Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00686

 

Г.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02619 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00089 дүгээр магадлалтай,

Г.Дын нэхэмжлэлтэй

Б.Үд холбогдох

23 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 11 250 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Үгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагч Б.Ү, түүний өмгөөлөгч С.Пүрэвням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Д 2015 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол, 48Б байрны 557 тоот орон сууцыг хариуцагч Б.Үгаас 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 21 000 000 төгрөг шилжүүлэн, үлдэгдэл 49 000 000 төгрөгийг 8 хувийн зээлэнд хамруулж өгөхөөр тохиролцоод дахин 2 000 000 төгрөг бэлнээр, нийт 23 000 000 төгрөг өгсөн болно. Гэтэл 2016 оны 8 дугаар сард Хэт оргил ББСБ-аас энэ байр барьцаанд тавигдсан суллаж өг гэсэн мэдэгдэл ирэхэд давхар барьцаалагдсаныг мэдсэн. Харин Хэт оргил ББСБ нь хариуцагч Б.Ү, түүний нөхөр М.Батбилэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаад 30 000 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Манай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж Хэт оргил ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд орон сууцыг хураалгасан. Иймд хариуцагч Б.Үгаас 23 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Д 70 000 000 төгрөгөөр орон сууц худалдаж авахаар 21 000 000 төгрөг урьдчилгаанд өгсөн, үлдэгдэл 49 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон.боловч зээл бүтэхгүй байсан тул 2 000 000 төгрөг зуучлалын компанид өгч нийт 23 000 000 төгрөг авсан. 2015 оны 4 дүгээр сараас миний орон сууцанд амьдарсан ч төлбөр төлөөгүй. Хотын төвийн шинэ 2 өрөө орон сууцыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 3 өрөө орон сууцаар солиулан орон сууцыг ашигласан ч үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Уг орон сууцыг зарахаар зуучлалын компанитай хамтарч ажилласан боловч Г.Д заруулахгүй хэл ам таталж, хөөж тууж гаргаад байсан. Хэт Оргил ББСБ-аас авсан 20 000 000 төгрөг өссөөр 30 000 000 төгрөг болсон. Хамгийн гол нь 70 000 000 төгрөгийн хотын төвийн байр ч үгүй, өртэй, өрөө дарж чадахгүй, байнгын хэл ам, дарамттай байсан. Шүүхийн шийдвэрээр 70 000 000 төгрөгийн байр 35 000 000 төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан. Иймд Г.Д 2 жилийн хугацаанд орон сууцанд амьдарсан бөгөөд 1 сар ашигласны төлбөрт 300 000 төгрөгөөр тооцон нийт 7 200 000 төгрөг төлөхөөр байна. Үлдэгдэл 15 800 000 төгрөгийг буцаан олгоно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 4 дүгээр сард Г.Дд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол 48Б байрны 557 тоот 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож, урьдчилгаа 21 000 000 төгрөг, орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах зорилготой хүн байвал холбоод өг гэж 2 000 000 төгрөг нийт 23 000 000 төгрөг надад өгсөн. Тухайн үед 8 хувийн ипотекийн зээлийг хурдан бүтээхийг шаардахад зээлийн материал бүрдүүлж байгаа гэсэн бөгөөд сүүлд зээл бүтэхээ больсон талаар хэлсэн. Ингээд би орон сууцыгзарж 23 000 000 төгрөгийг өгөхөөр хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид хандсан боловч Г.Д бид нар авна түр хүлээ, заруулахгүй гэх зэргээр 25 сар орон сууцанд амьдарсан. Иймд Г.Даас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг сарын 450 000 төгрөгөөр тооцож 11 250 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 11 250 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02619 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4, 264 дүгээр зүйлийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Үгаас 23 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Дд олгож, нэхэмжлэгч Г.Даас 4 212 663 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Үд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 037 337 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Үгаас улсын тэмдэгтийн хураамжид 272 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Дд олгож, хариуцагч Б.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Даас улсын тэмдэгтийн хураамжид 82 352 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Үд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00089 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02619 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 82 360 төгрөг, хариуцагчаас төлсөн 127 597 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ү хяналтын гомдолдоо: Шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “...талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсанаас хойш буюу 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үндэслэлгүйгээр оршин суусан байх тул хариуцагчид 4 212 663 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, үлдсэн 7 0370 337 төгрөгийг хэрэгсэхгүй" болгож шийдвэрлэсэн бөгөөд магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээсэн. Гэтэл дээрх хоёр шатны шүүхийн шийдвэрт тусгаснаар талуудын хооронд Иргэний хуулийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш дээрх гэрээ дуусгавар болсон гэж үзсэн. Гэхдээ Иргэний хуулийн 264.1, 264.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” талаар дээрх шүүхийн шийдвэрт дурдсан боловч хуулийг агуулгын хувьд буруу хэрэглэсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 264.2 дахь хэсгийн заалтыг онолын хувьд авч үзвэл “талууд гэрээнээс татгалзсанаас гарсан зардал, ашиглалтаас шалтгаалсан элэгдэл, гэрээнээс татгалзах хүртэлх хугацаанд эд хөрөнгөө ашиглах байсан боломжоо үнэлж шаардах эрхтэй” гэж ойлгож байна. Мөн хуулийн 112.2 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан. Энэ нь өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. Үүнд алдагдал гэдэг нь худалдагч тал ямар нэгэн байдлаар орлого олох боломжтой байсан бол түүнийг оруулан тооцох нь зүйтэй байна. Хэрвээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд 577 тоот орон сууцанд Г.Д нь амьдарсан тул дээрх үндэслэлээр тухайн үеийн жишиг түрээсийн үнэлгээгээр тооцон төлбөр ноогдуулах, гэрээ дуусгавар болсон гэж үзсэнээс хойш буюу 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хугацаанд Иргэний хуулийн 492.1 -д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн түрээсийн жишиг үнэлгээгээр тооцон төлбөр олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлвэл гэрээнээс татгалзсан тухай асуудал болон үүргийн харилцаа үүсээгүй гэсэн ялгавартай ойлголтыг нэг болгож шийдвэрлэсэн. 2. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг үнэлээгүй байна. Худалдан авагч тал буюу нэхэмжлэгч нь 577 тоот орон сууцыг худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх, гэрээний үүргээ биелүүлэх боломжтой хугацаанд үүргээ биелүүлэхээр ямар нэгэн үйлдэл хийсэн талаар ямар нэгэн нотлох баримт шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр “...манай үйлчлүүлэгч анх шинэ байранд орлоо гэж бодож байсан боловч яваандаа мкв жижиг, дээр нь байрны үнэ ч унаад ер нь дэмий санагдсан” гэж хэлснээс дүгнэхэд тус байрыг авах бодолгүй зөвхөн үнэ хөлсгүйгээр бусдын байранд амьдрах сонирхолтойг харуулж байна. Мөн 2016 оны 1 дүгээр сараас Б.Ү нь та нар байр авахгүй бол би өөр хүнд зармаар байна, байр суллаж өг гэсэн бөгөөд интернэтээр зар өгч хэд хэдэн хүнд тухайн байрыг үзүүлсэн. Улмаар худалдан борлуулах гэхэд Г Г.Д нь заруулахгүй бид нар авна, түр хүлээ гэх мэтээр удаа дараа саад учруулж байсан, худалдан авагч бэлэн мөнгөөр худалдан авахаар ирэхэд хүртэл заруулахгүй, эхлээд бид нарын мөнгийг өг гэх зэргээр танхайран тухайн худалдан авагчийг хөөж явуулж байснаас үүдэн тухайн байрыг түргэн хугацаанд борлуулах, Г.Дын саадыг арилгах зорилгоор зуучлалын компанид хандсан үеэс гэрээнээс татгалзах хүсэлт гаргасан гэж үзэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх байгууллага нь нийгэмд иргэдийн дунд үүссэн аливаа хууль бус үйлдэл, бусдыг хохироосон, завшсан, бусдын эрх ашгийг дордуулсан аливаа нөхцлийг таслан зогсоож, шударга ёсыг бэхжүүлэн, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан хангуулах ёстой. Манай тохиолдолд цөөн хэдэн төгрөг зээлэн тухайн иргэний байранд 2 жил үнэ төлбөргүй амьдарч ашиг хийсэн, өөрийн эрх ашгийн үүднээс тухайн байрыг заруулалгүй 20 сая төгрөгний зээлийн барьцаанд хураалгуулсан зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргасныг харгалзаж үзээгүй байх тул шударгаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Иймд анхан шатны болон давах шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэж 7 0370 337 төгрөгийг Г.Даас гаргуулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийж, Г.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн хяналтын гомдолд дурдсан ...сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангахыг хүссэн...” үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны үзэв.

