоо болсон талаар баримт байхгүй. Л.Э нь хуучин нисэх онгоцны буудлын хашаанд нийт 6 жилийн турш амьдрахдаа цалингийн талаар яриагүй. Харин цахилгаан тавиад өгөөч гэж гуйсан. Мөн тус хашааныхаа нэг буланд өвлийн гэр бариад амьдардаг байсан. Л.Э нь маргаан бүхий объектыг сахиагүй бол хашааны эд зүйл хулгайд алдагдах байсан гэж мөн мэдүүлдэг. Нэхэмжлэгч хэн нэгнээс ямар нэгэн юм шаардаж байгаа бол энэхүү нэхэмжлэлд нэхэмжлэгч нь Дархан сумын 15 дугаар баг 7 хэсэг 5 гудамжны хэдэн тоотыг манасан, юу манаж байсан зэрэг нь тодорхойгүй байна. Гэтэл нэхэмжлэх тал түүний талаар хэлээгүй. Энэ бол хэн дуртай нь ороод амьдрах боломжтой объект байсан. Тус объектын эзэн нь хэн гэдэг нь ч тодорхойгүй. Л.Э хариуцагчаа өөрчилж нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа З.Бы өмч гэж үзсэн. Гэхдээ хавтаст хэрэгт маргаан бүхий объектыг З.Бы өмч гэж нотлох баримт байхгүй. Өмнө нь энэ хэргийг Улсын дээд шүүхээр шийдвэрлүүлэх явцад объект хэний өмч вэ гэхэд Атарбаяр бүртгэл байхгүй гэсэн. Л.Эийг настай хүн учраас хашаанаас гар гэж хөөгөөгүй. Мөн түрээсийн мөнгө нэхээгүй. Цахилгаан тавиад өгөөч гэж хэлэхээр нь хүний ёсоор тусалж цахилгаан тавьж өгсөн гэж хэлсэн. Атарбаяр албан ёсоор өмчлөлдөө аваагүй байсан үл хөдлөх эд хөрөнгөө ашиглахын тулд Л.Эаар тус газрыг чөлөөлүүлсэн. Бүх зүйл дуусаж Л.Эийг хашаанд буулгасан хүн нас барсны дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан. Мөн нэхэмжлэгч 15.000.000 төгрөгийн тохиролцооны талаар ярьдаг боловч энэ нь ямар нэгэн нотлох баримт байхгүй бөгөөд үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Э нь 6 жилийн хугацаанд хашаа түрээслэхгүй мөнгөө хэмнэчихээд одоо цалин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэлийн үнээ тодорхойлохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140.400 төгрөг, 192.000 төгрөгөөр тооцсон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэдэн онд хэд байснаа хэдэн онд хэд болж өөрчлөгдсөн талаар нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. Шүүх нотлох баримтыг үнэлж дүгнэн шийдвэрээ гаргана. Гэтэл хавтаст хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож шинэчилсэн талаар баримт авагдаагүй. 15.000.000 төгрөгтэй холбоотой аман болон бичгийн баримт байхгүй. Хэрэгт авагдсан баримт нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 554 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч З.Баас 6 635 160 төгрөг гаргуулан Л.Эид олгож, 8 148 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч З.Баас улсын тэмдэгтийн хураамж 121.113 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 554 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.113 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч З.Бхяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие нэхэмжлэгч Л.Э гэж хүнийг “нисэх"-ийн гэх омгоцны буудлын хашааг харж хамгаалуулахаар сахиул манаачаар ажилд авахаар түүнтэй ярилцаж тохиролцож ажиллуулсан асуудал огт байхгүй. Л.Эийн шүүхэд өгсөн өөрийх нь тайлбар мэдүүлгээс үзэхэп анх манай хамаатан түүний танил Сэддорж гэж хүн Л.Эийг ганц бие ядарсан эр бууж амьдрах хашаа байхгүй үнэ хөлсгүйгээр буулгаж хашаандаа амьдруулсан байдаг юм билээ. З.Бминий нэр дээрхи хууль ёсны өмчлөл, эзэмшил аль алинд нь “Нисэх”-ийн гэх тодотголтой Дархан сум, 15-р баг, 7 хэсэг 5 гудамж гэх хаягт өмч хөрөнгө огт байгаагүй одоо ч байхгүй. Энэ тухай Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018.03.31-ний өдрийн 336 тоот хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдсон. /хх166/ Л.Э гэж хүн надтай хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр нисэхийн гэх хашаанд сахиул манаач хийх улмаар цалин хөлсний оронд 15 000 000 төгрөгт багтааж байшин барьж өгнө гэж тохирсон юм бэ? шал худлаа, надад гомдолтой. Үүнийг баталж нотолсон ямар баримтаар хэргийг шийдээд байгаа нь ойлгохгүй байна.  Анхан шатны шүүх З.Бнадад төлбөр гаргуулсан шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ ...Хяналтын шатны шүүх хуралдаан дээр манай хүү Атарбаярын хэлсэн мэдүүлэгт ...тухайн газар нь манай аав Батчулууны нэр дээр, обьект нь ээж Даваажавын нэр дээр байдаг гэсэн нотлох баримтаар тогтоогдоогүй шүү дээ. Энэ хэрэг хяналтын шатны шүүхээс анхан шатанд буцаж ирсний дараа Нисэхийн гэх тодотголтой Дархан сум, 15-р баг, 7 хэсэг 5 гудамж гэх хаягт З.Бби тус газрын өмчлөгч эхнэр Даваажав тус обьектын өмчлөгчөөр бүртгэлгүй болох нь тогтоогдож, хүү Атарбаярын мэдүүлэг үгүйсгэгдсэн. Тэгтэл анхан, давах шатны шүүх Л.Эийн манаачаар ажиллаж байсан гэх хашааны эзнийг бүрэн тогтоогоогүй ямар ч нотлох баримтгүй хэргийг шийдэж улмаар Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 мөн хуулийн 187 дугаар зүйлийн 137.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд үл харшлах хэлцэл байгуулагдсан гэж дүгнэснийг би зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч Л.Э нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй хэрэгт цугларсан нотлох баримтаар маргаж буй Дархан сумын 15 дугаар баг, 7 хэсэг 5 гудамжинд байх Нисэхийн гэх тодотголтой хаяг дахь хашаа байшингийн хууль ёсны өмчлөгч нь З.Бмөн болох тухай тогтоогдоогүй байхад надад холбогдуулж төлбөр гаргуулж шийдсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Э нь 2010 оны 4 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх 77 сарын ажлын хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож, 14 784 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч З.Бд холбогдуулан гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 8 148 840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Дархан сумын 15 дугаар баг, Мангирт гэх газар байрлах, нисэхийн буудал нэртэй хашаанд Л.Энь 2010 оны 4 дүгээр сараас эхлэн амьдарсан, уг хашаанд амьдрах талаар З.Бтай тохирсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч нэхэмжлэгч нь хашаа, барилга объектыг харж хамгаалсан, хариуцагч нь жижиг байшин барьж өгөхөөр тохирсон гэж маргасан бол хариуцагч нь нэхэмжлэгч гэр оронгүй байсан тул хашаандаа амьдруулсан гэж өөр өөр үндэслэл зааж, мэтгэлцжээ.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан зохицуулалтын дагуу дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагч З.Бтай тохиролцсны дагуу түүний эзэмшлийн эд хөрөнгийг хариу төлбөртэй харж хамгаалсан нь тогтоогдсноос гадна барилга, обьектын өмчлөгчийг нотолсон баримт хэрэгт байхгүй боловч уг эд хөрөнгө нь З.Б, О.Даваажав, Б.Атарбаяр нарын эзэмшил, ашиглалтад байдаг үйл баримт нотлогджээ. Нэхэмжлэгчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Уг зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгч Л.Эид хөлсийг төлөх үүрэгтэй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 554 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА