Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 01599

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймгийн Сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан шүүх хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-26-28 тоотод оршин суух, Чонос Очирын Байгалын /ХЛ59021000/нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга,

Хариуцагч: Орхон аймгийн ”Цагаан-Алтан хүнс” ХХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Энхбат,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.Байгал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 80мкв,85мкв газрыг худалдааны зориулалтаар эзэмшиж үл хөдлөх хөрөнгө барьж худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсныг Орхон аймгийн Засаг даргын 2015-10-10-ны өдрийн А/497 тоот захирамжаар буулгасан.Би тухайн газрыг 2021 он хүртэл эзэмших гэрээтэй байсан.Захиргааны хэргийн шүүхийн 2016-3-02-ны өдрийн 147 тоот магадлал,УДШ-ийн 2016-5-16-ны өдрийн 175 тоот тогтоолоор миний эрх ашигийг хангаж хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгасныг тогтоож газрын эзэмшил хэвээр байгааг тогтоосон.Хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар дээр байсан хөрөнгийг Засаг дарга үнэлж буулгасан бөгөөд өнөөдрийг хүртэл намайг хохироосон хохиролоо барагдуулаагүй.Миний хөрөнгийг Засаг даргын захиалгаар “Найдвар-Од Аудит” ХХК 211,118,100 төгрөгөөр үнэлсэн.Дээрхи үнэлгээ бүхий худалдааны төвийг юу ч үгүй буулгаж намайг хохироосон.Иймд дараахь хохиролыг нэхэмжилж байна.1.Барилгын үнэ 211,118,100 төгрөг гаргуулах,2.Түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан орлого болох 2015-10-01-нээс өнөөдрийг хүртэл олох байсан орлого 60 000 000 төгрөг, 3.Өмгөөллийн хөлс 500 000 төгрөг гаргуулах,4.Замын зардал 200 000 төгрөг,нийт 271,818,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:...Хууль ёсны дагуу зээмшиж байсан газарт минь Цагаан алтан хүнс ХХК барилга барьж байна.Энэ асуудалд маргаан үүсгэж Орхон аймгийн Засаг дарга болон Цагаан алтан хүнс ХХК-д хандахад буулгах боломжгүй гэсэн хариу өгсөн.Иймд миний эзэмшлийн газарт хууль бусаар барьж байгаа барилгыг буулгах шаардлага нэмэгдүүлж гаргаж байна.Хууль бусаар барьж байгаа барилгыг буулгаж газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн үнийн дүнгээс газрын үнэ 15 209 400 төгрөг хасаж 256 608 700 төгрөг болгож бууруулж байна.Газар дээр хууль бусаар барьсан барилыг буулгаж газраа чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна.Засаг дарга О.Байгалын павилоныг 2015-10-07-нд албадан буулгах захирамж гарсан.Засаг даргын захирамжийг Захиргааны хэргийн шүүхийн 2016-3-20-ны тогтоолоор хүчингүй болгосон.2015-10-09-нд павилоныг буулгаж хогийн цэг дээр хаясан.Буулгах тухай О.Байгалд мэдэгдээгүй.Иргэн О.Байгалд хохирол учирсан.Павилоны үнэлгээг Засаг даргын захиалгаар Найдвар-Од аудит ХХК хийж гүйцэтгэсэн байдаг.Барилгыг 195,908,700 төгрөгөөр,газрыг 15,209,400 төгрөгөөр үнэлсэн.Барилгын үнэ 195,908,700 төгрөгийг Засаг даргаас гаргуулна.80мкв,85мкв газрууд нь О.Байгалын эзэмшлийнх болохыг Захиргааны хэргийн шүүх тогтоосон.Энэ 165мкв газар дээр Цагаан алтан хүнс ХХК барилга барьсан.Иргэдийн хэлэлцүүлэгт О.Байгал оролцоогүй байдаг.Уг компанитай эвлэрэх талаар ярилцах гэсэн боловч Цагаан алтан хүнс ХХК талбай түрээсээр олгоё гэснийг Байгал зөвшөөрөөгүй.Анхнаасаа Засаг дарга нөхөн олговор олгоод газрыг авъяа гэсэн байдаг.Хотын ерөнхий төлөвлөгөөг танилцуулаагүй,Ийм төлөвлөгөө байгаагүй гэдгийг Захиргааны хэргийн шүүх тогтоосон.Иймд газраа Цагаан алтан хүнс ХХК-аас чөлөөлүүлж авахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах 80мкв,85мкв газрыг тус тус иргэн О.Байгалд  худалдааны зориулалтаар эзэмшүүлсэн байдаг ба 80мкв  газрыг эзэмших хугацаа 2017 онд,Ж.Янжмаа гэдэг хүнээс шилжүүлж авсан 85 мкв газрыг эзэмших хугацаа 2021 онд тус тус дуусна.Тухайн газар нь нийтийн эзэмшлийн талбайд байрладаг тул аймгийн ГХБХБГ-ын иргэнтэй байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээний  дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт тусгайлсан зохицуулалт оруулж,газар эзэмшигч нь аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед тухайн газрыг саадгүй чөлөөлөх тухай тодорхой зааж өгсөн.

Аймгийн ИТХ-ын 2013 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого”ын 3.3.6-д “Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцөлийг хангасан,хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжтэй хамтра зохион байгуулна” гэж заасны дагуу уг гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдтэй удаа дараа уулзалт зохион байгуулж санал солилцсон байдаг бөгөөд тухайн хэсэг тайлбайд орчин үеийн шаардлага хангасан 5 хүртэл давхаржилттай нэгдсэн нэг худалдааны төвтэй байхаар санал нэгдэж шинээр баригдах худалдааны төвийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зохион байгуулах тухай Засаг даргын захирамж гарсан байдаг.

Ийнхүү нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж “Цагаан алтан хүнс ХХК шалгарсан байдаг бөгөөд тус компани худалдааны төв барих ажлаа эхлүүлэхээс өмнө тус газар үйл ажиллагаа явуулж байсан иргэд аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж,шинээр баригдах худалдааны төвийн хамгийн ашигтай байрлалд тухайн иргэний эзэмшиж байсан газрын хэмжээгээр ямар ч нэмүү өртөггүйгээр талбай худалдан авах зэрэг харилцан ашигтай тохиролцоог хийсэн байдаг.Энэ тухай саналаа иргэн О.Байгалд удаа дараа албан бичгээр хүргүүлснээс гадна аман байдлаар олон удаа санал тавьсан байдаг ба одоо барилгын ажил хийгдэж 4 хүртэл давхар баригдаад байна.Гэвч иргэн О.Байгал ямар нэг шалтгаангүйгээр энэ асуудалд хувийн эрх ашгийг дээгүүр тавьж хандаж байсан бөгөөд Аймгийн ГХБХБГ-аас Газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т заасан шаардлагыг биелүүлж эзэмшиж буй павилоны газраа чөлөөлөхийг 2015-3-02-ны өдрийн 155 тоот,2015-8-27-ны өдрийн 808 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж байсан ч гэрээний үүргээ биелүүлж тухайн газрыг чөлөөлөөгүй байдаг.Улмаар павилоноо өөрийн зардлаар буулгах боломжгүй гэдгээ Засаг даргад мэдэгдсэн тул тухайн павилоныг төрийн зардлаар буулгасан ба үнэлгээг мөн төрийн зардлаар хийж гүйцэтгэсэн байдаг.

Үнэлгээг Найдвар-Од аудит ХХК хийсэн бөгөөд Засаг дарга болон ГХБХБГ тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан байдаг.Иймд иргэн О.Байгалын нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй,нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй,үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Захиргааны хэргийн шүүхийн 147 дугаартай магадлал, УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 175 дугаартай тогтоол,хөрөнгийн үнэлгээний тайлан,газар эзэмшүүлэх гэрээ,газар эзэмших эрхийн гэрчилгээ,татвар төлсөн баримт,Орхон аймгийн Засаг даргын газар албадан чөлөөлөх тухай захирамж,үнэлгээ хийлгэх тухай хүсэлт,албан бичиг,цахилгаан,дулааны төлбөрийн баримтууд,газар чөлөөлөх тухай протокол,газар албадан чөлөөлөх ажлын протокол,гэрэл зургийн үзүүлэлт,үзлэгийн тэмдэглэл,Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-1-06-ны өдрийн 01 дугаар шийдвэртэй хэргээс түрээсийн гэрээ,түрээсийн төлбөрийн баримтууп/хх86-90/,шүүх хуралдааны тэмдэглэлээс/хх101/ зэргийг нотлох баримтаар судлаад 

                                                                                                           ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч О.Байгал Орхон аймгийн Засаг даргаас үл хөдлөх хөрөнгийн үнэ болон бусад хохирол 195,908,700 төгрөг гаргуулах, ”Цагаан-Алтан хүнс” ХХК-аас 165мкв газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

        Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй,хариуцагч “Цагаан-Алтан хүнс” ХХК нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй.

        Хариуцагч нар шүүх хуралдааны мэдэгдэл хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй,нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ “Миний бие Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 80мкв,85мкв газрыг худалдааны зориулалтаар эзэмшиж үл хөдлөх хөрөнгө барьж худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсныг Орхон аймгийн Засаг даргын 2015-10-10-ны өдрийн А/497 тоот захирамжаар буулгасан.Би тухайн газрыг 2021 он хүртэл эзэмших гэрээтэй байсан...”гэжээ.

        Нэхэмжлэгч О.Байгал Орхон аймгийн Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 422 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Хүлэг хүнсний захын ард байрлах 80мкв газрыг худалдааны зориулалтаар,5 жилийн хугацаагаар эзэмших,мөн Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 дугаар захирамжаар Хүлэг хүнсний захын ард байрлах 85мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Янжмаагаас О.Байгалд шилжүүлснээр О.Байгал тус газрыг худалдааны зориулалтаар 9 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ,газар эзэмшүүлэх гэрээ,Засаг даргын захирамжаар тогтоогдсон,энэ талаар хариуцагч нар маргаагүй.

        Нэхэмжлэгч О.Байгалын эзэмшлийн дээрхи 165мкв талбай бүхий газар дээр худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан павилоныг Орхон аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/497 дугаартай захирамжаар албадан буулгаж газрыг чөлөөлсөн ба Засаг даргын А/497 дугаартай захирамжийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай магадлалаар хүчингүй болгожээ.

     Уг магадлал болон УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай тогтоолоор Засаг дарга иргэн О.Байгалын газар эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр гаргасаныг тогтоохын хамт,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа үндэслэсэн “газар эзэмшигч нь аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед тухайн газрыг саадгүй чөлөөлөх тухай тодорхой зааж өгсөн... Аймгийн ИТХ-ын 2013 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого”ын 3.3.6-д “Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцөлийг хангасан, хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна” гэж заасны дагуу” гэх үндэслэгээг “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан газрын харилцааны талаар баримтлах бодлогыг “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”гэж үзэхгүй болохыг Хот байгуулалтын тухай хуулийн заалтыг тайлбарлах замаар тогтоосон байна. Гэтэл, хариуцагч Орхон аймгийн Засаг дарга О.Байгалыг Газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т заасан шаардлагыг биелүүлж эзэмшиж буй павилоны газраа чөлөөлөхийг 2015-3-02-ны өдрийн 155 тоот,2015-8-27-ны өдрийн 808 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж байсан ч гэрээний үүргээ биелүүлж тухайн газрыг чөлөөлөөгүй байдаг”гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

        Газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т “Хугацаа дуусах буюу ХЕТ-ны дагуу барилга байгууламж баригдах үед газрыг саадгүй чөлөөлнө” гэж заасан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч Газрын тухай хуульд газрыг гэрээний хугацаа дуусахаас өмнө эргүүлэн авах,чөлөөлөх Аймгийн Засаг даргын бүрэн эрхийг заахдаа 20.1.4-д “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах”,57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”,57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан.Гэтэл Орхон аймгийн Засаг дарга хууль болон О.Байгалтай байгуулсан “Газар эзэмшүүлэх гэрээ”гээ зөрчин түүний эрх ашгийг хохироосон үйлдэл хийсэн байх тул уг гэрээний  4.5-д “холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад үүрэг хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу хариуцлага хүлээх үндэстэй юм.

           Орхон аймгийн Засаг дарга О.Байгалын эзэмшлийн павилоныг буулгахын өмнө 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/1252 дугаартай албан бичгээр Найдвар-Од аудит ХХК-д хандаж хөрөнгийн үнэлгээ хийж өгнө үү гэсэн хүсэлт явуулсаныг /хх 81,83-р хуудаст/ үндэслэн “Найдвар-Од аудит” ХХК 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр О.Байгалын эзэмшлийн 146.74 мкв талбай бүхий павилоныг газрын хамт нийт 211,118.1 мянган төгрөгөөр үнэлж тайлан гаргасан байна.Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/2278 дугаартай албан бичгээр /хх80 дугаарт/ Найдвар-Од аудит ХХК-д хандаж үнэлгээний талаар тодруулга авахыг хүссэн байх авч 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр павилоныг албадан буулгасан байх тул үнэлгээг зөвшөөрсөн гэж үзнэ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг үнэлгээнээс газрын үнэлгээг хасаж 195,908,700 төгрөгийг Засаг даргаас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй.

          2. Нэхэмжлэгч буулгасан павилоныг бусдад худалдааны зориулалтаар түрээслэж түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан ба 2015-10-01-нээс хойшхи 1 жилийн хугацааны олох байсан орлого 60 000 000 төгрөг,өмгөөллийн хөлс 500 000 төгрөг,замын зардал 200 000 төгрөг гаргуулахаар тус тус шаардсан.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-1-06-ны өдрийн 01 дугаар шийдвэртэй хэрэгт авагдсан түрээсийн гэрээнүүд,түрээсийн төлбөрийн баримтууд,шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Лхагвадуламын “Хүлэг захын ард О.Байгалын павилоноос 2-3 өрөөг түрээслэдэг байсан.Бямбажаргалтай хамтарч.Мөн Түвшинцэнгэл нар нөгөө хэсгийг нь түрээслэж байсан.Нэг талыг нь сард 2 500 000 төгрөгөөр түрээслэж байсан.Гэрээг Бямбажаргал хийж байсан.2014 оны хавраас барилга барина гээд гадуур нь хашаа барьсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэсэн мэдүүлэг зэргээр  О.Байгал уг павилоныг иргэн А.Төвшинцэнгэл,Б.Бямбажаргал нарт урт хугацаагаар түрээслүүлэх гэрээ байгуулж,сар тутам 5 000 000 төгрөгний түрээсийн төлбөр авч байсан болох нь тогтоогдсон.Мөн хэргийн 51-56,91-92 хуудасны татварын албаны татвар төлсөн тухай баримт,тодорхойлолт,хэргийн 84-90 дүгээр хуудасны дулааны талбөрийн 89 дүгээр хуудасны цахилгааны төлбөрийн баримтууд,Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ны тодорхойлолт зэргээр О.Байгал павилоныг худалдааны зориулалтаар ашиглаж байсан болох нь тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул павилоныг буулгаснаас олох байсан орлогоо алдсан гэж дүгнэж 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

       Харин өмгөөллийн хөлс 500 000 төгрөг,замын зардал 200 000 төгрөг гаргуулахаар тус тус шаардсаныг хангах үндэслэлгүй байна.Замын зардал 200 000 төгрөгний баримт авагдаагүйгээс гадна шаардах эрхийн үндэслэл тодорхой бус байна.Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр төлсөн өмгөөлөгчийн хөлс бодит хохиролд тооцогдохгүй.

          3.Нэхэмжлэгч “миний эзэмшлийн газарт хууль бусаар барьж байгаа барилгыг буулгаж газрыг чөлөөлж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан.

        Нэхэмжлэгчийн гаргасан дээрхи шаардлагад хариуцагч “Цагаан алтан хүнс” ХХК хариу тайлбар гаргаагүй,шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтыг үнэлэх замаар шийдсэн.

         Нэхэмжлэгч О.Байгалын эзэмшлийн газарт” Цагаан алтан хүнс” ХХК нь худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд барилга барих үндэслэл болсон Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/497 дугаартай захирамж шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байна.Засаг даргын хууль бус шийдвэрийн үндсэн дээр “Цагаан алтан хүнс” ХХК бусдын эзэмшлийн газарт барилга барьсан байх бөгөөд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д” Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших,ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй “гэж заасан тул нэхэмжлэгч газрыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй.

        Ийнхүү нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчин хууль бусаар түүний эзэмшлийн газарт барилга барьсан байх тул “Цагаан алтан хүнс” ХХК-ны хууль бус эзэмшлээс О.Байгалын эзэмшлийн 165мкв газрыг чөлөөлүүлэх үндэслэлтэй.

        Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж,улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1,Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1,229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргаас 255 908 700/ хоёр зуун тавин таван сая есөн зуун найман мянга долоон зуун/ төгрөг гаргуулан О.Байгалд олгосугай.

2.Иргэнийй хуулийн 92 дугаар зүйлийн 92.1,492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах О.Байгалийн эзэмшлийн 165 мкв/ 80мкв,85мкв /талбай бүхий газрыг Цагаан алтан хүнс” ХХК-ны эзэмшлээс чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 15,909,400 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 1,641,240 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,Орхон аймгийн Засаг даргаас 1,434,540 төгрөг,Цагаан алтан хүнс ХХК-аас 70200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