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Б.Үд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 23 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч Б.Ү нь 25 сарын турш орон сууц ашигласны хөлсийг сарын 450 000 төгрөгөөр тооцож 11 250 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Зохигч нь 2015 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол, 48б дугаар байрны 557 тоот орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 23 000 000 төгрөгийг өгсөн, үлдэх 49 000 000 төгрөгийг ипотекийн зээлэнд хамрагдаж төлөхөөр тохирсон, нэхэмжлэгч Г.Д орон сууцыг эзэмшилдээ авсан үйл баримтыг маргаагүй байна.

Шүүх зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, гэрээгээр хүлээсэн талуудын үүрэг, гэрээний биелэлт, гэрээнээс татгалзах үндэслэл журам, учирсан хохирлоо шаардах зэрэг эрх зүйн асуудлаар бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчаас 23 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 4 212 663 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

Харин зээлээр худалдах, худалдан авах гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө байхад шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110.1-т заасан зохицуулалтыг анхаараагүй, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх заалтаар гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэсэн нь буруу боловч зохигч талууд гэрээ байгуулагдсан, гэрээнээс татгалзсан үйл баримтыг маргаагүй тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв. 

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд өгсөн авснаа харилцан буцааж өгөх үүрэгтэй болохыг хуульд заажээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сараас эхлэн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшсэн, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрээнээс татгалзсан тул энэ хүртэл хугацаанд орон сууцыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй, харин үүнээс хойш хугацаанд орон сууцыг бусдад хөлслүүлсэн бол олох байсан орлого буюу хохирол 4 212 663 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгон, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дах хэсгийг зөрчөөгүй байна. Нөгөөтэйгүүр, гэрээнээс татгалзсан талаар мэдэгдсэн байхад хариуцагч нь авсан мөнгийг буцааж өгөөгүй тул шүүх хариуцагчаас 23 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02619 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00089 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127 547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА