Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 71

 

 

 

 

Нэхэмжлэгч: Д.Б.

Хариуцагч: Татварын ерөнхий Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

газар, Нийслэлийн татварын газар.

Гуравдагч этгээд: Г.С.

Нэхэмжлэлийн шаардлага: “Гааль,Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/714 дүгээр тушаалын холбогдох хэсэг, Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалууд илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Г.С Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг албажуулан тогтоол гаргуулж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг даалгах, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохыг даалгах” бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Б.Б, гуравдагч этгээд Г.С, түүний өмгөөлөгч Л.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Д.Б миний бие 2013 оноос Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад, Нийслэлийн татварын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар тус дүүргийн татварын хэлтсийн даргаар томилогдож, одоог хүртэл албан үүргээ гүйцэтгэж байгаа билээ.

Гэтэл Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” Б/714 дүгээр тушаал буюу түүний хавсралтаар намайг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, улмаар Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Д.Быг албан тушаалд томилох тухай” Б/48 дугаар тушаалаар 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Дээрх илт хууль бус захиргааны актуудаар Үндсэн хуульд заасан миний хөдөлмөрлөх эрх, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөөр байхад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагаа”-г явуулаагүй бөгөөд мөн албан ёсоор гардуулаагүй.

Иймд би 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 06 дугаар сарын 27ны өдрийн “Б-ын тухай” албан бичгийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл рүү явуулсан байдаг. Тус салбар зөвлөлөөс өнөөдрийн байдлаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр надад хариу ирүүлээгүй байна.

Миний бие дээрх тушаалуудыг дараах үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байна.

Нэг. Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалын Д.Б надад холбогдох хэсэг илт хууль бус болох тухайд:

1.1                  Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаал нь Гааль, татварын ерөнхий газар болон түүний даргын бүрэн эрх дуусгавар болсон байхад гарсан тул Захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй гэж үзэж байна. Учир нь:

1.1.1              Энэхүү Б/714 дүгээр тушаалыг “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль”-ийг үндэслэн гаргасан боловч Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хөтөлдөг, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn сайтаас шалгахад тус хууль нь тушаал гарсан өдөр хүчингүй болсон байна.

1.1.2              Энэхүү Б/714 дүгээр тушаалыг Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан байдаг.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Засгийн газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэн чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно” гэж заасан.

Улсын Их хурал 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 12 дугаар тогтоол гаргаж “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч ерөнхий бүдүүвч”-ийг баталсан ба Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гааль, татварын ерөнхий газрыг, Гаалийн ерөнхий газар ба Татварын ерөнхий газар болгон салгаж, уг тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр 3 дугаар зүйлдээ тусгасан. Энэхүү тогтоолыг тус Б/714 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт ч мөн тусгасан байдаг.

Иймд Гааль, татварын ерөнхий газрын даргын Б/714 дүгээр тушаал гарсан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Гааль, татварын ерөнхий газар” гэх Засгийн газрын агентлаг байгаагүй байна.

1.2                  Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн  Б/714 дүгээр тушаалыг “Ажлаас түр чөлөөлж, томилох” зорилгоор гаргасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн 23.3.1, 23.3.2, 23.3.3, 23.3.4 гэсэн тодорхой 4 үндэслэлийг харгалзах ёстой. Гэтэл албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан надад төрийн албанаас түр чөлөөлөгдөх ямар ч үндэслэл байхгүй байхад түр чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан миний хөдөлмөрлөх эрх, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлын дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэний эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт”-д тооцох хүсэлтэй байна.

1.3                  Хэрэв Б/714 дүгээр тушаалыг “түр чөлөөлөх” бус харин “чөлөөлөх” зорилгоор гаргасан гэж үзвэл, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг мөн үндэслээгүй. Төрийн албаны тухай хуулийн “төрийн албан хаагчийн баталгаа”-ны талаарх 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан... боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэж заасан. Дүүргийн татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинэ ба хуучин ажлын байрны тодорхойлолтууд нь тус албан тушаалын чиг үүрэг /ажлын байрны зорилго, ажлын байрны үндсэн зорилт, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, ажлын байрны гол үйл ажиллагаа/ өөрчлөгдөөгүй. Иймд ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох үндэслэл байгаагүй.

Хоёр. Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаал илт хууль бус болох тухайд

2.1 Нийслэлийн татварын газрын даргын Б/48 дугаар тушаалын 1 дүгээр зүйлд “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/714 дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  томилогдон ажиллаж байсан Д.Быг...” хэмээн Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалыг үндэслэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Гааль, татварын ерөнхий газрын даргын Б/714 дүгээр тушаал илт хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд Д.Б намайг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн үйл баримт байхгүй болох тул Нийслэлийн татварын газрын даргын Б/48 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай байна.

Иймд Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” Б/714 дүгээр тушаалын Д.Б надад холбогдох хэсгийг, Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн “Д.Быг албан тушаалд томилох тухай” Б/48 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.Бын гаргасан нэхэмжлэлийг илт хууль бус гэж үзэж байна.

Д.Б нь Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгж болон харьяа нэгжийн дарга нарыг мөн өдрөөс чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалын дагуу Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахыг өөрөө зөвшөөрч хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ өгч Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/6525 дугаар албан бичигт тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй талаар мэдэгдсэн. Энэ албан бичгийн дагуу Нийслэлийн татварын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Д.Быг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тул дээрх тушаалыг хууль бус гэж үзэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулах үндэслэлгүй учир нь дээрх тушаалаар түүний эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна.

Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг иргэн Д.Бд [email protected]  цахим хаягаар хүргүүлсэн.

Д.Б Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулахаар зарласан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр шалгалт өгөхөөр материалаа бүрдүүлэн өгч 2017 оны 05 дугаар сарын эхээр шалгалт өгсөн энэ талаарх материалыг авахаар Нийслэлийн татварын газраас Татварын ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлд хүсэлт тавихад хувь хүний нууц гээд өгөөгүй болно. Татварын ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлөөс Д.Бд холбогдох сонгон шалгаруулалтын материалыг авч хэргийн материалд хавсруулах хүсэлтийг тавьж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улсын Их Хурлын 2016 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дэх тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Гааль, татварын ерөнхий газар татан буугдаж, Татварын ерөнхий газар шинээр байгуулагдсан.

Татварын ерөнхий хуулийн 27дугаар зүйлийн 271.5-д Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон аймаг,нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг санхүү, эдийн засаг, бүртгэлийн мэргэжилтэй, татварын албанд гурваас доошгүй жил ажилласан, татварын улсын байцаагчийн эрх бүхий төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно гэж заасан байдаг.

Татварын ерөнхий газрын харьяа нийслэл, дүүргийн татварын /газар/ хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албан зөвлөлийн веб сайтад нээлттэй зарласан Сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг Татварын ерөнхий газрын байранд Төрийн захиргааны удирдлагын газрын 504 дүгээр өрөөнд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 08.30-12.30, 13.30-17.30 цагийн хооронд бүртгэнэ гэсний дагуу хариуцагч ирж бүртгүүлж, шалгалтанд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орсон болно.

Гааль, татварын ерөнхий газрын дарга 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн үдээс өмнө гаргасан бөгөөд Улсын Их Хурал мөн өдрийн үдээс хойш Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталсан ба Төрийн мэдээлэл эмхтгэлд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нийтэлжээ.

Иймд Гааль, татварын ерөнхий газрын дарга 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалыг илт хууль бус гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.       

Гуравдагч этгээд Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие нь Татварын ерөнхий газраас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруултанд оролцож, өрсөлдсөн юм. Уг шалгалтанд надтай хамт Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.О Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нар оролцож Г.С миний бие 60.1 оноо, Б.О 52.1 оноо, О. Б 50.2 , Д.Б 31.9 оноо тус тус авч би ганцаараа тэнцэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд ажиллах шаардлагыг хангасан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл Татварын ерөнхий газар “ шалгалтынхаа дүнг” нийтэд зарлахгүй намайг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн ажил, албан тушаалд томилон ажиллуулахгүй чирэгдүүлэн хохироож байгаад гомдолтой байна. Би өөрийн хохирсон эрх, эрх ашгийн талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс Татварын ерөнхий газарт “...сонгон шалгаруулалтынхаа дүнг нийтэд мэдээлж, тогтоол гарган албажуулж Г.С намайг уг албан тушаалд томилох нь зүйтэй...” гэсэн чиглэл өгсөн юм. Гэтэл Татварын ерөнхий газар нь хууль бусаар энэ албан тушаалыг хашиж байгаа Д.Б гэгчийн эрхшээлд захирагдан бүхий л талаар түүний талд үйлчлэн “...шударга ёс, хууль дээдлэх зарчмыг...” зөрчсөөр өдий хүрлээ.

Д. Быг хууль зөрчин бүтэн 8 сар гаруй хугацаагаар элдэв шалтаг, шалтгаан зааж ажиллуулаад намайг уг албан тушаалд томилохгүй байгаа ойлгомжгүй байна. Д.Б нь нас 63 хүрч, тэтгэвэрт гарах болзлыг бүрэн хангасан байхаас гадна Үндэсний Татварын ерөнхий газар нь Гаалийн байгууллагатай “нэгдэж, салах” зэргээр бүтцийн өөрчлөлтөд орсон билээ.

Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан бүтцийн өөрчлөлт хийх зохицуулалтын үүднээс /гагцхүү Д.Быг бус бүх хэлтсийн дарга нарыг/ түр орлон гүйцэтгэгчээр томилж улмаар сонгон шалгаруулалт зарласан нь хууль ёсны арга хэмжээ юм.

Иймд Д.Быг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж улмаар сонгон шалгаруулалтад хамруулсан тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Шүүхэд хандаж гуравдагч этгээдийн зүгээс дараах тодруулга хийж байна.

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-ийг үндэслэн Татварын ерөнхий газрын дарга нь Гунгаа овогтой С миний 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зарласан “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтныг сонгон шалгаруулах шалгалтанд оролцож, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд тэнцсэн тухай сонгон шалгаруулалтынхаа дүнг нийтэд зарлаж мэдээлээгүй байгаа эс үйлдэхүй нь Г.С миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Мөн Г.С намайг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтанд орж 60.1 оноо авч хамгийн өндөр оноогоор тэнцээд байхад Д.Бын эрхшээлд орж уг албан тушаалд томилохгүй байгаа “эс үйлдэхүй”-нь Г.С миний хууль ёсны ашиг сонирхол миний удирдах албан тушаалд томилогдох эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байгааг тогтоох.

2.   Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтын дүнг албажуулан тогтоол гаргуулж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг даалгасан шийдвэр гаргуулах.

3.    Г.С намайг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Татварын ерөнхий газарт үүрэг болгох зэрэг шаардлагууд тавьж байна.” гэжээ.     

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч Д.Б Гааль,Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/714 дүгээр тушаалын холбогдох хэсэг, Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалууд илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Г.С Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг албажуулан тогтоол гаргуулж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг даалгах, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохыг даалгах бие даасан шаардлагыг тус тус  гаргажээ.

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар Гааль,Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/714 дүгээр тушаалын холбогдох хэсэг, Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалууд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.3, 47.1.6-д тус тус зааснаар илт хууль бус захиргааны акт гэж, харин гуравдагч этгээд Г.С Татварын ерөнхий газраас 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлахгүй, тогтоол гаргаж албажуулахгүй байгаа эс үйлдэхүй түүнчлэн сонгон шалгаруулалтад орж хамгийн дээд оноо авсан намайг Хан-уул дүүргийн татварын хэлтсийн даргад томилохгүй байгаа нь хууль бус гэж тус тус маргаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын заримыг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.Гааль,Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/714 дүгээр тушаалын холбогдох хэсэг, Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалууд илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын харьяа “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн бүдүүвч”-ийг шинэчлэн баталсан УИХ-ын 12 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Татварын байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор харьяа нэгжийн дарга нарыг түүний дотор Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Быг үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн Гааль, Татварын ерөнхий газрын даргын  2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/714, энэ тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийг тус дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Нийслэлийн Татварын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалууд хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь маргаан бүхий Б/714 дүгээр тушаал 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гааль, Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн болон Татварын ерөнхий хуулийн 271.4 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд гарсан захиргааны акт бөгөөд энэхүү хүчин төгөлдөр хуулийн зохицуулалтын дагуу гарсан тушаалыг үндэслэсэн Нийслэлийн Татварын газрын даргын Б/48 дугаар тушаал мөн холбогдох хууль, журмыг зөрчөөгүй.

Тодруулбал Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/714 дүгээр тушаалаар чөлөөлөгдөж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Быг 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 271.4, 271.5, 271.6.4-д заасан шинэчилсэн зохицуулалтад нийцүүлэн Хан-уул дүүргийн Засаг даргатай зөвшилцөн тус дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаал хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий дээрх 2 тушаал эрх бүхий этгээдийн хуулийн хүрээнд захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн шийдвэрлэсэн агуулгаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус байх ямар нэг шинжийг агуулаагүй гэж үзнэ.

Хэдийгээр нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус байх хэд хэдэн шинжийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа ч маргаан бүхий Б/714, Б/48 дугаар тушаалуудын тухайд хуульд нийцсэн байх боломжгүй гэж дүгнэлт хийхүйц илэрхий алдаатай байх хуулийн шаардлагыг хангаагүй, хариуцагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд гарсан захиргааны акт гэж үзэхээр байна.

Учир нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн болон харьяа нэгжийн даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Гааль, татварын ерөнхий газрын дарга томилж, чөлөөлнө.”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Гааль, татварын ерөнхий газрын дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Гаалийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасан гаалийн улсын байцаагч, татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 10.1.5-д “байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах, албан хаагчдыг томилох, чөлөөлөх,.....;”, 10.1.15-д “гааль, татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргах:” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс Б/714 дүгээр тушаал нь Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хөтөлдөг эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс шалгахад уг тушаал гарсан өдөр хүчингүй болсон, Гааль татварын ерөнхий газрын даргын бүрэн эрх дуусгавар болсон байхад гарсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй” гэж маргаж байна.

Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын Их хурлын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр /пүрэв гараг/-ийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд: “Үдээс өмнөх хуралдаан 21 минут үргэлжилж, 12 цаг 26 минутад завсарлаж, үдээс хойшх хуралдаан 14 цаг 15 минутаас үргэлжлэв. гээд хэлэлцэх асуудлын 33-д “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг бүхэлд нь баталья гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулья. Санал хураалт 63 гишүүн оролцож, 53 гишүүн зөвшөөрч 84.1 хувиар дэмжигдлээ гэжээ.

Энэхүү дэлгэрэнгүй тэмдэглэлээс үзэхэд Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль тухайн өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, Гааль, татварын ерөнхий газрын даргын эрх үүрэг дуусгавар болоогүйн дээр шинээр зохион байгуулагдсан Татварын болон Гаалийн ерөнхий газрын удирдлагын хэрэгжүүлэх бүрэн эрх албан ёсоор шилжээгүй байжээ.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай:”, 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй:”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан:”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй:” гэж зааснаар маргаан бүхий Б/714, Б/48 дугаар тушаалууд илт хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 2.Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг албажуулан тогтоол гаргуулж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг даалгах, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохыг даалгах бие даасан шаардлагын тухайд:

Татварын ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын ажлын байранд зарлагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт 2017 оны 04 сард зарлагдаж уг сонгон шалгаруулалтад нэр бүхий 4 хүн бүртгүүлж өрсөлдсөн байна.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн хүмүүсээс гуравдагч этгээд Г.С хамгийн өндөр буюу 60.1 оноо авч тэнцжээ.

Харин Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл уг сонгон шалгаруулалтын дүнг Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 32-д “.....Салбар зөвлөл нь....төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай шийдвэр гаргана.”,  35-д “....Салбар зөвлөл нь удирдах албан тушаалд нэр дэвшигчийг хэрхэн сонгосон тухай болон тэдний нэрсийн жагсаалтыг нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлэх, хамгийн өндөр оноо авсан иргэнийг удирдах ажилтны нөөцөд бүртгэх, томилуулах тухай санал хүргүүлэх зэрэг хууль, журамд заасан үүргээ хэрэгжүүлж шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэх гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлтэй.

Гуравдагч этгээд Г.Сын төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн талаар гаргасан өргөдлийн дагуу Татварын ерөнхий газарт хүргүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1109 дүгээр албан бичигт “...Салбар зөвлөл Хан-уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулж, комиссын гаргасан дүнг болон сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэх, хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлээгүй, комиссын дүнг хууль, тогтоомжид зааснаар шийдвэрлээгүй байна. Иймд сонгон шалгаруулалтын дүнг албажуулж, нэр дэвшигчийг өрсөлдсөн албан тушаалд нь томилуулж Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах”-ыг  мэдэгдсэн байна.

Гэвч хариуцагч Татварын ерөнхий газар түүний дэргэдэх салбар зөвлөл Төрийн албаны төв байгууллагын дээрх үүрэг, чиглэлийг хэрэгжүүлж, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт, түүний үр дүнгийн талаар хууль, журамд нийцүүлэн шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд гуравдагч этгээдийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэнцсэнээр өрсөлдсөн албан тушаалдаа томилуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын ажлын байранд 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын дүнгийн талаар шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэв.

Нөгөө талаар нэхэмжлэгч Д.Б дээрх сонгон шалгаруулалтад оролцож өрсөлдсөн, энэ сонгон шалгаруулалтын талаар маргаагүй нь маргаан бүхий Б/714, Б/48 дугаар тушаалуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Харин гуравдагч этгээдийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан  тушаалд Г.С намайг томилохыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.

Учир нь энэхүү сонгон шалгаруулалтын дүнгийн талаар хариуцагч Татварын ерөнхий газар түүний дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээс хамаарч нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох эсэх нь Татварын ерөнхий хуулийн 271.4-д “.....дүүргийн татварын хэлтсийн даргыг Нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.” гэж заасны дагуу энэ нь Нийслэлийн татварын газрын даргын бүрэн эрхэд хамаарч байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Гааль,Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.5, 10.1.15, Татварын ерөнхий хуулийн 271.4, 271.5, 271.6.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.3, 47.1.6-д заасныг баримтлан Гааль,Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/714 дүгээр тушаалын холбогдох хэсэг, Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалууд илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг албажуулан тогтоол гаргуулж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг даалгах гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохыг даалгах гэсэн бие даасан шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газраас 35100 төгрөг гаргуулж гуравдагч этгээдэд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.НАСАНДЭЛГЭР